Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1034

 

 

      Ө.Г-т холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                

прокурор Р.Машлай,

шүүгдэгч Ө.Г-, түүний өмгөөлөгч С.Батзаяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А-,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

          Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Г-, түүний өмгөөлөгч С.Батзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ө.Г-т холбогдох эрүүгийн 1707002290021 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            .... овгийн Ө.Г, 19.. оны .. дугаар сарын ...-ний өдөр ... аймгийн ...... суманд төрсөн, ... настай, ......, ........ боловсролтой, ........, хэрэг үйлдэх үедээ ............... ажилтай байсан, ам бүл ....,  ..., .... хамт .... дүүргийн .... дүгээр хороо, ........ тоотод оршин суух, /РД:............/;

 

            Ө.Г- нь 2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр ........ дүүргийн .... дүгээр хороо, ............ тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан үедээ өөрийн эхнэр П.М-тэй “архи уулаа” гэж маргалдан, улмаар хутга шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 1-нд шилжих шөнө ....... дүүргийн ......дүгээр хороо, ............. тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан үедээ өөрийн эхнэр П.М-г “архи уулаа, цагдаад барьж өглөө” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцаа үүсгэн зодож, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт шалгагдаж байх үедээ дахин зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

            2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 1-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан үедээ ...... дүүргийн ... дүгээр хороо, ......... тоот гэртээ, иргэн Т.Г-г эхнэр П.М-г зодож байхад нь салгах гэхэд маргалдаж, улмаар гэрийн унь модоор зодож алсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

            Налайх дүүргийн прокурорын газраас: Ө.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ... овгийн Ө.Г-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ө.Г-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар 12 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Ө.Г-т оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт 12 жил 6 сар хорих ялаар тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Г-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Г-ын 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 340 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн богино гадуур хүрэм 1 ширхэг, ханцуйндаа оруулгатай хөх өнгийн цамц 1 ширхэг, саарал цамц 1 ширхэг, ногоон өнгийн задгай энгэртэй ноосон цамц 1 ширхэг, богино ханцуйтай саарал өнгийн цамц 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, судалтай бараан өнгийн дотоож 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 хос, саарал өнгийн пүүзэн гутал 1 хос, чулуу, өвс, чихрийн цаас тус бүр 1 ширхэг, гэрийн унь модны хугархай хэсэг 3 ширхэг, ногоон өнгийн заазуур 1 ширхэг, яллагдагчийн 10 ширхэг хумс зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г-аас 7.862.640 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А-д олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ө.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие архи ууж, согтуу үедээ уг хэргийн хохирогч Т.Г маргалдаж, харилцан зодолдох үедээ хүнд гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа. Гэвч хүний эрдэнэт амь нас эрсдээд байгаа хэдий ч хэргийн шинжээч эмч болох Ч.Эрхэмболорын 2018 оны 1 дүгээр сарын 31-нд өгсөн мэдүүлэгтээ “талийгаач Т.Г-н цогцост тархи болон биед хүнд гэмтэл, мөн хөнгөн гэмтэл илэрлээ, бас 3-5 хоногийн өмнө үүссэн гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаачид учирсан гэмтлүүд нь амьд ахуй үед үүсчээ. Талийгаач нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгож нас баржээ. Талийгаачид шинжилгээгээр цусанд 4.0 промиль спиртийн агууламж илэрсэн ба нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь нойр булчирхайн архаг өвчтэй байна. Талийгаачид эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой байсан. Талийгаачийн хувьд хүнд зэргийн согтолттой байгаа нь ухамсарт үйл хөдлөл хийхэд нь эсрэгээр нөлөөлж удааширсан байж болно” гэсэн байдаг. Иймд уг шинжээчийн дүгнэлтийг зохих хэмжээнд нь харьцуулж өгнө үү. Мөн миний хувийн амьдрал, гэр бүлийн маань хувьд маш хүнд нөхцөлд ороод байна. Эхнэр П.М бид хоёр албан ёсны батлахтай гэр бүл юм. Эхнэр маань надтай суухдаа гурван хүүхэдтэй байсан. Том хүү маань эхнэрийн дүү арван дөрвөн жил хэвтэрт байгаа хүнийг асардаг. Дунд хүү маань 2005 онд аваарт ороод эрүү, тагнай нь хугарч, тархиндаа хүнд гэмтэл авсан тул ажил хийх чадваргүй болсон. Охидууд маань 3-10 дугаар ангид сурч байна. Би хохирогч Т.А-д хохирол болох 7.862.640 төгрөгийг ямар нэгэн байдлаар тодорхой цаг хугацаанд төлж барагдуулна гэдгээ бичгээр илэрхийлсэн. Би ийм юм болно чинээ санаагүйдээ л маш том алдаа гаргаж, гадаа үлдээсэндээ, мөн хүний эрдэнэт амь үгүй болсонд маш ихээр харамсаж байна. Иймд миний энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж, тохирох хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ө.Г-ын өмгөөлөгч С.Батзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ө.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсоныг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжид гэмт хэрэгтэн хүний амь насыг шууд санаатайгаар хохироосон үйлдэл хийсэн, үйлдлийн шууд үр дагавраар амь нас хохирсон байхыг шаардана.

Ө.Г- талийгаач Т.Г биед амьд ахуйд нь хүнд зэргийн гэмтэл учруулсан бөгөөд Т.Г нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгож нас барсан болох нь шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 75 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.Г- нь онц харгис хэрцгий авирлан, хохирогч Т.Г-г зодоход талийгаач нь ухрах үедээ амь насанд аюултай их тархины баруун тал бөмбөлгийн дагзны дэлбээний суурь хэсэг зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, зүүн бөөрний ар гадаргуу дахь ялзрал, өөхөн эд дэх цус харвалт зэрэг олон тооны хөнгөн болон хүнд зэргийн гэмтэл авсан нь цаашид идэвхтэй ямар нэг хөдөлгөөн хийх боломжгүй байдалд хүргэж, амь нас нь хохирох бодит хор уршиг буй болох цаг хугацааны шалтгаант холбоог үүсгэж байх тул шүүгдэгч Ө.Г- нь Т.Г-г санаатай алсан гэж үзлээ хэмээн дүгнэсэн.

Талийгаач Т.Г нь хүнд гэмтлийн шалтгаантайгаар биеэ удирдан жолоодож чадахгүй, улмаар осгож нас барсан гэж дүгнэх юм бол Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг болно.

Нөгөө талаас талийгаач Г.Г, Ө.Г- нар харилцан зодолдсон, талийгаач тархи толгой, бөөрөнд учирсан гэмтлээс бусад гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанаас өмнө үүссэн, талийгаачийг униар цохиж зодсон гэдэг нь бүрэн нотлогддоггүй.

Үүнд, “Талийгаачийг унь модоор цохиж зодсон” гэж мэдүүлэг өгсөн насанд хүрээгүй гэрч Г.Ү-ийг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 2-т “арван найман насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахдаа түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл төрөл садангийн хүн, сурган хүмүүжүүлэгчийг оролцуулах бөгөөд тэдэнд эрх, үүргийг тайлбарлан өгч, энэ тухай тэмдэглэлд тусгана” гэснийг зөрчсөн. Хуулийн энэ заалтаар “хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүй бол төрөл, садангийн хүн, сурган хүмүүжүүлэгчийг аль алиныг нь оролцуулж, тэдэнд эрх, үүргийг нь тайлбарлан өгч, тэмдэглэлд тусгана” гэж заасан байна. Харин насанд хүрээгүй гэрч Г.Ү-ийн мэдүүлгийг авахдаа сурган хүмүүжүүлэгч оролцуулаагүй.

Дээрх нөхцөл байдлуудаас Ө.Г- нь талийгаачийг онц харгис хэрцгий авирлан зодож алсан гэж дүгнэх үндэслэлгүй юм. Иймд Ө.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан гэмт хэрэг тул зүйлчлэлд өөрчлөлт оруулан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлж, гэмшиж байгаа, бага насны 2 хүүхэдтэй, ар гэрийн ахуй амьдрал хүнд зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Р.Машлай шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг сонслоо. Тухайн хэргийг анх шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодож хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч шүүх гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх тусдаа бие даасан гэмт хэргийн шинж байна уу, энэ талаар шалга гэсний дагуу дахин мэдүүлэг авахад урьд нь шүүгдэгч өөрийн эхнэр М-ийг удаа дараа зодож байсан нь тогтоогдсон. Гэр бүлийн хүчирхийлэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас өөр хорих ялын санкцтай тул эрсдэлийн үнэлгээ зэргийг гаргуулж хэрэгт хавсаргасан. Ингээд шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан байна гэж тогтоогоод тус зүйл, хэсгээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хувьд, шүүгдэгчийн үйлдэл нь талийгаачийн үхэлтэй шууд шалтгаант холбоотой байгаа тул энэ зүйл, хэсэг нь тохирсон гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай нөхөр өнгөрөөд 1 жил гаран хугацаа болж байна. Гэтэл ар гэрийн хүмүүс нь нэг ч удаа уулзаагүй. Мөн хохирол төлбөр, оршуулгын зардлыг төлөөгүй байгаа. Улсын яллагч анхан шатны шүүхэд хүүхдээс мэдүүлэг авсан талаар хэлсэн. Хүүхэд худлаа ярина гэж байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд талийгаачийг гаргаад хаячихсан мэтээр ярьж байсан. Үүнд гомдолтой байгаа” гэв.            

 

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:  

 

Шүүгдэгч Ө.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шаардлагыг тус тус хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас үзэв. 

 

1. Прокуророос шүүгдэгч Ө.Г-ын хохирогч П.М-ийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргийн цаг хугацааг “2014 оноос эхлэн 2017 оны 8 дугаар сарын дунд үе хүртэл, 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө, 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр” гэж тус тус тодорхойлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ “2017 оны 8 дугаар сар, 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө” гэж зөрүүтэй дүгнэсэн байна.

 

Хэрэв шүүх тухайн гэмт хэргийн үйлдэгдсэн цаг хугацааг нотлох баримтад үндэслэн зөвтгөж байгаа бол энэ талаарх зохих дүгнэлт хийгээгүйгээс гадна дээрх хоёр зүйлчлэлийг нэг болгон өөрчилж шийдвэрлээгүй атлаа нэг зүйлчлэлийг орхиж, нөгөө зүйл, хэсгээр ял шийтгэсэн нь ойлгомжгүй болжээ.

 

Энэ нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтын “...гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа...”, 2.4 дэх заалтын “...шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт”, 2.5 дахь заалтын “...шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйгэсэн үндэслэл...” зэргийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.    

 

2. Түүнчлэн 1 дүгээр хавтаст хэргийн 88, 243 дугаар талуудад, П.М-ийн биед хөнгөн гэмтэл учирсныг шинжээч эмч тогтоосон, дээрх гэмтлүүдийг Ө.Г- зодож учруулсан талаар хохирогч мэдүүлсэн байхад энэ үйл явдал /факт/-ыг Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр зүйлчлэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн шинжид хамааруулж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл юм.

 

Яагаад гэвэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд гэмтэл учруулсан байхыг шаардаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсний дагуу шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн тохирох хэсгийг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн тохирох хэсэгтэй нийлмэл гэмт хэргээр зүйлчлэх шаардлагатай.

 

3. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Ө.Г- нь хохирогч Б.Г-г зодож биед нь хүнд гэмтэл учруулсан, улмаар хохирогч осгож нас барсан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл болон мөн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг зүйлчлэх асуудал дээр анхаарвал зохино.

 

Дээрх дурьдсан нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгээр зөвтгөн шийдвэрлэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Шүүхийн шийдвэрийг дээрх үндэслэлээр хүчингүй болгож байгаа тул давж заалдсан гомдолд энэ удаагийн шүүх хуралдаанаар дүгнэлт хийгээгүй болохыг дурьдах нь зүйтэй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ө.Г-т холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх хүртэл шүүгдэгч Ө.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

            ШҮҮГЧИД                                                      Л.ДАРЬСҮРЭН

 

                                                                                    Б.ЗОРИГ