Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/466

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч А.Ариунаа,

хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нарын өмгөөлөгч Б.Чинбат,

шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Д-ний Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2103003630035 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-ний Ц (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ц нь согтууруулсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 00 цаг 14 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоот хашааны урьд замд “Toyota Prius” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа шөнө оройн цагаар гэрэлтүүлэг муу харанхуй, үзэгдэх орчин хангалтгүй нөхцөлд боломжит хурдыг сонгож яваагүйгээс гадна эсрэг урсгал сөрж орон өөдөөс ирж явсан “Toyota Aqua” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, өөрийн тээврийн хэрэгслийн зорчигч Н.З-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Toyota Aqua” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Д-гийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, зорчигч Д.И-ын амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй. Ослын талаар сайн санахгүй байна. Би юм мартаж санадаг болсон байна лээ. Манай ар гэрээс хохирогч талд мөнгө өгсөн гэсэн. Би хэмжээг нь мэдэхгүй байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Хохирогч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 11 дүгээр сарын 02-ны орой 24 цагийн үед манай төрсөн ах И нь Toyota Aqua маркийн ... улсын дугаартай автомашинтай ирж намайг ажил дээрээс авсан. Ажлын гаднаас И ах автомашинаа намайг барьчих, ах нь ядраад байна гэхээр нь би ахын Toyota Aqua маркийн ... улсын дугаартай автомашиныг Яармаг Номин Хайпермаркетын гаднаас жолоодон явж Гүнгэрваа худалдааны төвийн уулзвар дөхөж байхад уулзвараар сүн цагаан өнгийн автомашины гэрэл тусахаар нь би уулзвар дөхөж байсан тул хурдаа сааруулаад 30-35 км/цаг хурдтай явж байхад эсрэг урсгалын автомашин манай автомашины зүүн урд хэсгээр орж ирээд хурдтай мөргөсөн. Тухайн машин нь гэрлээ шилжүүлэхгүй байсан бөгөөд нүд гялбаанд орсон тул би хурдаа сааруулсан. Би өөрийнхөө дугаараас төрсөн охин дүү Анужин руу авто осолд орсон талаараа хэлсэн. Ослоос болж миний нарийн гэдэсний судас тасарсан, сэмж урагдсан, өвчүү хугаралтай, чамархайндаа гэмтэлтэй гэсэн онош гарсан. Ухаан орсны дараа ах И-ыг нас барсныг би мэдсэн. Эсрэг урсгалаас ирж явсан автомашин их гэрлээ асаачихсан, хурдтайгаар урсгал сөрж орж ирээд мөргөснөөс болж осол гарсан. Би 2021 оны 11 сараас 2022 оны 3 сар хүртэлх хугацааны цалин болох 7,250,000 төгрөг нэхэмжлэхээс хөдөлмөрийн чадвар алдалтыг энэ хугацаанд тогтоолгож авсан 2,042541 төгрөгийг хасаж 5,207,459 төгрөгийг, эмчилгээнд зарцуулсан 2,936,295 төгрөгийг тус тус  буруутай жолоочоос нэхэмжилнэ. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Миний баруун хөл бэхэлгээтэй явдаг болсон.” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ослын талаарх мэдээг 2021 оны 11 сарын 02-ны шөнө мэдсэн. Оршуулгын зан үйлийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гүйцэтгэсэн. Оршуулгын зардалд 24,497,000 төгрөг, мөн манай ах нэлээн хэдэн газар зээлтэй байсан тул уг зээлийг үлдэгдлүүдийг гаргуулж төлүүлмээр байна. Бас манай аав ээж энэ хэргийн улмаас сэтгэл санаагаар их унаж, эмнэлэгт ойр байр хөлслөх шаардлагатай болсон тул уг байрны түрээсийн төлбөрийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Ингээд шүүгдэгчээс нийт 43,843,800 төгрөг нэхэмжилж байна.  Ц нь 13 сая төгрөг өгсөн байгаа тул хасаж, үлдэгдэл мөнгийг нь гаргуулах хүсэлтэй байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “...шүүгдэгч Д.Ц-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, нэг хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар: “...хохирол төлбөрөө барагдуулж авмаар байна. Бодит хохирлоос гадна сэтгэл санааны хохирол гэж байгаа, нэхэмжилмээр байна” гэсэн,

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Чинбат: “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар тогтоогдсон байна. Зүйлчлэлийн хувьд саналгүй. Хохирогч С.Д-гийн хувьд эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учирсан, эмчилгээ хийлгэсэн, холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргаж өгсөн тул уг зардлыг гаргуулах, цаашид эмчилгээ хийлгэх тул уг зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг хүсэж байна. Харин  цалин хөлсний зардлын баримт дутуу байгаа тул цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.  Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж буй оршуулгын зардлын хувьд баримттай зардал болох 22,200,000 гаргуулах, мөн ослоос үүдэн амь хохирогчийн унаж явсан тээврийн хэрэгсэл бүрэн эвдэрч ашиглах боломжгүй болсон тул уг үнэлгээ болох 15 сая төгрөг тус тус гаргуулж олгох, харин амь хохирогчийн авсан зээлийн төлбөрийн үлдэгдлийг шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг,  мөн амь хохирогч нь хүүхэдтэй байсан тул тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжлэх эрхийг тус тус  нээлттэй үлдээх” гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...Миний үйлчлүүлэгч нь анхнаасаа гэм буруу дээр маргаагүй, өөрийн чадлынхаа хэмжээгээр хохирлыг барагдуулаад явж байгаа. Ослоос үүдэн Ц нь өөрөө хүнд гэмтэл авсан, тархинд уйланхай үүссэн байснаас үүдэн юмыг мартах санах, сандрах үзэгдэл илэрч байгаа төдийгүй баруун бөөр гэмтсэн учир авхуулсан, бие нь муу байгаа. Хохирол нэхэмжилж буй баримтууд дунд шаардлага хангахгүй баримтууд зөндөө байна лээ. Шүүх уг зардлыг гаргуулахдаа баримтыг үнэлж дүгнээд гаргах байх. Тэр тээврийн хэрэгслийн 15 сая төгрөг гаргуулахыг бол хүлээн зөвшөөрч байгаа. Мөн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.  Харин зээлийн хувьд шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй, энэ хэрэгт хамааралгүй зардлууд байна ” гэсэн.

Шүүгдэгч “...би тухайн үйл явдлыг санахгүй байгаа ч буруутай гэдгээ мэдэж байгаа” гэсэн саналыг тус тус гаргав.

I. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нотлогдсон байдал 

  Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:  

2021 оны 11 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө шүүгдэгч Д.Ц нь пиво ууж согтуурсан, согтуурлын зэрэг нь 2.6 промилл хувьтай байхдаа  “Toyota Prius” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 50 дугаар гудамжны 6/а тоот хашааны урьд байрлах  үзэгдэх орчин хангалтгүй, харанхуй, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байгаад 00 цаг 14 минутын орчимд эсрэг урсгал руу орсноос ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байсан “Toyota Aqua” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Д.И газар дээрээ амь хохирч, жолооч С.Д-гийн эрүүл мэндэд хүнд хохирол, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Н.З-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоот хашааг мөргөж эвдсэн зам тээврийн осол гарсан байна.

I. Тус зам тээрийн ослын улмаас иргэний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учирсан асуудал нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон. Тухайлбал,

а/ ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Д.И-ын амь нас хохирсон, тээврийн хэрэгсэлд хохирол учирсан нь:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хийн: “...И нь миний төрсөн ах, эхээс гурвуулаа, И ах айлын том хүү байсан. И ах Б гэх эмэгтэй хамтран амьдарч байсан, албан ёсны гэр бүл болоогүй. Дундаасаа 6 настай Сондор гэх охинтой. Осол болохоос өмнө манай ах эхнэр, хүүхдүүдтэйгээ маргаантай байсан тул ээж, хойд аав хоёрын гэр болон хадам аавын гэр хоёрын хооронд ирж очоод амьдарч байсан, тусдаа гараагүй байсан.

... Буяны ажлын зардалд 24,497,000 төгрөгийг баримтаар нэхэмжилж байна. И ах нас барснаас хойш хойд аав, ээж хоёрын даралт ихсээд, Найрамдалаас Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороололд нүүж ирээд түрээсийн байр түрээсэлж амьдарч байгаа. Учир нь хуучин газраа байх гэхээр аав, ээжийн сэтгэл санаа тавгүй, бие муу байгаа тул эмнэлэгт ойрхон түрээсийн байранд амьдарч байгаа. Мөн талийгаачийн нэр дээр 5.267.775 төгрөгийн зээлтэй, Toyota Aqua маркийн ... улсын дугаартай автомашин нь ... ББСБ-ийн нэр дээр зээлэнд байдаг. Уг автомашины зээл нь хэдэн төгрөг байгааг мэдэхгүй байгаа. Уг зээлийг буруутай жолоочоор төлүүлнэ. Ингээд шүүгдэгчээс нийт 43,843,800 төгрөг нэхэмжилж байна.  Ц нь 13 сая төгрөг өгсөн байгаа тул хасаж, үлдэгдэл мөнгийг нь гаргуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 38-39 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

2.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2386 дугаартай:

“Амь хохирогч Д.И-ын биед зулай ясны гол хэсгээс дух, гавлын дунд хонхор, суурь ясны их бие хүрсэн салсан хугарал, элэгний задрал, хэвлийн хөндий дэх шингэн цус /200гр/, хамрын ясны ил хугарал, дух, эрүүний няцарсан шарх, зүүн хөлийн шагай үений мултрал, хугарал, зүүн дунд чөмөгний хугарал, баруун гуя, зүүн гуя, зүүн шуу, баруун шилбэ, зүүн шилбэний цус хуралт, баруун гуя, зүүн гуя, баруун өвдөг, зүүн өвдөг, зүүн шилбэний зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.  Амь хохирогчид архаг хууч өвчин тогтоогдсонгүй.  Амь хохирогч нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Амь хохирогч нь нас бараад 12 цагаас дээш болсон байна. Амь хохирогчийн цус нь ВIII бүлэг байна. Амь хохирогч нь спиртийн зүйл хэрэглээгүй байна...” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 215-220 дахь тал),

3. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн цогцост болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 19-25 дахь тал),

4.2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...осол болсон газар нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 50 дугаар гудамжны 6/а тоот хашааны урд замд пост 538-иас 2,5кмт үйлдэгдсэн байх ба ...А цэгээр 2 автомашины анх мөргөгдсөн гэх цэгийг автомашинуудын урд гэрэл, эвдрэлүүдийг үндэслэж тогтоосон. Тоёота Акуа маркийн ... улсын дугаартай автомашины урд хэсэг нэлэнхийдээ эвдрэлтэй, жолоочийн урд хаалга, зүүн талын хойд хаалганууд онгойхгүй байв” гэж тэмдэглэгдсэн.   (1 дэх хавтаст хэргийн 4-18 дахь тал),

5.Криминалистикийн  шинжээчийн 46 дугаартай дүгнэлт: (2 дахь хавтаст хэргийн 1-4 дэх тал)

6.Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний: “...Toyota Aqua” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн шууд зардал-13,280,000 төгрөг, шууд бус зардал-1,720,000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн-15,000,000 төгрөг” гэх тайлан (1 дэх хавтаст хэргийн 168-170 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

б/ ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Д-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь:

1.Хохирогч С.Д-гийн: “...би ахын Toyota Aqua маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодоод ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд Гүнгэрваа худалдааны төвийн уулзвар дөхөж байхад уулзвараар цагаан өнгийн автомашины гэрэл тусахаар нь би уулзвар дөхөж байсан тул хурдаа сааруулаад 30-35 км/цаг хурдтай явж байхад эсрэг урсгалын автомашин манай автомашины зүүн урд хэсгээр орж ирээд хурдтай мөргөсөн. Би ах И-ын гарт гараа хүргэхэд надад хариу өгөхгүй байсан. Би өөрийнхөө ажлын дугаар болох 94002711 дугаараас төрсөн охин дүү Анужин руу авто осолд орсон талаараа хэлсэн. Мөргөсөн автомашин нь улаан өнгийн автомашин байсан. Ослоос болж нарийн гэдэсний судас тасарсан, сэмж урагдсан, өвчүү хугаралтай, чамархайндаа гэмтэлтэй гэсэн онош гарсан. Ухаан орсны дараа ах И-ыг нас барсныг би мэдсэн. Би сарын 1,300,000 төгрөгийн цалинтай ажил хийдэг. Би 2021 оны 11 сараас 2022 оны 3 сар хүртэлх хугацааны цалин болох 7,250,000 төгрөг нэхэмжлэхээс хөдөлмөрийн чадвар алдалтыг энэ хугацаанд тогтоолгож авсан 2,042541 төгрөгийг хасаж 5,207,459 төгрөгийг, эмчилгээнд зарцуулсан 2,936,295 төгрөгийг тус тус  буруутай жолоочоос нэхэмжилнэ. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Миний баруун хөл бэхэлгээтэй явдаг болсон..” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 33-34 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

2.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10825 дугаартай:

“С.Д-н биед элэгний бяцрал, бүдүүн гэдэсний урагдал, ходоод, нойр булчирхай, чацархайн няцрал, их сэмжний урагдал, задрал, хэвлийн хөндийд цусан хураа, уушгины эдийн няцрал, өвчүү ясны хугарал, баруун шилбэнд шарх, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 209-211 дэх тал),

3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 175 дугаартай: “...С.Д-н биед элэгний бяцрал, бүдүүн гэдэсний урагдал, ходоод, нойр булчирхай, чацархайн няцрал, их сэмжний урагдал, задрал, хэвлийн хөндийд цусан хураа, уушгины эдийн няцрал, өвчүү ясны хугарал, баруун бугуйн үе, алганы зөөлөн эдийн няцрал, бугуйн үений жижиг яснууд саран яс, гурван талт яс, дэгээт яс, толгойт яс, 5 дугаар алганы яс, ясны хэмт эдийн хаван, богтос талын фиброзон мөгөөрсөнд урагдал, дунд чөмөгт ясны хэмт эдийн хаван, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, урд чагтан холбоос, арын чагтан холбоосны суналт, тойгны дотор даруулган холбоосны суналт, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.  Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 1189-192 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

в/ ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Н.З-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь:

1.Иргэний нэхэмжлэгч Н.З-гийн: “...Ц зүгээрээ яах ч үгүй гээд миний үгэнд орохгүй хурдтай явсаар нэг мэдэхэд Гүнгэрвааны уулзвар дээр орж ирээд ...тэгээд түс тас хийх чимээ гараад автомашин нэг юман дээр тулаад зогсох шиг болсон. Тэгээд нэг хэсэг ухаан алдчихсан байна лээ. Ц бид хоёр нэг түргэний автомашинд суугаад гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Ц-ыг хагалгааны өрөөнд авч орсон. Одоо суухаар миний нуруу өвдөж байна, баруун талаараа хэвтэж чадахгүй, өвчүү хэсгээр хөндүүлээд байгаа..” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 48-49 дэх тал),

2.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12109 дугаартай:

“Н.З-н биед баруун 4-р хавирганы хугарал, баруун мөрний үений мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 177-178 дахь тал),

3.Шинжээч О.Б-гийн: “...Н.З-гийн биед 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үзлэг хийхэд Лазер мед эмнэлгийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн толгойн компьютер томограф, гэмтлийн эмнэлгийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн цээжний томограф, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн сээр нурууны соронзон резонбет томографын шинжилгээ зэргийг авч ирж үзүүлсэн. Мөн амбулаторийн эмчлүүлэгчийн картыг авч ирж үзүүлсэн. Дээрх баримтаас гадна ГССҮТ-ийн үзлэгийн тодорхойлолт бүхий амбулаторийн эмчлүүлэгчийн картыг авч ирж үзсэн. Дээрх эмнэлгийн бичиг баримтуудыг үндэслэж баруун 4-р хавирганы хугарал, баруун мөрний мултрал гэмтлүүд тогтоогдсон. Дээр хоёр гэмтэл тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Рентген зураг гэдэг нь нэг буюу 2 байрлалаас нэг нэг удаа зураг авч дүгнэлт үйлдэх шинжилгээ үйл явц. Уг шинжилгээний явцад ясан давхардал болон рентген аппаратын хүчин чадал, хугарал гэмтэл зарим тохиолдолд илрэхгүй байх боломжтой. Н.З-гийн хувьд цээжний КТГ-ийн шинжилгээгээр 4-р хавирганы (баруун) хугарал гэмтэл тогтоогдсон. КТГ-ийн шинжилгээ нь ясны гэмтлийг оношлох хамгийн найдвартай шинжилгээ байдаг. Н.З- нь үр хөндөлтийг өөрөө хийлгэсэн байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 73-74 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар,

г/ Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоот хашааг мөргөж гэмтэл учруулсан нь:

1.Иргэний нэхэмжлэгч Д.О-ийн: “...Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоот хашаа нь манай нөхөр, охин бид гурвын нэр дээр байдаг. Манай хашааг осол болсны дараа жолоочийн ар гэрээс 5 хүн ирээд янзалж өгсөн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хашааны үнэлгээ хийлгэх шаардлагагүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 41 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

II. Осол гарсан цаг хугацаа, осол гарах болсон шалтгаан, нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, нотолгоо, дүгнэлт:

1. Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудаст "... ... дугаарын утаснаас 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 00:15:07 секундэд “хүн гэмтсэн цус алдаад байна” гэх дуудлагыг өгч, дуудлагын дагуу 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 00:20:04 секундэд очиж,  2021 оны 11 дүгээр сарын 03-ны 01:59:31 секундэд буцсан тухай” тэмдэглэгдсэн.  (1 дэх хавтаст хэргийн 3 дахь тал),

2. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...осол болсон газар нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоот хашааны урд замд пост 538-иас 2,5кмт үйлдэгдсэн байх ба зам орчны байдал шулуун тэгш, тахир, хуурай, суурингийн доторх үзэгдэх орчин хангалтгүй, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 2 эгнээний бүхий зам байх бөгөөд А цэгээр 2 автомашины анх мөргөгдсөн гэх цэгийг автомашинуудын урд гэрэл, эвдрэлүүдийг үндэслэж тогтоосон.  Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо,... дугаар гудамжны ... тоот хашааны эвдрэлийг хэмжихэд 10.40м, Тоёота приус 41 маркийн ... дугаартай автомашины урд хэсэг эвдрэлүүдтэй, Тоёота Акуа маркийн ... улсын дугаартай автомашины урд хэсэг нэлэнхийдээ эвдрэлтэй, жолоочийн урд хаалга, зүүн талын хойд хаалганууд онгойхгүй байв” гэж тэмдэглэгдсэн.   (1 дэх хавтаст хэргийн 4-18 дахь тал),

3. Хохирогч С.Д-гийн: “...2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 23 цаг 30 минутын үед манай төрсөн ах И нь Toyota Aqua маркийн ... улсын дугаартай автомашинтай ирж намайг ажил дээрээс авсан. Ажлын гаднаас И ах автомашинаа намайг барьчих, ах нь ядраад байна гэхээр нь би ахын Toyota Aqua маркийн ... улсын дугаартай автомашиныг Яармаг Номин Хайпермаркетын гаднаас жолоодоод Нисэхийн тойргоос, Сонсголон ороод, Сонсголонгоос төмөр замын перизер даваад Толгойтын замаар явж байгаад гэр хороолол дундын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд Гүнгэрваа худалдааны төвийн уулзвар дөхөж байхад уулзвараар цагаан өнгийн автомашины гэрэл тусахаар нь би уулзвар дөхөж байсан тул хурдаа сааруулаад 30-35 км/цаг хурдтай явж байхад эсрэг урсгалын автомашин манай автомашины зүүн урд хэсгээр орж ирээд хурдтай мөргөсөн. Тэгээд нэг мэдэхэд нэг эрэгтэй хүн ирчихсэн намайг зүгээр үү гээд дуудаад байхаар нь би туслаарай, миний цээж хөдлөхгүй байна гэдгээ хэлсэн. Би ах И-ын гарт гараа хүргэхэд надад хариу өгөхгүй байсан. Надтай юм яриад байсан ах чимээгүй болж цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн гэж хэлсэн. Мөргөсөн автомашин нь улаан өнгийн автомашин байсан. Гэмтлийн эмнэлэг дээр амилахуйн өрөөнд байхад цагдаа нар ирэхэд мөргөсөн автомашинд явсан гэх хоёр эмэгтэй юм яриад байхаар тухайн автомашинд 2 хүн явсан байна гэж ойлгосон. Ухаан орсны дараа ах И-ыг нас барсныг би мэдсэн. Эсрэг урсгалаас ирж явсан автомашин их гэрлээ асаачихсан, хурдтай явж байгаад урсгал сөрж орж ирж мөргөснөөс болж осол гарсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 33-34 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

4. Иргэний нэхэмжлэгч Н.З-гийн: “...Ц бид хоёр нэг айлын бэрүүд. Садан төрлийн холбоо байхгүй. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн  20 цаг 21 минутад Ц залгаад очиж байна хашааны хаалгаа онгойлго гэхээр нь би хашааны хаалгыг онгойлгоход Ц өөрийн Toyota Prius 41 маркийн ... улсын дугаартай автомашинтай ганцаараа ирсэн. Машинаас буухдаа Ц 2 ширхэг 2,5 литрийн пиво олж ирэхдээ нэг нь бүтэн, нөгөөдөх нь талдаа орчихсон нэг шилэн аягатай манай гэрт орж ирсэн. Ц нь пивоны талыг гэртээ ганцаараа уусан байх гэж бодсон. Тэгээд Ц бид хоёр олж ирсэн хоёр пивыг хувааж уусан, Ц дэлгүүр хаагаагүй бол пиво авъя гэж хэлээд дэлгүүр яг хаах гэж байхад ороод 1 ширхэг 2,5 литрийн Сэнгүр пиво авсан. Тэгээд Ц өөрөө Toyota Prius 41 маркийн ... улсын дугаартай автомашинаа бариад би хажууд нь суугаад буцаад манай гэрт очсон, Ц манай гэрт орж ирээд удаагүй хамаатны ах Пүүжээ рүү утсаар яриад Пүүжээ ахынд хамт очихоор болоод дэлгүүрээс авсан пивоноос хүний нэг, нэг аяга пивоо аваад машиныхаа ард талын суудал дээр тавиад Ц нь өөрийн Toyota Prius 41 маркийн ... улсын дугаартай автомашиныг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний 48-17б тоотоос бариад “...” нэртэй караокены гадна зогсоод Ц нэг хүнээс 2 ширхэг 2,5 литрийн пиво аваад машины арын суудал дээр хийгээд, ... нэртэй караокены гаднаас хөдлөөд Орбитын тойрог ороод тойргийн ойролцоо замаас гараад Орбитын тойргоос Нарангийн гол ордог зам руу ертөнцийн зүгээр баруунаас, зүүн чиглэлд гэр хорооллын замаар явахдаа урд явж байсан цагаан өнгийн жижиг суудлын автомашиныг гүйцэж түрүүлээд өнгөрөхөөр нь хурдаа хасаач эгнээндээ ор, чи хурдан явж байна гэхэд Ц зүгээрээ яах ч үгүй гээд миний үгэнд орохгүй хурдтай явсаар нэг мэдэхэд Гүнгэрвааны уулзвар дээр орж ирээд тэгээд түс тас хийх чимээ гараад автомашин нэг юман дээр тулаад зогсох шиг болсон. Тэгээд нэг хэсэг ухаан алдчихсан байна лээ. Ц бид хоёр нэг түргэний автомашинд суугаад гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Ц-ыг хагалгааны өрөөнд авч орсон...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 48-49 дэх тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5100 дугаартай: “ Шинжилгээнд ирүүлсэн цус нь дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Д.Ц” гэсэн хаягтай цуснаас 2,6 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 2,6 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 201-202 дахь тал),

6. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 269 дугаартай мөрдөгчийн магадалгаа:

“Toyota Prius 41 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д овогтой Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн”, мөн дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.2. “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Toyota Aqua маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С овогтой Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх (2 дахь хавтаст хэргийн 67-68 дахь тал),

7. Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 18 дугаартай: “...Д.Ц нь Тархи доргилтын дараах хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Д.Ц нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ц-ын зүүн нүдний ухархайн гадна хажуу хана, дотор хананы цөмөрсөн хугарал, доод хананы хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн хацар ясны зөрүүтэй хоёрлосон хугарал, зүүн хоншоорын хөндийн урд гадна хажуу хананы зөрүүтэй хугарал эрүүний ясны зөрүүгүй хугарлууд нь сэтгэцэд нь нөлөөлж тархи доргилтын дараах хам шинж сэтгэцийн эмгэгтэй болсон байна...” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 81-84 дэх тал) зэрэг баримтуудаар нотлогджээ.

Хэргийн үйл баримтыг дүгнэвэл, шүүгдэгч Д.Ц нь шөнө оройн цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтайгаар тээврийн хэрэгслээ жолоодон иргэн Н.З-гийн гэрт очиж нэмж пиво уусан төдийгүй дэлгүүр орох, айлд очихоор явахдаа согтуугаар буюу согтолтын зэрэг нь 2.6 промилл-тэй байхдаа тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, хажуугийн суудалд сууж явсан Н.З-гаас замын нөхцөл байдалд хурдаа тохируулж явахыг шаардсаар байхад үл тоомсорлон Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 50 дугаар гудамжны 6/а тоот хашааны урд замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чигт явахдаа үзэгдэх орчин хангалтгүй, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй тухайн замын нөхцөл байдалд хурдаа тохируулан явах ёстой атал өмнөх машинаа гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийсэн төдийгүй улмаар буцаж эгнээ байрандаа оролгүй явснаар өөдөөс ирж явсан С.Д- жолоочтой ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээрийн осол гаргасан, тухайн ослоос үүдэн хүний эрүүл мэндэд хохирол, амь нас хохирсноос гадна тээврийн хэрэгслүүдэд их хэмжээний эвдрэл гэмтэл учирсан байдалтай байсан нь хэргийн газрын үзлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон байна.

Дээрх байдлаас үзвэл, шүүгдэгч нь согтуурсан байдалтайгаар тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй орчинд хурдаа тохируулан яваагүй, улмаар гүйцэж түрүүлэх, саадын тойрон гарахаас бусдаар орохыг хориглосон эсрэг урсгал руу орж хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн үйлдэл нь захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 11.3, 12.2-т заасан  заалтуудыг тус тус зөрчсөн  шинжтэй байна.

Шүүгдэгч Д.Ц нь Замын хөдөлгөөний  дүрмийн дээрх холбогдох заалтуудыг зөрчсөн  үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч  мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болсон, мөн шүүгдэгч Д.Ц нь хэрэг хариуцах чадвартай болох нь Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 18 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон болно.

 Улмаар шүүгдэгчийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал,  ашиглалтын журмыг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...автотээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль,  түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн”, 2 дахь хэсгийн 2.3-т заасан ... “энэ гэмт хэргийн улмаас  хүний эрүүл мэндэд  хүнд хохирол учруулж”,  3 дахь хэсэгт “энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас  хохирсон бол”,  4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт “согтуурсан үедээ үйлдсэн” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Д.Ц-ыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт  шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох,  гэмт хэрэг үйлдэж  хохирол учруулсны  улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор  уршигт тооцохоор,

Бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилах үүрэгтэй бөгөөд хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай   холбогдон гарсан зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд шаардах, авах эрхтэйг, гэм хор учруулсны төлбөрийг бага насны буюу насанд хүрээгүй иргэнд 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нөхөн төлөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.4 дэх хэсэгт тус тус заажээ.

Тус зам тээврийн ослын улмаас 1 хүний амь хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, тээврийн хэрэгсэл болон айлын хашаанд эвдрэл гэмтэл бүхий хохирол учирсан байх ба шүүгдэгч Д.Ц нь энэхүү хохирол, хор уршгийг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд байх тул хэрэгт авагдсан нотлох баримтууд, хохирол хор уршиг нэхэмжилсэн баримтууд зэрэгт тулгуурлан шүүгдэгч Д.Цаас дараах байдлаар хохирол, төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэв. Хүн тус бүрээр авч үзвэл,

1.... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч амь хохирогч Д.И-ын хууль ёсны төлөөлөгч Д.Х нь оршуулгын зардалд 22,200,000 төгрөг, ... дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл, үнэлгээний хөлс зэрэгт 15,300,000 төгрөг, амь хохирогчийн авсан банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үлдэгдэл 6,343,800 төгрөг буюу нийт 43,843,800 төгрөг нэхэмжилсэн байна. (1 дэх хавтаст хэргийн 75-141, 162-163 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл)

Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас ХХБ, Голомт банк, ..., ... зэрэг банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл  болох 6,343,800  төгрөг нь энэ хэрэгт хамааралгүй зардлууд байх ба уг зардлуудыг шүүгдэгчээс нэхэмжилсэн  үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь  зүйтэй.

 Харин тус гэмт хэргийн улмаас Д.И-ын амь нас нь хохирсон, оршуулгын зардалд зарцуулсан шаардлага хангасан баримттай зардал нь  22.200.000 төгрөг болсон (1 дэх хавтаст хэргийн 73-133 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 162-163 дахь тал), мөн ослоос үүдэн хохирогч Д.И-ын /амь хохирогч өөрөө унадаг байсан/ тээврийн хэрэгсэл эвдэрч ашиглах боломжгүй болсон гэх ба уг тээврийн хэрэгслийг 15.000.000 төгрөгөөр үнэлсэн (1 дэх хавтаст хэргийн 167-168 дахь тал), уг тээврийн хэрэгслийн үнэлгээг хийхэд төлсөн зардал болох 300.000 төгрөгийг тус тус нэхэмжилснийг шүүгдэгч Д.Ц-аас гаргуулах үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчээс нийт 37.500.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор байна.

Ингэхдээ амь хохирогчийн унаж явсан тээврийн хэрэгсэл нь ... ББСБ барьцаанд байгаа (2 дахь хавтаст хэргийн 160 дахь тал) хэдий боловч уг тээрийн хэрэгсэлтэй холбоотой зээлийн төлөлтөө хаавал  барьцааны автомашины үнэлгээгээр гарсан зардал мөнгийг манай байгууллагаас нэхэмжлэхгүй гэж иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон П.Ганбилэг мэдүүлсэн (1 дэх хавтаст хэргийн 56-57 дахь тал) байна.

Мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс тээрийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон үнийг дүнг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид бүхэлд нь төлөхөө илэрхийлсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас тээврийн хэрэгслийг үнэлгээг бүхэлд нь гаргаж өгсөн тохиолдолд уг зээлийг хаах асуудлаа өөрсдөө зохицуулахад татгалзах зүйлгүй хэмээн саналаа илэрхийлсэн тул тухайн эвдэрсэн тээврийн хэрэгслийн үнэ болох 15.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х-т олгохоор шийдвэрлэсэн болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х нь шүүгдэгч Д.Ц-аас мөрдөн байцаалтын шатанд 13.000.000 төгрөг хүлээн авсан байх тул уг дүнг хасаж /37.500.000-13.000.000=/24.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирол төлөх талаар завсарлага авах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг завсарлуулж улмаар энэ хугацаанд  24.500.000 төгрөг төлөгдсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн дансны хуулга, баримтаар тогтоогдсон тул энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин амь хохирогч Д.И нь Б гэх эмэгтэйтэй гэрлэлтээ батлуулаагүй ч түр хугацаанд хамтран амьдарч байсан ч сүүлийн үед хоорондоо бага зэрэг зөрчилтэй байгаагаас шалтгаалан ослоос өмнө тусдаа амьдарч байсан, тэдгээр нь дундаасаа 1 хүүхэдтэй гэх боловч хүүхэдтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, улмаар тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгосон баримт авагдаагүй байх тул уг асуудлыг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Д-гийн хувьд, тус ослын улмаас эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учирсан байх бөгөөд тэрбээр эмчилгээний зардалд 2.936.295 төгрөг, осолд орохоос өмнө Таван богд фүүдс пицца ХХК-нд ажилладаг, сарын цалин 1.300.000 төгрөг, 2021 оны 11 сараас 2022 оны 3 сар хүртэл хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй тул уг хугацааны цалин хөлс болох 7,250,000 төгрөгийг нэхэмжлэхдээ үүнээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоолгож түүнээс авсан 2.042.341 төгрөг авсныг хасаж, үлдсэн 5,207,659 төгрөгийг дээрх эмчилгээний зардал дээр нэмж 8.143.954 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж, мөн цаашид гарах зардлыг нээлттэй үлдээж өгөхийг хүссэн болно.

Шүүхээс хохирогч С.Д-гийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбогдуулан эмчилгээ хийлгэсэн баримттай зардал болох 2.936.295 төгрөгийг (1 дэх хавтаст хэргийн 134-141 дэх тал) шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хохирогч С.Д- нь шүүгдэгчээс 500.000 төгрөг шилжүүлэн авсан нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хаан банкны дансны хуулгаар тогтоогдсон байх тул хасаж тооцож, шүүгдэгч Д.Ц-аас 2.436.295 төгрөгийг гаргуулахаар  тогтов.

Улмаар шүүх хуралдааны завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Д.Ц нь хохирогч С.Д-д 2.440.000 төгрөг шилжүүлсэн байх тул энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 Харин хохирогч С.Д нь нийгмийн даатгалын төлөлтийн талаарх баримт, ажлын газрын тодорхойлолт зэргийг гарган өгч дутуу авсан цалин хөлсөө нэхэмжилснийг энэ тогтоолоор шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь, хохирогчийн осолд орсноос хойших дутуу авсан цалин хөлс орлогыг илтгэх баримт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт, эмнэлгийн магадалгаа лист зэрэг баримтыг бүрэн гаргаж өгөөгүйгээс дутуу авсан цалин хөлсний зөрүү, дутууг тооцох боломжгүй байх тул хохирогчийн нэхэмжлээд байгаа үнийн дүнг энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна.

Иймээс хохирогч С.Д нь дутуу авсан цалин хөлс орлогоо, мөн цаашид хийлгэх эмчилгээний зардлаа тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Ц-аас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

3.  Иргэний нэхэмжлэгч Д.О-ийн хувьд, шүүгдэгч Д.Ц нь эсрэг урсгал руу орж өөдөөс ирсэн тээврийн хэрэгслийг мөргөж улмаар замаас гарч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоот хашааг мөргөж тодорхой хэмжээгээр эвдрэл гэмтэл учруулсан байх боловч  иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Д.О нь  шүүгдэгчийн ар гэрээс ирж хашааг янзалж өгсөн гэх үндэслэлээр хашааны үнэлгээг хийлгээгүй, улмаар “...хашаа хаалга засаж өгсөн тул гомдолгүй” гэх хүсэлт (1 дэх хавтаст хэргийн 44 дэх тал) авагдсан байх тул түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.

 4. ... тээврийн хэрэгслийн зорчигч Н.З-гийн хувьд, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан байх боловч шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг гаргаж өгөөгүй, нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй (2 хавтаст хэргийн 171 дэх тал) гэсэн байх тул түүнд төлөх төлбөргүй байна.

5. Шүүгдэгч Д.Ц-ын жолоодож явсан 68-11УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ... ББСБ-ийн эзэмшилд байсан нь Toyota Prius маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 158 дахь тал) тогтоогдсон боловч ... ББСБ-ийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183 дугаартай: “...Д.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээний дагуу төлөх зээлийн дүнг бүрэн төлж, зээлийн үлдэгдэлгүй болсон тул фидуцийн гэрээний дагуу ... улсын дугаартай Toyota Prius 41 маркийн автомашиныг Д.Ц-ын өмчлөлд шилжүүлэн өгөх нөхцөл хангагдсан...” гэх албан бичиг (2 дахь хавтаст хэргийн 121 дэх тал) авагдсан байх тул уг ББСБ-д мөн төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Ц-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч нар “гомдолтой байна” гэж,

Хохирогч, хохирогчийн өмгөөлөгчөөс: “...Зам тээврийн осол нь бусдын хайхрамж болгоомжгүй байдлаас шалтгаалан үйлдэгддэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгчийн бодит байдал, эрүүл мэндийн байдлыг харгалзан ялын багасгаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй ” гэж,

-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Миний үйлчлүүлэгчийн буруутай үйлдлээс шалтгаалан эрдэнэт хүний амь нас хохирогч, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл, мөн өөрийнх нь эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсанд харамсаж байна. Шүүгдэгч нь  анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, баримтаар нэхэмжилсэн зардлуудыг бүрэн төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн, мөн бага насны  хүүхдүүдтэй өрх толгойлсон эмэгтэй байх бөгөөд түүний эрүүл мэндийн байдал нь ослоос үүдэлтэйгээр муу байгаа. Өөрөөр хэлбэл, нэг бөөрөө авхуулж, элгээ тайруулсан, биеийн байдал нь хүнд байгаа тул дээрх байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэх эсхүл хорих ялын хамгийн доод хязгаараар нь оногдуулж өгнө үү” гэж,

-Шүүгдэгч: “...Би гэм буруугаа ойлгож байгаа” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Д.Ц-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ыг, “учруулсан хохирлыг гаргаж өгсөн баримтын хүрээнд төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Ц нь гэм буруу дээр маргаагүй боловч хохирол, хор уршиг бүрэн арилаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заалтыг хэрэглэх үндэслэлгүй, боломжгүй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэр бээр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явснаас үүдэн зам тээврийн осол гарсан, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, тус хэргийн хүний амь хохирсон, эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учирсан, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан байдал, хохирол, хор уршиг ихтэй байдалтай зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь,

Шүүгдэгч Д.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлын хувьд 5 наснаас 18 насны 4 хүүхэдтэй, ослоос үүдэлтэйгээр өөрт нь хүнд гэмтэл учирсан, тархи доргилтын дараах хам шинж сэтгэцийн эмгэгтэй болсон зэрэг эрүүл мэндийн болон ар гэрийн нөхцөл байдлуудыг, мөн түүний гэмшиж буй байдал, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг тус тус харгалзан шүүгдэгч Д.Ц-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эрүүл мэндийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Ц нь О гэх хүнтэй хамтран амьдарч байсан ч зам тээврийн осолд орсонтой холбогдуулан гэртээ ирэхгүй, хүүхдүүдээ харж хандахгүй байгаа, хүүхдүүд болон эхийгээ асрах үүрэг нь насанд хүрсэн Ц.Э гэх охинд оногдсон, цаашид уг асуудыг яаж шийдвэрлэхээ мэдэхгүй гэх тул шүүхээс шүүгдэгч Д.Ц-ад хорих ял оногдуулсантай холбогдуулан түүний бага насны, насанд хүрээгүй хүүхдүүдийн асран хамгаалах, харгалзан дэмжих үйл  ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг холбогдох газарт даалгах нь  үндэслэл бүхий байна.

Иймээс  Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүүхдүүд болох 2012 онд төрсөн Б.Э, 2015 онд төрсөн О.Э, 2017 онд төрсөн О.Э нарын асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн засаг даргад даалгаж шийдвэрлэв. (2 дахь хавтаст хэргийн 153-156 дахь тал)

Шүүгдэгч Д.Ц-ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор тогтоож, түүний ... ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Д-ний Ц-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, нэг хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Ц-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Ц-ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Цад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Д.Ц-ын ... ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 6.343.800 (зургаан сая, гурван зуун дөчин гурван мянга, найман зуу) төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Ц-аас нийт 40.440.000 төгрөг төлснөөс, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х-т оршуулгын зардалд 22.200.000 (хорин хоёр сая, хоёр зуун мянга) төгрөг, тээврийн хэрэгслийн төлбөрт 15.300.000 (арван таван сая, гурван зуун мянга) төгрөг, нийт 37.500.000 (гучин долоон сая, таван зуун мянга) төгрөгийг төлсөн,  хохирогч С.Д-д эмчилгээний зардалд 2.940.000 (хоёр сая есөн зуун дөчин мянга) төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж,

шүүгдэгч Д.Ц нь иргэний нэхэмжлэгч Н.З, Д.О-т нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х нь амь хохирогчийн хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжлэхийг, хохирогч С.Д нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гаргах зардлууд, дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Ц-аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-ын бага насны хүүхдүүд болох 2012 онд төрсөн Б.Э, 2015 онд төрсөн О.Э, 2017 онд төрсөн О.Э нарын асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн засаг даргад даалгасугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Цад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ц-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АЛТАНЦЭЦЭГ