Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 455

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Цагдаагийн академи, 10/2 дугаар байранд байрлах, Өгөөмөр нутаг ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдох,

        Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж 15.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Соёл-Эрдэнэ /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мээлэйбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Өгөөмөр нутаг ХХК-ийн захирал Б.Балжинням шүүхэд гаргасан нэхэмжлэл болоннэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Соёл-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өгөөмөр нутаг ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний дагуу Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартчанарын шаардлага хангасан гала сортын 30 тонн үрийн төмсийг 1 кг-ийг нь 600 төгрөгөөр тооцож нийлүүлсэн билээ. Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь үрийн төмсийг хүлээж аваад төмсний үнийг нийлүүлэгч компанийн дансаар эсвэл бэлнээр өгнө гэж тохиролцсон ч удаа дараа нэхүүлэн 2.600.000 төгрөгийг өгөөд үлдсэн мөнгийг өгөлгүй өнөөдрийг хүргээд байгаа юм. Хариуцагчийн хариу тайлбараа өгөх хуулийн хугацаа дууссан байхад шүүх Хүнс хөдөө аж ахуйн газрын хариу тайлбарыг хүлээн авч хэрэгт хавсаргасан. Хариуцагч нь хугацаандаа хариу тайлбараа ирүүлээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хурал хийхгүйгээр шийдвэрлэх ёстой. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилж байгаа хуулиуд нэг хуулиар явагддаг байх гэж бодож байна. Хариуцагчийн хариу тайлбарыг хуулийн хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Иймд Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас үрийн төмсний үнийн үлдэгдэл болох 15.400.000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240.450 төгрөгийн хамт гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

         Хариуцагч Д.Төмөр-Очир шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мээлэйбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүнс, хөдөө аж ахуйн газар нь баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгг хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг төрийн захиргааны төсвийн байгууллага юм. Өгөөмөр нутаг ХХК-ийн гэрээ нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасны дагуу төсвийн шууд захирагчийн төсвийн талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг зөрчсөн байна. Мөн тус гэрээ нь Төсвийн тухай хууль зөрчсөн төдийгүй амралтын өдөр нөхөж байгуулан дүр үзүүлж хийсэн байх тул Иргэний тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтын дагуу хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Тус газрын газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтнүүд нь орон нутгийн захиалгыг үндэслэхгүй дураараа тохиролцон их хэмжээний үрийн төмс авчирч, тус аймгийн Улаангом сумын Засаг даргатай гэрээ байгуулан хүнсний ногоо тариалагчдад зээлээр олгосон жагсаалт байгаа. Эдгээр үрийн төмс авсан ногоочдоос төлбөрийг гаргуулан Өгөөмөр нутаг ХХК-д уг үрийн төмсний үнийг олгох үндэслэл байгаа. Иймд манай байгууллагаас Өгөөмөр нутаг ХХК-д нэхэмжлэлийн дагуу төлбөрийг олгох боломжгүй тул төмсний үрийг тараан олгосон иргэд, аж ахуйн нэгжээс үнийг гаргуулан уг төлбөрийг барагдуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэв.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Өгөөмөр нутаг ХХК нь хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдууланхудалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж 15.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

          Хариуцагч нь Өгөөмөр нутаг ХХК-ийн гэрээ нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасны дагуу төсвийн шууд захирагчийн төсвийн талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг зөрчсөн байна. Мөн тус гэрээ нь Төсвийн тухай хууль зөрчсөн төдийгүй амралтын өдөр нөхөж байгуулан дүр үзүүлж хийсэн байх тул Иргэний тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтын дагуу хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Харин эдгээр үрийн төмсийг худалдаж авсан ногоочдоос төлбөрийг гаргуулан Өгөөмөр нутаг ХХК-д олгох үндэслэл байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

          Хэрэгт авагдсан 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээний 3.1-д Нийлүүлэгч нь чанарын шаардлага хангасан гала сортын үрийн төмсийг нийлүүлнэ, 3.2-д Үрийн төмсийг нийлүүлэхдээ тоо хэмжээ, үнийг тодорхой, засваргүйгээр бичсэн падааныг дагалдуулан өгнө гэж тохиролцсоны дагуу 154 дүгээр зарлагын баримтаар Өгөөмөр нутаг ХХК нь 30 тонн үрийн төмсийг /1 кг-ийг 600 төгрөгөөр/ Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт нийлүүлж, худалдан авагч нь 18.000.000 төгрөгийг дансаар болон бэлнээр төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсчээ.

          Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

         Нэхэмжлэгч Өгөөмөр нутаг ХХК нь хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт 30 тонн төмс нийлүүлж, худалдан авагч нь төмсний үнэ 18.000.000 төгрөгөөс 2.600.000 төгрөгийг төлсөн болох нь тус компанийн дансны хуулгаар тогтоогдож байх ба хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул Өгөөмөр нутаг ХХК нь үрийн төмсний үнийн үлдэгдэл 15.400.000 төгрөгийг худалдан авагчаас шаардах эрхтэй байна.

           Талуудын хооронд байгуулсан гэрээнээс үзэхэд Иргэний тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасанхүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд худалдах-худалдан авах гэрээ нь Өгөөмөр нутаг ХХК, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хооронд байгуулагдсан байх тул хариуцагчийн Тус гэрээ нь Төсвийн тухай хууль зөрчсөн төдийгүй амралтын өдөр нөхөж байгуулан дүр үзүүлж хийсэн байх тул Иргэний тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтын дагуу хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Мөн Өгөөмөр нутаг ХХК-иас худалдан авсан 30 тонн үрийн төмсийг олгосон иргэд, аж ахуйн нэгжүүдээс гаргуулах боломжтой гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

           Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д 72.2.Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн зүйлийн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан байх бөгөөд хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад нэхэмжлэлийн хувийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гардуулж, эрх үүргийг нь тайлбарлан өгсөн боловч хариу тайлбараа хугацаандаа ирүүлээгүй, 2 хоногийн дараа ирүүлсэн ба шүүх хуралдаанд биечлэн оролцож, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар хариу тайлбар гаргасан байх тул нэхэмжлэгчийн Хариуцагчийн хариу тайлбараа өгөх хуулийн хугацаа дууссан байхад шүүх Хүнс хөдөө аж ахуйн газрын хариу тайлбарыг хүлээн авч хэрэгт хавсаргасан. Хариуцагч нь хугацаандаа хариу тайлбараа ирүүлээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шүүх хурал хийхгүйгээр шийдвэрлэх ёстой гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

           Иймд дээрх нөхцөл байдлууд болон хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас үрийн төмсний үнийн үлдэгдэл 15.400.000 /арван таван сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Өгөөмөр нутаг ХХК-д олгож шийдвэрлэв.

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234.950 /хоёр зуун гучин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 234.950 /хоёр зуун гучин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Өгөөмөр нутаг ХХК-д олгох нь зүйтэй.

         Хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь 30 тонн үрийн төмсний үнийг олгосон иргэд, аж ахуйн нэгжүүдээс нэхэмжлэх тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болно.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас үрийн төмсний үнийн үлдэгдэл 15.400.000 /арван таван сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Өгөөмөр нутаг ХХК-д олгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234.950 /хоёр зуун гучин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 234.950 /хоёр зуун гучин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Өгөөмөр нутаг ХХК-д олгосугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ