Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 0098

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 04 өдөр               

 

 

           Дугаар 128/ШШ2020/0098

 

 

               Улаанбаатар хот

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Д.Халиуна, шүүгч У.Бадамсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар Д.Оын нэхэмжлэлтэй, МУЗГ, Эмс, Тазд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч: Б овгийн Д-ийн О

 

Хариуцагч: МУЗГар, Эмс ТАЗ

Нэхэмжлэлийн шаардлага:

1. МУЗГрын 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах,

2. Эмсын 2018 оны 05 дугаар сарын 30-ны Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулах,

3. Тазөөс 2018 оны 12 сарын 27-ны өдөр зохион байгуулсан Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд явагдсан сонгон шалгаруулалт хууль бус байсан болохыг тогтоолгох,

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, О.Б, хариуцагч МУЗГрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, Тазийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, түүний өмгөөлөгч Б.Б, иргэдийн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нарыг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.О нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр МУЗГраас өөр ажил албан тушаалд томилогдсонтой холбоотойгоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн.

Д.О нь ямар нэг байдлаар 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөр ажил албан тушаалд томилогдох үйл баримт байхгүй байсан. Энэ албан тушаалаас өөр албан тушаалд томилогдох гэж байна гэдэг байдлаар Засгийн газарт хүсэлт гаргасан зүйл байхгүй. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг зөрчиж үндэслэлгүй чөлөөлсөн. Тиймээс уг тогтоолыг хүчингүй болгож, ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү.

... 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоонд зарласан сонгон шалгаруулалтыг хууль бус байсан болохыг  тогтоолгох шаардлагын тухайд Д.О нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүх дээр энэ маргааныг хэлэлцүүлж байх явцад Засгийн газраас Тазд хүсэлт ирүүлсэн байдаг.  2018 оны 6 дугаар сарын үед Засгийн газраас сонгон шалгаруулалт явуулж өгнө үү гэж Тазд хүсэлт хүргүүлэхэд шүүх дээр маргаж байгаа тул сонгон шалгаруулалт явуулах боломжгүй гэсэн хариу хүргүүлж байсан. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоо гараагүй байхад сонгон шалгаруулалт явууллаа гэж хүсэлт гаргасан боловч Таз анхаарч үзэхгүй сонгон шалгаруулалт явуулсан.

... н.Б гэх хүн Төрийн албаны онгон шалгаруулалтад тэнцэж томилсон Засгийн газрын тогтоол хүчин төгөлдөр юм. Тазийн сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгох шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт зааснаар сонгон шалгаруулалт явагдаж үр дүн нь хэрэгжсэн тул бидний зүгээс маргаан бүхий захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гаргасан.

...Төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоо гараагүй байхад сонгон шалгаруулалт явуулсан нь хууль бус. 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд Улсын төв эмнэлгийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх үедээ гаргасан тушаал нь хагалгаа удирдаж явуулахдаа алдаа гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Ийм алдаа гаргаагүй тул уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.О нь тухайн хагалгааг удирдан явуулж амжилтгүй болгосон зүйл байхгүй.  Тиймээс уг тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Засгийн газрын 2018 оны 01 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагын хүрээнд тухайн Эмс нь хуурамч нотлох баримт бүрдүүлж Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Д.Оыг 1 дүгээр эмнэлгийн даргаар ажиллах хүсэлт гаргасан гэсэн. Тэгэхээр Монгол Улсын сайд Засгийн газрынхаа өмнө худлаа хэлдэг. Засгийн газар нь тухайн асуудлыг бүрэн гүйцэд судлахгүйгээр өөр ажилд томилох болсон тул гэж илт хууль бус үндэслэл зааж 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 15 дугаар тогтоол гаргасан. Эмсын 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийг барьсан. Хүнийг ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулж байгаа тохиолдолд 38 дугаар зүйлийг барьдаг гэх ойлголт хөдөлмөрийн эрх зүйд байдаггүй. Засгийн газрын тогтоол сайдын тушаал ч хуулийг уландаа гишгэж хэрэглээний илэрхий алдаатай тушаал гарсан. Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7 дахь хэсэгт зааснаар чөлөөлсөн. 1 дүгээр эмнэлгийн дарга хагалгааны дундаар орж хүн алсан утгатай ижил зүйл бичсэн. Хагалгаанд тусдаа бие даасан мэс заслын баг ордог. Өөр хэн ч оролцдоггүй. Тухайн хүний амь насыг тухайн хагалгааны баг хариуцдаг болохоос эмнэлгийн даргыг албан тушаалаас нь халдаг тохиолдол хаана ч байхгүй. 

Энэ тушаалд Төрийн албаны тухай хуулийн хуулийн 131.1.3 дугаар зүйлийн 40.1.3 дугаар зүйлтэй давхар хэрэглэсэн байна. Тухайн хүнтэй ямар ч хамааралгүй зүйлд сахилгын шийтгэл оногдуулж хөдөлмөрийн гэрээ цуцалж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх хэсгийг баримталж ажлаас чөлөөлөх хугацааг заах ёстой. Эмсын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаар тушаал нь хууль хэрэглээний алдаатай тушаал тул хүчингүй болгож өгнө үү.  Сайдын гаргаж байгаа тушаал ийм хэмжээнд гарч болохгүй. Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтыг 2018 оны 12 дугаар арын 27-ны өдөр явуулж н.Нямдоржийг томилсон тухай тушаал байгаа. Тухайн үед Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Төрийн албаны сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлсэн захирамж хүргүүлсэн байсан.

... Засгийн газраас сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлуулах тухай албан бичиг ирүүлэхэд Таз Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд маргаантай эцэслэн шийдэгдээгүй байгаа тул боломжгүй гэсэн албан бичиг явуулсан байдаг.  Дараа нь дахин албан тоот явуулсан байдаг. Тазөөс Засгийн газар шахаж байна гэсэн тул Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэгч хүсэлт гаргаж 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай захирамж гарсан. Гэтэл Таз Монгол Улсын шүүхийн захирамжийг үл тоож сонгон шалгаруулалт явуулсан.Энэ нь Таз шүүхийг үл тоож байгаа тул сонгон шалгаруулалт хууль бус юм.” гэв.

 

Хариуцагч МУЗГрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн  23.4 дэх хэсэгт зааснаар чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар үйлчилгээний албан тушаалд томилох болсон тул Д.Оыг чөлөөлсөн гэх утга бүхий Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь Д.Оыг 1 дүгээр төв эмнэлгийн захирлаар томилогдох болсон тул чөлөөлсөн. Д.О нь 1 дүгээр эмнэлгийн захирлаар 10 сар гаран ажилласан. Гэтэл үйлчилгээний албан тушаалд томилогдсон гэж чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг ойлгохгүй байна. Хэрэв үйлчилгээний албан тушаалд ажиллаагүй бол нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Үйлчилгээний албан тушаалд томилохдоо надаас зөвшөөрөл аваагүй, ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг өөрөө гаргаад 1 дүгээр эмнэлгийн даргаар томилогдсон гэж тайлбарладаг. Үнэхээр өөрөө зөвшөөрөөгүй, мэдүүлгийг өөрөө гаргаагүй байхад нь томилсон юм бол тухайн үедээ яагаад нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй юм гэдэг нь ойлгомжгүй байна. Ашиг сонирхлын мэдүүлэг гаргаагүй тохиолдолд 1 дүгээр эмнэлгийн даргаар томилох тухай тушаал гарах боломжгүй байсан. Авилгатай тэмцэх газрын албан бичгээр урьдчилсан мэдүүлэг хянуулсан дүгнэлтийг тушаалын үндэслэх хэсэгт тодорхой заасан. Гэтэл үүнийг хуурамч гэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

 

Хариуцагч МУЗГар, Эмсын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Д.О нь ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаартай Засгийн газрын тогтоолоор Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирлаар томилогдсон. Гэвч Засгийн газрын тогтоолыг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд гомдол гарган, анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0454 дугаартай шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2018/0523 дугаартай магадлалаар Оыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулахаар шийдвэрлэсэн тул хариуцагч байгууллагын зүгээс Улсын дээд шүүхэд хяналтын гомдол гаргасан.

Д.О нь ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа болон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирлын албан тушаалд ажиллах хугацаандаа ч төрийн албаны удирдах албан тушаалын үндсэн үүргийг хэрэгжүүлэн ажиллаж чадаагүй бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлээс нь харахад өөрийн эрхэлж байсан удирдах албан тушаалын чиг үүргийг мэдэхгүй байгаа нь илэрхий байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирал нь тухайн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч бөгөөд байгууллагаа мэргэжлийн удирдлагаар хангаж, ажлын үр хариуцах үүрэгтэй албан тушаалтан юм.

Д.О нь нэхэмжлэлдээ миний ажилд огт хамаагүй мэс засал хийх явцад өвчтөн нас барсан асуудал байх бөгөөд миний бие мэс засал хийх, удирдах эрхгүй захиргааны албан тушаалтан байхад огт хамаагүй асуудлыг үндэслэн ажлаас халах шийтгэл ногдуулсан гэжээ.

Харин Д.Оыг тухайн байгууллагын захирлаар ажиллаж байх хугацаанд зүрхний нээлттэй мэс засал хийх нөхцөл /орчин, мэргэжлийн хүний нөөц, зориулалтын багаж тоног төхөөрөмж/бүрдээгүй байхад 2018 оны 05 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд дараалан мэс засал хийж, үүний улмаас 2 хүний амь нас хохироосон ноцтой алдаа гаргасан Эмнэлгийн эмч, мэргэжилтэн, удирдах албан тушаалтан хэн ч төрийн хууль, эмнэлгийн болон эмчийн ажиллах стандартыг мөрдөж ажиллах ёстой.

Иймээс тухайн байгууллагын үйл ажиллагаанд гарсан алдаа дутагдлын хариуцлагыг хариуцлагыг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллах үүргээ биелүүлэн ажиллаж чадаагүй байгууллагын удирдлагатай хариуцлага тооцон ажилладаг журмын дагуу ажилласан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн Д.О нь нэхэмжлэлдээ ажлаас халагдсан тушаалаа гардан аваагүй гэжээ. Тушаалыг гардуулан өгч, ажил хүлээлцэх гэсэн боловч ажил дээрээ ирэхгүй, утасны  дугаараар нь залгаж, ажилдаа ирэхийг хүссэн боловч ирээгүй бөгөөд тушалыг гэрийн хаягаар нь хүргүүлэхээр шууданд өгсөн боловч уг хаягтаа оршин суудаггүй хэмээн буцаж ирсэн. Хариуцагчийн зүгээс боломжтой бүх байдлаар тушаалыг гардуулах, ажил хүлээлцэх боломжит аргыг хэрэглэсэн гэж үзэж байна” гэжээ.

 

Хариуцагч Тазийн дарга Б.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, 17.4-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина” гэж тус тус заасан.

Түүнчлэн Улсын Их Хурлын 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах” журмын “гурав”-ын 11-д “Томилох эрх бүхий этгээд нь энэ журмын 9-ийн “а”-д заасан удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн албан тушаалд ажиллах удирдах ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Тазд ирүүлнэ”, мөн “гурав”-ын 12-т “Удирдах албан тушаалтны албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд баталсан байна” гэж тус тус заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан эсэхийг тухайн албан тушаалтныг томилох эрх бүхий этгээд өөрөө тодорхойлж, сонгон шалгаруулалтын захиалгаа Тазд ирүүлнэ гэж заасан.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ХЭГ/2538 дугаар албан бичгээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулж, дүгнэлт гаргуулах захиалгыг ирүүлсний дагуу тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сонгон Сонгон шалгаруулалтад нэр бүхий 5 иргэн бүртгүүлж, шалгаруулалтад орсноос Д.Г, Б.Ц, Б.Б нарыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэж, хамгийн өндөр оноо авсан иргэн Б.Бийг уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, МУЗГарт санал болгосон.

Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан эсэхийг Таз тогтоохгүй, харин томилох эрх бүхий этгээд тухайн албан тушаалд ажиллах удирдах ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг, албан тушаалын тодорхойлолтын хамт ирүүлснээр сонгон шалгаруулалт зарлах эрх зүйн үндэслэл бүрддэг. Тодруулбал, Таз томилох эрх бүхий этгээдээс ирүүлсэн захиалгыг хүлээн авахгүй байх, сонгон шалгаруулалт явуулахаас татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй.

Иймд Д.Оын гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн авах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Тазийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2002 оны хүчингүй болсон Төрийн албаны тухай хууль, уг хуулийг дагаж гарсан Улсын Их Хурлын 2003 оны ... удирдах ажилтны сонгон шалгаруулах журмын 3 дугаар зүйлийн 3.11 дүгээр зүйлд томилох эрх бүхий этгээд нь уг журмын 9.10 дахь хэсэгт заасан удирдах албан тушаалд сул орон тоо гарсан тохиолдолд тухайн албан тушаалд ажиллах удирдах албан тушаалд сонгон шалгаруулах захиалгыг ажлынх байрны тодорхойлолтын хамт Тазд ирүүлнэ гэж заасан. Уг журмын 3 дугаар зүйлийн 3.12 дахь хэсэгт удирдах албан тушаалтны албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд баталсан байна гэж заасан.

... Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ХЭГ2538 дугаар албан бичгээр Тазд сул орон тооны захиалга ирүүлдэг. Уг албан бичигт хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой Төрийн нарийн бичгийн дарга нь төсвийн шууд захирагч юм. Сонгон шалгаруулалтыг цаг алдалгүй хийж өгнө үү гэж тодорхой бичсэн байдаг. Энэ захиалгын дагуу Таз сонгон шалгаруулалт явуулсан. 2002 оны Төрийн албаны тухай хуульд сонгон шалгаруулалт явуулахгүй байх, татгалзах, хязгаарласан хориглосон заалт байгаагүй. Тиймээс захиалга ирүүлсний дагуу сонгон шалгаруулалт явуулах ёстой. Тиймээс үүргийнхээ дагуу сонгон шалгаруулалт явуулсан. Сонгон шалгаруулалтад нэр бүхий 5 иргэн оролцож н.Б хамгийн өндөр оноо авч Тазийн хуралдаанаар хэлэлцүүлж, дүгнэлт гаргаж нэр дэвшүүлээд Засгийн газарт санал хүргүүлсэн.

Сул орон тоо гарсан эсэхийг Таз тогтоохгүй томилох эрх бүхий этгээд нь өөрөө тогтоож, орон тооны захиалга ирүүлсэн тул Таз сонгон шалгаруулалт явуулахаас татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй. Сул орон тооны захиалга ирүүлсэн Засгийн газрын албан бичигтэй нэхэмжлэгч нар маргадаггүй. Энэ албан бичиг хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Оын нэхэмжлэлтэй МУЗГар, Тазд холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ажилтай Б*******ийн Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М*******ын А би нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Б.Б нь Тазөөс Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоонд зарласан сонгон шалгаруулалтад орж тэнцэн, МУЗГрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаартай “Ажилд томилох тухай” тогтоолоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдсон ... нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ ... Д.О нь анх яаж төрийн албанд орсон гэдгээ хувь хүний хувьд өөрөө бодох хэрэгтэй. Улсын Их Хурлын гишүүн, дарга хийх эрх нь байгаа боловч яаж орсноо бодох хэрэгтэй. Гаргаж байгаа зан нь төрийн албан хаагч битгий хэл жирийн иргэнд байх ёс зүй байхгүй байна. Тохиролцчихоод тохиролцоогүй гэж 1 дүгээр эмнэлгийн даргаар ажилчихаад ажиллаагүй гэж байна.  Таз сонгон шалгаруулалтыг журмын дагуу явуулсан. Гэтэл шүүх дээр маргаж байсан тул Таз сонгон шалгаруулалт явуулахгүй гэж хэлэх байсан гэж тайлбарлаж байна. Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлд төрийн албаны бүрэн эрхийг заасан. Бүрэн эрхэд шүүх дээр маргаж байгаа бол сонгон шалгаруулалтыг хийхгүй гэсэн зүйл байхгүй. 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсэгт  төрийн захиргааны болон хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай албаны удирдах албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий байгууллагад өгнө гэж заасан. Тазийг буруутгаж сонгон шалгаруулалт явуулж болохгүй байсан гэж байна.  Гэтэл сонгон шалгаруулалтын процесс журамд маргахгүй гэж байна. Сонгон шалгаруулалтын журамд зааснаар шалгаруулалтыг нээлттэй зарласан. Д.О шалгаруулалтад орох эрх нь нээлттэй байсан. Шүүх дээр маргаантай байсан гэж байна. Шүүхийн яаж шийдвэрлэхийг мэдэхгүй. Шүүхээс сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлсэн хууль ёсны бичиг өгөөгүй. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болоогүй. н.П төрийн албыг шүүхэд төлөөлж байгаа болохоос Тазийн төлөөлөгч биш. Тазд маргаж байгаа нь хүний эрхэнд халдаж байна. Засгийн газрын захиалгад маргаагүй. Ирүүлсэн захиалгыг хянаж үзнэ гэж журамд зохицуулаагүй. Засгийн газрын 22 дугаар тогтоолтой маргаагүй. Гэтэл хууль бус гэж тайлбарлаж байна. Хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн хэд дэх хэсэгт хамаарах нь тодорхойгүй байна. Д.О нь улс төрийн албан тушаал хашиж байсан. Шинэ хуулийн дагуу 8 аас доошгүй жил эрхэлсэн түшмэлээр ажилласан байх шаардлагыг хангахгүй. Тиймээс эгүүлэн томилох асуудал нь шинэ хуулийн зохицуулалтаар журамлагдах байх. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

   Иргэдийн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэргийг үнэн зөв шийдвэрлэх ёстой. Хавсаргасан албан бичиг, анкет зэргийг хуурамч бичиг баримт эсэхийг дахин нягталж үзэхийг хүсэж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн зарим шаардлагуудаасаа татгалзаж, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр тодруулсан “МУЗГрын 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах, Эмсын 2018 оны 05 дугаар сарын 30-ны Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Тазөөс 2018 оны 12 сарын 27-ны өдөр зохион байгуулсан Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд явагдсан сонгон шалгаруулалт хууль бус байсан болохыг тогтоолгох”[1] тухай шаардлагуудаа дэмжиж байгаа болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн тул шүүх энэхүү тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1/ МУЗГарт холбогдуулан гаргасан “МУЗГрын 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.Оыг МУЗГрын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон байх ба 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор “өөр ажилд томилогдох болсон” гэсэн үндэслэлээр уг албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэжээ[2].

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэлийн үндэслэлээ “Д.О нь өөр ажил, албан тушаалд томилогдон ажиллах талаар аливаа хүсэлтийг гаргаагүй ба Эрүүл мэндийн яамнаас бүрдүүлэн өгсөн хуурамч баримтыг үндэслэн албан тушаалаас чөлөөлсөн нь хууль бус” гэж тайлбарлан маргасан ба хариуцагч МУЗГрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Д.О нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргын албан тушаалд томилогдохыг зөвшөөрч Авилгатай тэмцэх газарт анкетаа бичиж өгсөн тул маргаан бүхий 15 дугаар тогтоол нь хууль тогтоомжид нийцсэн” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Төрийн албаны тухай хууль/2002/-ийн төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх харилцааг зохицуулсан 23 дугаар зүйлийн 23.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч ..., эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, ... бол түүнийг жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заасан байх ба Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах, захиргааны санаачлагаар албан тушаалаас нь бууруулах”-ыг хориглосон байна.

Төрийн албаны тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу төрийн албан хаагчийг захиргааны санаачилгаар төрийн албанаас чөлөөлөх тохиолдолд төрийн албан хаагч төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсноо илэрхийлсэн, эсхүл шилжүүлэн ажиллуулах талаарх захиргааны санаачилгыг зөвшөөрсөн байх шаардлагатай  байна.

Гэтэл нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Д.О нь улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргын албан тушаалд томилогдон ажиллах хүсэлт гаргаж байгаагүй” гэж тайлбарлах ба хариуцагчаас Д.Оыг уг албан тушаалд томилогдон ажиллахыг зөвшөөрсөн, эсхүл уг албан тушаалд шилжин ажиллахаар хүсэлт гаргасан аливаа баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй тул маргаан бүхий 15 дугаар тогтоол нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй гэж үзэхээр байна. Учир нь:

Нэхэмжлэгч нь өөрийнх нь зөвшөөрлийг авалгүйгээр томилсон албан тушаалд ажилласан явдал нь түүнийг МУЗГрын 2018 оны 15 дугаар тогтоолыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “нэхэмжлэгч нь ажил эрхэлж, цалин хөлс авах эрхтэй тул тухайн албан тушаалд ажилласан нь өмнөх албан тушаалаас чөлөөлснийг зөвшөөрсөн гэсэн үг биш” гэсэн тайлбар үндэслэлтэй, харин хариуцагч захиргааны байгууллага нь хариу тайлбар, татгалзлын үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй, энэ талаар тухайлбал, Д.О нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргын албан тушаалд ажиллахыг зөвшөөрсөн болохыг нотлохуйц нотлох баримтын эх сурвалж зааж маргаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Д.О нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргын албан тушаалд очиж ажилласнаараа тухай албан тушаалд томилогдохыг зөвшөөрсөн гэж үзэх тул маргаан бүхий тогтоол хууль тогтоомжид нийцсэн” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Түүнчлэн Эмсын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1а/137 тоот “Дүгнэлт гаргуулах тухай” албан бичгийн хавсралтаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргын албан тушаалд нэр дэвшигчийн анкет, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн байх ба уг албан бичигт хавсаргасан Д.Оын анкет нь албан бичгийн огнооноос зөрүүтэй буюу 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөр огноологджээ .

Энэхүү баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Эрүүл мэндийн яам нь Д.Оын төрийн албан хаагчийн анкетыг өөр хүнээр бичүүлж, гарын үсгийн дардсыг дарж Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн нь хуурамч нотлох баримт бүрдүүлсэн” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тухайн анкет, урьдчилсан мэдүүлгийг хуурамч болохыг нотолсон аливаа шийдвэр байхгүй, Д.О өөрөө анкет мэдүүлгээ гаргаагүй гэдгийг бид мэдэх боломжгүй” хэмээн тус тус тайлбарлан маргах боловч тухайн баримт бичгүүдийг хуурамч эсэхийг шалган тогтоох нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүйн дээр тухайн анкетыг нэхэмжлэгч өөрөө бичсэн, мэдүүлгийг өөрөө гаргасан байсан ч энэ нь нэхэмжлэгчээс ажил хөдөлмөр эрхлэх шаардлагын үүднээс тухайн албан тушаалд томилогдохыг зөвшөөрсөн утгыг илэрхийлэхээс бус, түүнийг Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөхийг зөвшөөрсөн гэсэн утгыг илэрхийлэхгүй, Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 15 дугаар тогтоолоос цаг хугацааны хувьд хойно бичигдсэн байна.

Дээрхээс үзвэл, хариуцагч нь төрийн албан хаагчийг “төрийн үйлчилгээний албан тушаалд шилжин ажиллах болсон” гэсэн үндэслэлээр захиргааны санаачилгаар төрийн албанаас чөлөөлж шийдвэрлэхээсээ өмнө түүний зөвшөөрлийг урьдчилан авсан болохоо нотолж чадахгүй, нэхэмжлэгч нь шилжүүлсэн албан тушаалд ажилласныг урьдчилан төрийн үйлчилгээний албан тушаалд шилжин ажиллахыг зөвшөөрсөн зөвшөөрөл гэж үзэхээргүй байх тул МУЗГрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасантай тус тус нийцээгүй, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “хууль дээдлэх зарчим”-ыг баримтлаагүй хууль бус шийдвэр болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

2/ Эмсад холбогдуулан гаргасан “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т зааснаар яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал нь тэргүүн түшмэлийн албан тушаалд хамаарч байх ба мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно”, 23.2.1-т зааснаар “тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэж тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч Д.О нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдохдоо 2016 оны 07 дугаар сарын 18-ний өдөр бичсэн төрийн жинхэнэ албан хаагчийн анкетад хөдөлмөр эрхлэлтийн байдлаа Нэгдсэн 3 дугаар эмнэлэгт асрагч, Анагаах ухааны их сургуульд багш, дүүргийн Засаг даргын тамгын газар зохион байгуулагч, Засаг даргын орлогч, Засаг дарга, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв(одоогийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв)-ийн дарга, Монголын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн холбооны ерөнхийлөгчөөр ажилласан  гэж тэмдэглэсэн байх ба эдгээр албан тушаалууд нь төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд хамаарахгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд анх томилогдохдоо хууль тогтоомжид заасан журмын дагуу сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогдсон тул хууль өөрчлөгдсөн нь түүнийг эгүүлэн тогтоохоос татгалзах үндэслэл болохгүй” гэсэн тайлбар нь үндэслэл бүхий боловч нэхэмжлэгчийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь хүчин төгөлдөр хууль тогтоомжийн зохицуулалттай зөрчилдөж, захиргааны байгууллагаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөлийг үүсгэхээр байна.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д зааснаар хэргийн оролцогчид нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй ба төрийн захиргааны тэргүүн түшмэлийн албан тушаалд тухайн албан тушаалд хуулиар тогтоосон тусгай шаардлагыг хангахгүй иргэнийг шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоосон тохиолдолд нь томилох эрх бүхий этгээд нь эсхүл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх, эсхүл шүүхийн шийдвэрийг биелүүлэх шаардлагын улмаас Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-т заасан “...хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд авч ажиллуулахыг хориглох” хориглолтыг зөрчихөд хүргэнэ. 

Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоох үүднээс томилох эрх бүхий этгээдийг хууль зөрчих, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх нөхцөлд хүргэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцэхгүй тул нэхэмжлэлийн “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         

Харин Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох”-оор тус тус заасан боловч шүүхээс нэхэмжлэгч Д.Оын “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар буюу хуулийн зохицуулалт өөрчлөгдсөнөөс хамаарч байх тул Д.Оын ажилгүй байсан хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх 2 жил 1 сар 3 хоног(ажлын 522 өдөр)-оор тооцож, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд ажиллаж авч байсан дундаж цалин хөлс болох 29,926,107 төгрөгөөс Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн даргаар ажиллаж авсан цалин хөлсний илүү цагаар ажилласны хөлсийг оруулаагүй дүн болох 4,429,640 төгрөгийг хасч 25,496,467 төгрөгийг нэхэмжлэгч Д.Оад олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч МУЗГарт даалгах нь зүйтэй байна.

3/ Нэхэмжлэлийн “Эмсын 2018 оны 05 дугаар сарын 30-ны Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.О нь Эмсын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогджээ.

Эмсын зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрхний нээлттэй мэс заслын талаарх ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцээд “Эрүүл мэндийн дэд сайд Л.Б, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Г, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О нарт хариуцлага тооцох”-оор шийдвэрлэсэн байна[3].

Улмаар Эмсын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар МУЗГрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, Эмсын 2017 оны А/55 дугаар тушаал, “Зүрхний төрөлхийн гажиг, тосгуур хоорондын таславчийн цоорхой, оношилгоо, мэс заслын эмчилгээ MNS 6384-2:2013”стандарт, “Гол судасны хавхлагын нарийсал, гажиг, оношилгоо, мэс заслын эмчилгээ MNS 6384-10:2013” стандарт, Эмсын 2018 оны а/210 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, Эрүүл мэндийн яамны удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн “Д.Оыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас халж шийдвэрлэжээ .

Монгол Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгчийн 2018 оны 304 дүгээр захирамжаар Л.Оын нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн яаманд холбогдох хэргийг захиргааны хэргийн шүүхээр хянан хэлэлцүүлэхээр харьяалал тогтоосон.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Эмсын 2018 оны Б/35 дугаар тушаалыг эс зөвшөөрч “хариуцагчийн өөрийнх нь шийдвэрээр эмчилгээ эрхлэх зөвшөөрөл олгогдсон Америкийн нэгдсэн улсын эмч нараар удирдуулсан, дээр дурьдсан стандартуудад заасан мэргэжлийн эмч, сувилагчийн багийн гүйцэтгэсэн хагалгаа амжилтгүй болсонд байгууллагын захирлыг буруутгаж ажлаас халсан нь хууль бус” гэж маргасан ба хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирал нь тухайн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч бөгөөд байгууллагаа мэргэжлийн удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэгтэй ба зүрхний нээлттэй мэс засал хийх нөхцөл, орчин, мэргэжлийн хүний нөөц, зориулалтын багаж, тоног төхөөрөмж бүрдээгүй байхад 2 удаагийн мэс заслыг хийлгэж 2 хүний амь нас хохирсон ноцтой алдаа гаргасан тул Б/35 дугаар тушаал хууль тогтоомжид нийцсэн” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Д.О нь Эмсын 2018 оны Б/20 дугаар тушаалаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан байх ба ажил олгогчоос түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан байх ба Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга нь “Хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, ...оношлох, эмчлэх, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх...” ажлын байрны үндсэн зорилго болон уг зорилгыг хангах үндсэн зорилтуудын хүрээнд ...байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ... эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, үр дүн, үр ашгийг сайжруулах эрүүл мэндийн байгууллагын үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанарт хяналт, үнэлгээ хийх, дүгнэлт өгөх, мэргэжил арга зүйгээр хангах, ...Төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд зохион байгуулах ажлыг Эмсын өмнө хариуцахаар байна[4].

Гэтэл нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн А/91 дүгээр тушаалаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Америкийн нэгдсэн улсын Юта мужийн Ютагийн их сургуулийн зүрхний мэс заслын багтай хамтран 2018 оны 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зүрхний нээлттэй мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрсөн[5] шийдвэрийг гаргасан, мэс заслын багийн бүрэлдэхүүнийг баталсан атлаа уг шийдвэрийн эцсийн үр дагавар болох 2 хүний амь нас хохирсны хариуцлагыг хүлээх үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байх тул хариуцагч Эмсаас Д.Оыг “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж үзэж ажлаас халж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Учир нь Эмсын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/200 дугаар тушаалаар гадаадын улсын эмч нарт эмчлэх зөвшөөрөл олгосон[6] нь цаг хугацааны хувьд дээрх шийдвэрээс 3 хоногийн хойно байх тул нэхэмжлэгч нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа зүрхний нээлттэй /зүрх шилжүүлэн суулгах/ мэс засал хийх шийдвэрийг бие даан гаргасан, харин Эмсаас уг шийдвэрийг хууль зүйн хүрээнд албажуулсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Эмсын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/200 дугаар тушаалаар гадаадын эмч нарт эмчлэх зөвшөөрөл олгосон, эмнэлгийн дарга мэс заслын багт ордоггүй тул хариуцлага хүлээх үндэслэлгүй” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “зүрхний нээлттэй мэс засал хийх нөхцөл, орчин, мэргэжлийн хүний нөөц, зориулалтын багаж, тоног төхөөрөмж бүрдээгүй байхад 2 удаагийн мэс заслыг хийхийг зөвшөөрснөөс хүний амь нас хохирсон” хэмээн тайлбарласан ба уг үндэслэлийг нотлох баримтыг шүүхээс удаа дараа 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/7681, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1/8309 тоот албан бичгүүдээр шаардсан боловч хариуцагчаас аливаа баримтыг гаргаж ирүүлээгүй, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 54/4930 тоот албан бичгээр “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4- дэх заалтын үндэслэлийг нотлох баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлана”[7] гэж мэдэгдсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны товтой танилцаж гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаан хүрэлцэн ирээгүй тул хариу тайлбар, татгалзлын “...нөхцөл бүрдээгүй байхад мэс засал хийх шийдвэр гаргасан” гэсэн үндэслэл нотлогдоогүйг тэмдэглэв.

Дээрхээс нэгтгэн үзвэл, Д.Оаас Эмсад холбогдуулан гаргасан “Эмсын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

4/ Тазд холбогдуулан гаргасан “Тазөөс 2018 оны 12 сарын 27-ны өдөр зохион байгуулсан Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд явагдсан сонгон шалгаруулалт хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн үндэслэлээ “Д.О нь тухайн албан тушаалаас чөлөөлснийг эс зөвшөөрч Таз болон захиргааны хэргийн шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж маргасан, мөн шүүгчийн захирамжаар сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байхад тухайн албан тушаалын сул орон тоо гарсан гэж үзэж сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан нь хууль бус” гэж маргасан бол хариуцагч Таз, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “албан тушаалын сул орон тоо гарсан эсэхийг Таз дүгнэх эрх хэмжээгүй тул томилох эрх бүхий этгээдээс ирүүлсэн захиалгыг үндэслэж тус сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан нь хууль тогтоомжийг зөрчөөгүй” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ХЭГ/2538 тоот албан бичгээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулж, дүгнэлт гаргаж өгнө[8] үү гэсний дагуу Тазийн даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 95 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс тус албан тушаалын сонгон шалгаруулалтыг мөн сарын 27-ны өдөр зохион байгуулжээ[9].

Улмаар Тазийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 225 дугаар тогтоолоор Д.Г, Б.Ц, Б.Б нарыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэж шийдвэрлэсэн байна.

 

Төрийн албаны тухай хууль/2002/-ийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина” гэж заасан байх ба Д.Оыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн 15 дугаар тогтоол гарснаас хойш тухайн албан тушаалд хуульд заасан журмын дагуу хэн нэгнийг томилж ажиллуулаагүй тухайд хэргийн оролцогчид маргаагүй тул тухайн албан тушаалын орон тоог сул орон тоо гэж үзэж сонгон шалгаруулалт зохион байгуулсанд хариуцагчийн буруутгах үндэслэлгүй байна.

Тодруулбал, дээрх сонгон шалгаруулалт зохион байгуулагдсан цаг хугацаанд Д.Оын нэхэмжлэлээр Засгийн газарт холбогдуулж үүсгэсэн захиргааны хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байсан байх ба нэхэмжлэгчээс төрийн албан зөвлөлд гомдол гаргасан болон албан тушаалаас чөлөөлснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тухайн албан тушаал хадгалагдах үндэслэл болохгүй, нэхэмжлэлийн шаардлага хэрхэн шийдвэрлэгдэхийг хариуцагч захиргааны байгууллагуудаас урьдчилан таамаглах боломжгүй тул хариуцагч нь төрийн албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахаар ирүүлсэн эрх бүхий этгээдийн саналын дагуу сонгон шалгаруулалт явуулахаас татгалзах хууль зүйн боломжгүй гэж үзнэ.

Мөн Төрийн албан тухай хууль/2002/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д зааснаар Төрийн албан зөвлөл нь төрийн захиргааны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахдаа Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг баримтлахаар байх ба хууль тогтоогчоос уг журмын зорилгыг “тухайн албан тушаал (ажлын байр)-д тавигдах шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг шилж сонгоход оршино” гэж тодорхойлсон байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “... тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд орох анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. ... тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ” гэж заажээ.

Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтаас нэгтгэн дүгнэвэл төрийн жинхэнэ албан тушаалын сонгон шалгаруулалт нь төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг шилж сонгоход зорилгоор хэрэгжих үйл ажиллагаа байх ба нэхэмжлэгч нь уг сонгон шалгаруулалтад оролцоогүй байх тул уг сонгон шалгаруулалтын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагчаас төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон ажиллах боломжтой нэр дэвшигчдийг шилж сонгох үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн явуулаагүй нь тухайн сонгон шалгаруулалтад оролцогчдын төрийн албан тушаалд орж ажиллах эрхийг хязгаарлах, зөрчих зэрэг эрх зүйн үр дагавар үүсгэхээс бус тухайн шалгаруулалтад оролцоогүй иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөхгүй.

Хэдийгээр хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 351 дугаар зүйлийн 351.1.5-д зааснаар яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтын үр дүнгээр яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоо нөхөгдөхөөр байх боловч мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараахь тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй”, 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж зааснаар Д.Оыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрх сэргэх боломжтой юм.

Харин тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 108 дугаартай захирамжаар “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн байхад хариуцагч нь уг сонгон шалгаруулалтын дүнг гаргаж, удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэж, улмаар албан тушаалд томилуулахаар Б.Бийг нэр дэвшүүлсэн нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байх боловч уг сонгон шалгаруулалтын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Төрийн албаны тухай хууль/2002/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.2.1, 41 дүгээр зүйлийн 41.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, МУЗГрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Д.Оын ажилгүй байсан 2018 оны 01 дүгээр сарын 10-аас шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны олговор 25,496,467 /хорин таван сая дөрвөн зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун жаран долоон/ төгрөгөөс зохих татвар суутгалыг хийж Д.Оад олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагч МУЗГарт даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,500 төгрөгөөс 35100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 105,300 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч МУЗГраас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ

                                                 ШҮҮГЧ                                  У.БАДАМСҮРЭН

                                                 ШҮҮГЧ                                  Д.ХАЛИУНА

 

 


[1] 5 дугаар хавтаст хэргийн 199 дэх талд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 25 дахь талд

[3] 4 дүгээр хавтаст хэргийн 108 дахь талд

[4] 4 дүгээр хавтаст хэргийн 115-120 дахь талд

[5] 4 дүгээр хавтаст хэргийн 173-177 дахь талд

[6] 4 дүгээр хавтаст хэргийн 76-77 дахь талд

[7] 4 дүгээр хавтаст хэргийн 237 дахь талд

[8] 3 дугаар хавтаст хэргийн 115 дахь талд

[9] 5 дугаар хавтаст хэргийн 27-38 дахь талд