| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 20 айлын 15 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 56 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ61112777, Тайжууд овогт Пүрэвжавын Рашаанжавын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ийн Увс аймгийн газарт холбогдох, Тус газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар Сахилгын шийтгэх ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Рашаанжав, хариуцагч Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ийн Увс аймгийн газрын дарга Б.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч П.Рашаанжав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1981 онд ажилд орсноос хойш эдүгээ хүртэл улсад тасралтгүй 36 жил ажилласнаас хүчний байгууллагад 13 жил, холбооны салбарт 1994 оноос хойш сүүлийн 23 жил жолоочоор ажиллаж байна. Энэ хугацаанд байгууллагынхаа хэвийн тасралтгүй үйл ажиллагааг явуулахад техникийн бэлэн байдлыг бүрэн хангаж, ямар нэгэн саатал гэмтэл гаргаж байгаагүй. Мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж үүрэгт ажлаа бүрэн гүйцэтгэж ирсэн. Үүний үр дүнд намайг 2006 онд Онц тээвэрчин, 2014 онд Шуудангийн тэргүүний ажилтан, 2015 онд Мэдээлэл холбооны тэргүүний ажилтан тэмдэг болон Аймгийн Хүндэт тэмдэг, Чингисийн 800 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ой, Увс аймгийн 90 жилийн ойн медалиудаар тус тус шагнасан. Би үе үеийн олон удирдлагатай хамтран ажиллаж тэдний итгэл найдварыг хөсөрдүүлж байгаагүй төдийгүй хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслах, хожимдох, ажлын байраа орхин зөвшөөрөлгүй явах, архидан согтуурах зэрэг зүй бус үйлдэл хэзээ ч гаргаж үзээгүйг ажлын хамт олон гэрчилнэ. Гэтэл саяхан шинээр томилогдсон удирдлага 2017 оны 3 дугаар сарын 16-ны орой ажил тарсны дараа 18 цагийн үед намайг гэрээс утсаар дуудан ирүүлж хуралд оруулан шууд л Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна гээд ямар ч үндэслэлгүйгээр сахилгын арга хэмжээ авсан. Би хурлын дараа өөрийнхөө цагийн балансыг хараад ихэд гайхсан. Байгууллагын цаг бүртгэгч миний ажилд ирсэн явсан цагийг цаг минутаар тодорхой бичсэн байхад байгууллагын дарга 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 16-ны өдрийг дуустал хугацаанд өдөр бүр 4-7 цаг ажил тасалснаар цувуулан бичиж гарынхаа үсгийг цаг бүртгэгчийн гарын үсгийн хүснэгтэд зурсан байлаа Тэгээд ч 3 дугаар сарын 08-ны өдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдын баярын өдөр, 3 дугаар сарын 11, 12-ны хууль ёсны хагас, бүтэн сайны амралтын өдөр ч ажил тасалсан гэж бүртгэжээ. Энэ бүгд нь намайг зөвхөн буруутгахын тулд хийж байгаа үйлдэл, улмаар Хөдөлмөрийнтухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан...гэсэншалтгаанаар ажлаас халах бэлтгэл хийж байгаа санаатай ажиллагаа гэж үзэж байна. Иймд Мэдээлэл холбооны сүлжээний газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 13 тоот тушаалын Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалт, хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1.8, 4.1.11, 4.1.12 дахь заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг тушаалыг хүчингүй болгохыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэв. Хариуцагч Б.Анхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед би даргын ажлыг аваад удаагүй байсан учраас дотоод журмын дагуу ажилтнуудынхаа цагийг бүртгэсэн. Манай байгууллага 2 жолоочтой. Баасанжав жолооч nissan маркийн машин барьдаг, даргын буюу миний жолооч. Харин жолооч П.Рашаанжав нь пургон машин барьдаг. П.Рашаанжав нь ажлын байран дээрээ байх тохиодол тун бага. 2017 оны 3 дугаар сар гараад П.Рашаанжав өглөө 8 цагт ирж цаг бүртгэдэг төхөөрөмжид хуруугаа дараад цагаа бүртгүүлчихээд гараад явчихдаг ба өдөр цайны цагаар ирж мөн адил хуруу дарчихаад гараад явчихдаг. Өмнө нь хурууны хээгээр бүртгэдэг цаг бүртгэлийн машин байхгүй байсан. П.Рашаанжав настай хүн, Онцгой байдалд ажиллаж байхдаа тэтгэвэрт гарчихсан байсан. Үндсэндээ тэтгэвэрт гарснаас хойш давхар цалин аваад явж байгаа. Хэдий тийм боловч пургон хариуцаж байгаа байгууллагын жолооч учраас ажлын байран дээрээ байх ёстой. Ажлын бус цагаар ч гэсэн 2 жолооч бэлэн байдалтай байж гэмтэл гарсан тохиолдолд аль нэг жолооч нь явдаг. Өглөө 8 цагаас 17 цаг хүртэл ажлын цагаар ажлын байран дээрээ жолооч гэлтгүй бүх ажилтнууд байх ёстой. Гэтэл онцын шаардлагатай ажил байхгүй байна гэдэг шалтгаанаар П.Рашаанжав нь ажлын цагаар хувийн ажлаа амжуулаад явчихдаг. Би цагийн бүртгэлийг нөхөж хуулж бичихдээ 3 дугаар сарын 08-ны өдөр болон амралтын өдрүүдийг анзааралгүй буруу бичсэн байсан. П.Рашаанжавын ажил дээр байхгүй цагийг нь тооцоход нэлээд хэдэн хоног болж байсан учраас захирлын зөвлөлийн хурал хийсэн. Тухайн хурлаар манай ажилтнуудаас П.Рашаанжавт сануулах арга хэмжээ авахуулах саналтай ганц хоёр хүн байсан боловч цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан. Хөдөлмөрийн дотоод журамд 3-аас дээш хоног ажил таслах юм бол ноцтой зөрчилд тооцно гэж заасан байгаа. Мөн сахилгын шийтгэлийг шат дараалан авна гэсэн ойлголт байхгүй тул 1 шат бууруулж цалинг 20 хувиар бууруулах шийтгэл ногдуулсан. Түүнчлэн П.Рашаанжавын 2015 онд шинээр авсан пургон машины нэг банк нь цоорсон ажиллахгүй байдалтай байгаа ба сүүлийн 1 сар акттай гээд ажлаа хийгээгүй. Гэтэл пургон машин барих жолооч D ангилалтай байх ёстой, гэтэл нөгөө жолооч B ангилалтай учраас пургон машин барьж чадахгүй байдалтай байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч П.Рашаанжав нь хариуцагч Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ийн Увс аймгийн газарт холбогдуулан тус газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацааны дотор гомдлоо шүүхэд гаргасан нь хуулинд нийцсэн байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Байгууллагын цаг бүртгэгч миний ажилд ирсэн явсан цагийг цаг минутаар тодорхой бичсэн байхад байгууллагын дарга 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 3 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд өдөр бүр 4-7 цаг ажил тасалснаар цувуулан бичиж гарынхаа үсгээ цаг бүртгэгчийн гарын үсгийн хүснэгтэд зурсан. Мөн 3 дугаар сарын 08-ны өдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр, 3 дугаар сарын 11-12-ны өдөр буюу амралтын өдөр ажил тасалсан гэж бүртгэж надад сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч П.Рашаанжав нь ажлын цагаар хувийн ажлаа амжуулахаар ажлаа таслаад гараад явчихдаг. П.Рашаанжавын ажил дээр байхгүй цагийг нь тооцоход нэлээд хэдэн хоног болж байсан учраас захирлын зөвлөлийн хурал хийсэн. Тухайн хурлаар манай ажилтнуудаас П.Рашаанжавт сануулах арга хэмжээ авахуулах саналтай ганц хоёр хүн байсан боловч цалинг хоёр сарын хугацаатайгаар 20 хувиар буруулах арга хэмжээ авсан. Хөдөлмөрийн дотоод журамд 3-аас дээш хоног ажил таслах юм бол ноцтой зөрчилд тооцно гэж заасан байгаа. Мөн сахилгын шийтгэлийг шат дараалан авна гэсэн ойлголт байхгүй тул 1 шат бууруулж цалинг 20 хувиар бууруулах шийтгэл ногдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ийн Увс аймгийн газрын дарга нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар жолооч П.Рашаанжавт сарын цалинг хоёр сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулахаар сахилгын шийтгэл ногдуулжээ. Хариуцагч тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.1.8, 4.1.11, 4.1.12, ажлын зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.1.8-д Ажилтан ажлын цагаар албан ажлын шаардлагаар болон хувийн ажлаар ажлын байраа орхиж явах тохиолдолд шууд харьяалагдах албан тушаалтанд мэдэгдэж зөвшөөрөл авна. Хэрэв зөвшөөрөлгүй явсан бол ажил тасалсанд тооцно, 4.1.11-т Тухайн сард ажилтны ажлын цагаас хоцорсон цаг, минут бүрийг нэмж нэгтгэн 4 цаг тутмыг нэг өдөрт тасалсан гэж үзэн ажилласан хоногоос хасаж тооцно. Ажилтан эмчлүүлсэн, өвчтөн асарсан зэрэг хүндэтгэх шалтгааныг нотолсон акт, баримтыг Цагийн тодорхойлолтын хуудас-т хавсаргана. Цагийн тодорхойлолтыг хүний нөөцийн мэргэжилтэн гаргаж, харьяалагдах газрын дарга хянан баталгаажуулна, 4.1.12-т Ажлын цагийн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоног тасалсан ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцлах хүртэл сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус заажээ. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 2017 оны 3 дугаар сарын цагийн бүртгэл гэх баримтаас үзэхэд П.Рашаанжавыг 2017 оны 3 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд, мөн сарын 09-10-ны өдрүүдэд, мөн сарын 13-ны өдөр гүйцэт ажилласнаар бүртгэсэн атал нийт тасалсан цаг 32 гэжээ. Мөн бүх нийтээр амрах баярын өдөр буюу 3 дугаар сарын 08-ны өдөр 7 цаг, 2017 оны 3 дугаар сарын 11-12-ны амралтын өдрүүдэд 11 цаг ажил тасалсан хэмээн ажилтны цагийг үндэслэлгүй бүртгэж, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.1.11-т Цагийн тодорхойлолтыг хүний нөөцийн мэргэжилтэн гаргаж, харьяалагдах газрын дарга хянан баталгаажуулна гэж заасан атал бүртгэгчийн гарын үсэг хэсэгт байгууллагын дарга гарын үсэг зурсан байх тул уг баримтын үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байна. Түүнчлэн хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлохоор Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ийн Увс аймгийн газрын 2017 оны 3 дугаар сарын ажиллагсдын ажилласан цагийн тодорхойлолт гэх баримтыг ирүүлсэн ба уг цагийн тодорхойлолтод П.Рашаанжав ажиллавал зохих хоног - 21, ажилласан хоног - 19 гэж бичигдсэн байгаа боловч уг тодорхойлолтыг ямар баримтыг үндэслэж үйлдсэн нь тодорхойгүй, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд зааснаар цагийн тодорхойлолтыг хүний нөөцийн мэргэжилтэн гаргахаар зохицуулсан байхад уг цагийн тодорхойлолт гэх баримтыг тус байгууллагын сахиул гаргасан нь ойлгомжгүй байна. Мөн хариуцагч нь сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалдаа нэхэмжлэгчид Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй ажлын хариуцлага алдсан хэмээн сахилгын шийтгэл ногдуулсан боловч 3-аас дээш хоног ажил тасалсан тул сарын цалинг хоёр сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулахаар сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд сахилгын зөрчлийн талаарх тушаалын үндэслэл, хариуцагчийн тайлбар хоорондоо зөрүүтэй байна. Түүнчлэн хариуцагчийн шүүхэд ирүүлсэн Даргын зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэл гэх баримтад тэмдэглэлийг бичсэн албан тушаалтан нэр, гарын үсгээ зурсан байгаа боловч хянасан албан тушаалтан нэр, гарын үсгээ зурж тамга, тэмдэг дарж баталгаажуулаагүй байх тул уг баримтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм. Хариуцагч нь нэхэмжлэгч П.Рашаанжавыг 2017 оны 3 дугаар сард 3-аас дээш хоног ажил тасалсан хэмээн сарын цалинг хоёр сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулахаар шийдвэрлэсэн боловч 2017 оны 3 дугаар сарын цалингаас хасч тооцоогүй, хариуцагч нь П.Рашаанжавт сахилгын шийтгэл ногдуулахдаа сарын цалинг хоёр сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулахаар сахилгын шийтгэл ногдуулсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т сарын цалинг бус үндсэн цалинг гурван сар хүртэл 20 хүртэл хувиар бууруулахаар сахилгын шийтгэл ногдуулахаар заасныг дурдах нь зүйтэй. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцнэ. Иймд нэхэмжлэгч П.Рашаанжав нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй ажлын хариуцлага алдсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоног тасалсан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ийн Увс аймгийн газрын даргын П.Рашаанжавт Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн 150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ийн Увс аймгийн газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ийн Увс аймгийн газрын даргын П.Рашаанжавт Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар тушаалыг хүчингүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн 150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ийн Увс аймгийн газраас 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ |