Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 431

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороо, 4-239 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОР62020801, Хоноцууд овогт Рэнцэнгийн Тэрбишийн,

             Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Р.Тэрбиш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1962 онд төрсөн. Би 1983 онд Барилгын техникум төгсөж ирээд 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Тэс сум дахь барилгын конторт барилгын мастераар, 1984 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Баруунтуруун сум дахь Барилга угсралтын конторт мастераар, 1984 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд барилгын мастер, бригадын даргаар, 1988 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хяргас сумын 8 жилийн дунд сургуульд байрны хүмүүжүүлэгч багшаар, 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарыг дуустал Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд барилгын даамлаар тус тус ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч шаардлага хангахгүй байгаа учир шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Р.Тэрбиш нь 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Тэс сум болон Баруунтуруун сум дахь Барилга угсралтын конторт мастераар, Барилга угсралтын трестэд барилгын мастер, бригадын даргаар, Хяргас сумын 8 жилийн дунд сургуульд байрны хүмүүжүүлэгч багшаар, Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд барилгын даамлаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

          Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 18, 2017 оны 4 дүгээр сарын 25, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн цалингийн тодорхойлолтуудад нэхэмжлэгч Рэнцэнгийн Тэрбишийн 1983 оны 8 дугаар сараас 1988 оны 5 дугаар сарыг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестэд, 1988 оны 5 дугаар сараас 11 дүгээр сарыг дуустал Хяргас сумын 8 жилийн дунд сургуульд байрны хүмүүжүүлэгч багшаар, 1989 оны 4 дүгээр сараас 1991 оныг дуустал Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд барилгын даамлаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

          Увс аймгийн Барилга угсралтын трестийн захиргаанаас Р.Тэрбишид 1983 оны 9 дүгээр 10-ны өдөр олгосон 031135 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт: 1983 оны 8 дугаар сарын 01-ний Увс аймгийн Тэс сум дахь барилгын мастераар томилон ажиллуулав, 1984 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр барилгын мастерын ажлаас чөлөөлж, Аймгийн барилга трестийн мэдэлд шилжүүлэв, 1984 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Барилга трестэд барилгын мастераар томилж ажиллуулав, 1988 оны 5 дугаар сарын 03-ны өдөр шилжин ажиллах болсон тул барилгын мастерын ажлаас чөлөөлөв, 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр сумын Намын хорооны шийдвэрийг үндэслэн барилгын даамлаар томилон ажиллуулав, 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Нэгдлийн барилгын даамлын үүрэгт ажлаас чөлөөлж, Цагаанхайрхан хувьцаат компаний мэдэлд шилжүүлэв гэжээ.

          Түүнчлэн Увс аймгийн Тэс сумын Барилга угсралтын конторын даргын 1983 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 101 дүгээр Мастераар ажиллуулах тухай тушаалд: 1983 онд барилгын техникум төгсөж ирсэн Рэнчин овогтой Тэрбишийг 1983 оны 8 дугаар сарын 01-нээс Баруунтурууны 75 трактор засварын газрын барилгын мастераар авч ажиллуулсугай гэжээ.

          Увс аймаг дахь Алтан гадас одонт Барилга трестийн даргын 1984 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 37 дугаар Зарим инженер, техникийн ажилтан албан хаагчдыг ажилд томилох тухай тушаалд: ...Баруунтуруун дахь Барилга угсралтын контор аж ахуйн дотоод тооцоонд шилжиж байгаатай холбогдуулан зарим инженер техникийн ажилтан албан хаагчдыг Баруунтурууны конторт ажилд томилох тухай: Р.Тэрбиш-мастераар 1984 оны 1 дүгээр сарын 23-наас эхлэн томилсугай гэжээ.

           Увс аймаг дахь Алтан гадас одонт Барилга трестийн даргын 1984 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 47 дугаар Барилга хариуцан бариулагчийг томилох тухай тушаалд: ...Шинээр эхлэн баригдах барилгуудыг барилга хариуцан бариулагчийг хавсралт 1-ээр баталсугай. Хавсралтад: Механикжуулагчдын орон сууц-Рэнчингийн Тэрбиш гэжээ.

          Мөн Увс аймаг дахь Алтан гадас одонт Барилга трестийн даргын 1984 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар Ажилд томилох тухай тушаалд: ...Цагаан хөшөөд баригдаж байгаа 50 трактор засварын газрын барилгын мастераар Рэнцэн овогтой Тэрбишийг 1984 оны 8 дугаар сарын 22-наас эхлэн томилж ажиллуулсугай гэжээ.

         Увс аймаг дахь Алтан гадас одонт Барилга трестийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 395 дугаар Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаалд: ...Рэнчин овогтой Тэрбишийг мастерийн ажлаас нь чөлөөлж 1986 оны 11 дүгээр сарын 15-наар тасалбар болгож нэгдсэн 2 дугаар бригадад бригадын даргаар томилж ажиллуулсугай гэжээ.

         Мөн Увс аймаг дахь Алтан гадас одонт Барилга трестийн даргын 1988 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 216 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалд: ...Барилгын мастераар ажиллаж байсан Ринчин овогтой Тэрбишийг 1988 оны 5 дугаар сарын 03-наар тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ.

          Увс аймгийн Хяргас сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 55 дугаар Багшийг ажлаас чөлөөлөх тухай тушаалд: ...Багш Ц.Энхбатын оронд Тэрбишийг 1988 оны 5 дугаар сарын 23-наас эхлэн түр томилон ажиллуулсугай гэжээ.

         Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдлийн даргын 1989 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаар Ажилд томилох тухай тушаалд: ...Рэнцэн овогтой Тэрбишийг 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс барилгын даамлаар томилсугай гэжээ.

           Нэхэмжлэгчийг ажилд томилсон болон чөлөөлсөн Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргынтушаалуудад түүний овгийг Ринчин, Рэнчин хэмээн 2-3 үсгийн зөрүүтэй бичсэн боловч уг тушаалууд нь хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй таарч байх тул Р.Тэрбишийнх гэж үзэх нь зүйтэй.

           Увс аймгийн Барилга угсралтын трестийн захиргаанаас Р.Тэрбишид олгосон хөдөлмөрийн дэвтэрт түүний Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Тэс, Баруунтуруун сум дахь Барилга угсралтын контор болон Хяргас сумын 8 жилийн дунд сургуульд ажиллаж байсан байдлын талаар бичилт хийгдээгүй байгаа боловч нэхэмжлэгч нь дээрх байгууллагуудад ажиллаж байсан болох нь Увс аймгийн Тэс сумын Барилга угсралтын конторын даргын 1983 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 101 дүгээр Мастераар ажиллуулах тухай тушаал, Увс аймгийн Хяргас сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 55 дугаар Багшийг ажлаас чөлөөлөх тухай тушаал, Увс аймаг дахь Алтан гадас одонт Барилга трестийн даргын 1984 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 37 дугаар Зарим инженер, техникийн ажилтан албан хаагчдыг ажилд томилох тухай тушаалуудаар нотлогдож байна.

           Түүнчлэн нэхэмжлэгч Р.Тэрбиш нь 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарыг дуусталУвс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Тэс сум болон Баруунтуруун сум дахь Барилга угсралтын контортмастераар, Барилга угсралтын трестэд барилгын мастер, бригадын даргаар, Хяргас сумын 8 жилийн дунд сургуульд байрны хүмүүжүүлэгч багшаар, Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд барилгын даамлаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 18, 2017 оны 4 дүгээр сарын 25, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн цалингийн тодорхойлолтууд, Увс аймгийн Барилга угсралтын трестийн захиргаанаас түүнд олгосон 031135 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Тэс сумын Барилга угсралтын конторын даргын 1983 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 101 дүгээр Мастераар ажиллуулах тухай тушаал, Увс аймаг дахь Алтан гадас одонт Барилга трестийн даргын 1984 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 37 дугаар Зарим инженер, техникийн ажилтан албан хаагчдыг ажилд томилох тухай тушаал, 1984 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 47 дугаар Барилга хариуцан бариулагчийг томилох тухай тушаал, 1984 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар Ажилд томилох тухай тушаал, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 395 дугаар Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаал, 1988 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 216 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Хяргас сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 55 дугаар Багшийг ажлаас чөлөөлөх тухай тушаал, Хяргас сумын Хяргас нуур нэгдлийн даргын 1989 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаар Ажилд томилох тухай тушаал зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

          Иймд нэхэмжлэгч Р.Тэрбишийн хүсэлтийг хангаж, түүний 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Тэс сум дахь барилгын конторт барилгын мастераар 5 сар 20 хоног, 1984 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Баруунтуруун сум дахь Барилга угсралтын конторт мастераар 6 сар 29 хоног, Барилга угсралтын трестэд 1984 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл барилгын мастераар 2 жил 2 сар 22 хоног, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл бригадын даргаар 1 жил 5 сар 17 хоног, 1988 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хяргас сумын 8 жилийн дунд сургуульд байрны хүмүүжүүлэгч багшаар 10 сар 6 хоног, 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарыг дуустал Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд барилгын даамлаар 3 жил 29 хоног, нийт 8 жил 8 сар 3 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

          Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Хоноцууд овогт Рэнцэнгийн Тэрбишийн 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Тэс сум дахь барилгын конторт барилгын мастераар 5 /тав/ сар 20 /хорь/ хоног, 1984 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Баруунтуруун сум дахь Барилга угсралтын конторт мастераар 6 /зургаа/ сар 29 /хорин ес/ хоног, Барилга угсралтын трестэд 1984 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл барилгын мастераар 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар 22 /хорин хоёр/ хоног, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл бригадын даргаар 1 /нэг/ жил 5 /тав/ сар 17 /арван долоо/ хоног, 1988 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хяргас сумын 8 жилийн дунд сургуульд байрны хүмүүжүүлэгч багшаар 10 /арав/ сар 6 /зургаа/ хоног, 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарыг дуустал Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд барилгын даамлаар 3 /гурав/ жил 29 /хорин ес/ хоног, нийт 8 /найм/ жил 8 /найм/ сар 3 /гурав/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Р.Тэрбишийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ