Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/476

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Д.Мөнхжин,

улсын яллагч: Р.Очирсүрэн,

хохирогч: Б.Б,

шүүгдэгч: Ө.С, Э.Б /өөрөө өөрсдийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.С, Э.Б нарт холбогдох эрүүгийн 2200000000 тоот хэргийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

У  овогт Өл-ын С  /РД:0000000/,

Монгол Улсын иргэн, **** оны * дугаар сарын ***-ний өдөр **** аймагт төрсөн, эрэгтэй, 37 настай, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо Жанжин 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, одоо Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Өлзийт хороолол, Бурхантын 00 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

   Б овогт Э-ын Б /РД:0000000/,

  Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00-р хороо Дунд Нарангийн 000 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум Согоот баг Бор хужир гэх газар түр оршин оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй,

 

   Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

 Шүүгдэгч Ө.С нь Э.Б-тэй бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын 13-ны орой Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 дугаар байрны 0 дүгээр давхарт байрлах орцны жижүүрийн шатны өрөөний хаалгыг эвдэн орж шатны хажууд байсан 2 ширхэг унадаг дугуйг хулгайлан авч иргэн Б.Б-д 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Ө.С нь Э.Б-тэй бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн орчим дахин Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 дугаар байрны орцны жижүүрийн шатны өрөө рүү хууль бусаар нэвтрэн орж үхэр болон ямааны мах, хувцас, гутал зэрэг эд зүйлсийг хулгайлан авч иргэн Б.Б-д 1.270.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Б нь Ө.С-тэй бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 0 дугаар сарын 13-ны орой Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 дугаар байрны 0 дүгээр давхарт байрлах орцны жижүүрийн шатны өрөөний хаалгыг эвдэн орж шатны хажууд байсан 2 ширхэг унадаг дугуйг хулгайлан авч иргэн Б.Б-д 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан мөн Э.Б нь Ө.С-тэй бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн орчим дахин Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 дугаар байрны орцны жижүүрийн шатны өрөө рүү хууль бусаар нэвтрэн орж үхэр болон ямааны мах, хувцас, гутал зэрэг эд зүйлсийг хулгайлан авч иргэн Б.Б-д 1.270.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Ө.С, Э.Б нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 13-ны орой Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 дугаар байрны 0 дүгээр давхарт байрлах орцны жижүүрийн шатны өрөөний хаалгыг эвдэн орж, шатны хажууд байсан 2 ширхэг унадаг дугуйг хулгайлан авч иргэн Б.Б-д 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн дараагийн өдөр буюу 12 сарын 14-ний өдөр 13 цагийн орчим дахин дээрх өрөө рүү хууль бусаар нэвтрэн орж үхэр болон ямааны мах, хувцас, гутал зэрэг эд зүйлсийг хулгайлан авч иргэн Б.Б-д 1.270.000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 2.870.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Иргэн Б.Б-өөс Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол /хавтаст хэргийн 4-р хуудас/,

-Цагдаагийн хэлтсийн шуурхай дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5-р хуудас/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-11-р хуудас/,

-Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 8 дугаар сараас эхлэн Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 дугаар орцны жижүүрийн ажилд орсон. 2021 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө манай байрны шатны доод хонгилд хулгай орсон байсан. Би үзээд хоол хүнс байсан хувцас болон 2 унадаг дугуй шиг байна гэж бодоод шатны хонгилын хаалгыг буцааж цоожлоод би эмнэлэг орох ажилтай байсан тул орхиод явсан. Эмнэлгээс 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 17 цаг 30 минутанд ирээд шатны хонгилын хаалгыг шалгахад дахиж хулгайч орсон мах хүнс авсан байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Хаалганы хажуу талын хаалгыг цөм түлхээд орсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би өвлийн идшээ бэлдээд орцны шатны доор байх агуулахад хадгалсан. 12 дугаар сарын 14-ны өглөө агуулахаа харахад хаалга онгойсон байсан. Яагаад онгорхой байгаа юм бол гэж бодоод ороход бүх зүйл ундуй сундуй болсон байсан. Би даргадаа хэлээд ирэнгүүтээ цоожныхоо цүүг буцааж хийсэн. Гэтэл өдөр 13 цаг 30 минутад дахиад хулгай орсон байсан. Камерын бичлэг үзэхэд 30 минут болоод гарсан байсан. Энэ 2 залуу байсан. Цагдаа дуудаад үзүүлээд гаргасан. Дахиж ирнэ гэж бодож байсан. Тэгэхэд С гэх залуу манай хүүхдийн гутал хувцсыг өмсөөд хаалган дээр ирсэн. Тэгээд би чи хулгайлсан уу гэж асуухад тийм, би орсон үнэн гэсэн. Тэгээд би цагдаа дуудсан. Б надтай нэг ч тааралдаагүй. Унадаг дугуй, өвлийн хувцас, хавар намрын хувцас гээд их зүйл алга болсон. Би С гэх залууд их харамссан. Б-гийн зүгээс хохирлын 1.430.000 төгрөг төлж өгсөн. Энэ хоёрын өмнөөс харамсаж байна. Дахин ийм хэрэг битгий гаргаасай. Надад энэ хоёр залууг яллуулах санал байхгүй байна. Миний хоёр хүүтэй чацуу хүмүүс байна. Хэрэв ял эдлээд гарах юм бол амьдралаа үргэлжлүүлээд яваарай гэж хэлмээр байна...” гэв. 

-Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-р хуудас/,

-2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Ц-1129 дугаартай Тэнцвэр Эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нийт хохирлын дүн 2.870.000 төгрөг /хавтаст хэргийн 43-45-р хуудас/,

-Шүүгдэгч Ө.С-ийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өглөө Э.Б гэх урьд зүс таних залуутай Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо саппарогийн автобусны буудал орчимд явж байгаад тааралдаад Э.Б-тэй нийлж тэр өдөр архи уусан. Тэгээд орой 20-оос 21 цагийн орчимд Э.Б бид хоёр хонох газар хайгаад Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны орц руу ороод 3 давхарт нь ууж байсан архиа хувааж уугаад сууж байсан чинь Э.Б надад хандаж “Энэ доор орцны жижүүрийн юм хадгалдаг өрөө байна. Дотор янз бүрийн байдаг юм. Хоёулаа орж үзэх үү” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Э.Б тэр жижүүрийн өрөөний зүүдэг цоожийг нь дээш өргөхөөр нь би мөрөөрөө хаалгыг нь мөрлөчихсөн чинь хаалганы цоожны цүү нь мултраад хаалга нь онгойчихсон. Тэгэхээр нь би тэр жижүүрийн өрөөнд орсон чинь том жижиг хоёр унадаг дугуй байхаар нь том унадаг дугуйг нь авч гараад Барс-2 зах дээр явж байсан танихгүй хүнд 70.000 төгрөгөөр зарсан. Тэгээд Э.Б бид хоёр тэр мөнгөөр нь хоол авч идээд, архи авч уугаад дуусгасан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 10 цагийн орчимд Э.Б бид хоёр урьд орж унадаг дугуй авсан Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны орцны жижүүрийн өрөөний гадна очоод Э.Б орцны гадна үлдээд би дотогш орж жижиг хүүхдийн унадаг дугуй, 20 кг орчим хөлдүү малын махыг авч яваад Хархорин захын тэнд танихгүй хүнд жижиг унадаг дугуйг 40.000 төгрөгөөр зарж зарсан  мөнгөөрөө архи авч уугаад дуусгасан би Э.Б хулгайлж авсан махаа зарах  гэж яваад алдчихлаа гэж надад хэлж байсан...” гэж /хавтаст хэргийн 70-71-р хуудас/

-Шүүгдэгч Э.Б-гийн яллагдагчаар өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 13-аас 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн 14 дүгээр төв эмнэлгийн гадаа ганцаараа архи уусан бага зэргийн согтолттой сууж байсан чинь 38-аас 39 орчим насны өргөн шар царайтай махлагдуу биетэй 170 орчим см-ийн өндөртэй үл таних эрэгтэй хүн өөрийгөө Т гэж надад танилцуулаад бид хоёр хамт Хархорин захаас араас нэг дэлгүүрээс надад нэг шил 0,75 литрийн “Хараа” нэртэй архи авч өгөөд бид хоёр хувааж уусан. Тэгээд Т гэж надад өөрийгөө танилцуулсан хүн “Би урьд шөнө саппорогийн 5 дугаар орцонд хоносон. Өглөө гарахдаа би орцны жижүүрийн хаалгыг цоожтой байхаар нь хүчээр онгойлгосон чинь дотор тал нь харанхуй байсан. Хоёулаа тийшээ явж дотор нь юм байна уу гэж ярилцаж байгаад нөгөөх Т гэх залуу өөрөө дотогш орсон ба тэгээд төд удалгүй гэж ирэхдээ унадаг дугуй аваад гарч ирсэн. Тэгээд тэрийг бид хоёр авч яваад Хархорин захын тэнд үл таних хүнд 70.000 төгрөгөөр зарсан. Тэгээд тухайн мөнгөөр архи дарс, хоол унд авч идээд дуусгасан. Тэгээд маргааш нь мөнгөгүй болчихоод нөгөөх фудволдоо бид хоёр дахин очоод байж байгаад би түүнд хандаж би гадаа байж байя гэж хэлсэн чинь, өөдөөс уурлаад цуг орье гээд агсрах гээд байсан. Тэгэхээр нь би санаа зовоод цугтаа орсон ба тухайн үед тус хаалга нь онгорхой, цүү нь эвдэрчихсэн байдалтай байсан ба тэгээд бид хоёр орж тавиур дээр байсан ууттай махнуудаас 20кг-ийн шуудайтай түүхий махыг аваад гарсан. Тухайн махыг Т буюу С гэгч нь өөрөө үүрээд гарсан би хаалга үүдээд нээж өгөөд явсан. Тэгээд бид хоёр Хархорин зар дээр явуулын үл таних хүнд 30.000 төгрөгөөр зарж түүгээрээ мөн адил архи дарс, хоол унд идээд дуусгасан. Тэгээд би тухайн өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Т буюу С гэх залуугаас салаад Хэнтий аймгийн Цэнхэр мандал сум руу явсан. Тэгээд 20 гаруй хоногийн дараа намайг эрүүгийн мөрдөгч Г утсаар холбогдож Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн гуравдугаар хэлтэс дээр дуудаж авч ирсэн байгаа...” гэж /хавтаст хэргийн 96-98 хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ө.С-гийн хувийн байдлын хувьд иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 76-р хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх лавлагаа /хавтаст хэргийн 75-р хуудас/,

Шүүгдэгч Э.Б-гийн хувийн байдлын хувьд иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 108-р хуудас/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 103-р хуудас/, төрөл садангийн лавлагаа /хавтаст хэргийн 104-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 105-р хуудас/, төрөл садангийн лавлагаа /хавтаст хэргийн 106-р хуудас/, жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 107-р хуудас/, Хаан банк ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 109-р хуудас/, мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 110-р хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх лавлагаа /хавтаст хэргийн 101-р хуудас/ зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ө.С нь дээд боловсролтой, шүүгдэгч Э.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр тус тус гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ө.С, Э.Б нар нь нууц далд аргаар, шууд санаатай үргэлжилсэн үйлдлээр, Б.Б-хийн агуулах руу хууль бусаар буюу цоожийг нь эвдэн нэвтрэн орж, 2 ширхэг унадаг дугуй, үхэр болон ямааны мах, хувцас гутал бүхий 2 870 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг авсан болох нь дээр дурьдсан баримтуудаар тогтоогдож байна.  

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Ө.С, Э.Б нарын үйлдэл нь өмчлөгчийн дээрх эрхийг зөрчиж, хохирогчийн эд зүйлсийг нь хариу төлбөргүйгээр өөртөө шилжүүлэн авах зорилгоор, агуулах руу нь нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр нууц аргаар үйлдсэн байгаа нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.    

Хохирогчийн том унадаг дугуй 1.000.000 төгрөг, жижиг унадаг дугуй 600.000 төгрөг, үхрийн мах /2 хаа, 2 гуя, өвчүү, сээр/ 1.100.000 төгрөг, ямааны мах /бүтэн ямааны мах/ 170.000 төгрөг нийт 2.870.000 төгрөг болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” байна.  

Шүүгдэгч Ө.С, Э.Б нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1. “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ө.С, Э.Б нар санаа зорилгоороо нэгдэж, үйлдлээрээ бие биенээ дэмжин, хулгайн эд зүйлсээ зарж олсон мөнгөөрөө хамт архи хувааж уусан зэрэг нөхцөл байдал нь бүлэглэсэн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ө.С, Э.Б нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан 1.435.000 төгрөгийг Э.Б-гээс хүлээж авсан, одоо С-ээс 1.435.000 төгрөгийг гаргуулахыг хүсч байна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ө.С нь өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан эд хөрөнгөнд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Б.Б нь өөрийн эд хөрөнгөнд учирсан гэм хорыг хуульд заасан арга хэлбэрээр арилгахыг шүүгдэгч Ө.С-ээс шаардах эрхтэй байна.

   Иймд шүүгдэгч Ө.С-ээс 1.435.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-д олгох нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ө.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 жил 08 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Ө.С нь цагдан хоригдсон 51 хоногийг түүний эдлэх ялаас хасуулах саналтай байна. Хэрэгт хураагдсан нэг ширхэг сидиг хэрэгт хавсаргуулах, шүүгдэгч Ө.С-ээс 1.435.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгуулах саналтай байна” гэх дүгнэлттэй,

Хохирогч Б.Б: “...хохирлоо авчихвал надад гомдол санал байхгүй...” гэв.

Шүүгдэгч Ө.С: “...Хохирогчоос уучлалт гуйя. Миний буруу, би том алдаа гаргасан. Эрхэм шүүгчээс ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. Би барилгын арматур боодог ажил хийж байгаа. Иймд  миний ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

   Шүүгдэгч Э.Б : “...Хохирогчоос чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс ийм зүйл болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид ажил хөдөлмөр эрхэлж зөв амьдрах хүсэлтэй байна. Иймд ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг тус тус гаргасан.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ө.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.С-д 2 жил 08 сарын хугацаагаар хорих ялыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан хөнгөрүүлж, 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Б-г хохирол төлбөргүй байгааг харгалзан 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч нарын зүгээс хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлага нь 2-8 жилийн хорих ял шийтгэлтэй “хүнд” гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд хорихоос өөр төрлийн эрүүгийн хариуцлага байхгүй юм.

Учир нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэмжээ үйлдлийн шинж нь бусдын тусгайлан хамгаалсан байр, агуулах болох цоожтой өрөө рүү хууль бусаар халдан нэвтэрсэн үйлдлийг 2 буюу түүнээс дээш хүн санаа болон үйлдлээрээ нэгдэн бүлэглэж үйлдсэн төдийгүй, уг үйлдлээ маргааш нь дахин давтаж, үргэлжлүүлсэн байгаа нь шүүгдэгч Ө.С, Э.Б нарын эрүүгийн хариуцлагыг хуульд заасны дагуу тэднийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгыг хэрэгжүүлэх үндэслэл болж байна.

Харин тэдний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

2.3. Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, бусдад төлөх төлбөргүй, Ө.С, Э.Б нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ө.С нь 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс цагдан хоригдсон бөгөөд 2 хоног баривчлагдсан, нийт 51 /тавин нэг/ хоног цагдан хоригдсон хоногийг нь түүний эдлэх ялд оруулан тооцох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч У  овогт Ө-ын С, шүүгдэгч Б овогт Э-ын Б нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.С-д 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сар, шүүгдэгч Э.Б-д 2 /хоёр/ жил хорих ял оногдуулж, тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.С, Э.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ө.С-гийн цагдан хоригдсон 51 /тавин нэг/ хоногийг хорих ял эдлэх ялд оруулан тооцсугай.

           

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, Ө.С, Э.Б нарын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.С-ээс нийт 1.435.000 /нэг сая дөрвөн зуун гучин таван мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-д олгосугай.

 

            7. Шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Э.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

             8. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

             9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарын, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

             10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.УРАНГУА