Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/287

 

 

 

 

 

 

 

 

    2022         4           18                                      2022/ШЦТ/287

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтлөн

улсын яллагч Б.Батзаяа

шүүгдэгч А.Е

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105021880683 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны * дугаар сарын *-нд Хэнтий аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн 7 дугаар гудамжны *** тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй,

***** дугаарын регистртэй, Б овогт А-ийн Е

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч А.Е Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “***” хотхоны 103 дугаар байранд байрлах “***” нэртэй дэлгүүрт 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч О.У-ыг “дэлгүүрээс тооцоо хийхгүйгээр архи авах гэлээ” гэх шалтгаанаар түүний нуруу руу түлхэж унаган эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, дух, хамарт шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч А.Е шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцоход татгалзахгүй. У гэгч эмэгтэйг түлхэж унагаасны улмаас эрүүл мэндэд нь хохирол учрлуусан гэдгээ ойлгож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд гэж нийтдээ 300.000 орчим төгрөг, үүнээс 150.000 орчим төгрөгийг нь бэлнээр өгсөн. Цаашид мөнгө нэхвэл өгөх болно. Торгох ялаар шийтгэх прокурорын саналтай санал нэг байна. Би тэр дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан юм, одоо бол ажиллахгүй байгаа гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч О.У “... 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, *** хороололд хамт архи уудаг, бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй А, У ах, бид гурав У ахын таньдаг гэх айлд ороод 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Дахин нэмж архи уумаар санагдаад 103 дугаар байрны “***” гэх дэлгүүрээс архи зээлэх гээд орсон. Гэтэл дэлгүүрийн худалдагч надад зээлэхгүй гэхээр нь эгчдээ зээлчих л дээ гээд жаахан шалаад зогсоход өгөхгүй гэсэн. Би тэр дэлгүүр рүү дахин орсон. Тэр үед дэлгүүрийн худалдагч уурлаад намайг дэлгүүрээс гарч байхад миний араас цохиод би унахдаа дэлгүүрийн вакум хаалганы босгонд нүүрээрээ мөргөж унасан. Миний нүүрнээс их хэмжээний цус гарсан. Тэгээд би дэлгүүрийн худалдагч Е гэх залуугийн хамтаар Гэмтлийн эмнэлэг орж нүүрэндээ оёдол тавиулсан/хх-н 26/ гэж,

гэрч Ч.Б “... 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр би найз залуу Е-ийн хамт Барс худалдааны төв рүү бараанд явсан. Тухайн үед манай “**” гэх нэртэй супермаркетаас архи худалдаж авдаг эмэгтэй болох У сааданд ганцаараа 0.75 литрийн Хараа гэх нэртэй архи уучихсан байсан. Е бараагаа дэлгүүр рүү оруулж байтал У гэх эмэгтэй над дээр ирээд эгчийн дүү жолоо хэдэн жил барьж байна, эгч нь насаараа жолоо барьсан гээд хэлчихээд дэлгүүр рүү орсон. Би машинд гадаа бараа оруулж байхад Е хэд хэдэн удаа У гэх эмэгтэйг дэлгүүрээс гаргаад байсан. Би тухайн үед юу болсон юм бол гээд хараад байж байтал У согтуу манай дэлгүүрт тооцоогоо хийхгүй архи авна гээд байсан. Е тухайн эмэгтэйд архи өгөхгүй гээд дэлгүүрээс гар гээд биеэрээ холдуултал У дэлгүүрийн үүдний босго руу уначихсан. Тэгээд Гэмтэл согог судлалын үндэсний төвд рүү хүргэж өгөөд духыг нь оёулсан...” /хх-н 18/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... О.У-ын биед баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, дух хамарт сорив /шарх/, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн 10390 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 38-39/ ба эдгээр баримтууд нь шүүгдэгч А.Е-ийг гэм буруутайг нотолно.

 

Шүүгдэгч А.Е-д холбогдох хэрэг хэдийгээр санаатай үйлдэгддэг гэмт хэрэг боловч гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Энэ байдал нь шүүгдэгч А.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн “... 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр би дэлгүүртээ худалдагчийн ажлаа хийж байхад 18 цагийн үед зүс таних, манай дэлгүүрээс архи авч уудаг 30 гаруй насны эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд эгчдээ нэг шил архи өгчих гээд мөнгийг нь өгөхгүй зүгээр өгчих, дараа нь мөнгийг нь өгчихье гээд байсан. Би дэлгүүрээс тэр эгчийг түлхээд 3 удаа гаргатал тэр эгч 4 дэх удаагаа орж ирэхээр нь би “гар” гэж уурлаад гараараа нуруу руу нь түлхтэл тэр эгч газар унасан. Тэр эгчийг босготол нүүр нь цус болчихсон байсан. Тэгээд би цусыг нь арчиж өгөөд Гэмтлийн эмнэлэг рүү дагуулж явсан” /хх-н 51-52/ гэсэн мэдүүлэг болон дээр дурдсан гэрч Ч.Б-ын мэдүүлэгт тусгагджээ.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б овогт А-ийн Е-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.Е-ийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 135/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 72/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 73/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч О.У “... би гоо сайхны хагалгааны мөнгө болох 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж /хх-н 26/, “… одоо надад гомдол санал байхгүй” гэж /хх-н 11/ тус тус мэдүүлж байжээ.

Харин шүүгдэгч А.Е “… би бэлэн мөнгө, архины мөнгө, эмчилгээний мөнгө гээд нийт 300.000 орчим төгрөг өгсөн” гэж мэдүүлсэн тул хохирогчид учирсан бодит хохирол төлөгдсөн гэж шүүх үзлээ.

Шүүхээс хохирогч О.У-д шүүх хуралдааны товыг мэдэгдэх гэсэн боловч түүнтэй холбоо барих боломжгүй байсан талаар шүүгчийн туслах тайлбарлаж байх бөгөөд хохирогчийн мэдүүлэгтээ дурдаж байсан хүсэлтийг нь харгалзан түүний нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүхээс шүүгдэгч А.Е-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч А.Е цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Шүүгдэгч А.Е шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Б овогт А-ийн Е-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Е-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч А.Е торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч А.Е цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

5. Шүүгдэгч А.Е хохирогч О.У-д 300.000 төгрөг өгсөн гэснийг дурдаж,

хохирогч О.У-ын нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Е-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ