Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/288

 

 

 

 

 

 

 

 

     2022       4             18                                      2022/ШЦТ/288

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтлөн

улсын яллагч Г.Намжил

шүүгдэгч К.С, түүний өмгөөлөгч Э.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205000000613 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 4 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *** оны * дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин, чанар шалгагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт байдаг гэх, ам бүл 6; хүү, бэр, ач нарын хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Дэнжийн 20 дугаар гудамж, ** тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, *** дугаарын регистртэй,

Б овогт К-н С

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч К.С 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр, 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр буюу үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “***”-т зохион байгуулагдаж байсан “Цагаан сар-2022” үзэсгэлэн худалдааны үеэр хохирогч П.С-ийн худалдаж байсан эд зүйлсээс 2 ширхэг гартаам хөөргийг хулгайлж, түүнд 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч К.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би хөөрөг хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ийм зүйл хийж болохгүй гэдгийг маш сайн ухаарч ойлгосон. Хулгайлж авсан 2 ширхэг хөөргөө буцааж өгсөн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч П.С “... 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хойш **-т зохион байгуулагдсан Цагаан сар-2022 үзэсгэлэн худалдаанд би өөрийн нагац эгч Авирмэдийн хийдэг хөөргүүдийг зарж борлуулж байсан бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр миний зарж байсан лангуунаас 1 ширхэг гартаам хөөрөг алдагдсан. Тухайн үед би цагдаа дуудаж мэдэгдээгүй бөгөөд дараа нь хяналтын камер шүүгээд үзчихье гэж бодсон. Гэтэл 2021 оны 1 дүгээр сарын 14-ны өдрийн 14 цагийн үед лангуунаасаа дахин хөөрөг алдсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд хяналтын камер шүүж үзтэл хар малгай, богино туулайн шуба, хар өнгийн гутал өмсөж, хар өнгийн торон цүнх барьсан хүн манай лангуунаас хөөрөг хулгайлсан байсан/хх-н 9-10/ гэж мэдүүлсэн байна.

 

“Хулгайлах” гэмт хэргийн обьектив тал нь бусдын эд хөрөнгийг нууцаар авсан байх, хүч хэрэглээгүй байх, энэ үйлдэл нь хууль бус байхыг шаарддаг.

Хохирогч П.С өөрийн зарж борлуулж байсан эд зүйлээ алдсан талаарх гомдлоо цагдаагийн байгууллагад гаргаснаар /хх-н 4/ уг гэмт хэргийг шалгах явцад хэрэг хэрхэн үйлдэгдсэн, хэн үйлдсэн үйл баримт хяналтын камерийн бичлэгт бичигджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч К.С “... би Улаанбаатар палас дотор ажиллаж байсан Цагаан сарын үзэсгэлэн худалдааны төвд оймс ойр зуурын юм худалдаж аваад явж байтал хөөрөг зарж байсан лангууны хүн цаашаа харахаар нь 2 ширхэг цэнхэр саарал өнгийн хөөргийг хулгайлж аваад өмсөж явсан куртикнийхээ халаасанд хийгээд явсан. Би 2 хөөргийг авсан даруйдаа Мөнгөн завьяа дэлгүүр дээр очоод хөөрөг зардаг эмэгтэй хүнд 1 ширхэгийг нь 25.000 төгрөгөөр 2 ширхэг хөөргийг нийт 50.000 төгрөгөөр зарсан. Буруу зүйл хийснээ ойлгож байгаа. Энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн нь /хх-н 41-42/ дээр дурдсан хяналтын камерын бичлэг, (уг хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл) /хх-н 27-30/-тэй тохирч байна.

 

Хулгайлах гэмт хэргийн халдлагын эд зүйл болох гартаам чулуугаар хийгдсэн гэх 2 ширхэг хөөргийг хөрөнгө үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК үнэлээд “нэгжийн үнэ 350.000 төгрөг, нийт 700.000 төгрөг” үнэлжээ. /хх-н 23/

 

Хохирол төлбөрийн хувьд:

Гартаам чулуугаар хийгдсэн хөөргийг хураан авсан, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай баримт хавтаст хэрэгт авагдсан, үүнд: Эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэлд “хохирогч П.С-д 1 ширхэг саарал алаг өнгөттэй дунд гарын гартааман хөөрөг /халбагагүй/, 1 ширхэг саарал алаг өнгөтэй дунд гарын гартааман хөөрөг хүлээлгэн өгөв” /хх-н 32/ гэсэн байх тул шүүгдэгч К.С-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б овогт К.С-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж үндэслэлтэй.

 

Шүүгдэгч К.С-ы хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 51/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-н 49/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 50/, цагдаагийн АСАП сангийн лавлагаа /хх-н 52-53/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 283 дугаартай дүгнэлт /хх-н 56-58/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөр үйлчлүүлсэн мэдээлэл /хх-н 60/, өвчний түүх /хх-н 61-64/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-н 65/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхаас гадна шүүгдэгч К.С “... би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хулгайлсан эд зүйлээ буцаан өгсөн. ... анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал болон хувийн байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” /хх-ийн 69/ гэх хүсэлт гаргасан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэсэн зохицуулалт нь шүүгдэгчийн гаргасан дээрх хүсэлт болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч К.С-д оногдуулах ялын төрөлд /хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх/ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

Шүүгдэгч К.С цаашид өөрийн хувийн байдалдаа анхаарвал зохино.

 

Шүүгдэгч К.С цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг CD хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б “... гэм буруугийн талаар маргахгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, саналыг дэмжиж байна” гэсэн тайлбар хэлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт К-н С-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч К.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд шүүгдэгч К.С-д зан үйлээ засах, ... үүргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

оршин суух газар, ..., зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тус тус хүлээлгэсүгэй.

 

4. Шүүгдэгч К.С шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч К.С цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар тооцож шүүхэд ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл К.С-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ