Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/514

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул,

улсын яллагч: Н.Уранбайгаль,

шүүгдэгч: Ч.Б-д, түүний өмгөөлөгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Б-д холбогдох эрүүгийн 2200000000000 тоот хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                             

             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С овогт Ч-гийн Б /РД: /,

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын ***-ний өдөр ***** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг Сүмбэр 0-р баг, төгрөг 0-р гудамж 0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 0-р хороо, 0-р байр, 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 цаг 18 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1.88 хувийн согтолттой үедээ Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Мөнгөн гүүр” эмнэлгийн хойд замд Х.С-ын эзэмшлийн “Тоёота” маркийн “Харриер” загварын 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ш.Ч-ын жолоодон явсан "Тоёота маркийн “Приус” загварын 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч М.Г, Ч.Н /3 сартай/ нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.М-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ш.Ч-ын эзэмшлийн “Тоёота” маркийн “Приус” загварын 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 7.065.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 цаг 18 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1.88 хувийн согтолттой үедээ Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Мөнгөн гүүр” эмнэлгийн хойд замд Х.С-ын эзэмшлийн “Тоёота” маркийн “Харриер” загварын 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ш.Ч-ын жолоодон явсан "Тоёота маркийн “Приус” загварын 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг машинд зорчиж явсан М.Г, Ч.Н /3сартай/ нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.М-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ш.Ч-ын эзэмшлийн “Тоёота” маркийн “Приус” загварын 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 7.065.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

              -Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3-р хуудас/,

              -2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт автаст хэргийн 4-12-р хуудас/

              -Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл: ... Ч овогтой Б-ийг драйгер багаж ашиглан шалгахад 1.88% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо, гэрэл зургийн үзүүлэлт автаст хэргийн 13-р хуудас/,

              -Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл: Ш овогтой Ч-ыг драйгер багаж ашиглан шалгахад 0.00% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо, гэрэл зургийн үзүүлэлт автаст хэргийн 14-р хуудас/,

              -Хохирогч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Мөнгөн гүүр эмнэлгийн хойд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлийн замаар явж байтал нэг машин хашлага даваад урсгал сөрөөд орж ирээд машины урд хэсэг рүү мөргөсөн. Тэгээд би ухаан алдчихсан юу болсоныг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-р хуудас/,

              -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ч. миний бага охин байгаа юм. Одоо 3 сартай. Тухайн ослын улмаас миний охин Н-ийн баруун талын эгэмний яс хугарсан гэмтэл авсан байсан .... хүүхдийн эмчилгээний зардлыг улсаас гаргасан тул нэхэмжлэх зүйл байхгүй. ... баримттай нэхэмжлэх хохирол байхгүй. Одоо биеийн байдал нь бороолоод эдгэчихсэн. ...” гэх мэдүүлэг автаст хэргийн  23-р хуудас/,

              -Иргэний нэхэмжлэгч Ш.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...1 дүгээр хорооллын хойд талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байтал “Мөнгөн гүүр эмнэлгийн зүүн хойд талын уулзвар дээр хойноос урагш чиглэлтэй явж байсан машин гэнэт замын голын хашлага даваад миний явж байсан урсгал руу орж ирээд миний машины зүүн урд хэсэг рүү мөргөсөн. ... миний машины урд хэсэг нэлэнхүйдээ эвдэрсэн, эвдрэлийн үнэлгээгээр 7.065.000 төгрөг гарсан. Автомашинд учирсан хохирлыг нэхэмжилнэ. ... ” гэх мэдүүлэг автаст хэргийн 26-р хуудас/,

              -Иргэний нэхэмжлэгч Б.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... би жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж явсан. Нөхөр Б уурлаад хурдан яваад байсан тэгэхээр нь удаан яваач гэсэн чинь тоормос гацаад байна гэж хэлж байсан тэгээд удаагүй замын хашлага даваад урсгал сөрөөд урдаас ирж явсан машинтай мөргөлдсөн. ...дух хавдаж цус хурсан, 2 өвдгөнд цус хурсан байсан өөр гэмтэл учраагүй. Надад гомдол, санал хүсэлт болон нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээнд төлбөр гараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шинжээч эмч Н.Э-гийн 2022 оны 2 дугаар саран 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000 дугаартай:

“...1. М.Г-ийн биед тархи доргилт, зүүн 5,6-р хавирганы зөрүүгүй далд хугарал, хоёр ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын цус харвалт дух, зүүн хацрын зулгаралт, зүүн тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 54-56-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шинжээч эмч Н.Э-гийн 2022 оны 2 дугаар саран 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00 дугаартай:

“...1. Ч.Н биед баруун эгэмний далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 76-78-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шинжээч эмч Н.Э-гийн 2022 оны 2 дугаар саран 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:

“...1. Б.М-гийн биед духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. 3            3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 85-86-р хуудас/,

-“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ:

Эзэмшигчийн нэр: Ш.Ч марк, загвар: Тоёота приус, улсын дугаар 94-45 УБЦ, тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүн- 7.065.000 төгрөг, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 102-106-р хуудас/,

-Мөрдөгчийн магадлагаа:

1.Lexus-330 маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Ч.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Тоуоtа Рrius маркийн 94-45 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ш.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна /хавтаст хэргийн 132-133-р хуудас/,

-Жолоочийн лавлагаа, мэдээлэл: С овогт Ч-гийн Б ангилал В, С, D, жолооны үнэмлэхний төлөв-хүчинтэй, үнэмлэх олгосон огноо 2017.11.16, үнэмлэх хүчинтэй огноо 2027.11.16, зөрчлийн огноо 9 /хавтаст хэргийн 152-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Ч.Б-ийн яллагдагчаар өгсөн: “ ...Баянхошуунд хүргэн ах С-ын гэрт очоод шөнийн 00 цаг өнгөрөхөд эхнэр М ирэхгүй болохоор нь хүргэн ах С-ын эзэмшлийн Lехus РХ-330 маркийн автомашиныг гуйж аваад гарсан. Тэгээд эхнэр утсаа авахгүй болохоор нь машиндаа ганцаараа 3-н ширхэг 0.5 литртэй пиво уугаад байж байхад 03 цаг 30 минутын орчим санагдаж байна эхнэр утсаа авахаар нь хаана байна гэсэн чинь зүүн 4 замд байна гэсэн тэгээд Баянхошууны тойргийн зүүн талаас хөдлөөд ... эхнэр М-г суулгаад ... хурдтай явсан болохоор баруун гар тийш эргэх үедээ тусгаарлах зурвас руу шахаж ороод гүйцэт баруун эргэж чадалгүй замын голын хашлага /боржур/ даваад эсрэг урсгалд орж өөдөөс чигээрээ явсан машины зүүн хойд тал руу мөргөж зогссон. ...би бусдад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан. ... би буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж /хавтаст хэргийн 148-149-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 151-р хуудас/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 152-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 153-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 154-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 155-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт /хавтаст хэргийн 150-р хуудас/, хохирол төлбөр барагдуулсан баримт /хавтаст хэргийн 168-171/,  хохирогчийн нарын хүсэлт /хавтаст хэргийн /хавтаст хэргийн 173-174/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.  

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шинжээч эмч Н.Э-гийн 2022 оны 2 дугаар саран 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай дүгнэлтээр хохирогч М.Г-ийн  эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шинжээч эмч Н.Э-гийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0дугаартай дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Ч.Н-ийн  эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус тогтоогдсон.

Шүүгдэгч Ч.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь 1.88% үзүүлэлттэй илэрсэн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 13/-305 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 132-133-р хуудас/-аар нотлогдож байгаа. 

Улмаар мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ш.Ч-ын жолоодон явсан "Тоёота маркийн “Приус” загварын 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас дээрх хохирол, хор уршгийг бий болгосон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэсэн гэмт хэргийн шинжтэй. Уг зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “согтуурсан үедээ” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан.

Иймд шүүгдэгч Ч.Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч М.Г нь эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ч нь тээврийн хэрэгслийн эвдрэлийн хохиролд 8.000.000 төгрөг, автомашины үнэлгээ хийлгэхэд 336.000 төгрөг, журмын хашааны төлбөр 240.000 төгрөг, автомашин ашиглалтын төлбөр 150.000 төгрөг, оношлогооны төлбөр 64.000 төгрөг, оношлогооны дуудлагын төлбөр 20.000 төгрөг нийт 8.810.000 төгрөгийн хохирол тус тус авсан одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй мөн хохирогч Б.Мгомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ч.Б-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ч.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 “тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3 “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тус тус тогтоож, албадлагын арга хэмжээ  авахуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлж ирээгүй болно...” гэх дүгнэлттэй шүүгдэгч Ч.Б нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно гэв.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүхэд гаргасан дүгнэлтдээ:  Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3 дахь заалтуудыг зөрчиж бусдын бие хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллагдагчаар татагдсан. Хэрэгт шалгагдаж байх хугацаандаа хийсэн хэрэгтээ гэмшиж, учруулсан хохирлыг барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авсан байгаа. Миний үйлчлүүлэгч урьд ял шийтгэлгүй, тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт анх удаа холбогдсон. Хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаанд тэнцэж шийдвэрлэж байгаа цаг хугацаанд дахин гэмт хэрэгт холбогдохгүй, албадлагын арга хэмжээг зөрчихгүй иймд прокурорын гаргасан саналыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ч.Б-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ам бүлийн хувьд эхнэр хүүхдийн хамт амьдардаг байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

Харин шүүгдэгч Ч.Б-ийн хувьд дээрх хөнгөрүүлэх болон бусад нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, талуудын ял тохиролцсон байдал зэргийг тус тус харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

 Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх; гэж заасан.

 мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно. гэж заасантай  шүүгдэгч Ч.Б-ийн дээрх нөхцөл байдлууд нийцэж байна.

Иймд дээрх зүйлүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 “тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3 “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг  тус тус тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг …хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан тул шүүгдэгчид оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасныг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч С овогт Ч-гийн Б-д авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч.Б-эд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Ч.Б-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 “тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн 3 дахь хэсгийн 3 “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тус тус тогтоож, албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 4. Шүүгдэгч Ч.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн болон тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

   5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ч.Б-эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд тогтоолын хувийг хүргүүлсүгэй.  

 

          7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.УРАНГУА