Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 462

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Сагил сумын 1 дүгээр багт оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОП66072661, Таргуд овогт Чулууны Оюундэлгэрийн,

         Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Оюундэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Ч.Оюундэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1966 онд төрсөн, 51 настай. Би 1982 оны хавар 8 дугаар ангиа төгсөөд Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн 1 дүгээр багт илгээлтийн эзнээр хуваарилагдаж малчнаар ажиллах болсон. Түүнээс хойш одоо болтол тасралтгүй малчнаар ажиллаж байна. Одоо тэтгэвэрт орох нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул шүүхэд хандаж байна. Иймд миний Сагил сумын Ялалт нэгдэлд 1982 оноос 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Ч.Марийтов, Б.Оюунаа нарыг гэрчээр асууж өгнө үү гэв.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Ч.Оюундэлгэр нь 1982 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд малчнааражиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

         Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Чулууны Оюундэлгэрийн 1982 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

         Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ч.Марийтов, Б.Оюунаа нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ч.Марийтов Миний бие нь Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд 1972-1989 онуудад малчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байх үед Ч.Оюундэлгэр нь 1982 оноос эхлэн Сагил сумын Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Ч.Оюундэлгэр 1989 оныг дуустал тус нэгдэлд малчнаар ажилласан юм. Тухайн үед Сагил сумын Ялалт нэгдлийн даргаар Содномжамц гэх хүн ажиллаж байсан гэж, гэрч , Б.Оюунаа Миний бие нь Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэл, Ялалт ХХК-д 1976-1994 онуудад малчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байх үед Ч.Оюундэлгэр нь 1982 оноос эхлэн Сагил сумын Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1989 оныг дуустал тус нэгдэлд малчнаар ажилласан юм. Бид нар нэг нутаг усанд, нэг бригадад хамт мал маллаж амьдарч байсан учраас Ч.Оюундэлгэрийн ажиллаж байсан байдлыг би сайн мэдэж байна гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 118 дугаар, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 369 шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

        Мөн нэхэмжлэгч нь 1985 онд Илгээлтийн эзэд тоглолтод оролцож байхдаа болон тоглолт үзсэн багийн малчидтай хамт авахуулсан гэх гэрэл зураг, 2015 оны 85 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар хэрэгт авагдсан байна.

         Дээрх гэрэл зургийг хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхой бус, 2015 оны 85 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар нь 1982-1989 онуудад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай шаардлагатай хамааралгүй байх тул эдгээр баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

        Харин нэхэмжлэгч Ч.Оюундэлгэр нь 1982 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Ч.Марийтов, Б.Оюунаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

        Иймд нэхэмжлэгч Ч.Оюундэлгэрийн хүсэлтийг хангаж, түүний 1982 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд малчнаар 7 жил 6 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

       Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Таргуд овогт Чулууны Оюундэлгэрийн 1982 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд малчнаар 7 /долоо/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ч.Оюундэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ