Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 430

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Булган аймгийн Баяннуур сумын 2 дугаар багт оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ66122029, Дархад овогт Лхамсүрэнгийн Чулуунхүүгийн,

         Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дуламжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Л.Чулуунхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дуламжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1966 онд төрсөн, 51 настай. Би 1982 оноос эхлэн Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд мал маллаж байсан ба 1985 оны 6 дугаар сарыг дуустал малчнаар ажилласан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан. Одоо тэтгэвэрт орох болсон ба бичиг баримтаа бүрдүүлэхэд Цог нэгдэлд ажилласныг нотлох хөдөлмөрийн дэвтрийг нөхөн бичүүлэх боломжгүй тул шүүхэд хандаж байна. Иймд миний Өмнөговь сумын Цог нэгдэлд 1982 оноос 1985 оны 6 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Р.Пүрвээ, Д.Дарьсүрэн нарыг гэрчээр асууж өгнө үү гэв.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Л.Чулуунхүү нь 1982 оноос 1985 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

           Увс аймгийн Архивын тасгийн 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Лхамсүрэнгийн Чулуунхүүгийн 1982 оноос 1985 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

           Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Дарьсүрэн, Р.Пүрвээ нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрчД.Дарьсүрэн Миний бие нь 1972 оноос 1992 он хүртэл Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг ажиллах байхад Л.Чулуунхүү нь 1982 оноос 1985 он хүртэл Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Л.Чулуунхүү нь голдуу хонь малладаг байсан. Тухайн үед Өмнөговь сумын Цог нэгдлийн даргаар Юнгэр, Дүүдэй, Гомбосүрэн гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Р.Пүрвээ Миний бие нь 1974-1992 оны хооронд Тэс сумын Тэжээлийн аж ахуй болон Өмнөговь сумын Цог нэгдэлд тракторчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Л.Чулуунхүү нь 1982 оноос 1985 оны 6 дугаар сар хүртэл Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан болно. Л.Чулуунхүү нь голдуу бог мал малладаг байсан. Тухайн үед миний бие нь нэгдлийн малчдыг нүүлгэж, хадлан өвсийг хүргэж өгч, өтөг бууцыг нь хатгаж бэлтгэх ажлуудыг хийдэг байсан. Иймд Л.Чулуунхүүгийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

          Нэхэмжлэгч Л.Чулуунхүү нь 1982 оноос 1985 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Д.Дарьсүрэн, Р.Пүрвээ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

         Иймд нэхэмжлэгч Л.Чулуунхүүгийн хүсэлтийг хангаж, түүний 1982 оноос 1985 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар 3 жил 6 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

        Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Дархад овогт Лхамсүрэнгийн Чулуунхүүгийн 1982 оноос 1985 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Л.Чулуунхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ