Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/527

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Т.Төмөртулга /томилолтоор/,

шүүгдэгч Ж.Х, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Очирсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Хт холбогдох эрүүгийн 2108 03102 0433 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт .............. дүүргийн ............... дугаар хороо, ................. гудамжны .......................... тоотод оршин суух бүртгэлтэй,  урьд:

- 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 161 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

Р овогт Жы Х  /РД:................./.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Х нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний орой Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо “Титэм Плаза” караокед хамт сууж байсан Ё.Шт “таны гар утсыг Мөнхбатаас аваад ирье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж ОРРО-А9 загварын гар утсыг буцаан өгөлгүй барьцаанд тавьж 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн ............. тоотод Э.Агаас “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж LGX6 загварын гар утсыг нь буцааж өгөлгүй залилж бусдад 100.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо,............. тоотод Ш.Мг “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гар утсыг нь буцааж өгөлгүй бусдад 789.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 392 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ж.Х.

1. Шүүгдэгч Ж.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, түүний өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно. Мөн талуудаас шүүхийн харьяалалтай холбоотой хүсэлт гаргаагүй, тус шүүхээр хэргийг хянан хэлэлцэхэд хэргийн байдлыг бодитойгоор тогтооход сөргөөр нөлөөлөх зүйлгүй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн болно.  

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон талуудын мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч урьдын танилын харилцаатай байсан хохирогч Ё.Ш, Э.А, Ш.М нарын гар утсыг түр хэрэглээд өгье гэж аван хуурч, буцааж өгөлгүй барьцаанд тавих, бусдад худалдах зэргээр захиран зарцуулсан үйл баримт тогтоогдож байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авсан болно.  

 

3. Шүүгдэгч Ж.Х нь хохирогч нарыг дараах байдлаар залилан эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авчээ. Үүнд:

3.1. Хохирогч Ё.Шийг залилсан тухайд:

2021 оны 11 дүгээр сарын 19-ний орой Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо “Титэм Плаза” караокед хамт сууж байсан Ё.Шт “таны гар утсыг Мөнхбатаас аваад ирье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж ОРРО-А9 загварын гар утсыг буцаан өгөлгүй барьцаанд тавьж 700.000 төгрөгийн хохирол учруулсан дараах байдлаар тогтоогдож байна.  

- Энэ нь хохирогч Ё.Шийн “...2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хотод орж ирээд зүс таних дүү болох Хтай уулзахад нэг үл таних найзтайгаа ирсэн ... фэйсбүүк дээрээс автомашины сэлбэгийн зар харж байгаад ... бид гурав Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Титэм нэртэй караокед 0.75 литрийн архи авч хувааж уусан. Тэгээд бид 3 дуулж байхад үл таних найз нь ширээн дээр байсан миний Оппа А9 маркийн гар утсыг аваад гарсан. Тэгээд дүү болох Х нь намайг байж бай би утсыг чинь аваад ороод ирье гэж хэлээд орж ирэлгүй алга болсон...” гэсэн мэдүүлэг /хх17/,

- Гэрч З.Мөнхбатын “...тэгээд би Ш гэдэг хүний гар утсаар нь фэйсбүүк ороод автомашины сэлбэгийн худалдаанаас сэлбэг хайж байсан. Гар утсыг нь оролдож байгаад би ТҮЦ-ээс тамхи аваад тамхилаад ирье гэж тэр хоёрт хэлээд гарсан. Тэгээд удалгүй найз Х гарч ирээд Ш гэдэг хүний гар утсыг өгчих гээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх21/,

- Иргэний нэхэмжлэгч О.Барс-Эрдэнийн “...би Сүхбаатар дүүрэгт байрлах Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хажууд байрлах RUBY нэртэй ломбардыг ажиллуулдаг юм. 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Жаргалсайханы Х гэх хүн ОРРО-А9 маркийн гар утсыг 150.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Дараа нь цагдаагийн байгууллагаас уг утсыг хураагаад авсан...” гэсэн мэдүүлэг /хх25/,

- Ломбардын бүртгэлийн мэдээлэл /хх9/, барьцаат зээлийн үйлчилгээний баримт /хх10/,

- Эд зүйл хураан авч хохирогч Ё.Шт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх11-12/, эд зүйлийн үнэлгээгээр тухайн гар утсыг 700.000 төгрөгөөр үнэлжээ. /хх32-34/

 

3.2. Хохирогч Э.Аг залилсан тухайд.

2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн ............. тоотод Э.Агаас “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж LGX6 загварын гар утсыг нь буцааж өгөлгүй залилж бусдад 100.000 төгрөгийн хохирол учруулжээ.

Энэ нь хохирогч Э.Агийн “...2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед манай нөхрийн зүс таних танил Хадаа гэдэг нэртэй залуу өвөөгийнхөө гэрт ус авч өгөхөөр ирээд гэрт нь хүн байхгүй байсан учир манай гэрт орж ирээд хэсэг байж байгаад миний гар утсыг гуйж аваад утсаар ярьж гадаа хашаан дотор явж байгаад гэнэт болсон. Тэгээд би гар утас руугаа залгахад авахгүй байж байгаад ... нэг аваад өвөөгийнхөө гэрээс гараад явахдаа оруулж өгчхөөд явна гэж хэлсэн. Тэрнээс хойш огт холбоо бариагүй. Утсаа 20211 оны 9 сард Драгон төвийн баруун талд байрлах гар утас худалдааны төвөөс LGX6 загварын гар утсыг 250.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэсэн  мэдүүлэг /хх104-105/,

- Иргэний нэхэмжлэгч М.Батбаяны “...2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ажил дээрээ буюу Сансрын түнэлийн зам дагуу байрлах гар утасны лангуун дээрээ байж байхад гаднаас нэг халамцуу залуу орж ирээд LGX6 загварын гар утас 75.000 төгрөгөөр зарсан. Чингэлтэй дүүргийн мөрдөгчид тухайн утсыг сайн дураараа хураалгасан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх111-112/,

- Эд зүйл хураан авч, хохирогч Э.Ад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх129-130/, эд зүйлийн үнэлгээгээр тухайн гар утсыг 100.000 төгрөгөөр үнэлжээ. /хх120-121/

 

3.3. Хохирогч Ш.Мг залилсан тухайд.

2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн ............. тоотод Ш.Мг “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гар утсыг нь буцааж өгөлгүй бусдад 789.600 төгрөгийн хохирол учруулжээ.

Энэ нь хохирогч Ш.Мгийн “...манай нөхөр тухайн өдөр тухайн өдөр ажил нь амарч байсан учир найзууд нь гэрт уулзахаар ирээд гадаа дуудсан. Манай нөхөр манай найз Х орой манайд ирнэ гэж хэлсэн ба удалгүй нэг шил архи авчирсан. Мөн удалгүй нэрийг нь мэдэхгүй нэг эрэгтэй найз нь ирсэн. Х архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн өвөөгийндөө очихгүй гар утсаараа нэг яриулчих гэж хэлээд миний самсунг а52 загварын гар утсыг авч нэг хүнтэй удаан хугацаагаар ярьсан...Х гар утсаар нөгөө хүнтэйгээ ярихдаа гэрээс гараад дахин манайд ирээгүй, гар утас аваад явсан. Мөн гар утсаны гэрэнд 40.000 төгрөг байсан...” гэсэн мэдүүлэг /хх148-151/,

- Гэрч Ц.Дамдинсүрэнгийн “...би Хын авч ирсэн архийг хувааж уугаад байж байхад Х найз нь явлаа утсаараа нэг яриулчих гээд манай эхнэр гар утсаа өгөхөд гадаа гарч яриад ирье гээд гарсан. ...миний гар утаснаас эхнэрийн гар утас руу залгаад ярихад “би бөмбөгөрийн 24 дүгээр сургуулиас явж байна, яасан сүртэй юм бэ” гээд гар утсаа тасалсан, тэрнээс хойш залгасан боловч гар утсаа аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх153-154/,

- Эд зүйлийн үнэлгээгээр гар утсыг 749.600 төгрөгөөр үнэлжээ. /хх161-162/,

 

4. Дээрх баримтуудаар шүүгдэгч Ж.Х нь хохирогч нарыг урьдаас таньдаг нөхцөл байдлаа ашиглан гар утсыг нь түр хэрэглэхээр гуйж аван, утсаар ярьчхаад буцааж өгнө, хохирогч нар гар утас руугаа залган утсаа авъя гэхэд “одоохон гарахдаа оруулаад өгнө, юун сүртэй юм” зэргээр хууран танилын харилцаатай байсан итгэлийг нь урвуулан ашиглаж хохирогч нарын гар утсыг буцааж өгөлгүйгээр завшсан буюу барьцаанд тавьсан, бусдад худалдсан нөхцөл байдал нотлогдон тогтоогдож байна.

 

5. Тиймээс шүүгдэгчийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэйгээр хохирогч нарыг хуурч, тэдгээрт эд хөрөнгийг нь буцаан өгөхгүй байх зорилгоор шилжүүлэн авсан гэсэн үндэслэлээр залилах гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл хохирогч нар нь шүүгдэгчийг урьдаас таньдаг, түүнд итгэж эд зүйлээ түр өгсөн, мөн буцаагаад авчраад өгчих байх гэсэн хүлээлттэй байсан зэргээс залилах гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байна.   

 

6. Шүүгдэгчийн үйлдлийг үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг гэж үзэхээр байх тул шүүгдэгч Ж.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцон шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

7. Хохирогч Ш.М нь хохирол бүрэн төлөгдсөн талаар бичгээр шүүхэд хүсэлт гаргасан, мөн хохирогч Ё.Ш, Э.А нь өөрсдийн гар утсыг бүрэн бүтэн хүлээн авсан нь эд зүйл хүлээн өгсөн тэмдэглэлээр тогтоогдсон, иргэний нэхэмжлэгч О.Барс-Эрдэнэ, М.Баянбат нар нь шүүгдэгчээс холбогдох хохирлоо тус тус хүлээн авсан, хохирол төлөгдсөн нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлтээ гаргажээ.

Иймд шүүгдэгч Ж.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, санал гаргасан.

 

9. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: Шүүгдэгч нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, түүнд оногдуулах ялыг тэнсэж үүрэг хүлээлгэх эсвэл хорихоос өөр төрлийн торгох ял оногдуулж өгнө үү гэжээ.

 

10. Шүүгдэгч Ж.Х нь хохирогч нарт учруулсан хохирлоо төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

11. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан үзлээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасныг харгалзлаа.  

 

12. Шүүгдэгч Ж.Хын хувьд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад учруулсан хохирлын хэмжээ зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн буюу нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэлээ. Хэдийгээр шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй боловч эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгын хүрээнд шүүгдэгчид энэхүү ялыг сонгон оногдуулсан ба өмгөөлөгчийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

 

13. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ж.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

14. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хын цагдан хоригдсон 35 /2022.03.18-2022.04.21/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн эдлэх ялаас нь хасаж тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жаргалсайханы Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хт 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хын цагдан хоригдсон 35 хоногийн 1 хоногийг нь 8 цагаар тооцон нийт  280 цагийг нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацаанаас хасаж, гүйцэтгэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 440 /дөрвөн зуун дөч/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.   

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХБААТАР