Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 434

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

              Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

             Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 8-4 тоотод оршин суух, 1959 онд төрсөн, 58 настай, эрэгтэй,регистрийн дугаар ОЮ59032677, Цолт гүенгүүд овогт Арслангийн Бадамсамбуугийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Улаангом сумын Засаг даргын тамгын газарт холбогдох,

           Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.433.828 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэнхянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч А.Бадамсамбуу шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын эрүүл мэнд, соёл спорт аялал жуулчлал хариуцсан ажилтнаар ажилд орж, улмаар хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан бөгөөд ямар нэгэн сахилгын зөрчил, мэргэжлийн алдаа гаргаж арга хэмжээ авахуулж байгаагүй. Гэтэл Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Н.Батжаргал нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/71 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн бөгөөд миний бие уг тушаалыг эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Анхан шатны шүүхээс миний нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 194 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар намайг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын эрүүл, мэнд, соёл спорт, аялал жуулчлал хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоосон юм. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 2 сар гаруй хугацааны дараа 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын шинээр томилогдсон дарга Б.Батбуян намайг урьд эрхэлж байсан Улаангом сумын Засаг даргын тамгын газрын эрүүл мэнд, соёл спорт, аялал жуулчлал хариуцсан ажилтнаар томилсон. Энэ хугацаанд би 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал 4 сар 5 хоногийн хугацаанд ажилгүй байсан тул ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна. Иймд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газраас миний 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал ажилгүй байсан 4 сар, 5 хоногийн цалинд нийт 2.433.828 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

           Хариуцагч Б.Батбуян шүүхэд гаргасан тайлбартаа: Улаангом сумын Засаг даргын тамгын газрын эрүүл мэнд спорт, аялал жуулчлал хариуцсан ажилтан А.Бадамсамбууг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар Засаг даргын тамгын газрын дарга Н.Батжаргал ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж, ажилд нь эгүүлэн авах шүүхийн шийдвэр нь 2017 оны 3 дугаар сарын 06-нд манайд ирсэн. Уг шийдвэрийг хүлээж аваад А.Бадамсамбуутай утсаар ярьж ажилдаа орохыг хүссэн боловч 3 дугаар сард ажилд орж чадахгүй 4 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд очиж ажилдаа орно гэсэн. А.Бадамсамбуу 4 дүгээр сарын 05-нд ажилдаа оръё гэж ирэхэд ажилд нь авсан. Ажилгүй байсан хугацааны хугацааных нь цалин 2.433.828 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг төлүүлээд үлдэх цалинг нь олгоно гэжээ.

            Нэхэмжлэгч А.Бадамсамбуу шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Батбуян нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч А.Бадамсамбуу нь хариуцагч Улаангом сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.433.828 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Батбуян нь нэхэмжлэгч А.Бадамсамбуугийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.433.828 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Б.Батбуян нь нэхэмжлэгч А.Бадамсамбуугийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

         Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.891 төгрөгийн тал хувь болох 26.945,5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 26.945,5 төгрөг, хариуцагч Улаангом сумын Засаг даргын тамгын газраас 26.945,5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Бадамсамбууд олгох нь зүйтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Нэхэмжлэгч А.Бадамсамбуугийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.433.828 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Улаангом сумын Засаг даргын тамгын газарын дарга Б.Батбуянзөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 26.945,5 /хорин зургаан мянга есөн зуун дөчин таван мянган төгрөг таван мөнгө/ төгрөг, хариуцагч Улаангом сумын Засаг даргын тамгын газраас 26.945,5 /хорин зургаан мянга есөн зуун дөчин таван мянган төгрөг таван мөнгө/ тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Бадамсамбууд олгож, 26.945,5 /хорин зургаан мянга есөн зуун дөчин таван мянган төгрөг таван мөнгө/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчидшүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ