Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/433

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Э.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Э-ын О-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108029180315 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... гудамж ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э-ын О (РД:...),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоот гэртээ эхнэр Б.У-ыг бусадтай хардсаны улмаас нүүр толгойн тус газарт гараараа цохих, хөлөөрөө хөл рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Б.У-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11903 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал), шүүгдэгч Э.О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 90 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 100 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 101 дэх тал), байнга оршин суух хаягийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 102 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 103 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хавтаст хэргийн 106-111 дэх тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 114-126 дахь тал), шүүгдэгч Э.О-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 96 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоот гэртээ эхнэр Б.У-ыгаа бусадтай хардсаны улмаас зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь: 

1. Хохирогч Б.У-ын: “...2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ байхад нөхөр О миний бие өвдөөд байна, архи уухгүй бол болохгүй нь гээд 1 шил архи ганцаараа гэртээ уучихсан. Тэгээд би 20 цаг 30 минутад гадаа ажлаа дуусгаад гэртээ орж хоол хийж дуусгаад аягалаад байж байсан чинь нөхөр зурагт үзэж байгаад гэнэт босож ирээд “чи ер нь намайг яаж амьдруулсан хүн бэ” гэж хэлэхээр нь би үг дуугарахгүй байсан чинь “чиний наад хэл ам чинь татчихсан юм уу” гэж хэлээд шууд нүүр лүү /нүд рүү байх/ гараараа цохихоор нь би цааш нь түлхсэн. Тэгсэн хойшоо хэд алхаад буцаж алхаж уурлангуутаа шууд миний хөмсөг рүү цохиход нь хөмсөгнөөс цус гараад би газар суусан. Тэгсэн чинь намайг дээшээ заамдаж татаж босгож зогсоогоод нүүр, толгой руу 2-3 удаа цохиод, хөлөөрөө миний шилбэ рүү өшиглөөд байсан. Тэгээд гараа тавихаар нь би гэрээс зугтаж гараад гүйсэн чинь хойноос муухай орилоод байхаар нь хүүхдүүддээ санаа зовоод буцаж орсон. Гэрт ороход бас л өөдөөс цохих гэж дайраад байхаар нь гэрээ тойроод зугтаад байсан чинь дээлийн хормойндоо орооцолдоход намайг бариад авсан. Тэгээд миний эрүү рүү цохиход нь эрүүнээс цус гараад би газар суусан. Тэгэхэд хүүхдүүд уйлаад, би орилоход гэнэт холдож зай аваад суусан. Тэгээд би маргааш нь толгой өвдөөд, нүүр, нүдгүй болчихсон байдалтай Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Манай нөхөр миний бөөр лүү цохиж байгаагүй, үхэр хөтлөөд явж байхад эврээрээ бөөрний хэсэг рүү их хүчтэй мөргөснөөс  гэмтэл учирсан, түүнээс манай нөхөр учруулсан зүйл байхгүй..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11903 дугаартай:

“...Б.У-ын биед их тархины зулайн дэлбэнгийн эдийн дотор голомтлог цусан хураа (1.3х1.2х1.1см хэмжээтэй, +48HU нягтралтай), зүүн хөмсөг, эрүүнд шарх, зүүн нүд, хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний арьсан доорх цусан хураа (1.8х1.3см), баруун шилбэнд цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

3. Шүүгдэгч Э.О-ын яллагдагчаар өгсөн: “...Би гэмтлийг бүгдийг нь учруулсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, шүүгдэгч Э.О, хохирогч Б.У нар нь албан ёсны гэр бүл болох нь гэрлэлт бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 105 дахь тал)-аар тогтоогдсон, шүүгдэгч Э.О нь өөрийгөө гэр бүлийн хүрээнд бусдаас давуу эрх эдлэх эрхтэй хэмээн ойлгож, эхнэр Б.У-аас өө хайж, шалтаг шалтгаангүйгээр хэрүүл өдөж, нүүр толгой, хэвлий, гуя зэрэг дайралдсан газар бүртээ цохиж зодсоны улмаас хохирогчид гэмтэл шарх учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, түүний энэхүү үйлдэл нь сэтгэлзүйн болон бие махбодын хүчирхийллийн шинжтэйгээр үйлдэгдсэн байна.

Иймээс шүүгдэгч Э.О-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

Харин 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн  92 дугаартай шинжилгээний 2,3,4-т заасан гэмтэл нь шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалж үүссэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон гэж үзэх үндэслэлтэй,  улмаар энэ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. (хавтаст хэргийн 69-73 дахь тал)

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Э.О-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулах тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ял дээр тайлбар байхгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Э.О-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Э.О-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэгдэх болсон шалтгаан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ зэргийг харгалзсанаас гадна тэр бээр хохирогчид төлөх төлбөргүй, хувийн байдлын хувьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хохирогч, шүүгдэгч нар нь нийлж олон тооны мал малладаг, 1 хүн дангаар ажиллуулах боломж бололцоо муу, шүүгдэгчид прокуророос санал болгосон ялыг оногдуулах тохиолдолд ар гэрийн ажлын ачаалал нь хохирогчид дарамт болохоор  байх тул прокуророос санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зохимжгүй гэж үзсэн, харин  шүүгдэгч Э.О нь малын ашиг шимийг бусдад зарж борлуулан тодорхой орлого олдог баримт хэрэгт авагдсан байх тул энэ байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Э.О нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-ад 1200 (нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-ад оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.О-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.АЛТАНЦЭЦЭГ