| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2021/0705/Э/220/2021/0704 |
| Дугаар | 2022/ШЦТ/392 |
| Огноо | 2022-03-29 |
| Зүйл хэсэг | 11.1, 21.12.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/392
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: М.Солонго,
улсын яллагч: Ч.Батбаяр,
шүүгдэгч: Г.Д түүний өмгөөлөгч Б.Э,
шүүгдэгч: Б.Э түүний өмгөөлөгч Б.Ц, Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Г.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, яллагдагч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Г.Д, Б.Э нарт холбогдох эрүүгийн 00000000000000000 тоот хэргийг 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Б овогт Г-ын Д /РД:0000000/.
Монгол улсын иргэн, **** оны 0 дугаар сарын 0-ны өдөр ***** хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй,....... ажиллаж байсан, ам бүл-2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Одонтын 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,
2. Хэ овогт Б-ын Э /РД:0000000/.
Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ..... мэргэжилтэй, ........ ажиллаж байсан, ам бүл-4, эх, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Д нь төрийн албан хаагчаар буюу .......... ажиллаж байхдаа 2019 оны 0 дугаар сарын 0-ны өдөр иргэн Т.Л-аас гаргасан бүртгэлийн 000 дугаартай гэмт хэргийн талаарх гомдлыг шалгах явцдаа иргэн Ц.Ө-ын хийгээгүй хэргийг хүлээлгэх зорилгоор 2019 оны 0 дугаар сарын 0-ны өдөр .............байранд “...айлаас телевизор хулгайлсан хэргээ хүлээ" гэж нүүр, толгойн тус газар нь гараараа цохих, хэвлий, гуя, өгзөг хэсэгт нь хөлөөрөө өшиглөх, өвдөглөх, резинэн бороохойгоор гуя, нуруун тус газар нь цохих зэргээр бие махбод болон сэтгэл санааг нь шаналган зовоож, эрүү шүүлт тулгасан,
2019 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн 10 цагийн үед............0 тоот өрөөнд иргэн Ц.Ө-ыг хийгээгүй хэргийг хүлээлгэх зорилгоор “...айлаас телевизор хулгайлсан хэргээ хүлээ” гэж зодож, хэвлий хэсэгт хөлөөрөө өшиглөж, биед нь “нарийн гэдэсний урагдал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт” бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Э нь төрийн албан хаагчаар буюу............. ажиллаж байхдаа 2019 оны 0 дугаар сарын 0-ны өдөр, 2019 оны 0 дугаар сарын 0-0 шилжих шөнө.............байранд 2019 оны 0 дугаар сарын 0-ны өдөр, 2019 оны 0 дугаар сарын 0-0 шилжих шөнө иргэн Ц.Ө-ын хийгээгүй хэргийг хүлээлгэх зорилгоор, “...Д аймагт үйлдсэн хэргээ хүлээ...” гэж ташиж унагаах, цахилгаан бороохойгоор цохиулах, гараараа толгойн тус газар нь цохих, хөлөөрөө гуя, өгзөг хэсэгт нь өшиглөх, хэлтсийн байранд шөнийн цагаар хууль бусаар саатуулах зэргээр бие махбод болон сэтгэл санааг нь шаналган зовоож, эрүү шүүлт тулгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “..Би 2019 оны 0 дугаар сарын 0-аас 0-нд шилжих шөнө хоногийн ......... ажилласан. Тухайн өдөр .............Б-тэй хүн хайхаар гарсан. Д Ө гэдэг хүнтэй хамт байж байсан. Миний эхний дуудлага бага насны хүүхдийн хэрэг байсан би газар дээр нь очиж ажилласан. Тухайн өдөр 4 хүн нас барсан, 1 хулгай, 1 хутганы хэрэг гарсан өдөр байсан. Энэ тухай хоногийн мэдээнд энэ талаар бүгд байгаа. Тухайн өдөр маш ачаалалтай өдөр байсан. Бид тухайн өдөр бүрэлдэхүүнээр ажилласан. Ө гэдэг хүн над дээр цохогдоогүй, би мэдүүлэг ч аваагүй. Би Ө-аас хаана юу хийдэг вэ, хаанахын хүн бэ гэж асууж байсан. Миний хувьд Ө гэдэг хүнийг цохиж зодсон асуудал огт байхгүй...” гэв.
Ч_21Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт, нотлох баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Г.Д, Б.Э нар нь .............ажиллаж байхдаа Г.Д нь 2019 оны 0 дугаар сарын 0-ны өдөр иргэн Т.Л-аас гаргасан бүртгэлийн 0000 дугаартай гэмт хэргийн талаарх гомдлыг шалгах явцдаа, Б.Э нь 2019 оны 0 дугаар сарын 0-ны өдөр болон 0-наас 0-нд шилжих шөнө “...аймагт үйлдсэн хэргээ хүлээ...” гэх зэргээр хохирогч Ц.Ө-ыг.............байранд хууль бусаар саатуулж, алба хаагчийн нэг бүрийн тусгай хэрэгсэл болон хөл гараараа зодож бие махбод болон сэтгэл санааг нь шаналган зовоож, эрүү шүүлт тулгасан
Шүүгдэгч Г.Д зодох явцдаа түүний биед нь “нарийн гэдэсний урагдал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт” бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан зэрэг нөхцөл байдал дараах баримтуудаар нотлогдсон гэж үзэв. Үүнд:
- хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай “Сонгинохайрхан дүүргийн 0-р хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 0 сарын 0-ний өдөр хустайн 0 тоотод оршин суух иргэн Т.Л-ийн хашаанаас усны тэрэг, хүүхдийн унадаг дугуй алдагдсан гэх гомдол мэдээллийг хүлээн авч хойшлуулшгүй ажиллагаа явуулан шалгасан боловч уг асуудал нь гэмт хэргийн шинжгүй хэлбэрийн төдий агуулсан, хохирлын хэмжээ нь бага бус хэмжээнээс доогуур эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол учир ... хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорт гаргаж байна... Э.............Ш.Д” гэсэн мөрдөгчийн санал / 1-р хавтасны 195-р хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
- Хохирогч Ц.Ө-ын:
1/гэрчээр өгсөн “2 үл таних цагдаа намайг бариад эрүүлжүүлэхэд хийсэн... 2 залуу өөрсдийгөө цагдаад гэж хэлээд намайг хэргээ хүлээ гэж хэлээд жижиг бороохой, цахилгаан бороохой гараар их зодож дээрлэхсэн... гэсэн мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 7-8-р хуудас/
2/хохирогчоор 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр дахин мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...намайг .............авчраад Г.Д-д хүлээлгэж өгсний дараа 1 дүгээр давхарт шатны хажуу талын өрөөнд оруулаад номхон зогсоож байгаад гэдэс рүү өшиглөсөн. Мөн гуя руу, өгзөг рүү өвдөглөж өшиглөөд байсан. Яагаад ингэж зодсон гэхээр айлын телевизор алга болчихсон, тэрийг чи мэднэ гээд байсан. Би өөр хулгай хийгээгүй гэхэд “чи авсан байж таараа, өөр хулгайн хэргүүдээ ярь” гээд байсан. Би усны тэрэг түрээд гарч байгаад л эзэнд нь баригдсан шүү дээ. Эхлээд хөл гараараа аймаар зодсон, миний нүүрний зүүн хэсэг рүү Г.Д нударгаа зангидаж байгаад хэд хэдэн удаа нэдэрч цохисон. Тэрнээс болж нүүрний хэсэгт зулгаралт зэрэг үүссэн байх. Тэрний дараа гарч яваад резинэн хар бороохой барьж орж ирээд гуя, нуруу гээд л бүх бие рүү бороохойдоод байсан. Тэгснээ намайг дагуулаад 2 давхар руу санагдаж байна их олон хүн суудаг зааланд оруулангаа “энэ хэрэг хүлээхгүй байна’ гээд бороохойдсон. Тэгэхээр Г.Д гэдэс рүү өшиглөж гэдсийг маань гэмтээсэн, мөн нуруу, хөл рүү олон удаа цохиж, зодсон. Г.Д нь өглөө намайг явуулахдаа өөрийнхөө утасны дугаарыг өгөөд “энд тэнд хүн амьтан хулгай хийвэл надад мэдээлэл өг” гээд байсан. Миний санахаар “айлаас зурагт алга болсон, чи сайн бод, чи хулгай хийсэн, хэргээ хүлээ” гээд зодоод байсан. Тэр нь ямар айлаас зурагт алдагдсан гэдгийг би мэдэхгүй шүү дээ. Г.Д угаасаа их харгис юм байна лээ...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 113-115-р хуудас/
3/хохирогчоор 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дахин мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...намайг телевизор алга болсон хэрэг хүлээ гээд зодсон, мөн ц байгууллага дээрээ хонуулсан шүү дээ, Намайг хонуулах үедээ Б.Э ташиж унагаасан. Намайг зодсоны хамт хоносон нэг настайвтар ах харсан байх ёстой. Тэр ахыг миний нүдэн дээр төмөр сандал шиг санагдаад байна, 2 гараар нь өргүүлээд зогсоож байсан бөгөөд Б.Э нь тэр ахыг төмөр сандал өргөчихсөн байхад нь сандлынх нь төмөрт цахилгаан бороохойгоор цохиулаад байсан. Тэр хүн аймаар аймтгай хүн байсан. Тэгж байгаад шөнө эгч нь гэлүү эмэгтэй хүн ирээд аваад явсан. Маргааш нь тэр ах ирээд Б.Э-тай уулзаж байсан. Г.Д, Б.Э нар нь хэлтсийн байранд хонуулахдаа ямар нэгэн бичиг баримт үзүүлээгүй, өөрсдөө ч энгийн хувцастай байсан, зүгээр л телевизор алга болсон хэргээ хүлээ гээд хонуулсан, тэр хоёр надаас мэдүүлэг аваагүй, харин маргааш өглөө нь намайг явуулахаас өмнө айлаас усны тэрэг авсан гээд хулгайн асуудлаар л мэдүүлэг авсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 171-р хуудас/
- хохирогч Ц.Ө-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 116-123-р хуудас/
-Гэрч Ц.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ц.Ө манайд амьдардаг, архи уугаад байхаар нь архины эмчилгээнд явуулах хүсэлтийг хорооны цагдаад гаргасан байсан, цагдаагаас гэртээ ирсэн даруй мэдэгдээрэй гэсэн, 3 хоног хаашаа явсан, хаана байсан нь тодорхойгүй байсан, өдрийг нь санахгүй байна 5 сарын эхээр хажуу айлын хүн над руу яриад “ах чинь гэртээ ирчихлээ” гэсэн, би цагдаад ахыгаа ирсэн талаар хэлсэн, 17 цагийн үед гэртээ ирэхэд манайд 1 цагдаагийн албан хаагч ахыг авч явахаар ирсэн байсан, ах тухайн үед орон дээр атирч хэвтчихээд гэдсээ дараад “өвдөөд байна” гэсэн, миний хувьд цагдаагийн албан хаагчид “худлаа баашилж байгаан” гэж хэлээд өвчин намдаах эм уулгаад өгөөд явуулсан, гэтэл шөнийн 02 цагийн үед ГССҮТ-өөс нэг хүн яриад “ах чинь хагалгаанд орох гэж байна” гэсэн. Тухайн үед “......алба хаагч нарт зодуулсан” гэсэн зүйлийг ярьж байсан, одоо болохоор зодуулаагүй гэж яриад байна, өмнө нь ер нь өвчин яриад байдаггүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 53-54-р хуудас/,
-Гэрч Ц.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 05 дугаар сард манай ах нар “Гэмтлийн эмнэлэг дээр байна, Ц.Ө гэдсэндээ гэмтэл авсан, хагалгаанд орох гэж байна" гэхээр нь ах Ө, дүү О нарыг дагуулаад Улаанбаатар хотод ....... аймгаас ирсэн, ирэхэд хагалгаанд орсон бөгөөд нарийн гэдэс тасарсан байна, гэдэс нь тасраад 2 хоносон юм шиг байна гэсэн. Хагалгаанд орж байх явцад холбоотой гэх ..... алба хаагч Г.Д, Б.Э нар ирж уулзсан, ер нь бол бид хоёр ингэж зодоогүй гэсэн. Манай ах анхандаа зодсон гэж ярьж байсан боловч, сүүлдээ хаанаас гэмтэл авсан нь ойлгомжгүй болсон. Гэхдээ бол 2 цагдаа манай ахад гар хүрэх нь хүрсэн, гэдсэнд нь гэмтэл учруулахаар зүйл болоогүй гэж л яриад байсан. Ах эмнэлэгт 7-8 хоноод гарсан, би ахын хажууд суугаад юмыг яаж мэдэх вэ, бурхан болчих вий гэсэндээ бичлэг хийсэн. Г.Д нь эмчилгээнд зарцуулж байгаа мөнгө их гарч байна гэхэд “өөрийн унаж байсан ББСБ-д байгаа машинаа өгье, та зөрүү мөнгийг нь төлчих гэхээр нь төлөөд, өөрийнхөө нэр дээр авчхаад, төрсөн ах Ө-д шилжүүлээд өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 139-р хуудас/,
-Гэрч Ц.Ө-гийн мэдүүлэг ... асуудлыг түүнээс тодруулахад ..... албан хаагч нь намайг эрүүлжүүлэгдээд гарсаны дараа өрөөндөө хонуулан зодоод маргааш нь буюу бүтэн сайн өдөр нь явуулсан талаар бидэнд хэлсэн... тэрээр Г.Д, Б.Э нар нь хэрэг хүлээлгэх гэж намайг зодсон гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 55-56-р хуудас/
-Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хувьд 2019.0.0-ний өдрийн 13 цагаас 2019.0.0-ны өдрийн 13 цаг хүртэл тус эрүүлжүүлэх байрны эмчийн үүргийг гүйцэтгэсэн юм. .... Ц.Ө гэгчийг айлаас хулгай хийсэн гэсэн зөрчилтэйгөөр манайд эрүүлжүүлэхээр 20 цаг 35 минутанд хүлээлгэж өгсөн юм. Миний хувьд түүний биед эмчийн үзлэг хийсэн бөгөөд түүний амин үзүүлэлтүүд хэвийн байсан, согтолтын 2 дугаар зэрэгтэй байсан. Ил харагдах шарх сорви байгаагүй, өөрөөс нь ямар нэгэн зовиур байна уу, өвдөж байгаа зүйл байгаа эсэхийг нь тухайн үед тодруулахад байхгүй гэж хэлж байсан. Ямар ч зовиур хэлж ярьж байгаагүй. Хэрвээ түүний биеийн байдал муудсан бол би үзэх байсан, түүний биеийн байдал хэвийн байсан. Маргааш нь түүнийг 0 дүгээр хорооны байцаагч Э хүлээн авсан, эрүүлжүүлэх байрнаас гарах үед нь ч Ц.Ө-ын биеийн байдал хэвийн байсан...” гэх мэдүүлэг/1-р хавтаст хэргийн 146-р хуудас/,
-Гэрч Б.С- мөрдөн шалгах ажиллгааны үед өгсөн: “...2019 оны 0 дугаар сарын 0-ны өдөр үүрэг гүйцэтгэж байхад 22:19 минутад Ц.Ө-ыг хүлээн авч үзлэг хийхэд уруулын дээд хэсэг, зүүн шанаа, дух хуучин зулгарсан шархтай, нуруу зулгарсан, өдөр хүнд зодуулсан гэх өгүүлэмжтэй байсан. Үзлэг хийхэд давсаг, хүйс орчим хатуурч овойсон, хэвлийн булчингууд чангарсан байсан тул эмчилгээ хийж, түргэн тусламж дуудсан. Эмч А.Б 2019 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн 01:31 минутад ирж үзлэг хийж, хэвлийн битүү гэмтэл гэсэн онош тавиад ГСҮТ-рүү тээвэрлэн авч явсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 141-р хуудас/,
-Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн 2019 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн 000дугаартай албан бичиг /2-р хавтаст хэргийн 58-р хуудас/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 4-5-р хуудас/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.Д-ийн хохирогч Ц.Ө-ын биед гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор үзлэг хийж гаргасан 2019 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн 000 дугаартай:
1. Ц.Ө-ын биед нарийн гэдэсний урагдал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, дух зүүн нүдний зовхи, зүүн хацар, хамрын угалзанд зулгаралт, уруул, арын зүүн өгзөг, баруун зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Ц.Ө-ын биед учирсан нарийн гэдэсний урагдал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн зэрэг хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 27-р хуудас/,
- Шинжээч эмч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 0 сарын 0-ны өдөр ГСҮТ-д очиж, Ц.Ө-ыг өөрийн биеэр үзэж, мөн өвчний түүхтэй танилцаж, дүгнэлт гаргасан, Ц.Ө-ын биед учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой буюу 2019 оны 0 сарын 0-нд үүссэн байх боломжтой, мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, уг гэмтлийг авсан даруй хэвлийгээр хүчтэй өвдөх, цаашлаад хүндрэхээрээ хэвлий цардайх, амьсгаадах, халуурах гэх мэт шинж тэмдэг илэрдэг, өөрийн биеийн онцлог болоод ямар байдалд /хэвтээ, босоо/ байгаагаас шалтгаалан 3 хоног орчим мэс засалд орохгүйгээр явах боломжтой...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 61-62-р хуудас/
- ажилд томилсон тушаалууд /1-р хавтаст хэргийн 174-177, 185-187-р хуудас/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 5 дугаар зүйлд “хэнд ч эрүү шүүлт тулгаж эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй” гэж заасан бөгөөд энэхүү заалтын хэрэгжилт нь
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-д “...хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй” гэж тусгагдсан байна.
Түүнчлэн Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүдэн шүүх гэж хэн нэгэн хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно”, 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа тэдэнтэй хүнлэг бусаар харьцаж, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулах арга хэрэглэхийг хориглоно” гэж тус тус зааж Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан “цагдаагийн алба хаагч нь хуулийн чанд сахиж...хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж...хамгаалах үүрэгтэй”, 22.4 дэх хэсэгт заасан “цагдаагийн алба хаагч бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл дээрх Олон улсын тунхаглал, конвенц, Монгол Улсын хуулийн зүйл, хэсэг, заалтаас үзвэл шүүгдэгч Г.Д, Б.Э нар нь төрийн албан тушаалтнаар ажиллаж албан үүргээ гүйцэтгэж байхдаа гуравдагч этгээд буюу хэрэгт холбогдолгүй хохирогч Ц.Ө-аас хэрэг хүлээлгэх зорилгоор цохиж зодон бие мах бодь, сэтгэл санааг нь шаналган зовоосон үйлдлийг хийсэн нь тогтоогдсон. Харин тэдний санаа зорилгын хувьд нэгдэж, үйлдлээрээ болон бусад байдлаар биенээ дэмжин оролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй тул тус тусдаа үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэнийг үгүйсгэх үндэслэлгүй болно.
Тодруулбал шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоохдоо шүүгдэгч нарыг бүлэглэж хохирогчид эрүү шүүлт тулгасан гэж үзээгүй, нөгөө талаар хохирогчид учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгч Д-н үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзсэн болно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Д нь хохирогчийг гэдсэн тус газар өшиглөсөн үйлдлийн улмаас хүнд гэмтэл учрах боломжтойг шинжээч эмч мэдүүлсэн тул хэргийн үйл баримтыг нотлох баримтад үндэслэн тогтоосон болно.
Түүнчлэн Цагдаагийн байгууллагын ажилтан хуульд зааснаар гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох эрхтэй хэдий ч уг эрхээ эдлэхдээ хэнийг ч болов аливаа хэлбэрээр хүнлэг бус хэрцгий хандах, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулах арга хэрэглэхийг хуулиар хориглосон.
Гэтэл шүүгдэгч Г.Д, Б.Э нарын үйлдэл нь дээрх конвенц”-ийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчилах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ” гэсэн тодорхойлолтод хамаарч байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Мөн шүүгдэгч Г.Д-ын, хохирогч Ц.Ө-т эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Ц.Ө-ын гэдэс рүү нь өшиглөж, хүнд хохирол учруулж байгаа нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдэл гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4.“Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэнд хамаарч байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Д, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд, шүүгдэгч Г.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнт эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч нараас шинжлэн судалсан баримтууд: 1-р хавтасны 5-р хуудас Ө-ын өргөдөл, 7-р хуудас гэрчийн мэдүүлэг, 27-р хуудас шинжээчийн дүгнэлт, 36-р хуудас Нийслэлийн прокурорт гаргасан өргөдөл, 47-48-р хуудас хохирогчийн мэдүүлэг, 53-р хуудас гэрч Ө-ын мэдүүлэг “..... нарт зодуулсан нэг бол зодуулаагүй гэх аль нь үнэн болохыг мэдэхгүй байна” гэсэн, 55-р хуудас гэрч Ц.Ө-гийн мэдүүлэг, 60-р хуудас шинжээчийн мэдүүлэг “мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэсэн 71-р хуудас Ө-ын тайлбар, 76, 80-р хуудас А-ийн тайлбар, 81-р хуудас С-ын тайлбар, 90-р хуудас Ш.Б-ын тайлбар, 91-р хуудас, 105-р хуудас, 133-135-р хуудас хохирогчийн мэдүүлэг, 153-р хуудас гэрч Ш.Б-ын мэдүүлэг, 188-р хуудас 174-7178 хувийн байдалтай холбоотой бусад баримтууд, 2-р хавтасны 72-р хуудас шинжээч эмчийн мэдүүлэг, 114-р хуудас хохирогчийн дахиж өгсөн мэдүүлэг, / зэрэг зодож байсан мэт мэдүүлдэг/ 170-р хуудас хохирогчийн мэдүүлгүүд зөрүүтэй байна. “Хонуулах үед ташиж унагаасан, гэрчийг төмөр сандал өргөсөн үед цахилгаан бороохойгоор цохиулсан” гэх мэдүүлэг, 3-р хавтасны 91-101-р хуудас шүүх хуралдааны тэмдэглэл хохирогчийн мэдүүлэг хэсэг, 164-р хуудас Э-ын ачаалалтай ажиллаж байсан мэдээ, 175-р хуудас сэтгэцийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн баримт Б.Э-ын эд хариуцлагын тооллогын бүртгэлээр цахилгаан бороохойгүй талаарх зэрэг баримтуудыг судалсан.
Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгчийн гаргасан санал дүгнэлтийг хүлээн аваагүй үндэслэл нь: шүүгдэгчийн үйлдлийг тогтоосон баримтуудыг үнэлэхдээ хохирогч Ц.Ө-ын анх гэрчээр мэдүүлэхдээ “2019 оны 0 дугаар сарын 0-ний өдрийн гэрчээр үл таних 2 залуу өөрсдийгөө цагдаа гэж хэлээд хэргээ хүлээ гээд зодож дээрэлхсэн” / 1-р хавтасны 7-8/ гэж мэдүүлсэн үйл баримт болох “2 цагдаа зодсон” талаарх үйл явдлыг хохирогчоор мэдүүлэхдээ хөдөлбөргүй мэдүүлж байсан нөхцөл байдлаас үнэн зөв бодитой гэж тооцсон болно.
Харин ........ Хяналт шалгалт, үнэлгээ, ёс журмын хэлтсээс “Албаны шалгалт явуулсан материал” /1-р хавтаст хэргийн 97-103-р хуудас/ -ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 “Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно“ гэсний дагуу нотлох баримтын шаардлага хангахгүй, өөрөөр хэлбэл хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж аваагүй гэж үзсэн тул шийдвэрийн үндэслэл болгохдоо нотлох баримтаар тооцож үнэлээгүй болно.
Мөн түүнчлэн өмгөөлөгчийн зүгээс гэрч Ш.Б-ын “намайг дарамталсан зүйлгүй, хохирогч Ц.Ө-ыг цохиж зодсон талаар хараагүй” гэж мэдүүлж байна гэснийг шүүгдэгч Б.Э-ын үйлдлийг бүрэн үгүйсгэсэн, няцаасан баримт болж чадахгүй байна гэж үзэв.
Учир нь гэрч Ш.Б шүүгдэгч Б.Э-т шалгагдаж, мэдүүлэг өгч байсан этгээд буюу нөлөөлөлд өртөх боломжтой гэрч байх бөгөөд Б.Э-ын, хохирогч Ц.Ө-ын биед халдаж, “Д үйлдсэн хэргээ хүлээ” гэж ташиж унагааж, цахилгаан бороохойгоор цохиулсан гэх хохирогчийн мэдүүлгийг түүнд учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, өрөөнд нь хоносон талаарх нөхцөл байдал зэрэг мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон бичгийн баримтуудаар бүрэн тогтоогдсон байна.
Мөн түүнчлэн хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй талаар өмгөөлөгч нараас мэтгэлцсэн бөгөөд хохирогчийг өмгөөлөгчгүй мэдүүлэг авч байсан гэсэн санал үндэслэлгүй байна гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заавал өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах үндэслэлд хамаарахгүй бөгөөд уг хэргийн нөхцөл байдлын хувьд хохирогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед худал мэдүүлэг өгсөн талаараа мэдүүлж байсан нөхцөл байдлууд байдаг хэдий ч шүүгдэгч нарын гэм бурууг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхгүй гэж үзсэн тул хохирогчийн анхны гэрчээр өгсөн мэдүүлэг болон 2020 оны 09 дүгээр сарын 08, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн мэдүүлгүүдийг үнэн зөв гэж тооцсон болно.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Ц.Ө нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн /хэрэгт хохирол төлбөрт Г.Д өөрийн эзэмшлийн 00- ААА улсын дугаартай приус-20 маркийн автомашин, Б.Э эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг төлсөн/ байх тул шүүгдэгч Г.Д, Б.Э нар бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгч Г.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, нийт 15.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Г.Д, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн зүгээс өөрт хохирол учирсан гэж үзвэл баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргуулах саналтай, хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй байна гэв.
Шүүгдэгчийн Д-н өмгөөлөгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг сонслоо. Миний үйлчлүүлэгч Г.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс Г.Д-д оногдуулах торгуулийн ялын тал дээр тусгайлан гаргах саналгүй. Харин торгуулийн ялын хэмжээний тухайд саналаа хэлэх нь зүйтэй байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаах зарчмаар нийт 10.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар дээрх торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэв.
Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Улсын яллагчаас манай үйлчлүүлэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Бид гэм буруугийн асуудал дээр маргаж байсан боловч шүүхээс нэгэнт гэм буруутайд тооцож, төрийн нэрийн өмнөөс шийдэж байгаа учраас бидний зүгээс шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Тийм учраас торгох ялын санал дээр хэлэх зүйл байхгүй. Харин төлөх хугацааг 3 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Г.Д, Б.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон бөгөөд тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /ажил албан үүргээ гүйцэтгэж байхдаа үйлдсэн/ ам бүлийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.
Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 (таван сая дөрвөн зуун мянган) төгрөгөөр торгох ял,
Мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 (арван сая) төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т 5 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 (таван сая дөрвөн зуун мянган) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж зааснаар шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 (таван сая дөрвөн зуун мянган) төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 (арван сая) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 15 400 000 төгрөг ял шийтгэхээр тогтоов.
Шүүгдэгч Г.Д, Б.Э нар нь торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд 4 дэх хэсэгт зааснаар тус бүр 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг уг хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-ын Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу төрийн албан хаагч хэрэг хүлээлгэх зорилгоор бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож эрүү шүүлт тулгах,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Х овогт Б-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу төрийн албан хаагч хэрэг хүлээлгэх зорилгоор бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б овогт Г-ын Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянган) төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Х овогт Б-ын Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянган) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянган) төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Д-н нийт эдлэх торгох ялын хэмжээг 15.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.400.000 (арван таван сая дөрвөн мянган) төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгүүдэд зааснаар Г.Д, Б.Э нарт тус тус оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нар, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА