Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/286

 

 

 

 

 

 

 

 

     2022         4            18                                    2022/ШЦТ/286

 

 

                          

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтлөн

улсын яллагч Б.Батзаяа

шүүгдэгч С.Ү, түүний өмгөөлөгч Д.Б

хохирогч Б.Б-ийн өмгөөлөгч Ц.А

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000000692 тоот, 1 хавтас хэргийг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19** оны * дүгээр сарын **-нд Орхон аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа барилга угсралтын ажил хийдэг гэх, ам бүл 6; эцэг, эх, эгч, дүү нарын хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Вокзалын урд * дүгээр гудамж, * тоот гэсэн иргэний үнэмлэхийн хаягтай, одоо Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Рапид хотхоны * дугаар байр, ** тоотод түр оршин суудаг,

ял шийтгэл: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

**** дугаарын регистртэй, Б овогт С-ын Ү

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч С.Ү 2022 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудалд хохирогч Б.Б-ийг “хэл амаар доромжилж агсам тавилаа” гэх шалтгаанаар гараараа нүүр рүү нь цохиж “баруун ухархайн дотор хана, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, дух, баруун зүүн дээд, доод зовхи, баруун алимны салстад цус хуралт, баруун дээд, доод зовхинд зулгаралт” бүхий гэмтэл учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч С.Ү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Манай оюутны ангийнхан уулзах болоод 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр “***” нэртэй зочид буудалд 2 өрөө захиалж, тэнд юм уусан. 2 эмэгтэй найз шөнө 00 цаг өнгөрөөгөөд тэндээс явсан. Хоол идэх гэхэд зоогийн газар нь хаасан байсан. Ангийн найз Ц, бас 2 танихгүй хүн ирсэн байсан. 2 эмэгтэй найзыгаа явуулсан. Хохирогч 2 залууг дагуулж ирсэн байсан. Сүүлд ирсэн Э найз маань өрөөндөө орж, хөзөр тоглож байгаад 3 өнгөрөөгөөд орсон. Бийг дагуулж ирсэн манай найз байхгүй байсан. Өндөрлөе гэсэн чинь чи намайг хөөдөг хэн бэ гээд над руу дайрсан. Тэгэхээр нь танай байгууллагын захирал надад агсам тавиад байна гэж харуулд нь хэлсэн. Лифтээр буусан чинь над руу юм хэлээд байсан ч би тоогоогүй. Лифтээр буухад хэл амаар дайрч, чацага гэх мэт үгээр доромжилсон. Тэгээд намайг эхэлж цохихоор нь би түүнийг 3 удаа цохисон. Үүний дараагаар би айгаад цагдаа, эмнэлэг дуудья гэхэд хэрэггүй гэсэн. Камерийн бичлэгийг үзлээ. Би хохирогчийг зодсон, цохьсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хохирогч Б эхлээд намайг хэл амаар доромжилж, түлхэж цохьсон. Хохиролд хэдэн төгрөгийн зардал гарсан энэ тэрийг би мэдээгүй, надад юм хэлээгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б.Б “... 2022 оны 1 дүгээр сарын 29-ний шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “**” зочид буудалд найз Л-ийн дуудсанаар ганцаараа очиход буудлын 510, 511 дүгээр өрөөнүүдэд Л болон үл таних 5 залуу архи уугаад, юм яриад сууж байсан ба намайг зодсон залуу 2 өрөөний хооронд орж гараад хүмүүстэй хэрүүл хийгээд яваад байсан. Тухайн үед өрөөн дотор намайг зодсон залуу надтай болон өөр нэг залуутай маргалдаж байтал буудлын хамгаалагч орж ирээд больцгоо гэж хэлэхээр нь би хамгаалагчтай хамт гарсан. Тэгээд би лифтээр нэг давхарт буугаад куртикээ авахаа мартсан байна гэхэд хамгаалагч би аваад ирье гээд дээшээ гараад өөр куртик аваад буугаад ирсэн. Хамгаалагч бууж ирэх үед тухайн намайг зодсон үл таних залуу хамт бууж ирсэн. Тэгээд би хамгаалагчид наадах чинь миний куртик биш байна, өөр куртик байна гэж хэлэхэд намайг зодсон залуу чи ийм л куртиктэй байсан биз дээ гэхээр нь би чамтай ярих юм байхгүй, чи цаашаа ор гэж хэлээд тэр залууг лифт рүү түлхтэл хамгаалагч миний баруун гар өчөөд хажуугаас ресейпшн эмэгтэй ирээд миний зүүн гарыг бариад зогсож байтал нөгөө залуу шууд миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиод мөргөсөн. Тэгээд хамгаалагч миний баруун гарыг өчиж rавлаад газар унагасан” /хх-н 31-33/ гэж,

гэрч Д.С “... 1 дүгээр сарын 28-ны өдрийн орой 22 цагийн үед Ү гэх хүн 2 өрөө авахаар бүртгүүлэн тооцоогоо төлөөд 511, 512 тоот өрөөнд өөрөөсөө гадна 4 залуутай хамт орсон. Ү гэх хүн өрөөнд нь хүн нэмэгдэж ирнэ гэж хэлээд дараа нь 4 хүн нэмэгдэж орсон. Гэтэл шөнийн 03 цагийн үед 510, 511 дугаартай өрөөний аль нэгэнд нь орсон өндөр биерхүү, улбар шар өнгийн, нимгэн ноолууран цамцтай залуу бууж ирээд “унтаагүй байгаа юм уу, унтдаггүй юм уу” гэж яриад зогсож байтал буудлын өрөө авсан Ү гэх залуу лифтнээс бууж ирээд надтай зогсож байсан залууг үгээр идээд маргаан үүсэх шинжтэй байсан. Би унтаад амарчих гэж хэлээд Ү гэх залууг дагуулаад лифт рүү дөхүүлсэн. Тэр залуу лифтэнд суух гэж байснаа больж улаан шар өнгийн ноолууран цамцтай залуутай хэрүүл хийх гээд өдөөд байсан. Ү гэх залуу нөгөө залууг дуудсан. Тэр үед би тейкны ард ирсэн байсан. Чимээ гарахаар нь би эргээд нөгөө хоёр залуу дээр очсон. Хамгаалагч бид хоёр хамт тэнд байсан ба тэр хоёрыг салгаж амраах гэж оролдсон. Ү гэх залуу нөгөө залуугийн нүүр хэсэгт нь цохисон. Би хамгаалагчийн хамт салгах гэж оролдсон боловч дийлээгүй. Тэр хооронд Ү гэх залуу нөгөө залуугийн нүүр хэсэгт олон удаа цохиод байсан. Тэр үед харахад зодуулсан залуугийн нүүр аймар цус болчихсон байсан. Би Ү гэх залууг үүд рүү дөхүүлж өгөөд эргээд ирэхэд хамгаалагч зодуулсан залууг гавласан байсан” /хх-н 44-45/ гэж,

гэрч Ц.О “... 2022 оны 1 дүгээр сарын 28-ний өдөр өөрийн ажил болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “**" зочид буудалд харуулын үүрэг гүйцэтгээд нэг давхарт байж байхад шөнийн 04 цагийн орчим үйлчлэгч доор байрлах хүлээн авахын утас руу залгаад “511 тоотод ороод ирээ, энд хүн агсам тавиад байна” гэж хэлэхээр нь би гараад очиход Цагаанаа /хохирогч Б/ гэх залуу тэр өрөөний хүмүүст агсам тавиад “та нар муусайн юмнууд юу юм, би эндэхийн захирал байна” гээд нэг жижигхэн залуутай муудалцаад байсан. Тэгээд муудалцаж байсан залуугийн хажууд байсан залуу руу Цагаанаа гэгч нь бас дайраад алгадаад байсан. Тэр явдлаас хойш үл таних намхан залуу найзыгаа өмөөрөөд Цагаанаа руу дайраад “чи миний найзыг цохидог хэн бэ” гээд давшлаад байхаар нь би “одоо ахын дүү нар энд байгаа хүмүүсээ амар аа” гэж хэлээд Цагаанаа гэх залууг аваад нэг давхарт бууж ирсэн. Тэгсэн тэр Цагаанаа гэх залуу ресейпшнтэй юм яриад байсан. Тэгснээ би куртикээ авъя гэж хэлэхээр нь би 5 давхар руу гарч өрөөнөөс нь хар өнгийн куртик аваад очтол Цагаанаа энэ миний куртик бишээ, би ийм куртик өмсдөггүй гэж хэлэхээр нь би тэгээд ямар куртик өмсдөг юм гэж асуусан чинь хажууд байсан зөөгч савхин куртик гээд дээшээ хамт гарч аваад буухад нөгөө жижиг залуу дагаад буугаад ирсэн. Би дуудлагын жолооч дуудаад өгье гэхэд Цагаанаа нөгөө жижиг залуутай дахиад маргалдаад алгадаад авахаар нь би Цагаанааг тэврээд хойш татаад байж байх хооронд үйлчлэгч тэр жижиг залууг татсан чинь гэнэт тэр жижиг залуу Цагаанааг 2-3 удаа цохиод авсан. Би болио гэж хэлээд дахиад зодолдох байх гэж бодоод Цагаанааг гавласан. Удалгүй Цагаанаагийн нүүр, нүд нь хавдаж цус болсон байхаар нь гавыг нь тайлаад 00 өрөөнд оруулж цусыг нь угаалгаад зөөгч залуу аваад эмнэлэг явсан. Цагаанаа гэдэг залуу анх 511 тоотод агсам тавьснаас маргаан болсон” /хх-ийн 51/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн шүүгдэгч С.Ү мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэхдээ “... 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 21 цагийн үед би найз О, Ц, М нартай хамт “**” зочид буудалд нэг өрөө аваад орсон. Тэгээд удалгүй Н, Б хоёрыг ирэхээр нь хажуу өрөөг нь аваад тэр өрөөнд Н, Б, О бид 4 хөзөр тоглоод юм яриад сууж байтал Э ирсэн. Би нөгөө өрөө рүү Э-тай мэнд мэдэхээр ороход үл таних 2 эрэгтэй /Ц, Л/ ирсэн байсан. Тухайн үед өөрсдийгөө Ц-ын найзууд гэж байсан бөгөөд би тэд нартай жаахан юм ярьж сууж байгаад нөгөө өрөө рүү орсон. О бид хоёр юм яриад сууж байгаад нөгөө өрөө рүү ортол М, Л хоёр тасраад унтчихсан байсан. Харин Ц, Б хоёр юм яриад сууж байсан. Би Ц хаачсан юм гэтэл Ц “гадаа машин дотор байгаа, би одоо ингээд аваад явна” гэхээр нь би “өө, за за одоо Ц байхгүй байгаа юм чинь та нар ч гэсэн явцгаа” гэтэл Б босож ирээд над руу томроод цээжээрээ бие рүү түлхээд “энэ буудал манай буудал банди минь” гээд байсан. Тэгэхээр нь би буцаж нөгөө өрөө рүү ороод ресейпшн рүү залгаад “танай юуны захирал ч гэнэ үү нэг нөхөр орж ирээд агсам согтуу тавиад байна, ирээд аваадхаач” гэж хэлээд буцаад өрөө рүү ортол О миний өөдөөс хацраа гараараа дарчихсан инээчихсэн гарч ирэхээр нь би яасан гэтэл намайг алгадчихлаа гэсэн. Тэр үед гаднаас хамгаалагч орж ирээд Б-ийг дагуулаад гарах гэж байхад нь би “Л гэх залууг бас аваад гараарай, таньж мэдэхгүй хүмүүс байлгамааргүй байна” гэтэл хамгаалагч нь та өөрөө ресейпшн рүү хэлээрэй гэсэн. Би өрөөндөө байж байгаад О-тай хамт М-ыг нөгөө өрөө рүү оруулж унтуулаад Л гэх хүнийг гаргаад өг гэж хэлэх гэж доошоо 1 давхар руу лифтээр буусан. Яг лифтээр буухад Б, хамгаалагч нар лифтний зүүн талд зогсож байсан. Гэтэл Б над руу дайраад байхаар нь би тоолгүй ресейпшн рүү очоод өрөөнд байгаа үл таних хүнийг гаргаад өг гэж хэлчихээд буцаад лифт рүү явж байтал Б чацга, банди гээд хэрүүл өдөөд байсан бөгөөд тэр үед ресейпшн ирээд та ороод амарчих гэж байсан. Тэгээд би лифтэнд суутал Б хойноос орилоод ална, тална гээд байхаар нь буцаж гарч ирээд лифтний үүдэнд зогсож байтал гараараа нүүр рүү нэг удаа цохисон. Би Б-тэй заамдалцаад автал Б миний хоолойг боогоод заамдаад байхаар нь би нүүрэн тус газарт нь 3 удаа цохисон” гэж мэдүүлсэн байдаг. /хх-н 75/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч түүний мэдүүлэг нь дээр дурдагсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, тухайн цаг хугацаанд болсон үйл явдлын талаар бичигдсэн “**” зочид буудал дахь хяналтын камерын бичлэг, (уг хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд) /хх-н 10-27/ зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн үйл баримтуудтай тохирч байна.

 

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч С.Ү-ын өмгөөлөгч Д.Б “... гэмт хэрэг үйлдэгдэх сэдлийг хохирогч Б.Б бий болгосон, С.Ү нь аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн тул энэ гэмт хэрэг үгүйсгэгдэнэ, С.Ү-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбар бүхий хүсэлт гаргасныг шүүх хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь, аргагүй хамгаалалт нь тулгарсан довтолгооны эсрэг хийгддэг буюу нөхцлийн хувьд халдлага бодитой, өөрөөр хэлбэл гэмт хэргийн шинжтэй довтолгоон эхэлсэн, дуусаагүй байхыг шаарддаг.

 

Гэтэл энэ гэмт хэргийн үйл баримтаас үзвэл хохирогч Б.Б шүүгдэгч С.Ү-ын нүүр хэсэг рүү түлхсэн, энэ үйлдэл болсны дараагаар хамгаалагч гэх залуу, ресейпшн гэх эмэгтэй нар хохирогч Б.Б-ийг хоёр талаас нь барьсан байхад шүүгдэгч С.Ү түүнийг хэд хэдэн удаа цохиж байгаа үйл явдал камерийн бичлэгт бичигджээ.

 

Үүнээс гадна гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Б.Б-ийн зүй бус үйлдэл /үүнд: зочид буудлын өрөөнд согтууран агсам тавьж нэр бүхий хүмүүсийг хэл амаар доромжилсон, цохисон, шүүгдэгч С.Ү-ыг нүүр хэсэг рүү нь эхэлж түлхэж байгаа зэрэг/ нөлөөлсөн гэдгийг дурдах нь зүйтэй. Энэ нь шүүгдэгч С.Ү-д оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахаас биш, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Хэн нэгэн этгээд зүй бус, зохисгүй үйлдэл гаргасны төлөө, улмаар тухайн үйлдэл таслан зогсоогдсон байтал гэмт хэргийн шинжтэй идэвхитэй үйлдэл хийж байгаа нь эргээд аливаа гэмт хэрэг үйлдэгдэх бүрдэлийг хангадаг.

 

Энэ ч утгаараа шүүгдэгч С.Ү-ын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд хохирогчийн гэмтэлтэй холбоотой

“... Б.Б-ийн биед баруун ухархайн дотор хана, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, дух, баруун зүүн дээд, доод зовхи, баруун алимны салстад цус хуралт, баруун дээд, доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь 1 хоногийн өмнө үүссэн байна” гэсэн 2407 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 56-57/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид бүрэн хамаарч байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл.

Нэг талаас хохирогчид учирсан гэмтэл /хохирол/, нөгөө талаас гэм буруутай этгээдийн субьектив санаа зорилго энэ гэмт хэргийн шалтгаант холбоо болно.

Энэ гэмт хэргийн обьект нь хүний эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангаж байгаа нийгмийн харилцаа юм.

 

Харин хүний эрх чөлөөнд халдаж буй хохирогч Б.Б-ийн хууль бус үйлдэл байгаа боловч “С.Ү-ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн 2658 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 64-65/ нь уг үйлдэл гэмт хэргийн шинжтэй гэдгийг үгүйсгэнэ.

Хохирогч Б.Б-ийн хууль бус дээрх үйлдэлд Эрх бүхий албан тушаалтаны шийдвэрээр Зөрчлийн тухай хуульд зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б овогт С-ын Ү-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч С.Ү-ын өмгөөлөгч Д.Б “... прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэж бичсэн. Гэтэл С.Ү нар нь “**” зочид буудалд 1 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө байрлаж байсан. Энэ байдал нь С.Ү зочид буудлын тооцоог 28-ны өдөр төлсөн тухай дансны хуулгаар нотлогдоно, 1 дүгээр сарын 30-ны өдөр С.Ү гэртээ амарч байсан. Гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаа зөрүүтэй байгаа нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно” гэсэн тайлбарт шүүх дараах няцаалтыг хийв.

 

Нэр бүхий хүмүүс 2022 оны 1 дүгээр сарын 28-ны орой “**” нэртэй зочид буудалд өрөө авч оржээ. Энэ цаг хугацаа уг зочид буудлын ресейпшн буюу гэрч Д.С-ийн мэдүүлсэн “... би “**” зочид буудалд ресейпшн хийдэг. 2022 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 9 цаг 30 минутаас 29-ний өдрийн 9 цаг 30 минут хүртэл ээлжид гарч ажилласан. 1 дүгээр сарын 28-ны өдрийн орой 22 цагийн үед Ү гэх хүн 2 өрөө авахаар бүртгүүлэн тооцоогоо төлсөн. ... шөнийн 03 цагийн үед 510, 511 дугаартай өрөөний аль нэгэнд нь орсон өндөр биерхүү, улбар шар өнгийн, нимгэн ноолууран цамцтай залуу бууж ирээд “унтаагүй байгаа юм уу, унтдаггүй юм уу” гэж яриад зогсож байтал буудлын өрөө авсан Ү гэх залуу лифтнээс бууж ирээд надтай зогсож байсан залууг үгээр идээд маргаан үүсэх шинжтэй байсан” /хх-н 44-45/ гэсэн,

уг зочид буудлын хамгаалалтын ажилтан буюу гэрч Ц.О-ын мэдүүлсэн “... 2022 оны 1 дүгээр сарын 28-ний өдөр “**" зочид буудалд харуулын үүрэг гүйцэтгээд нэг давхарт байж байхад шөнийн 04 цагийн орчим үйлчлэгч доор байрлах хүлээн авахын утас руу залгаад “511 тоотод ороод ирээ, энд хүн агсам тавиад байна” гэж хэлэхээр нь ... ” /хх-ийн 51/ гэсэн мэдүүлгүүдтэй тохирч байна.

 

Өөрөөр хэлбэл 2022 оны 1 дүгээр сарын 28-ны орой 22:00 цагийн үед зочид буудалд орсон хүмүүс 29-ний өдрийнхөө үүрээр буюу 03:00 цагийн орчимд маргалдаж тухайн гэмт хэрэг үйлдэгджээ.

Прокурор хэдийгээр 29-нөөс 30-нд шилжих шөнө гэж яллах дүгнэлтдээ бичсэн боловч “1 дүгээр сарын 29” гэдэг өдөр эхэлснээс хойш буюу 01:00 цаг эхэлснээс хойш уг гэмт хэрэг гарсан, нөгөөтэйгүүр уг гэмт хэрэг үйлдэгдээгүй гэх, эсхүл өөр хэн нэгэн этгээд үйлдсэн гэх мэт эргэлзээтэй байдал, ээдрээтэй төвөгтэй нөхцөл байдал үүсээгүй болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзвэл яллах дүгнэлтэд шүүгдэгч С.Ү-ын төрсөн өдрийг ташаа бичсэн, хохирогч Б.Б-ийн нэрийг “Б” гэж бичсэн, хохирогчоос мэдүүлэг авах явцдаа гэмт хэрэг үйлдэгдсэн гэх он, сарыг гараар зассан гэх мэт зүйл байгааг шүүх техникийн шинжтэй алдаа гэж үзэв. Хяналтын прокурор цаашид ийм алдаа гаргахгүй байвал зохино.

 

Шүүгдэгч С.Ү-ын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 82/, цагдаагийн АСАП сангийн лавлагаа /хх-н 85-90/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 142-145/ зэрэг баримт хэрэгт авагдсан буюу шүүгдэгч С.Ү урьд өмнө бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт ял шийтгүүлж байжээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгчийг 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс торгох ялын хамгийн доод хэмжээгээр торгох ял оногдуулах хүсэлт гаргасны аль алийг нь шүүх хүлээж аваагүй болно. Бусдад учруулсан хохирлыг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зохимжгүйгээс гадна “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Хохирогч Б.Б-ийн эрүүл мэндийн хохиролд /гэмтэлд/ дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтийн талаар талууд маргаагүй бөгөөд хохирогчийн өмгөөлөгч Ц.А “... дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж бид үзсэн, эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байгаа талаар хохирогч дамжуулж хэлүүлсэн, “Орбита” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж 3.800.000 төгрөгийн зардал гарсны бэлэн мөнгөний орлогын баримт, НӨАТ-ын баримт, “Орбита” эмнэлгийн тодорхойлолт, бусад баримтын хамт өгье, эмчилгээний зардалтай холбоотой хавтаст хэрэгт авагдсан өмнөх баримтуудтай /хх-н 134-137/ нийлээд нийт 4.385.500 төгрөг нэхэмжилж байна, цаашид эмчилгээ хийлгэж гарах зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэв. Хохирогч талаас гаргасан эдгээр баримтууд нотлох баримтын шаардлага хангасан, эмчлүүлэгчийн /өвчтөний/ овог нэр бичигдсэн, огнооны хувьд тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас хойшхи баримтууд мөн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Ү цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар тооцож шүүхэд ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт С-ын Ү-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ү-ыг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч С.Ү нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ү-оос 4.385.500 /дөрвөн сая гурван зуун наян таван мянга таван зуу/ төгрөг гаргуулж хохирогч Б.Б-т олгож,

хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Шүүгдэгч С.Ү цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар тооцож шүүхэд ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Ү-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ