Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/176

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,  

шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:   

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Д-ийн  С-т  холбогдох эрүүгийн 2110000001217 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ......... оны ....... дугаар сарын ..........-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............... хамт С дүүргийн ............... тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 257 дугаар зүйлд зааснаар 50000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Б  овогт Д-ийн  С /РД:...................../   

  Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч *******  нь хохирогч *******  жолоочоор ажиллаж байхдаа Голомт банкны виза картыг нь авч, уг картыг ашиглан  Голомт банкин дахь *******  ******* тоот харилцах данснаас 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 186,008,849 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан бусдын эд хөрөнгийг хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

           Нэг. Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2110000001217 дугаартай хэргээс:

Хохирогч *******-аас  Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол /хавтаст хэргийн 2 дахь тал/

Хохирогч *******  Голомт банкин дахь ******* тоот дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-56, 111-134 дэх тал/

Голомт банкнаас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн баримт /хавтаст хэргийн 102-109 дэх тал/

Голомт банкин дахь ******* тоот дансыг хохирогч ******* эзэмшдэг болохыг нотолсон баримт /хавтаст хэргийн 141-147 дахь тал/

Хохирогч *******  мэдүүлэг /хавтаст хэргийн 162-164, 168-169 дэх тал/

Гэрч *******-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 171-172 дахь тал/

Гэрч *******-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 176 дахь тал/

Гэрч *******-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 180-182 дахь тал/

Шүүгдэгч ******* ын мэдүүлэг /хавтаст хэргийн 194-195 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хавтаст хэргийн 236 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 226 дахь тал/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 211 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч *******  нь хохирогч *******  жолоочоор ажиллаж байхдаа Голомт банкны виза картыг нь авч, уг картыг ашиглан  Голомт банкин дахь *******  ******* тоот харилцах данснаас 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 186,008,849 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болох нь:

 

Хохирогч *******-аас  Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол /хавтаст хэргийн 2 дахь тал/     

   

Хохирогч *******  Голомт банкин дахь ******* тоот дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-56, 111-134 дэх тал/

 

Голомт банкнаас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн баримт /хавтаст хэргийн 102-109 дэх тал/  

  

Голомт банкин дахь ******* тоот дансыг хохирогч ******* эзэмшдэг болохыг нотолсон баримт /хавтаст хэргийн 141-147 дахь тал/  

 

Хохирогч *******  мөрдөн байцаалтад өгсөн “...*******  нь харуул хамгаалалтын ажилтнаар орж 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс Оюуны ундраа групп ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн миний жолоочоор ажиллаж байгаад 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн юм...2021 оны 10 дугаар сард би орлого зарлагын гүйлгээний талаарх мэдээлэл утсанд ирдэг үйлчилгээг хийлгүүлсэн ба 2021 оны 10 дугаар сарын сүүлээр миний мэдэхгүй зарлага гараад байхаар нь нягтланд хэлээд дансаа шалгуулж үзүүлэхэд АТМ-аас бэлнээр 800,000 төгрөгөөр гараад 10 дугаар сард 12,000,000 төгрөг гарсан болохоор нь 2019 оны 10 дугаар сараас 2021 оны 10 дугаар сар хүртэл 2 жилийн дансны хуулгыг авч үзэхэд Голомт банкны ******* гэсэн дансанд 2 ширхэг виза карт ашиглагдаж байгаа болохыг мэдсэн. Ингээд өөрийнхөө ашигладаг Голомт банкны виза картны дугаарыг үзэхэд 6859 дугаараар төгссөн, нөгөө карт нь 1316 дугаараар төгссөн байсан. Дансны хуулгыг нягтлан үзэхэд 2020 оны 03 дугаар сараас эхлэн 1316 дугаартай виза карт ашиглаж эхэлсэн байсан. ...мөн 1316 дугаартай картыг хэн ашиглаж байгааг тодруулахад 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 220,000 төгрөг уншуулсан болохоор нь Голомт банкнаас тодруулахад баримт гаргаж өгөөд тухайн баримтад миний жолоочоор ажиллаж байсан Сүхбаатарын утасны дугаар гарч ирсэн тул Сүхбаатараас тодруулахад юу ч яриагүй ба машинаа үзэж байгаад таны хугарсан банкны карт байсныг ашиглаж байсан гэж хэлсэн...би 5228932529916559 дугаартай картыг байнга ашигладаг... би урьд өгсөн мэдүүлэгт 183,000,000 төгрөгийн хохирол учирсан талаар мэдүүлсэн боловч дахин үзлэг хийснээр хохирлоо дутуу гаргаж өгснөө мэдлээ. *******  нь надад учруулсан 186,008,849 төгрөгийг бүрэн төлж дуусгасан...” мэдүүлэг /хавтаст хэргийн 162-164, 168-169 дэх тал/

 

                        Гэрч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 06 дугаар сард Уламбаяр захирал миний данснаас мөнгө алга болоод байх шиг байна гэхээр нь яалаа гэж мөнгө алга болдог юм бэ, та хүнд өгчихөөд мартсан юм байлгүй дээ гэсэн яриа болж өнгөрсөн. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Уламбаяр захирал яриад миний Голомт банкны картнаас мөнгө алга болоод байна, санхүүд хэлээд шалгуулаадах гэхээр нь би санхүүгийн хүмүүстээ хэлж Уламбаяр захирлын хувь дансны хуулгыг аваад үзтэл дансан дээр нь 2 ширхэг карт ашиглагдсан мэдээлэл харагдаж байсан ба 1 ширхэг картыг Уламбаяр өдөр тутамдаа ашиглаж байсан нөгөө 1316-аар төгссөн /1613 гэж бичигдсэн/ картыг хаанаас гарсныг мэдээгүй ч 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ашиглаж эхэлсэн байсан. ...баримтыг шүүж үзэхэд *******  гэсэн гарын үсэг зурж 99177787 гэсэн утасны дугаар бичиж тооцоо хийсэн байсан..Уламбаяр захирал бид хоёр С-т ай зочид буудалд уулзахад мөнгө авч байсан талаараа хэлээд буруугаа хүлээж, гэмшиж байна, би хохирлыг буцааж төлөх болно гэж хэлсэн... ..******* захирлын хувийн дансанд нягтлан бодогч нар орлого зарлагыг шүүж өгөхдөө алдаатай тооцоо гаргаж 183,760,956 төгрөгийн хохирол учирсан гэж хэлснийг би гэрчээр мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн. Дансанд үзлэг хийж 186,008,849 төгрөгийн хохирол учирсан талаар надад ******* хэлсэн. Мөн 121,000,000 төгрөгийг бэлнээр, 65,000,000 төгрөгийг дансаараа авч хохирол бүрэн барагдсан гэж надад хэлсэн...” мэдүүлэг /хавтаст хэргийн 171-172 дахь тал/

 

Гэрч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2016 оны үед байх би ******* ын хамт өөрийн өргөж авсан аав Уламбаярын гэрт очоод ярилцаж байхад *******  ажилгүй гэхэд аав өөрийн компанидаа жолоочоор авъя гэж хэлээд анх ажилд оруулж өөрийнхөө жолоочоор ажиллуулж байсан..С чамд ямар нэгэн буруу байхгүй гэдгийг би орж хэлнэ гээд хамтдаа архи уугаад аавынд орсон боловч би согтоод тухайн үед юу болсон талаар мэдээгүй..би Сүхбаатарыг аавын мөнгийг хулгайлж авсан гэдгийг мэдэж байсан бол хамгийн түрүүнд л хэлж мэдэгдэх байсан...”  мэдүүлэг /хавтаст хэргийн 176 дахь тал/

 

Гэрч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн “...******* нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр карт нөхөн авч сэргээх захиалгыг өгч 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр картаа Голомт банкны Зайсан тооцооны төв салбараас хүлээж авч түүнээс хойш ашиглаж байгаад 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тухайн картыг хаалгасан байсан.,******* гэсэн харилцах данстай холбогдсон байсан. ... харилцагч нь Голомт банктай гэрээ байгуулан тухайн гэрээнд 1 дансанд 2 карт эсхүл 1 картанд харилцах, хадгаламж гэсэн 2 дансыг холбох боломжтой талаар тусгадаг. Харилцагчаас гараар бичсэн хүсэлтийг авч 2 дахь картыг олгож болдог. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр харилцах данс түүнд карт олгох гэрээг байгуулан 522893******7129 дугаартай виза картыг аваад 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр карт нөхөн авах хүсэлт гаргаж 522893******1316 дугаартай картыг авсан. Уламбаяр нь Голомт банкинд хандахдаа 183,073,595 төгрөгийн хохирол учирсан гэж хүсэлтэд бичсэн тул тэр үнийн дүнгээр би хохирсон гэж ойлгоод мэдүүлэгт 183,073,595 төгрөг гэж мэдүүлсэн...” мэдүүлэг /хавтаст хэргийн 180-182 дахь тал/

Шүүгдэгч ******* ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” мэдүүлэг /хавтаст хэргийн 194-195 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

           

          Шүүгдэгч *******  болон түүний өмгөөлөгч  хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

          Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл 50.000.000 төгрөг, түүнээс дээш хэмжээг “их хэмжээний хохирол” гэж үзнэ.

Шүүгдэгч *******  нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “Оюуны-Ундраа групп” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн *******  жолоочоор ажиллаж байхдаа Голомт банкны виза картыг нь машинаас авч, уг картыг ашиглан 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Голомт банкин дахь ******* тоот *******  харилцах данснаас нийт 186,008,849 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Хулгайлах” гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.   

 

                2. Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.   

        

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч нараас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 543 дугаартай шүүгчийн захирамжаар ханган шийдвэрлэж, улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч ******* ыг  1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр дүгнэлт гаргаж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад шүүгдэгч *******  нь зөвшөөрсөн байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч ******* ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон, шүүгдэгч ******* ын зөвшөөрсөн ял хариуцлагыг оногдуулах нь үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.   

 

3. Хохирол төлбөр, бусад асуудлын талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.  

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******  нь хохирогч *******-т 186.008.849 төгрөгийг төлж барагдуулж, бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг дурдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:  

 

           1. Б  овогт Д-ийн  Сүхбаатарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч ******* ыг  1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

4. Шүүгдэгч ******* т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эдлэх ялыг тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******  нь хохирогч *******-т 186.008.849 төгрөгийг төлж барагдуулж, бусдад төлөх төлбөргүйд тооцсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг дурдсугай.  

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ******* т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.    

   

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР