Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/502

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул,

улсын яллагч: Т.Төмөртулга,

шүүгдэгч: Э.Ч /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Ч-д холбогдох эрүүгийн 22000000000 тоот хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                            

              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Э-ын Ч /РД:00000000/,

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр *** аймгийн ******** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, Биеийн тамирын багш мэргэжилтэй, “...........” ХХК-нд туслах ажилтан ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт *** аймгийн *****сумын 0 дугаар баг, Х ц хороо-0 гудамж, 0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 000 тоотодд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

 Шүүгдэгч Э.Ч нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0-р байр, 0-р орц, 0 тоотод хамтран амьдрагч Б.Х-тай хүүхэд харахгүй гэх шалтгааны улмаас болж маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь баруун хацар, баруун хөхлөг сэртэн, дээд урууланд цус хуралт, буйланд няцарсан шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Э.Ч нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0-р байр, 0-р орц, 0 тоотод хамтран амьдрагч Б.Х-тай хүүхэд харахгүй гэх шалтгааны улмаас болж маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүр рүү нь цохин зодож эрүүл мэндэд нь “баруун хацар, баруун хөхлөг сэртэн, дээд урууланд цус хуралт, буйланд няцарсан шарх, хүзүүнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5-р хуудас/,

-Аюулын зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 19-20-р хуудас/,

-Гэр бүлийн нөхцөл байдпын үнэлгээ /хавтаст хэргийн 21-23-р хуудас/,

-Хохирогч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр би 07 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр байрны 225 тоот гэртээ нөхөр хүүхдийнхээ хамт байж байсан ба би унтаж байгаад сэрээд хувцсаа өмсөөд тухайн өдөр би Жюүжицү бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд шүүгчээр ажиллах байсан ба нөхөртөө “би явлаа гэхэд нөхөр Ч “чамайг явчихаар хүүхэд хэн харах юм, би одоо бол хүүхэд харахгүй шүү, чи хүүхэд харуулах хүнээ олчихоод яваарай" гэж хэлэхээр нь би хариуд нь “чи ямар сонин юм бэ, би ганцаараа хүүхэдтэй болоогүй, хоёулаа л хүүхэдтэй болсон биздээ, тэмцээн эрт дуусах байх, чи хүүхдээ харж бай гэхэд нөхөр маань “би хүүхэд харахгүй” гээд байсан, бас өмнөх орой нь би маргааш ажилтай шүү гэж нөхөртөө хэлэхэд нөхөр юм хэлэхгүй байсан.Тэгээд бид хоёр дээрх асуудлаас болоод маргалдаж байх явцад нөхөр над руу дэр аваад шидэхэд уг дэр нь миний толгойн дээр оносон. Тэгэхээр нь би “чи яасан сонин юм” гэж хэлчихээд өөр зүйл хэлээгүй, тэгтэл нөхөр дахиад над руу дэр шидээд тэр дэр нь миний нүүрний хэсэгт онохоор нь миний уур хүрээд би “ёо” гэж орилоод уйлсан.Тэр үед нөхөр над руу ойртож “чи одоо яасан гэж уйлдаг юм чимээгүй бол” гээд гараараа миний амыг дараад бас шилэн хүзүүн дээр гараараа дараад шилэн хүзүүг гараараа чанга базаж байгаад нүүр рүү гараараа 2,3 удаа цохиод толгойны ар дагзны хэсэг рүү мөн гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг автаст хэргийн 30-31-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Б.Ц-гийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:

1.“…Б.Х-ийн биед баруун хацар, баруун хөхлөг сэртэн, дээд урууланд цус хуралт, буйланд няцарсан шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь шарх, цус хуралт нь мохоо зүйлийн цохих, зулгаралт нь үрэгдэх, шүргэгдэх үйлчлэлийн олон удаагийн үйлдлээр үүссэн байна.

3. Дээрх гэмтэл нь 3-4 хоногийн өмнө үүссэн байна.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-40-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 Шүүгдэгч Э.Ч-ын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 07 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр байрны 225 тоот гэртээ эхнэр хүүхдийнхээ хамт унтаж байгаад сэрэхэд эхнэр “тэмцээн шүүхээр явлаа” гэхээр нь би хариуд нь “би өдөр гадуур гарах ажилтай, чи өөрөө хүүхдээ харах хүн олчихоод явчих” гэж хэлсэн. Тэгсэн чинь эхнэр “би ганцаараа хүүхэд төрүүлчихсэн юм шиг байна” гээд уурлаад хашхираад байсан. Тэгэхээр нь би эхнэрт “би унтмаар байна дуугүй бай” гэж хэлээд эхнэр рүү дэр аваад шидэхэд уг дэр эхнэрийг оноогүй ба эхнэр дуугүй болохгүй үглээд байхаар нь би дахин нэг дэр аваад эхнэр рүү шидэхэд уг дэр эхнэрийн нүүрнийх нь хэсэг рүү оносон. Тэгсэн чинь эхнэр “би явлаа, чи ер нь юу юм” гээд орилоод байхаар нь би эхнэр рүү ойртож очоод чимээгүй бололдоо гэхэд эхнэр улам чанга орилоод энэ үед хүүхэд цочиж сэрээд уйлахаар нь би эхнэрийг “хүүхэд цочоогоод уйлуулчихлаа” гэж хэлээд нүүр рүү нь гараараа нэг удаа алгадаад эхнэр чимээгүй болохгүй улам чанга орилоод байхаар нь би эхнэрийг дахин “чимээгүй бололдоо” гэж хэлээд дахин эхнэрийн нүүр рүү нь гараараа нэг удаа алгадсан. Тэгтэл эхнэр “ээжийг дуудна” гээд гар утсаа авахаар нь би эхнэрийг зүгээр унт гэж хэлээд шилэн хүзүүн дээрээс нь гараараа базаж барьж хүзүүнээс нь татаад ор руу хэвтүүлсэн. Энэ үед эхнэр чимээгүй болохгүй уйлаад хэрүүл нэхээд байхаар нь би дуугүй бололдоо гэж хэлээд эхнэрийн амыг нь гараараа дарсан. Удалгүй би эхнэрийн амыг нь гараараа дарахаа болиод хэсэг хугацааны дараа эхнэр чимээгүй болоод бид хоёр орон дээрээ хэсэг хэвтсэн. Тэгээд эхнэр бид хоёр тухайн өдрөө хамт гэртээ өнжсөн ба энэ хугацаанд бид хоёр дахин маргааны асуудал гаргаагүй, би эхнэрээсээ уучлалт гуйгаад бид хоёр эвлэрсэн байсан...” гэж /хавтаст хэргийн 54-55-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын хувьд иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 58-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 59-р хуудас/, ........ ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 60-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 61-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 62-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хавтаст хэргийн 67-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Ч нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Б.Ц 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Х-ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон, “хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч Б.Х-ийн нүүрэн тус газар нь цохиж байгаа нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.

Мөн түүнчлэн шүүгдэгчийн, гэр бүлийн хамаарал бүхий эхнэрийнхээ эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргаж байгаа нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.1."гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан /3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна: 3.1.1.эхнэр…хамтран амьдрагч.../ этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэж заасанд хамаарч байна.

Иймд Э.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй бөгөөд прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирч байх тул уг зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Х нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.Ч-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Э.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлттэй шүүгдэгч Э.Ч нь мэтгэлцээгүй буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.  

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Э.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт /..........” ХХК-нд туслах ажилтан/-ийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

 Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Ч нь торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт Э-ын Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Э.Ч-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

 

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.УРАНГУА