Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 0141

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар         128/ШШ2020/0141

Улаанбаатар хот

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ерөнхий шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шөхтгт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: Шөхтг, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын XI байр

Нэхэмжлэлийн шаардлага: “Ю" ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IРТV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоох шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,  телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IРТV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжийг хуульд заасан журмын дагуу тогтоохыг хариуцагчид даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Х, Б.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М" ХХК нь Монгол улсын нутаг дэвсгэрт телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх бүхий аж ахуй нэгж бөгөөд өөрийн “М HD” сувгийг Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчидийн сүлжээгээр дамжуулан нийт хэрэглэгч, үзэгчидэд хүргэдэг. Мөн “М ХХК нь ”Ю’, ХХК-тай байгуулсан 2018 оны 6 сарын 15-ны өдрийн № Соlpin 18/8131 тоот Хамтран ажиллах гэрээ, “Байгууллагын гурвалсан үйлчилгээ”-ний нөхцлийн дагуу Телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IРТV/ буюу гурвалсан үйлчилгээний хэрэглэгч болсон. “М” ХХК нь “Ю” ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IРТУ/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоолгохоор Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1.1 заалтанд тус тус заасны дагуу Шөхтгт гомдол гаргасан. Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д зааснаар Шөхтг нь зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох бүрэн эрх бүхий байгууллага. Гэтэл Шөхтг нь манай компанийн хүсэлт, гомдолд дурдсан “...телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан Дамжуулах үйлчилгээ /IРТV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгж тогтоох../' судалгаа хийж, шийдвэр гаргахгүйгээр зөвхөн “...олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох...” судалгаа хийж, шийдвэр гаргасан. Хэрвээ телевиз, радиогиин олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IРТV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгж тогтоох...” ажиллагааг хууль, журмын дагуу хийвэл “Ю” ХХК нь давамгай байдалтай аж ахуй нэгжээр тоггоогдох боломжтой. Учир нь: Харилцаа холбооны зохицуулах хорооноос манайд ирүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 02/05 тоот албан бичигт ‘...Ай Пи телевизийн хэрэглэгчийн тоо /бүртгэлтэй хэрэглэгч/ 2018 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар нийт 274,310 үүнээс “Ю” ХХК-202,662,“С” ХХК-71.648 гэжээ. Уг судалгаанаас үзвэл 2018 онд Телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээний зах зээлийн 73,8 хувийг “Ю” ХХК эзэлж, давамгай байдалтай аж ахуй нэгж болох нь тодорхой байна. Шөхтг телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгж тогтоох...” судалгаа хийж, шийдвэр гаргасанаар “Ю” ХХК-д ашигтай давуу байдлыг бий болгож. улмаар телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IРТV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгж тогтоохоос үндэслэлгүйгээр зайлсхийсэн. ‘Ю” ХХК-ийн телевиз радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IPTV/ нь Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд хамаарагдаж байгаа болох нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Ю” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлөөр нотлогддог. Уг тусгай зөвшөөрөлд “Ю” ХХК нь 2009 оны 12 сарын 09-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хот болон Дархан-Уул. Орхон, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Увс, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Ховд, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Говьсүмбэр, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дундговь аймгуудын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх /IPTV/ эрхийг олж авсан байдаг. “Ю” ХХК нь интернет протоколд суурилсан телевиз /IРТV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоогдоогүйгээс болж бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр борлуулах, бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох; зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах зэргээр өрсөлдөөнд харш үйл ажиллагаа явуулах боломж бүрдээд байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу “Ю" ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IРТV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоох шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,  Ю ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IРТV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... “Ю” ХХК давамгай байдалтай аж ахуй нэгж гэдэг нь тодорхой байна. 76 хувийг эзэлж байгаа гэдэг нийтэд илэрхий байна. Тиймээс худалдан авалтын гуравны нэг хувь буюу давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтооно гэх ойлголт руу орсон гэдэг нь харагдаж байна. Бараа бүтээгдэхүүний хүрээнд телевиз радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтооход энэ асуудал хамаарахгүй гэж тайлбарлаж байна. Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгож байгаа 4 төрлийн тусгай зөвшөөрлийг авч үзвэл харилцан орлох бараа бүтээгдэхүүн биш гэдэг нь тогтоогдож байна.  Гурвалсан үйлчилгээний зах зээл нь тусдаа тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл гэдэг нь тогтоогдож байна. 4 төрлийн лимит тогтоосны 2-т нь Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн ажиллагаа явуулж байгаа. Юниьишн ХХК нь давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоолгох бүх нөхцөл шаардлага нь бүрдсэн байна. Тиймээс үүнийг харгалзан үзэж Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 4.1.7, 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 7 дугаар зүйл, Шөхтгын бүрэн эрх буюу Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйл, 15 дугаар зүйлийн 15.1.6, 15.1.7, 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг үндэслэж, хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбаруудыг үндэслэж, М хэрэглэгч болохынхоо хувьд өнөөдрийн   нэхэмжлэлийг гаргаж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Х, Б.Н нараас  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “М” ХХК-ийн зүгээс Ю ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IРТV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IРТV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжийг хуульд заасан журмын дагуу тогтоохыг давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах гухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэхүү тайлбарыг хүргүүлж байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “Өмгөөллийн төв консалтинг” ХХН-өөс 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18-12/178 албан бичгээр “Ю” ХХК-ийг IРТV буюу гурвалсан үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоолгох хүсэлтийг тус газарт ирүүлсэн байдаг. Өрсөлдөөн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д “аж ахуй эрхлэгч, байгууллага, иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдол”-ийг шийдвэрлэх асуудлын хүрээнд “Өмгөөллийн төв консалтинг” ХХН-өөс 18-12/178 тоотоор ирүүлсэн хүсэлтийн хүрээнд зах зээлийн судалгааг хийхээр тус агентлагийн Зах зээл судалгааны газрын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдан батлуулж, судалгааны ажлыг үе шаттай хийж гүйцэтгэсэн.

Гэтэл “М” ХХК-ний зүгээс телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IРТV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэж шүүхэд нэхэмжлэх гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд дараах хариу тайлбар, няцаалтуудыг өгч байна. Үүнд:

Нэг. “Шөхтг нь манай компанийн хүсэлтэд дурьдсан "... телевиз радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IPTV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоох...”судалгааг хийлгүйгээр зөвхөн“... олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох...” судалгаа явуулж Ю” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоох боломжгүй шийдвэрийг гаргасан” гэсэн тухайд: Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар чиг үүргийнхээ дагуу дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ... 15.1.6-д “зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг Засгийн газар батална.”, Засгийн газрын 2010 оны 298 дугаар дугаар зүйл тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын дагуу “Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааны ажил”-ын зах зээлийн судалгааг дараах үе шаттай хийсэн. Үүнд:

                              1.Бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох

                              2. Зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох

  1. Зах зээлийн төвлөрлийг тооцох
  2. Зах зээлийн хүч

Судалгааны ажлыг хийхдээ “Өмгөөллийн төв консалтинг” ХХН-өөс ирүүлсэн хүсэлтийн дагуу телевиз радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IРТV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл гэж үзэх үндэслэл байгаа эсэхийг судлах, мөн тухайн зах зээлийн “бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох”-доо харилцаа холбооны салбар нь зохицуулалттай салбар тул харилцаа холбооны зохицуулах хорооны Зах зээл, үнэ тарифын үнэлгээ, судалгааны газар дарга Д.А, ахлах мэргэжилтэн Т.Г, мэргэжилтэн Г.М холбогдох албан хүмүүстэй уулзалтуудыг зохион байгуулсан. Иймээс зах зээлийн онцлог, нэгдсэн ойлголт, салбарын зохицуулалт, олон улсын чиг хандлага холбогдох хуулийн журмын дагуу тусгай зөвшөөрлийн ерөнхий ангиллаар авч үзсэн. ХХЗХ-ны 2014 оны 6-р тогтоолоор Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ангиллыг төвийг сахисан зохицуулалтын чиг хандлага зэргийг харгалзан шинэчлэн баталсан ба технологиос үл хамаарсан тусгай зөвшөөрлийн зарчмыг баримтлах зөвлөмжийн дагуу “Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх” гэж нэгтгэсэн байдаг зэргийг үндэслэн Телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлийн судалгааны ажлын бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “бараа бүтээгдэхүүний хүрээ гэж харилцан орлох бараа бүтээгдэхүүний бүлгийг”, Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан ”3үй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын 3.1.-д Бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлоход дараахь хүчин зүйлийг харгалзан үзнэ, 3.1.1- д “эдийн засгийн үйл ажиллагааны олон улсын стандарт ангилал, тухайн бараа бүтээгдэхүүний стандарт, код, бусад холбогдох мэдээлэл”... гэж заасан байдаг. Телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний тусгай зөвшөөрөл олгохдоо хамрах хүрээний хувьд Улаанбаатар хот, хөдөө орон нутаг /Аймаг/ гэсэн ангиллаар олгодог тул зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоохдоо тус ангиллаар тогтоосон.

2018 жилийн эцсийн байдлаар Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний тусгай зөвшөөрлийг нийт 44 аж ахуйн нэгж авч тухайн үйлчилгээг зах зээлд хүргэсэн ба тус зах зээлд үйл ажиллагаа эрхэлж буй давхардсан тоогоор нийт 43 аж ахуй эрхлэгчээс судалгаанд шаардлагатай мэдээллийг гаргуулан авч, судалгааны ажилд ашигласан. Харин Улаанбаатар хотод телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд нийт 12 аж ахуй эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байгаа ба “Өрсөлдөөний тухай” хуулийн 5.2-д “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ” гэж зааснаар: Улаанбаатар хотод телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай үйлчилгээ эрхлэгч байхгүй байна.

Хоёр. Манай компанийн гаргасан хүсэлтэд дурдсан асуудал, судалгаанд үндэслэхгүйгээр “...телевиз радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IРТV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоолгох...” судалгааг хийлгэхгүйгээр зөвхөн “..олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох...” судалгаа явуулж, “Ю” ХХК-д ашигтай давуу байдлыг бий болгож ... давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоохоос үндэслэлгүйгээр зайлсхийсэн байна гэсэн тухайд: Өрсөлдөөний тухай хууль болон Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын дагуу “Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: Харилцаа холбооны зохицуулах хорооноос холбогдох журмын дагуу зах зээл төлөв байдлыг судлаж, мэдээ, мэдээлэл статистикийг гаргуулан авсан. “Ю” ХХК-ны холбогдох албаны хүмүүстэй уулзаж, судалгаанд ажилд гаргаж өгсөн статистик, мэдээ мэдээллийн задаргааг гаргуулан авсан. Мөн тус зах зээлд үйл ажиллагаа эрхлэж буй давхардсан тоогоор нийт 43 аж ахуй эрхлэгчээс судалгаанд шаардлага мэдээллийг гаргуулан авч, судалгааны ажилд ашигласан.

Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг шинэчлэн тогтоолгохоор 2019.03.25-ны өдрийн болон 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн тус тус даргын зөвлөлийн хурлаар, 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн ШӨХТГ-ын хуралдаанаар тус тус хэлэлцүүлж, ШӨХТГ-ын 2019.05.03-ны өдрийн 01 тоот тогтоолоор “С К” ХХК-ийг кабелийн телевизийн зах зээлд давамгай байдлаа алдсаныг, хөдөө орон нутаг Баян-Өлгий аймгийн телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд “ЖСММ” ХХК-ийг, бусад аймгийн төвүүдийн тухайн зах зээлд “Д ТВ” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгч хэвээр байгаа болохыг тус тус тогтоож, судалгааны ажпын танилцуулгыг хүсэлт гаргагч “Ө” ХХК-ийн өмгөөлөгч н.Б танилцуулж, тогтоолын хуулбарыг “Ө” ХХК-д хүргүүлсэн болно.

Гурав. “М” ХХК-ний зүгээс Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 02/05 тоот албан бичигээр авсан гэх “...Ай Пи телевизийн хэрэглэгчийн тоо / бүртгэлтэй хэрэглэгч/ 2018 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар нийт 274,310 /Хоёр зуун далан дөрвөн мянга гурван зуун арав/,үүнээс “Ю” ХХК 202,662 /Хоёр зуун хоёр мянга зургаан зуун жаран хоёр/, “С” ХХК 71,648 /Далан нэгэн мянга зургаан зуун дөчин найм/ байна. Уг судалгаанаас үзвэл 2018 онд Ай Пи телевизийн зах зээлийн 73,8 хувийг “Ю” ХХК эзэлж байна. 2017 оны байдлаар нийт 241,797 /Хоёр зуун дөчин нэгэн мянга долоон зуун ерэн долоо/, үүнээс “Ю” ХХК 173,270 / зуун далан гурван мянга хоёр зуун дал/, “С” ХХК 68,527 /Жаран найман мянга таван зуун хорин долоо/ байна...” гэсэн тухайд :

“М” ХХК-ийн ХХЗХ-с авсан гэх зөвхөн “Ю” ХХК, “С” ХХК-иудын Ай Пи телевизийн хэрэглэгчийн тоо /бүртгэлтэй хэрэглэгч/-ийн тоо гэх мэдээлэл, тухай зах зээлийн хэсэгхэн буюу хоёр аж ахуй эрхлэгчийн хэрэглэгчийн тоо /буртгэлтэй хэрэглэгч/ гэх мэдээлэлд үндэслэх байдлаар, “М” ХХК нь нэхэмжлэлдээ дурдсан, эдгээр мэдээлэл байхад тухайн аж ахуй эрхлэгчийн давамгай байдлыг тогтоож, мөн тогтоож өгөхийг шаардаж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй болохыг нотолж байна.

Яагаад гэвэл Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын дагуу тодорхой процессийн хүрээнд үе шатаар хийгддэг судалгааны ажил бөгөөд энэ зөвхөн хэрэглэгчийн тоогоор авч үздэггүй ба бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох, зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох, зах зээлийн төвлөрлийг тооцох, зах зээлийн хүчийг тодорхойлох зэргээр олон хүчин зүйлүүдээр давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоон гаргаж ирдэг. Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын дагуу “М” ХХК-ийн зүгээс гаргасан хүсэлтийн хүрээнд судалгааны ажлыг хийж, Өрсөлдөөний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэр гаргах үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна” гэж заасныг дагуу судалгааны ажлыг газрын хуралдаанаар оруулж, хуралдаанаас тогтоол гарсан болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дээрх журмын нөхцөл шаардлагад нийцэх байдлаар ямар нэг судалгааг хийж, өөр бусад баримт мэдээллийг хавсаргаагүй байгаа нь тухайн аж ахуй эрхлэгчийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзэж байгаа нь шаардлага хангахгүй байна” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ю ХХК нь Шөхтг нь олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох судалгааг хуульд заасан үндэслэлээр хийсэн. Дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна. Нэхэмжлэгч нь эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт нэхэмжлэлд заавал тусгах зүйлийг заасан. 52.2.4 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой, 52.5.1 дэх хэсэгт эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад заавал нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар тайлбар нотлох баримтыг шаарддаг.

Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон сүүлд тодруулсан нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй, урьдчилан сэргийлэх зорилгоор гэсэн тайлбар гаргаж байна. Эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн үйлдэл тогтоогдсон талаар дурдаагүй байна. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх нь зөв эсэхэд эргэлзэж байна. Мөн “М” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос авсан телевизийн сувгийн үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй. Ю ХХК нь олон сувгийг дамжуулах үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй. Тиймээс эдгээр компаниуд нь зах зээлд шууд өрсөлдөгч аж ахуй нэгж биш. Нэг нь нөгөөгийнхөө хэрэглэгч юм. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газын гаргасан эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаар тодорхой тайлбар, нотлох баримт гаргах ёстой.

Зах зээлийг технологиор ангилах тухай ярьж байна. Гэтэл зах зээлийг технологиор ангилахаа болиод удаж байгаа. Өмнө нь /IРТV/ үйлчилгээ нэвтрээгүй, шилэн кабел нээгдээгүй байхад технологиор нь ангилж байсан. Одоо болохоор зах зээлийг орон сууцны, гэр хорооллын болон зуслангийн, малчин өрхийн гэж ангилж байгаа. Телевизийн сувгийг яаж хүргэж байгаа нь хэрэглэгчид сонин биш. Үнэ, чанар, үйлчилгээний сэтгэл ханамжийг үндэслэж хэрэглэгч өөрөө сонгож байгаа. Тиймээс Шөхтг судалгааг хийхдээ зах зээлээ зөв судалсан. Мөн технологиор нь хувааг шаардлагагүй болон гэдгийг мэргэжлийн байгууллага нь илэрхийлсэн. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоолгох тухай хуулийн заалтад нийцэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ удаа дараа өөрчилж, тодруулжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 784 дүгээр тогтоолд дурдсаны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан” гэж тайлбарлаж ““Ю” ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IPTV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоох шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,  телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IРТV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжийг хуульд заасан журмын дагуу тогтоохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаагаа илэрхийлсэн тул шүүх энэхүү шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ ““Ю” ХХК нь телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах гурвалсан үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай болох нь судалгаагаар тогтоогдож байхад хариуцагч байгууллага нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс “Ю” ХХК нь давамгай байдлаа ашиглаж  үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох, зохиомол хомстол бий болгох, бараа бүтээгдэхүүний борлуулалт зогсоход хүргэж болзошгүй, улмаар Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн заалтууд зөрчигдөхөд хүрээд байна” гэж тайлбарлан маргасан ба хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Нэхэмжлэгч хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу зах зээлийн судалгаа хийж үзэхэд “Ю” ХХК-ийн үзүүлж буй интернет протокол ашиглан телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ нь харилцан орлох бүтээгдэхүүнтэй бөгөөд энэ үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай гэж тогтоогдоогүй тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

Харин нэхэмжлэгч “М” ХХК нь телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ үзүүлдэггүй, зөвхөн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлдэг, уг үйлчилгээг “Ю” ХХК-иар дамжуулан хэрэглэгчдэд хүргэхдээ аливаа төлбөр төлдөггүй тухайд, мөн нэхэмжлэгч нь “Ю” ХХК-ийн санал болгосон “Байгууллагын гурвалсан үйлчилгээ”-г гэрээний үндсэн авч хэрэглэдэг хэрэглэгч болох тухайд хэргийн оролцогчид маргаагүй[1].

Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д “зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг Засгийн газар батална” гэж заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын “Нэг. Нийтлэг үндэслэл” хэсгийг 1.1-т Аж ахуй эрхлэгчийг тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр давамгай байдалтай эсэхийг судалж тогтоох, ... харилцааг энэхүү журмаар зохицуулна” гэж заасан байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар

- “Өмгөөллийн төв консалтинг” ХХН-өөс анх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 18-11/160, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18-12/178 тоот албан бичгүүдээр “Манай өмгөөллийн нөхөрлөл нь “М” ХХК-д хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байна. ... “Ю” ХХК-ийг АйПиТиВи буюу гурвалсан үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоож өгнө үү”[2] гэсэн хүсэлтүүдийг гаргасан,

- дээрх 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18-12/178 тоот албан бичигт “...дээр дурьдсан хугацаанаас хойш судалгаа хийж, шийдвэрийг хүргүүлж ажиллах болно” гэсэн хариуг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 6/1680 тоот албан бичгээр өгсөн,

- тус газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн И.Х “Телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааг хийж “...телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд нийт 12 аж ахуй эрхлэгч 484052 идэвхтэй хэрэглэгчдэд үйлчилгээг үзүүлснээс борлуулсан үйлчилгээний биет хэмжээгээр гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж буй давамгай байдалтай аж ахуй эрхлэгч байхгүй”[3] гэж дүгнэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор “Сансар кабель” ХХК-ийг кабелийн телевизийн үйлчилгээний зах зээлд давамгай байдлаа алдсаныг, ... телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд ...аймгийн төвүүдэд “Д ТВ” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгч хэвээрээ байгааг тус тус тогтоож шийдвэрлэсэн,

- улмаар дээрх  01  тоот тогтоол болон судалгааны дүнг “Өмгөөллийн төв консалтинг”

ХХН-ийн өмгөөлөгч н.Билгүүнд 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр танилцуулсан[4] үйл баримт тус тус тогтоогдож байгаагаас үзвэл, хариуцагч захиргааны байгууллага нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхээс татгалзсан эс үйлдэхүй гаргаагүй байна.

Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар “...хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан”-ыг захиргааны байгууллагын эс үйлдэхүй гэж ойлгох ба Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн этгээд болох өмгөөллийн нөхөрлөлийн хүсэлтийг үндэслэн Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу зохих судалгаа хийж, судалгааны дүнг хүсэлт гаргагчид танилцуулсан байх тул хүсэлтэд дурьдсан “Ю” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоолгох хүсэлтийг шийдвэрлээгүй, шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, Өрсөлдөөний тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч захиргааны байгууллага нь журамд нийцүүлэн холбогдох судалгааг хийсний үндсэн дээр тухайн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч тогтоогдсон тохиолдолд холбогдох шийдвэр гаргах үүрэгтэй, харин хэрэгжүүлсэн судалгааны дүнгээр “Ю” ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах зах зээлд давамгай байдалтай гэж тогтоогдоогүй тохиолдолд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох тухай аливаа шийдвэр гаргах шаардлагагүй тул захиргааны байгууллагыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуулийн этгээдийн хүсэлтийг шийдвэрлээгүй “эс үйлдэхүй” гаргасан гэж үзэхээргүй байна.

Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ гэж судалгаагаа хийчхээд манайд гардуулсан. Гурвалсан үйлчилгээний зах зээлд гэж салган авч судалгаа хийж өгнө үү гэсэн хүсэлтийг шийдэхгүй, улмаар давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоохгүй байгаа  нь хууль бус” гэж тайлбарлаж маргах ба  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...судалгааны явцад телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээг технологиор нь ялгаж зах зээлийг тодорхойлохгүй” гэж тус тус тайлбарласан, мөн  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 06 дугаар 06-ны өдрийн 1/987 тоот албан бичгээр “...телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл гэж салган авч үзэх үндэслэлгүй”[5] гэснээс үзвэл, хариуцагч захиргааны байгууллага нь “М” ХХК-ийн “Ю ХХК-ийг гурвалсан үйлчилгээний зах зээлд давамгай эсэхийг тогтоох” хүсэлтийг хангахаас татгалзсан гэж үзэхээр байхад нэхэмжлэгч хуулийн этгээд нь захиргааны байгууллагын “Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлийг технологиор нь ялгаатай авч үзэж тодорхойлох”-оос татгалзсан шийдвэртэй маргаагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн “...Гурвалсан үйлчилгээний зах зээлд гэж салган авч судалгаа хийж өгнө үү гэсэн хүсэлтийг шийдээгүй” гэсэн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчээс тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй тул хуулийн этгээдийн хүсэлтийг захиргааны байгууллагаас түүний хүсэл зоригт нийцээгүй байдлаар шийдвэрлэсэн шийдвэрийг нэхэмжлэгчээс тодорхойлж маргаагүй тохиолдолд шүүхээс уг захиргааны байгууллагын шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх үндэслэлгүй.

Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ гэж судалгаагаа хийчхээд манайд гардуулсан. Зах зээлийг ерөнхий байдлаар бус гурвалсан үйлчилгээний зах зээлийн хүрээгээр авч үзээгүй, улмаар энэ зах зээлийн хүрээнд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогоогүй нь хууль бус” гэсэн агуулгаар тайлбарлан маргах боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс дур мэдэн өөрчилж тайлбарлах үндэслэл болохгүй.

Түүнчлэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “манай байгууллага Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгогдсон гурван өөр тусгай зөвшөөрлийн хүрээнд хэрэгждэг үйлчилгээнүүдийг нэгтгэн нэг үйлчилгээ болгож хэрэглэгчдэд хүргэж байгаа тул телевиз радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ гэсэн нэг зах зээлийг интернет протокол ашигласан технологиор ялгаатай авч үзэж энэ зах зээлийн хуваан тодорхойлох боломжгүй” гэсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ нь олон өөр технологиор дамжуулагддаг, интернет протокол ашиглан телевиз радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ нь хиймэл дагуулаар болон кабелиар дамжуулах харилцан орлох бүтээгдэхүүнтэй” гэсэн тайлбаруудад мөн дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Тодруулбал, хэргийн оролцогчдын маргаж буй “телевиз радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээг интернет протокол ашиглан дамжуулах, хиймэл дагуулаар дамжуулах, эсхүл кабелиар дамжуулах зэрэг технологийн хувьд ялгаатай байдлаар нь авч үзэх, зах зээлийг хуваан тодорхойлох эсэх” асуудал нь хариуцагч захиргааны байгууллагын “Ю ХХК-ийг гурвалсан үйлчилгээний зах зээлд давамгай эсэхийг тогтоох” хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг дүгнэхэд хамаарахаас бус өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн удаа дараа өөрчилж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн ““Ю" ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IРТV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоох шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй”[6]-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралгүй байна.

Дээрхээс нэгтгэн авч үзвэл, “М” ХХК-иас хариуцагчаар тодорхойлсон захиргааны байгууллагын “эс үйлдэхүй” тогтоогдохгүй байна.

Иймд “М” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан гаргасан “Ю" ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IРТV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоох шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,  телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IРТV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжийг хуульд заасан журмын дагуу тогтоохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан гаргасан “Ю" ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IРТV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоох шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,  телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IРТV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжийг хуульд заасан журмын дагуу тогтоохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ

 

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 109 дэх талд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 38-41 дахь талд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 53 дахь талд

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 117-18 дахь талд

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дахь талд

[6] 2 дугаар хавтаст хэргийн 6 дахь талд