Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 90

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж би даргалж тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

      Улсын яллагч:                                                      Д.Нямдэлэг  

      Шүүгдэгч                                                                   Ч.Ганзориг

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        М.Гансүх

   Хохирогч:                                                                  Г.Энхбат

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.

Сэлэнгэ аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдууланяллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Боржигон овогт Чулуунпүрэвийн Ганзоригт холбогдох эрүүгийн  201618000142 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харъяат, 1987 оны 07 дугаар сарын 19-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт, Дархан-Уул аймаг Дархан  сумын  6 дугаар баг, тээвэрчдийн 1-03 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Чулуунпүрэвийн Ганзориг РД: /ТВ87071951/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Ганзориг нь 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Нэгдсэн эмнэлгийн хашаанд Г.Энхбаттай хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж Г.Энхбатын эрх чөлөөнд халдаж, хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Шүүгдэгч Ч.Ганзоригийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 5 дугаар сарын 14-нд эхнэрээ ажлаас нь тосох гэж байхад Энхбат согтуу ээлж хүлээж авч байсан. Гэтэл маргааш өглөө 7 цагийн үед манай эхнэрийн утас руу залгаж над руу залгаад хүрээд ир гэсэн. Очсон чинь ээлжнээсээ бууж байсан. Тэгээд эмнэлэг дээр найзтай нь хамт 3-уулаа 1 шил архи уугаад Оргил буудал руу найзууд дээр нь очиж дахиж нэг шил архи уусан. Тэгээд би гэр рүүгээ явсан. Тэгээд эхнэртэйгээ муудалцаад эхнэр гараад явсан. Тэгээд би араас нь эмнэлэг дээр очсон чинь Энхбат ирчихсэн эхнэртэй уулзахгүй “Чи ер нь яах гээд байгаа хар пизда вэ?” гэж хэлээд барьж аваад намайг түлхээд бид 2 хамт унасан. Тэгээд миний гарнаас цус гарч, Энхбатын  хамарнаас цус гарсан. Тэгэхээр нь би “ажлын газар чинь муудалцаад яах вэ?” гэж хэлээд бид гарсан чинь Энхбат намайг “чи Сэлэнгэд амжихгүй шүү” гэж хэлэхээр нь би 1 цохиод барьж аваад үүрч унагаасан. Тухайн үед хөл нь хугарсан гэж мэдээгүй. 1 хар машин Энхбатыг аваад явсан. Гэтэл дараа нь хөл хугарсан гээд эмнэлэгт хэвтсэн байсан. Тэгээд эмнэлэгт  эргэж очсон чинь надтай уулзахгүй байсан. Залгахаар утсаа авдаггүй байсан ....” гэв.

2.Хохирогч Г.Энхбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”... Тухайн өдөр 18 цаг өнгөрч байхад найзууд сургууль дээр ирсэн. Тэгээд бид нар бааранд орж 1 шил архи уусан. Тэгээд Эрдэнэбулган араас ирсэн. Тэгээд бид нар Цогбаярынд ирж хөзөр, даалуу тоглож байхад араас эхнэртэйгээ ирсэн. Тэгээд 23 цаг өнгөр байхад архи дуусаад Галхүү бид 3 архинд явж байхад хэл амаар доромжилж эхэлсэн. Тэр үед нь юм бодоогүй. Цогбаярын гэрт очоод архиа уугаад явах гэсэн чинь эхнэрийг дуудаад ир гээд байсан. Тэгээд очсон чинь надад агсраад заамдаад байсан. Тэгээд гадаа гараад бид 2 бие биенээ харилцан 1, 1 удаа цохьсон. Тэгээд гэрт нь хүргэж өгсөн. Гэтэл гэрээсээ сүх барьж гарч ирээд ална гээд байсан. Тэгээд сүхийг нь хол авч шидээд нуугдсан чинь манай гэр рүү явсан. Тэгэхээр нь би Цогбаярынд очих гэсэн чинь тэдний хашаанд ирчихсэн байсан. Тэгээд намайг цохьсон. Тэгээд би эмнэлэг орж үзүүлсэн. Эмчилгээний зардал нэхэмжилж байна. Цаашид гарах зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж өгнө үү гэв.

            3.Хохирогч Г.Энхбатын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Олон улсын сувилагч нарын баярын өдөр Мягмарнаран нь ээлжтэй таарсан. “Баярт оролцохгүй хүн байна уу” гэхээр нь “би Мягмарнарангийн оронд ээлжинд гарсан. Мягмарнарангийн нөхөр гэх Ганзориг нь намайг эхнэртэйгээ харддаг байсан. Мягмарнаран хүртэл намайг таньтай хардаад байдаг гэж хэлж байсан. Тэгээд би 2016 оны 05 дугаар сарын 15-ны өглөө ажилтай байж байгаад 09 цагийн үед буугаад Мягмарнаран руу залгаад “Ганзоригтой яръя, утсаа өгчих” гээд би Ганзоригтой ярьсан. Завтай бол ажил дээр хүрээд ирээч гээд би Ганзоригийг ажил дээр хүлээж байсан. Ганзориг нь эмнэлэг дээр би, Ганзориг, манай ажлын Эрдэнэбилэг, Батаа бид 4 нэг шил 0,75 граммын “Ерөөл” архи ууцгаасан. Архиа хувааж уучихаад Ганзориг бид 2 Эрдэнэбилэг, Батаа нараас салаад “Хөх чулуут” дэлгүүр орж нэг шил 0,75 граммын “Сархад” архи авсан. Ганзориг бид 2 тэндээсээ такси бариад “Оргил” буудал руу явсан. Оргил буудалд манай найз Нараа, нөхөр Лхагва, ажлынх нь 2 эмэгтэй, эрэгтэй хүмүүс байсан. Ганзориг бид 2 авчирсан архиа Нараа, Лхагва, найзуудтай нь хувааж ууцгаасан. Ганзориг утсаар яриад орж гарч яваад байсан. “Оргил” буудалд 2 шил архи хувааж ууцгаасан. 12 цагийн үед Ганзориг утсаар яриад гарч явснаа “би харилаа” гэж утсаар надад хэлээд явсан. Би буудалдаа үлдсэн. 13 цаг өнгөрөөгөөд манай ажлын Ууганчимэг залгаад “Мягмарнарангын нөхөр ажил дээр ирчихээд агсам тавиад байна” гэж залгаж хэлсэн. Би тэгээд юу болсон юм бол гэж бодоод ажил дээр ирсэн. Тэгсэн Ганзориг “Мийгаа хаана байна” гэж хэлээд зогсож байсан. Тэгсэн чинь Мийгаа ажлын хувцас солих өрөөнд ороод хаалгаа түгжсэн байсан юм байна лээ. Ганзориг нь өрөөний хаалга өшиглөөд ороод ирсэн чинь Мийгаа цочих шиг болохоор нь би “болиоч” гээд Ганзоригтой барьцалдаж аваад цааш нь түлхсэн. Би хаалганы буланд толгойны ар хэсгээр цохиод миний хацарнаас цус гарсан. Би “2-лаа больё гадаа гараад учраа олъё” гээд бид 2 доошоо буугаад эмнэлгийн аркны доор очоод Ганзориг миний урд алхаж байснаа эргэж хараад намайг зүүн нүд рүү гараараа цохьсон. Би тэгэхээр нь барьж аваад зогсож байхад танихгүй 2 залуу явж байсан юм шиг байна лээ. Ганзориг бид 2-г салгасан. Тэр салгасан 2 залууг танихгүй, мэдэхгүй. Тэгсэн Ганзориг миний баруун хөл рүү нэг удаа өшиглөсөн. Хөл нэг л эвгүй болчихсон санагдсан. Манай ажлын Чимгээ гээд эгч машинд намайг суулгаад “Монголжин” зоогийн газрын тэнд бууя, хөл нэг л биш байна гэж хэлээд буцаад эмнэлэг рүү догонцож ирээд 103-т үзүүлсэн чинь хөл хугарсан байна гэсэн. Намайг эхнэртэйгээ хардаад байдаг болохоор нь зөвөөр ойлгуулж эхнэртэй нь ямар нэгэн хувийн харьцаа байхгүй гэдгийг хэлэх гээд би ч бас өөрөө сувилагч нарын баярт оролцоогүй болохоор өглөө нь ажлаас бууж байгаа юм чинь гэж бодоод ганц шил юм хувааж ууя гэж бодоод л дуудсан. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Миний баруун талын хөлний хавчаар яс хугарсан. 2 дахь өдөр хагалгаанд орсон. Орой хөл янгинаж өвдөөд өвчин намдаах эм ууж, тариа тариулж даралт их байна гээд даралтны эм ууж байгаа. Би эмчилгээний зардал , 1-2 сар намайг босч болохгүй гэсэн. Хагалгаанд шагайндаа хадаас хийлгэсэн. Би банкны зээл 300,000 төгрөг төлдөг. Хүүхдийн мөнгө гэж сард 750,000 төгрөг төлдөг. 1-2 сар гаран хэвтэх болохоор эдгээр мөнгөнүүдийг төлж чадахгүй учраас эдгээр мөнгөнүүдийг гаргуулмаар байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/

4.Гэрч М.Наранчимэгийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Би Улаанбаатар хотод явж байхад над руу манай хүү Энхбат залгаад “ээж би хөлөө гэмтээчихлээ, хөл хугарчихлаа одоо 103-т байна” гэж ярьсан. Хэзээ ярьсан талаар би он сараа мэдэхгүй байна. Тэр утсаар ярихдаа ч хэлээгүй. Би аймагт ирээд хоол унд зөөж өгөөд эргэж тойроод юу болсон талаар асуугаагүй. Юу болсон талаар саяхан мэдсэн. Тэр зодуулсан гээд байгаа залуутай нь уулзаж юу болсон талаар мэдсэн. Хугарсан хөлний хавдар нь буугаад шагай нь мултарсан байсныг эмч нар эргэж тойруулаад гипэсдсэн гэсэн. Өнөөдөр эмч нар үзээд 3 дахь өдөр хагалгаанд орно гэсэн. Хөл нь зовиуртай халуураад шөнө унтаж чадахгүй хөл нь янгинаж өвдөж орой бүр өвчин намдаах тариа хийж байгаа гэсэн. Хөлийг нь өө сэвгүй эмчлүүлэх хүсэлтэй байна. Эмчилгээ, хагалгааны зардал, эм тариа гээд, манай хүү цалингын зээлтэй би өөрөө ажилгүй эм тариа, эмчилгээний мөнгө орж байгаа болохоор ах дүү нараас нь өгсөн мөнгөөр л ойр зуурын хэрэглээнд зориулж байна. Би тэдгээр хүмүүсээс эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. Өөр надад гаргах санал хүсэлт байхгүй....  гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

5.Гэрч Д.Мягмарнарангийн 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... 2016 оны 05 дугаар сарын 15-ны өглөө гэртээ нөхрийн хамт амарч байхад манай ажлын ах болох Г.Энхбат нь миний 99521759 дугаар руу өглөө 07 цаг өнгөрч байхад 2-3 удаа залгасан би унтаж байсан болохоор сүүлдээ утсаа авсан чинь Энхбат нөхөртэй чинь ярья гээд Ганзоригт утсаа өгсөн чинь Энхбаттай утсаар ярьж байгаад босоод өглөө 08 цагийн орчим хувцсаа өмсөөд гарч явахдаа “би яаж хүн дээр хоосон очих юм бэ чи надад мөнгө өг” гээд захирангуй орилоод байснаа “чи хаашаа юм надад заавал зодуулж байж мөнгө өгөх гээд байгаа юм уу” гэхээр нь айсандаа 5000-8000 төгрөг л өгсөн санагдаж байна. Тэгээд хаашаа явах талаараа надад хэлээгүй гараад явсан. Би Ганзоригийг гарахад нь босоод ойр зуурын гэрээ цэвэрлээд 12 цагийн үед би Ганзориг луу залгасан чинь “би ПСМКА-д байна, Энхбатын найзуудтай нь байна” гэж хэлээд утсаа тасалсан. Дахиад өдөр 13 цаг өнгөрч байхад залгасан чинь “чи хаана байна байна, эгч чинь Дарханаас юм өгч явуулсан юм уу” гэсэн чинь “Би Энхбатын найзуудтай нь л байна” гэж хэлсэн. Өөр ямар нэгэн юм хэлээгүй, хаана байгаагаа ч хэлэлгүй утсаа салгасан. Би тэгээд ажил руугаа явах гээд хувцсаа сольж байхад 14 цаг өнгөрөөгөөд Ганзориг нилээн согтуу өмсөж явсан подвольк нь тоос шороо, нурууны ар хэсэг нь цус болчихсон байсан. Би хувцсыг нь янзлаад байж байтал гэнэт Ганзориг бөөлжөөд арай гайгүй сэргэсэн. Тэгээд гэнэт “чи пизда” гэж хэлээд баруун гараараа миний толгойны хажуу хэсэг рүү цохиход нь би хойшлоод нөгөө том өрөөнд орсон чинь дахиад миний зүүн талын чих рүү алгадсан чинь чих халуу дүүгээд л байсан. Том өрөөнд байхад араас ирээд баруун талын эрүү рүү яаж цохьсоныг мэдэхгүй тас гээд л би жоохон манарсан байж байгаад  гайгүй болохоор нь шууд гэрээс гараад гүйсэн. Гүйж гараад би замдаа ажлынхаа Ууганчимэг рүү залгаад “чи намайг Спорт сургуулийн тэнд тосоод аваач би сургуулийн энд ирж байна гэж хэлээд Ууганчимэгтэй хамт эмнэлэг дээр Уламжлалтын тасагт ирсэн. Би хувцасны өрөөнд хувцсаа солиод байж байхад Энхбат ах өндөр туранхай найзтайгаа ажил дээр ирсэн. Би тэгэхээр нь “та яах гэж Ганзориг руу залгаж архи ууя гэж дууддаг юм бэ, хүний амьдралд гай болох гэж байгаа юм шиг” гэж хэлээд хувцасны өрөөний хаалга хаагаад байж байхад манай нөхөр Ганзоригийн дуу байсан. “Мийгаа байна уу” гэж асуусан. Мийгаа энд байгаа би мэдэж байна гэсэн. Тэгсэн чинь Энхбат нь ямар нэгэн юм хэлэх шиг болсон юу гэж хэлснийг би сонсоогүй. Тэгсэн Ууганчимэг “та 2 одоо ажлын байран дээр болиоч” гэж хэлсэн тэрийг би сонссон. Тэгсэн чинь Ганзориг Энхбат нь хоорондоо барьцалдаад авчихсан өрөөний хаалгыг Энхбат нь Ганзоригийг түлхээд хаалгаар орж ирээд хананд байсан толь газар унаад хагарсан. Би тэгэхэд зөрөөд гараад эмчилгээний өрөөнд орсон. Цааш нь юу болсон талаар би мэдэхгүй байна. Ямар ч байсан Энхбат, Ганзориг нар нь гараад явсан. Би яагаад маргалдаж зодоон болсон талаар хэлж мэдэхгүй байна. 2016 оны 05 дугаар сарын 15-ны өглөө Энхбат нь Ганзоригтой яриад архи ууснаас л болсон байх. Яг юунаас болоод зодоон болсныг би мэдэхгүй байна. Надаас бол болоогүй гэж бодож байгаа. Харин Энхбатын ах, эгч нар нь болохоор надаас болсон. Чи энэ 2 хүнийг зодуулдуулсан гэж дайраад байсан. Одоо ч тэгж хэлж байгаа.  2013 онд Дархан-Уул аймагт оюутан байхад анх Ганзоригтой танилцаж тэрнээс хойш одоог хүртэл хамт амьдарч байна. Албан ёсны гэр бүл батлуулаагүй болохоос эхнэр, нөхөр гэж явдаг. Одоогоор үр хүүхэд байхгүй. ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/

6.Гэрч Д.Батын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр би ажлаас Эрдэнэбилэг ахын хамт ээлжнээс буугаад гарах гэж байхад Энхбат нь яаралтай 103-н хүлээн авахын үүдэнд нэг танихгүй залуутай хамт зогсож байсан. Тэгээд нэг шил архи үзүүлээд “хамт уух уу” гэхээр нь ээлжнээс буусан болохоор нь “тэгье” гээд Эрдэнэбилэг, би, Энхбат, танихгүй залуугийн хамт архийг хувааж уусан. Нэг шил архи ууж байхад тэр залуугаа манай найз гээд танилцуулаад байсан. Тухайн үед тэр архиа уучихаад Эрдэнэбилэг бид 2 харих гээд явсан. Энхбат нь цаашаа тэр залуутай хаашаа явсан талаар мэдэхгүй байна. Хаашаа явах талаараа хэлээгүй. ....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 26 дугаар хуудас/

7.Гэрч Х.Баасансүрэнгийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.... 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр амралтын өдөр байсан болохоор өрөөндөө очих гээд явж ажил дээрээ 13 цагийн орчимд байх манай ажлын Энхбат гэх залуу баруун хөл нь догонцоод яаралтай хүлээн авахын үүдэнд таарсан. Энхбат нь “би зодуулчихлаа, хөлөө гэмтээчихлээ” гээд үүдэнд сууж байсан. Би дээшээ 3 давхар руу ажлынхаа өрөө  рүү явж байхад манай уламжлалын тасагт Ганзориг гэх залуу байсан. Би тэгэхээр нь цагдаа дуудаад өгсөн. Зодоон хэдэн цагт болсныг би сайн мэдэхгүй байна. Өглөөхөн л болсон юм шиг байна лээ. Би ямар ч байсан өдөр ирэхэд Энхбат зодуулчихлаа гээд байж байсан. Нүд нь хөхөрсөн байдалтай байсан. Хувцас хунар нь урагдсан сунасан зүйл байхгүй байсан. Баруун хөл нь алхаж чадахгүй өвдөөд байна гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 27 дугаар хуудас/

8.Гэрч Д.Энхтуяагийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Оргил буудалд өөрийн найз Ганчимэгийн хамт өрөөнд сууж байхад хажуу өрөөний 2 танихгүй залуу манай өрөөнд орж ирээд “хамт ганц шил юм хувааж уух уу” гээд бид 4 нэг шил 0,5 граммын шилтэй архи ууж дуусчихаад сууж байсан. Тэгсэн Ганчимэг нэг хүн рүү утсаар яриад “нэг шил архи аваад хүрээд ирээч” гэж ярьж байсан. Гаднаас 10-15 минутын дараа 2 залуу манай өрөөнд орж ирсэн. Нэг залуу нь 0,75 граммын шилтэй архи барьчихсан орж ирсэн. Би тэр орж ирсэн залуучуудтай танилцаагүй, авчирсан нэг шил архийг нь хувааж уугаад сууж байхад бор өндөр залуу өрөөнөөс түрүүлээд гараад явсан. Хаашаа явсан талаар би мэдэхгүй байна. Араас нь удаагүй намхан шар царайтай залуу нь “хойшоо явлаа” гээд л гараад явсан.

/хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/

9.Гэрч Э.Эрдэнэбулганы 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.... Би 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр амралтын өдөр байсан болохоор гэртээ амарч байсан. Эмнэлгээс над руу залгаад “вакцин хийлгэ” гээд залгахаар нь би 13 цагийн үед эмнэлэг дээр очсон. Манай ажлын Энхбаттай би яаралтай хүлээн авахын үүдэнд сууж байсан. Хөл эвгүй болчихлоо гэж хэлээд сууж байсан. Энхбат нь гуталтай байсан. Намайг дээшээ тасаг руу ороод миний пүүзийг аваад ирээч гэж хэлсэн. Би тасаг руу дээшээ 3 давхарт гарахад Ганзориг гэх залуу хувцас солих өрөөнд сууж байсан. Би пүүзийг нь аваад гараад явсан. Би Энхбатад пүүзийг нь өгчихөөд л гараад явсан. Цаашид юу болсон талаар би мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 30 дугаар хуудас/

10.Гэрч Б.Ганчимэгийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.... Би 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Оргил” буудалд өөрийн найз Д.Энхтуяагийн хамт 11 цагийн үед сууж байхад хажуу өрөөний 2 танихгүй залуу манай өрөөнд орж ирээд “хамт ганц шил юм хувааж уух уу” гээд бид 4 нэг шил 0,5 граммын шилтэй архи ууж дуусчихаад би Энхбатын гар утас руу залгаад “нэг шил архи аваад “Оргил” буудалд хүрээд ир, ирэхээр чинь мөнгийг нь өгье” гэж утсаар ярьсан. Удаагүй 10 минутын дараа Энхбат 0,75 граммын шилтэй архи барьчихсан, бас нэг танихгүй залуутай хамт орж ирсэн. Энхбаттай хамт орж ирсэн залуутай тухайн үед танилцаж байсан, одоо нэрийг нь санахгүй байна. Энхбат болон түүнтэй хамт явж байсан залуугийн авчирсан нэг шил архийг хувааж уугаад сууж байхад Энхбаттай хамт явж байсан залуу гар утсаараа яриад өрөөнөөс гараад явсан. Энхбат удалгүй “хойшоо Орос руу явна” гээд өрөөнөөс гараад явсан. Үүнээс хойш Энхбат болон хамт явж байсан залуутай нь тэр өдрөө таараагүй. Харин маргааш нь би Энхтбатын гар утас руу залгаад Орос руу явсан эсэхийг асуусан чинь хөлөө хугалчихаад эмнэлэгт хэвтэж байна гэж ярьсан. Яасан юу болсон талаар асуухад “ажил дээрээ дуудлага гараад ирсэн чинь хамт ажилладаг хүний нөхөр нь хэрүүл маргаан хийж байгаад хөлийг нь хугалсан гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн  31 дүгээр хуудас/

11.Гэрч И.Шинэхүүгийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....  Гэмт хэрэг болдог өдөр би ажлаар хот явж байсан болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Ажлын өрөөний хувцасны хаалга нь доод хэсгийн нугас хэсэг нь салсан гэж манай сувилагч надад хэлсэн. Тэрнээс хувцас солих өрөөний хаалганд өөр эвдрэл учраагүй. Хувцас солих өрөөний хаалга нь цагаан өнгөтэй модон хаалгатай. Хаалга нь нугас хэсгээрээ л салсан байна лээ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн  32 дугаар хуудас/

12.Гэрч О.Ууганчимэгийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....  2016 оны 05 дугаар сарын 15-ны өглөө би Г.Энхбатаас ээлж аваад тухайн өдөр би ажилтай байсан ажлаа хийгээд байж байхад өдөр 13-14 цагийн хооронд байх ажил дээр уйлаад орж ирсэн. Нөхөртэй зодуулчихлаа гээд хувцасны өрөөнд сууж байхад Энхбат эмнэлэг дээр ирсэн. Би Энхбат руу залгаад “чи яах гэж хүний нөхөр уруу татаж архи ууж байгаа юм” гэж хэлсэн. Та яах гэж хүний нөхөр дагуулж архи уусан юм гэж уйлаад хэлсэн. Тэгсэн гаднаас хаалга дуугарсан чинь Чинзориг орж ирээд “Мягмарнаран хаана байна, энд байгаа би мэдэж байна” хаалга өшиглөөд доор Ганзориг, Энхбат нар барьцалдаж аваад Энхбат нь ажлын байранд байна гаръя гээд гарсан. Эмнэлэг дээр ирэхдээ уйлчихсан орж ирэхээр нь би “яасан юу болсон бэ” гэхэд Ганзориг согтуу ирээд Энхбаттай намайг хардаад намайг зодсон. Нүүр лүү 2,3 удаа цохьсон эрүү мултарчихсан гээд яаралтай 103 руу очоод эмчилгээ хийлгээд дусал залгуулсан...гэх мэдүүлэг  

/хавтаст хэргийн  34 дүгээр хуудас/

13. Гэрч Ө.Чимгээгийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....  Би 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэртээ амарч байхад манай ажлын сувилагч эгч над руу залгаад эгч дээ бариа хийгээд өгөөч гэхээр нь би “за тэгье” гээд эмнэлэг рүү гэрээсээ гараад 13 цагийн үед мэдрэлийн тасаг орж эгчтэй уулзсан чинь больчихлоо, дусал залгачихлаа гэхээр нь би харих гээд гарж яваад эмнэлгийн аркны тэнд Энхбатыг, Ганзориг гэх залуу газар унагаасан дээрээс нь гараараа цохиж харагдахаар нь очоод “болиоч та нар яаж байгаа юм” гээд салгаад Ганзоригийг цааш нь түлхээд Энхбатыг босгоод эмнэлгийн машинд суулгаад явуулчихсан. Би тэгээд яваад өгсөн. Хамт машинд суугаад “Монголжин” цайны газрын үүдэнд буучихсан. Буухад Энхбат нь алхаж чадахгүй “миний хөл эвгүй болчихлоо, жоохон сууж байгаад явъя, та явж ажлаа бод” гэхээр нь эгч нь “явлаа шүү” гээд харих гээд явсан. Эрүүл согтууг нь мэдэхгүй, гайгүй л харагдсан намайг очиж салгахад Ганзориг нь зодооноо больсон болохоор гайгүй байсан байх гэж бодож байна...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн  34 дүгээр хуудас/

14. Гэрч Ч.Цолмонгийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.... Би Ганзориг гэгч хүний төрсөэ эгч нь Ганзориг нь миний хамгийн бага дүү. Дээрээ 4 ах, 4 эгчтэй айлын хүүхэд , ах эгч нар бүгд хол тусдаа амьдарцгаадааг. Хамгийн ойр байлаг нь би болон дараагийн эгч Мөнхцэцэг бид 2 юм.

Ганзориг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Одоогийнх шигээ ингэж их хэрэглэдэггүй байсан. Би яагаад архи уугаад байгааг нь гайхаж байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ элдэв зан ааш авир гаргаад байдаггүй. Зодоон ч хийдэггүй хүн. Уул нь ах, эгч нар нь ойр байдаг байсан болохоор архи, амхи хэрэглэдэггүй байсан. ах, эгч нь тусдаа гараад өөрсдийн амьдралтай болоод яваад өгөхөөр хэлээд загнаж өгөх хүнгүй болчихоор дураараа аашилж архи, тамхи хэрэглэж байгаа гэж бодож байна...гэх мэдүүлэг    

/хавтаст хэргийн  42 дугаар хуудас/

15. 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №209

  1. Д.Мягмарнарангийн биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт

/хавтаст хэргийн  53 дугаар хуудас/

16. 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №211

  1. Г.Энхбатын биед баруун шилбэний хавчаар ясны хугарал, шагайн мултрал, зовхинд цус хуралтын зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Гэмтлын зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь, эмчилгээ, эдгэрэлт, эрүүл мэндээс хамаарна....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн  54 дүгээр хуудас/

17. Шүүгдэгч Ч.Ганзоригийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн”.... Би 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байхад өглөө 08 цагийн үед эхнэрийн утсаар энхбат надтай яриад “хүрээд ир сувилагч нарын баяр гээд манай найз над дээр нэг шил 0.75л-ийн архитай ирж байна хамт баяр тэмдэглээд ууя” гэхээр нь би гэрээсээ гараад шууд эмнэлэг дээр яваад очиход Энхбат өөр 2 ажилчин байсан ба бид 4 нийлээд 0,75л-ийн Хараа гэх архийг нь эмнэлгийн хашаанд уугаад тэндээсээ “Оргил” гээд буудал руу явсан. Буудал дээр очиход 4 хүн байсан ба 1 шил архи задлаад ууж байсан. би тэр архинаас нь 2 удаа уугаад шууд тэндээсээ гэрлүүгээ харьсан. Гэрт ирэхэд цаг хэд болж байсаныг мэдэхгүй байна. Гэрт ороход манай эхнэр “архи уулаа жаахан амсаад  болно биз бүгдийг нь уугаад согтож байдаг” гээд л  уурлаж байгаад гар утсаа шүүрээд авахаар нь би утсыг нь цохих гэхэд утсыг нь цохилгүй эхнэр Мягмарнарангийн баруун хацрыг нь алгадсан.Тэгсэн манай эхнэр шууд утсаа аваад гараад явсан. Би гэртээ хэсэг хэвтэж байгаад эхнэрээ алгадсан юм чинь гээд очиж уучлал гуйя гэж бодоод эмнэлэг дээр очиход Энхбат найзтайгаа согтуу эмнэлэг дотор байсан. Би яг юунаас болж маргалдсанг сайн санахгүй байна. Над руу Энхбат “пизда минь чи яагаад байгаа юм”  гээд л  надруу дайрч байсан. Яг яагаад надруу дайраад байсныг нь хэлж мэдэхгүй байна. Тэрхэн зуур юу болоод байгааг мэдэхгүй байж байхад надруу Энхбат ирээд энгэрээс маань зуураад авахаар нь би баруун гараараа Энхбатын нүүр рүү нь цохиход бид 2 түлхэлцэж байгаад хувцас солих өрөө гэсэн өрөө рүү түлхэлцэж ороод унасан бид 2 босоод ирэхэд Энхбатын хамарнаас цус гараад миний зүүн гарын алганаас цус гарсан байсан. Тэгэхээр нь “2-лаа эмнэлэг дотор зодолдоод яах вэ? Гарч байгаад эр хүмүүс шиг учраа олъё” гэж хэлээд эмнэлгээс гараад эмнэлгийн аркын хажууд очоод би гадуур хувцасаа тайлахад Энхбат надруу гүйгээд хүрээд ирэхээр нь би цээжнээс нь барьж байгаад дээгүүрээ давуулж шидээд газар унагасан. Унахдаа би дээр нь унасан. Унасан байхдаа нүүр рүү нь нэг, цээж рүү нь нэг удаа цохьсон. Тэгсэн нэг машинтай эмэгтэй Энхбат бид 2-ыг салгаад машиндаа суулгаад аваад явсан. Би эхнэрээ ажил дээрээс нь хайгаад олоогүй байж байхад “цагдаа дуудаад наад залуугаа цагдаад өг ” гэж нэг эмэгтэй хэлээд удаагүй байж байтал цагдаа ирсэн...гэх мэдүүлэг  

/хавтаст хэргийн  65 дугаар хуудас/

18. Шүүгдэгч Ч.Ганзоригийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дахин мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн”.... 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэртээ эхнэр Мягмарнарангийн хамт амарж байхад өглөө 08 цагийн үед Энхбат манай эхнэр мягмарнарангийн утсаар залгаж надтай яриад намайг “ажил дээр хүрээд ир” гэхээр нь би за гэж хэлээд утсаа салгасан. Удаагүй би гэрээс гараад Нэгдсэн эмнэлгийн уламжлалын тасагт очиж Энхбаттай уулзсан. Энхбаттай уулзаад бид 2 эмнэлгээс гараад явж байхад эмнэлгийн 2 ажилтан таараад тэр 2 хүнтэй хамт Энхбат бид хоёр 1 шил 0,75 граммын шилтэй “Хараа” архи эмнэлгийн хашаанд ууцгаасан. Тэр 1 шил аохийг уучихаад эмнэлгийн 2 ажилтангаас салаад Энхбат бид 2 “Оргил” гээд буудал руу найзууд джжр нь очсон. Энхбат бид 2 замдаа Хөх чулуут хүнсний дэлгүүр орж 0,75 граммын “Улаанбаатар” архи аваад “Оргил” буудал руу очсон. Энхбатын найз гэх хүмүүс байсан. Бид 2 авч очсон архи задлаад тэр хүмүүстэй хамт ууцгаасан. Тэндээ ууж байгаад би 13 цагийн орчим л гэртээ очсон байх гэж бодож байна. ЭНхбат нь “Оргил буудалд үлдсэн” Гэртээ очоод би юу болсон талаар сайн хэлж мэдэхгүй байна. Нэг мэдсэн манай эхнэр Мягмарнаран гэрээс гараад гүйснийг санаж байна. өөр юу болсон талаар мэдэхгүй байна. Би удаагүй 20 минутын дараа араас нь эхнэрээсээ уучлалт гуйх гэж бодоод эмнэлг дээр очсон. Би бодохдоо эхнэр гараад гүйхээр нь уурлуулчихлаа гэж бодсон. Би эмнэлэг дээр очиход Энхбат нь согтуу Уламжлалын тасагт байсан. Би тасаг дээр очоод Мийгаа хаана байна гэж асуусан чинь Ууганчимэг байхгүй ирээгүй гэхээр нь би наад хувцасны өрөөнд чинь байгаан биш үү гэж хэлсэн. Тэгтэл Энхбат намайг “чи муу ер нь яагаад байгаа юм бэ” гэхээр нь би “чамд ямар хамаатай юм бэ” гэсэн чинь бид 2 барьцалдаад авсан. Энхбатыг шууд нүүрлүү нь 1 удаа гараараа цохьсон. Тэгсэн чинь Энхбат намайг түрээд хувцасны өрөөний хаалгаар ороод түрээд байхаар нь би хөл алдаад тэнцвэрээ олох гээд хана дагуу гараараа тулаад явж байхад хананд байсан толийг унагаасан. Энхбатын хамарнаас цус гараад би толинд нь гараа зүссэн юм шиг байгаа юм цус гарсан. Энхбат нь сандал дээр суухаар нь би хувцасны өрөөнөөс гараад зогсож байгаад Энхбатыг гараад ир гадаа зодолдъё гараад ир гэсэн чинь Энхбат нь чи гаръя гээд байсан. Ууганчимэг нь намайг гараач ажил дээр байна гээд байсан. Энхбат нь надтай хамт шатаар доош буугаад бид гадаа гараад аркны тэнд явж байхад нь би 2-лаа гаръя эмнэлгийн хашаанаас гараад зодолдъё гэхэд гарахгүй явахгүй гээд байхаар нь би гаръя эмнэлгийн хашаанаас гараад зодолдъё гэж хэлсэн. Энхбат нь намайг “чи муу писдаа намайг Сэлэнгэд амжихгүй шүү” гэхээ нь би шууд очоод шанаа руу нь гараараа 1 удаа цохиод барьж аваад үүрч унагаагаад дороо оруулаад цээж рүү нь нэг, нүүр рүү нь нэг цохьсон. Тэгсэн Чимэгээ эгч ирээд салгаад машинд суулгаад хамт явсан. Би тэндээсээ гэр рүүгээ явсан. Гэртээ хариад хувцасаа солиод буцаад эмнэлэг дээр эхнэртэйгээ уулзах гээд ирээд байж байхад эмнэлгийн ажилтан Баасансүрэн нь Цагдаагийн газар дуудлага өгөөд Цагдаагийн ажилтан нар ирээд намайг авч явсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн  67 дугаар хуудас/

19.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн  73 дугаар хуудас/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудад шүүх дараахи дүгнэлт хийв.

                       

         Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Ганзоригийг 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг Нэгдсэн эмнэлгийн хашаанд Г.Энхбаттай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар хоорондоо маргалдаж, Г.Энхбатыг үүрч шидсэнээс баруун хөлийг нь хугалж, хүндэвтэр гэмтэл учруулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.  

Шинжээч эмчийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн үзлэг хийсэн акт №211  тоот дүгнэлтэд  “дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан  хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Ганзориг нь дээрхи гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан шаардлагууд хангасан нотлох баримтуудад үндэслэн шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэл болгов.

          Хохирогч Г.Энхбатын байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, гэрч Х.Баасансүрэн /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/, О.Ууганчимэг /хавтаст хэргийн 33-36 дугаар хуудас/ нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг судалсан болно.               

           Шүүх дээрх хохирогч, гэрч, шинжээчийн хуулийн шаардлагыг хангаж авсан  мэдүүлэг, дүгнэлтийг үнэн зөв гэж үзэв.

            Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Г.Энхбатын мэдүүлэг нь гэрч Х.Баасансүрэн, О.Ууганчимэг нарын мэдүүлэг болон шинжээч эмчийн дүгнэлтээр нотлогдож байгаа ба эдгээр нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтэй тохирч байна.

            Иймээс шүүгдэгч Ч.Ганзоригийн 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг Нэгдсэн эмнэлгийн хашаанд Г.Энхбаттай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар хоорондоо маргалдаж Г.Энхбатыг үүрч шидсэнээс хүндэвтэр гэмтэл санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн хуулийн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

            Шүүгдэгч Ч.Ганзориг нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн болон хамгаалсан хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдаж байна.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Г.Энхбатын баруун хөлний 3 ширхэг рентген зургийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй байна.

           Шүүгдэгч Ч.Ганзориг нь тохиолдлын шинжтэй бий болсон нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдлээс болж санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгааг харгалзан, хорих ялын доод хэмжээг барин ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзвал зохино гэж шүүх үзлээ.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3,  295, 296, 297,  298 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Боржигон овогт Чулуунпүрэвийн Ганзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан “бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Чулуунпүрэвийн Ганзоригт 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Чулуунпүрэвийн Ганзоригийн эдлэх 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн  дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Г.Энхбатын баруун хөлний 3 ширхэг рентген зургийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

            5.Ялтан Ч.Ганзориг нь энэ хэргийн улмаас  бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн болон хамгаалсан хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдсугай.

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар   Ч.Ганзоригт оногдуулсан 01 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзах, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

            7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтанд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

            9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

            10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор  Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн  Давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                             Б.НАЦАГДОРЖ

.