Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1681

 

Д.Надмидын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/01868 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Надмидын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Сүглэгмаад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Надмид,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Сэвжид,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Надмид би Ч.Сүглэгмаад 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 2 000 000 төгрөг зээлсэн. Үүнээс 1 сая төгрөгийг нь төлж, үлдэгдэл 1 000 000 төгрөг дээр 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 2 000 000 төгрөгийг нэмж зээлснээр 3 000 000 төгрөг болсон. Энэ зээлээс 1 150 000 төгрөг төлсөн. Ингээд үлдэгдэл 1 850 000 төгрөгийг 2 400 000 төгрөг болгож өгнө гэж харилцан тохиролцсон. Зээлийн гэрээг би түүнтэй ярилцсаны дагуу 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр бичээд өөрөө Ч.Сүглэгмаагийн хэлсний дагуу өмнөөс нь гарын үсгийг нь зурсан. Энэ гэрээн дээр Ч.Сүглэгмаа гарын үсэг зураагүй гэдгийг зөвшөөрч байна. Ингээд үүнээс хойш төлсөн мөнгийг нь хасаад үндсэн зээлээс 1 000 000 төгрөг, түүний хүү 700 000 төгрөг нийт 1 700 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Д.Надмид бид хоёр өөд өөдөөсөө харсан лангуу ажиллуулдаг байсан ба түүнээс мөнгө зээлээд буцаагаад өгдөг байсан. 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний талаар би мэдэхгүй, энэ баримтад гарын үсэг зураагүй. 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 2 000 000 төгрөгийг зээлсэн. Энэ мөнгийг нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буцааж өгөхөөр, сарын 10 хувийн хүүтэйгээр тохиролцсон. Өөрийн дансаар 900 000, 900 000, 200 000 төгрөг гэж цувуулж шилжүүлж авсан. Ингээд хугацаандаа зээлээ төлж чадаагүй болохоор хүү болон үндсэн зээлийн төлбөрт нийт 3 000 000 орчим төгрөгийг төлсөн. 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нэмж 2 000 000 төгрөг зээлээгүй. Одоо төлөх төлбөр байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан хариуцагч Ч.Сүглэгмаагаас зээлийн гэрээний үүрэгт 1 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Надмидын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтййн хураамжид төлсөн 42 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, нотлох баримтыг тал бүрээс бүрэн, бодитоор шинжлэн судлалгүй шийдвэрлэсэн гэж үзэж буй тул энэхүү гомдлыг гаргаж байна.

Би Ч.Сүглэгмаад 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өөрийн данснаас 900 000 төгрөг, 900 000 төгрөг, 200 000 төгрөгөөр нийт 2 000 000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2014 оны 11 дүгээр сарын 01-нд дахин 2 000 000 төгрөгийг бэлнээр зээлүүлсэн ба хариуцагч 2014 оны 11 дүгээр сарын 01-нд уг 2 000 000 төгрөгийг авснаа 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд тайлбар гаргаж өгөхдөө хүлээн зөвшөөрсөн. Харин шүүх хэргийн бодит үйл баримтыг бүрэн тогтоохгүйгээр, нотлох баримтыг бүрэн судлалгүйгээр Ч.Сүглэгмаа нь зээлийн төлбөрт 3 310 000 төгрөг төлсөн байна гэж үзэн миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл бодит байдал дээр өнгөрсөн хугацаанд зээлүүлсэн мөнгөө бүрэн авч чадаагүй байгаадаа миний хувьд гомдолтой байна.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрээс хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 1 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Надмид хариуцагч Ч.Сүглэгмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг, хүү 700 000 төгрөг, нийт 1 700 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Талууд 2 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр тохиролцсон гэх тайлбарыг хэн аль нь гаргаж байх бөгөөд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчийн дансанд 900 000 төгрөг, 900 000 төгрөг, 200 000 төгрөг, нийт 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөс зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

 

Хариуцагч зээлийн төлбөрт нийт 3 310 000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны орлогын мэдүүлэг болон нэхэмжлэгчийн Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 2 000 000 төгрөгийг нэмж хариуцагчид зээлдүүлсэн гээд мөн өдөр 700 000 төгрөгийн зарлага гарсан өөрийн Хаан банкны 5014123078 тоот дансны хуулгыг ирүүлсэн боловч энэ нь уг мөнгийг хариуцагчид шилжүүлсэн гэдгийг нотлохгүй байна. /хэргийн 53 дугаар тал/

 

Түүнчлэн талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу хүү тогтоосон гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хүү шаардах эрх үүсэхгүй юм.

 

Иймд хариуцагчийг зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн нь баримтаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэж, 2 удаагийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 1 000 000 төгрөг, хүү 700 000 төгрөг, нийт 1 700 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/01868 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Надмидын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 150 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ТУЯА

 

                                    ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                      С.ЭНХТӨР