| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00167/и |
| Дугаар | 443 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 443
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1 дүгээр 64 айлын 25 тоотод оршин суух, 1975 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ75022495, Батдэлэгийн Даваахүүгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1 дүгээр 64 айлын 36 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ74121719, Ургаа овогт Даваажавын Алдарт холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн алданги 18.156.660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваахүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ц.Амардаваагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Америк улсаас оруулж ирсэн 5ТFНW5F18СХ253898 тоот арлын дугаартай улаан өнгийн Тоуоtа Тundra маркын машиныг 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом иргэн Даваажавын Алдар гэгч хүнтэй гэрээ хийж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор зарсан, машины үлдэгдэл 13.000.000 төгрөг, түүний алданги гаргуулахаар Увс аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Тухайн үед нэхэмжлэл гаргахдаа миний бие 2015 оны 7 дугаар сарын 08-ны № 4550 дугаартай зээлийн гэрээний 2.7 дахь хэсэгт Анз: 3ээлдүүлэгч нь зээлийг эргүүлэж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэж заасны дагуу 13.000.000 төгрөгийн алданги 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийт 9 сар 20 хоногийг бодохдоо буруу бодож 628.340 төгрөгөөр нэхэмжилсэн байсан. Гэтэл хариуцагч Д.Алдар Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 662 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргахад миний бие алданги бодохдоо 0.5 хувиа хоног тутамд гэж бодох байтал сараар бодож нэхэмжилсэн байсныг мэдсэн юм. Алданги сар бүрээр тооцсон тооцоо: Алданги тооцох дүн 13.000.000 төгрөг, нэг өдрийн 13.000.000 х 0.5% = 65.000 төгрөг, сарын 65.000 х 30 хоног = 1.950.000 төгрөг, 9 сар х 1.950.000 төгрөг =17.550.000 төгрөг, 19 хоног х 65.000 төгрөг = 1.235. 000 төгрөг, нийт 9 сар 19 хоногийн хүү 18.785.000 төгрөг болж байна. Үүнээс анхан шатны шүүхээр буруу тооцож нэхэмжилсэн 628.340 төгрөгийг хасчтооцоход 18.156.660 төгрөг болж байна. Иймд буруу бодолтын улмаас үлдсэн алданги болох 18.156.660 төгрөгийг Д.Алдарааас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Алдар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие машин авах зорилготой 40.000.000 төгрөг бэлнээр байсан ба 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Батдэлэгийн Даваанямтай уулзахад Тоёота Тундра маркийн автомашиныг 100.000.000 төгрөгөөр зарах тухай ярилцсан ба надад бэлнээр 100.000.000 төгрөг байхгүй байсан учир яг одоо авах боломжгүй гэж тайлбарласан боловч Б.Давааням нь 40.000.000 төгрөгөө одоо бэлнээр өгөөд үлдэгдэл 50.000.000 төгрөгийг дараа өгөх, 10.000.000 төгрөгт нь тоосго авахаар тохиролцсон. Энэхүү тохиролцоогоо гэрээгээр баталгаажуулах хэрэгтэй гэж 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээ-г дээрх гэрээг халхавчлах, худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхтэй холбоотойгоор Ц.Амардаваагаас 60.000.000 төгрөгийг зээлсэн мэтээр гэрээг байгуулсан. Тухайн гэрээг байгуулахад иргэн миний бие машины үнэ болох 100.000.000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 60.000.000 төгрөгийн 50.000.000 төгрөгийг мөнгөөр, 10.000.000 төгрөгийг тоосго өгөхөөр тохирсон гэж ойлгож байсан ба гэрээний дагуу зээлсэн мөнгөө төлөөгүй тохиолдолд алданги болон хүү тооцох талаар тохиролцоогүй ба одоогийн байдлаар мөнгөөр гүйцэтгэж төлөх ёстой мөнгийг бүрэн төлж барагдуулсан ба 10.000.000 төгрөгт нь тоосго өгөхөд бэлэн байхад үүнийг нэхэмжлэгчээс хүлээн зөвшөөрөхгүйгээр шууд алданги төлөх ёстой, бэлнээр мөнгө өгөх ёстой гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж өөр хэлцлийг халхавчлах, намайг хууран мэхлэх, ноцтой төөрөгдөлд оруулах замаар дээрх гэрээг хийсэн ба энэхүү гэрээг үндэслэн их хэмжээний алданги нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Миний хувьд 100.000.000 төгрөгөөр авто машин худалдаж авах хүсэл сонирхолтой байсан ба мөнгөө төлөх үүргийн хувьд нөгөө талын санал болгосны дагуу тодорхой хугацааны хувьд хүү, алдангигүйгээр төлөх, 10.000.000 төгрөгийн үнэ бүхий тоосгыг нийлүүлэх тэрхүү хүсэл зоригтой байсан ба түүнээс бус дээрх гэрээний дагуу алданги төлөх, бэлнээр 10.000.000 төгрөгийг төлөх тэрхүү гэрээний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй байсан. Хариуцагч тал ч гэсэн энэ байдлыг мэдэж байсан атлаа намайг гэрээнд гарын үсэг зурсан гэдэг шалтгаанаар үндэслэлгүйгээр хууль бусаар их хэмжээний алданги нэхэмжилж байгаа нь иргэн намайг хохироож, хууль бус гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй юм. Өнөөдрийн байдлаар машин худалдах, худалдан авах гэрээний дагуу үүргийн ихэнх хэсэг биелэгдсэн 10.000.000 төгрөгт тэнцэх хэмжээний тоосгыг тохирсон ёсоор өгөхөд бэлэн байхад өөрсдөө хугацаа авч хууль бус гэрээг үндэслэн их хэмжээгээр хохирсон мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь ямар ч үндэслэлгүй ба уг гэрээг хүчин төгөлдөр эсэхийг эцсийн байдлаар шийдвэрлээгүй байхад шүүхийг шийдсэн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваахүү нь хариуцагч Д.Алдарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн алданги 18.156.660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь Гэрээний дагуу зээлсэн мөнгөө төлөөгүй тохиолдолд алданги болон хүү тооцох талаар тохиролцоогүй ба одоогийн байдлаар мөнгөөр гүйцэтгэж төлөх ёстой мөнгийг бүрэн төлж барагдуулсан ба 10.000.000 төгрөгт нь тоосго өгөхөд бэлэн байхад үүнийг нэхэмжлэгчээс хүлээн зөвшөөрөхгүйгээр шууд алданги төлөх ёстой, бэлнээр мөнгө өгөх ёстой гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж өөр хэлцлийг халхавчлах, намайг хууран мэхлэх, ноцтой төөрөгдөлд оруулах замаар дээрх гэрээг хийсэн ба энэхүү гэрээг үндэслэн их хэмжээний алданги нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Ц.Амардаваа нь хариуцагч Д.Алдарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 10.000.000 төгрөг, алданги 628,340 төгрөг, нийт 10.628.340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 662 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваахүү нэхэмжлэлд алданги дутуу тооцсоныг нэмэгдүүлэн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах тухай тайлбар гаргасныг тус шүүх нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, хариуцагчид нэмэгдүүлэн гаргасан шаардлагыг танилцуулах, нотлох баримт гаргаж мэлгэлцэх эрхийг хангаагүй тул дүгнэлт хийх боломжгүй байна хэмээн дүгнэсэн байна.
Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваахүү худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн алданги 18.156.660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан шүүхэд ирүүлжээ.
Хэрэгт авагдсан 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 4550 тоот зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Ц.Амардаваа нь хариуцагч Д.Алдарт 2012 онд үйлдвэрлэгдсэн, 5TFHW5F18CX253898 арлын дугаартай, 00-90 УВХ улсын дугаартай Тоёота Тундра /Toyota Tundra/ маркийн автомашиныг худалдах, хариуцагч Д.Алдар нь уг автомашины үлдэгдэл төлбөр 60.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Амардаваад 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөх, хугацаандаа гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна.
Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Зээлийн гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь нэхэмжлэгчид хэлэлцэн тохирсон үнийн тодорхой хувийг төлсөн, худалдан авсан хөрөнгөө хүлээн авсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдах авах гэрээний харилцаа үүсчээ.
Иймд уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн зээлийн гэрээг өөр хэлцлийг халхавчлах, намайг хууран мэхлэх, ноцтой төөрөгдөлд оруулах замаар хийсэн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Талууд гэрээний 2.7-д зааснаар Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэж тохиролцсон байх тул хариуцагчийн гэрээний дагуу зээлсэн мөнгөө төлөөгүй тохиолдолд алданги болон хүү тооцох талаар тохиролцоогүй гэх тайлбар няцаагдаж байна.
Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 13.000.000 төгрөгөөс гэрээнд заасан 0,5 хувиар алдангийг тооцоход хоногт 65.000 төгрөгийн алданги тооцогдож байх ба автомашины төлбөрийг төлөх ёстой байсан 2016 оны 11 дүгээрсарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх нийт 9 сар 18хоногийн хугацаанд нийт 18.720.000 төгрөгийн алданги тооцогдож байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байх тул 13.000.000 төгрөгийн 50 хувь буюу алдангид 6.500.000 төгрөг гэж тооцох нь үндэслэлтэй.
Алданги 6.500.000 төгрөгөөс Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 662 дугаар шийдвэрээр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн алданги 628.340 төгрөгийг хасч үлдэгдэл 5.871.660 төгрөгийг хариуцагч Д.Алдараас гаргуулж Ц.Амардаваад олгох нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Д.Алдараас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн алданги 5.871.660 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Амардаваад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.285.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Д.Алдар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг шүүхэд гаргасан боловч татгалзлын үндэслэлээ нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотойбаримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваахүү нь шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд, хариуцагч Д.Алдарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248.733 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Алдараас нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 5.871.660 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 108.897 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Амардаваад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Д.Алдараас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн алданги 5.871.660 /таван сая найман зуун далан нэгэн мянга зургаан зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Амардаваад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.285.000 /арван хоёр сая хоёр зуун наян таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид 248.733 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Алдараас 108.897 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Амардаваад олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ