Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2015/0336/З |
Дугаар | 221/МА2015/0382 |
Огноо | 2015-08-14 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2015/0382
П.Гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн[1] 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 393 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, П.Гийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч П.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие хорих 401 дүгээр ангийн даргаар ажиллаж байхад 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр урьдчилж надад мэдэгдэж, тохироогүйгээр дээрх тушаалыг барьж ирэн ажлыг хүлээлцүүлсэн. Уг тушаалын үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-дах заалт байсан. Уг тушаалыг гаргахдаа энэхүү заалтын албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй /зөвшилцөн/ тохиролцож, шилжүүлэн ажиллуулж болно гэсэн заалтыг бүдүүлгээр зөрчсөн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаарсарын 04-ний өдрийн Б/97 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын холбогдох шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Хууль сахиулахын их сургуулиас 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/250 дугаартай албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад хандан "хурандаа П.Гийг тус их сургуульд ажиллуулахад татгалзах зүйлгүй" гэсэн бичиг ирүүлсэн.П.Гийг ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/97 дугаартай тушаалаар Хорих 401 дүгээр ангийн даргын албан тушаалаас чөлөөлж, тус тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн мэдэлд шилжүүлсэн. Гэвч П.Г төрийн жинхэнэ албан хаагч, тэр дундаа цэргийн албан хаагчийн хувьд удирдлагаас өгсөн тушаал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын боловсон хүчний бодлогыг биелүүлэлгүй, Хууль сахиулахын ихсургуульд биечлэн очиж тушаалаа гаргуулан ажилдаа очилгүй өдий хүрсэн байна. П.Гийн энэхүү үйлдлийг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан "захирах, захирагдах ёс"-ыг зөрчсөн ноцтой үйлдэл гэж үзэж байна. Цэргийн албаны дотоод дүрмийн 27 дахь хэсэгт Цэргийн албан хаагч нь захирагч /дарга/-ийн өгсөн тушаалыг цаг хугацаанд нь заавал биелүүлнэ..., 26 дахь хэсэгт тушаал биелүүлээгүй тохиолдолд Цэргийн сахилгын дүрмийн дагуу шийтгэл хүлээнэ гэж заасан байна. Түүнчлэн Цэргийн албан хаагч хүний хувьд тушаал биелүүлэхгүй байгаа нь төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь хэсэгт заасан өргөсөн тангарагтаа үнэнч байх..., 13.1.4. харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх..., 13.1.5. төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх зэрэг үүргийг биелүүлээгүй нь өргөсөн тангарагаасаа няцсан үйлдэл юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/97 дугаартай тушаал нь иргэн П.Гийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 6/97 дугаар тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ 1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 393 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/97 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухайхуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ажилгүй байсан 5 сар 15 хоногийн хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5527000 /таван сая таван зуун хорин долоон мянга/ төгрөгийг нөхөн олгож, тухайн нөхөн олговорт холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхийг хариуцагчид даалгажшийдвэрлэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 393 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч /шийдвэрийг 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгууллагын бичиг хэргээр хүлээн авсан/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, дэслэгч Г.Г би дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүх шийдвэрийг гаргахдаа зөвхөн нэг талыг баримталж шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар "шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын боловсон хүчний бодлого боловсруулах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын чиг үүрэг"-т хамаардаг. Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.Цэргийн жинхэнэ болон бэлтгэл алба, цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын талаарх хууль тогтоомж, хуулиар олгосон бүрэн эрх бүхий төрийн байгууллагын гаргасан эрх зүйн бусад актаартогтоосон журмыг байгууллага, иргэн, цэргийн албан хаагчаас сахин биелүүлэхийг Монгол Улсын иргэний цэргийн үүрэгт тооцно..., тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.Цэргийн алба нь төрийн албаны онцлог төрөл ... гэж тусгайлан хуульчилсан байдаг. П.Гийг ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 6/97 дугаар тушаалаар Хорих 401 дүгээр ангийн даргын албан тушаалаас чөлөөлж, мөн тушаалаар Хууль Сахиулахын Их сургуулиас 2015 оны 02 дугаар сарын 02-ныөдрийн 01/250 дугаартай албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тус сургуульд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтан бэлтгэх профессорын багт албан тушаалын зэрэглэл буюу хурандаа цолтой, ахлах багшийн албан тушаалд шилжүүлсэн. Хууль Сахиулахын Их сургуульд П.Гийг шилжүүлэхдээ өөртэй нь тохироогүй ч тушаал гарч байгаа талаар Захиргааны удирдлагын газрын дарга урьдчилж түүнд мэдэгдсэн. П.Гийг өмнө нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, Захиргааны удирдлагын газрын дарга зэрэг албан тушаалд дэвшүүлэн томилохдоо ч мөн түүнээс саналыг нь асуулгүйгээр томилж байсан ч надтай тохироогүй гэж гомдол гаргаж байгаагүй, албан тушаал буулгахаар гомдол гаргаж байгаа нь өөрөө шударга бус юм. Зөвшилцөх гэдгийг С.Н-ийн "Эрх зүйн эх толь бичиг"-т "Эрх бүхий байгууллага батлан гаргах актын төрөл, эсвэл аль нэг албан тушаалд томилохоор нэр дэвшүүлсэн хүний талаар нөгөө байгууллагаас урьдчилан санал дүгнэлт авах ажиллагаа. Зөвшилцөл нь заавал биелэгдэх шинжтэй байна" гэж тайлбарласанбайна. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дахь заалт нь албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх эрх олгосон ерөнхий ганц заалт хэдий ч Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.Цэргийн албан хаагч нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан иргэний нийтлэг эрх, эрх чөлөө эдэлж, үүрэг биелүүлэхийн зэрэгцээ Зэвсэгт хүчний чиг үүрэг, цэргийн албаны онцлогтой холбогдуулан тэдэнд эрх зүйн байдлын зарим хязгаарлалт, хөнгөлөлт, давуу байдлыг хуулиар тогтоож болно. Цэргийн албаны үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон бусад харилцааг цэргийн дүрмээр зохицуулна...,тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2.цэргийн албан хаагч цэргийн албаны үүргийн онцлог, түүнд тавих шаардлагаас үндэслэн төрийн бодлого, цэргийн удирдлагын шийдвэр захирагч даргын тушаалыг эсэргүүцэхийг хориглоно гэж заасан байна. Гэвч П.Г төрийн жинхэнэ албан хаагч, тэр дундаа цэргийн албан хаагчийн хувьд шилжүүлсэн ажилдаа очиж тушаал гаргуулалгүй, удирдлагаас өгсөн тушаал, шийдвэрийг биелүүлэлгүй өдий хүрсэн. П.Гийн энэхүү үйлдлийг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан "захирах, захирагдах ёс"-ыг зөрчсөн ноцтой үйлдэл гэж үзэж байна. Цэргийн албаны дотоод дүрмийн 27 дахь хэсэгт Цэргийн албан хаагч нь захирагч /дарга/-ийн өгсөн тушаалыг цаг хугацаанд нь заавал биелүүлнэ ..., 26 дахь хэсэгт тушаал биелүүлээгүй тохиолдолд Цэргийн сахилгын дүрмийн дагуу шийтгэл хүлээнэ гэж заасан байна. Цэргийн албан хаагч удирдлагаас өгсөн тушаал шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. П.Г нь шилжүүлсэн ажилд очиж ажиллах хугацаандаа санал, гомдлоо шийдвэрлүүлэх бүрэн боломжтой ба шүүхэд гаргасан тайлбартаа надтай тохиролцоод санал болгосон бол би явж болохоор байсан гэсэн тайлбар өгч, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулан авах тухай ярих нь зохимжгүй юм. Цэргийн албан хаагч хүний хувьд тушаал биелүүлэхгүй шилжүүлсэн ажилд очиж ажиллахгүй, хайхрамжгүй хандаж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасан "шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын боловсон хүчний бодлогыг эсэргүүцэж, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь хэсэгт заасан өргөсөн тангарагтаа үнэнч байх..., 13.1.4. харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх..., 13.1.5. төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх зэрэг үүргийг биелүүлэхгүй үл тоомсорлож байгаа хэлбэр юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 6/97 дугаартай тушаал нь иргэн П.Гийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн тушаал гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 393 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцож, иргэн П.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ. ХЯНАВАЛ: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Төрийн албаны тухай болон Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөв тайлбарлаж, П.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, хэрэглэх шаардлагагүй хуулийн заалтыг хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно гэж заасныг үндэслэн П.Гийг албан тушаалаас чөлөөлж, Хууль сахиулах их сургуулийн мэдэлд шилжүүлэхдээ түүнтэй тохиролцоогүй, өөрөөр хэлбэл албан ажлын шаардлагаар төрийн жинхэнэ албан хаагчийг нөгөө байгууллагын өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах урьдчилсан нөхцөл болох уг албан хаагчтай тохиролцох гэсэн хуульд заасан нөхцөлийг биелүүлэлгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн Б/97 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, цэргийн дүрэм, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулсан цэргийн албан хаагчийн эрх зүйн байдал болон удирдлагын тушаалыг биелүүлэх цэргийн албан хаагчийн үүрэг, шийдвэр гүйцэтгэх байгууллагын боловсон хүчний бодлого боловсруулах чиг үүрэг зэргийг шүүх анхааралгүй, хэтэрхий нэг талыг баримталж Төрийн албаны тухай хуулийн ерөнхий ганц заалтыг баримталсныг зөвшөөрөхгүй гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргажээ. Маргаан бүхий захиргааны акт нь төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой захиргааны акт бөгөөд Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, цэргийн дүрэм, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийг өөр байгууллагын өөр албан тушаалд шилжүүлэхтэй холбоотой хөдөлмөрийн харилцааг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаас өөрөөр нарийвчлан зохицуулаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, ... Цэргийн дүрмийн дагуу цэргийн албан хаагч тушаал биелүүлэх үүрэгтэй. Тушаалын дагуу шилжүүлсэн албан тушаалд ажиллаж байхдаа гомдол, маргаанаа шийдвэрлүүлэх боломжтой ... цалин, хөлс гаргуулах тухай ярих нь зохимжгүй гэж дурдсан боловч хуульд нийцээгүй шийдвэрийг биелүүлээгүйг төрийн жинхэнэ албан хаагч үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Учир нь Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь захиргааны албан тушаалтны гаргасан тушаалыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гомдол, нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлтэй холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг тус тус хэрэглээгүй, мөн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсвөөр санхүүжүүлнэ. Санхүүжилтийг нийгмийн даатгалын санд шилжүүлэх журмыг Засгийн газар тогтооно. гэж заасныг анхааралгүй нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагчид даалгасан нь үндэслэлгүй байх тул уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 87.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн[2] 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 393 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан П.Гийн ажилгүй байсан 4 сар 10 хоног /анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажлын хоног/-ийн цалинтай тэнцэх олговор 5527000/Таван сая таван зуун хорин долоон мянга/ төгрөгийг олгож, зохих журмын дагуу уг хугацааны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж П.Гийн эрүүл мэндийн даатгалын дэвтэрт энэ тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
[1] Шүүх байгуулах тухай, 2015.06.19-ний өдрийн хуулиар нэр өөрчлөгдөж 2015.07.01-ний өдрөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх болсон. [2] Шүүх байгуулах тухай, 2015.06.19-ний өдрийн хуулиар нэр өөрчлөгдөж 2015.07.01-ний өдрөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх болсон. |
| |||
|