Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 481

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнхангай сумын 3 дугаар багт оршин суух, 1961 онд төрсөн, 56 настай, регистрийн дугаар ОЕ61052111, Цогт овогт Рагчаагийн Энхтуяагийн,

             Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Р.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1961 онд төрсөн, 56 настай. Би 1983 оны 8 дугаар сараас Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн Үйлдвэр бригадын туслах ажилтнаар ажилд орж 1990 оны 9 сар хүртэл ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр Давшилт нэгдлийн архивын бичиг баримттай шатсантул ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлага гарсан. Иймд миний Давшилт нэгдлийн Үйлдвэр бригадад 1983 оны 8 сараас 1990 оны 9 сарыг дуустал ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Надтай хамт Давшилт нэгдэлд ажиллаж байсан Г.Түмэнбаяр, Б.Бямбажав нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Р.Энхтуяа нь 1983 оны 8 дугаар сараас 1990 оны 9 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

         Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Рагчаагийн Энхтуяагийн 1983 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

         Мөн Р.Энхтуяа нь 1988 онд Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн хашаа худгийн бригадын залуучуудтай хамт авахуулж байсан гэх гэрэл зураг хэрэгт авагдсан байна.

         Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Бямбажав, Г.Түмэнбаяр нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрчБ.Бямбажав Миний бие нь 1985 оноос 1990 он хүртэл Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж эхлэхэд Р.Энхтуяа нь Давшилт нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажиллаж байсан юм. Р.Энхтуяа нь ойгоос мод бэлтгэх, малын хашаа барих, элс хайрга ачих зэрэг ажлуудыг хийдэг байсан ба миний бие трактороор түүнийг нь зөөж тээвэрлэдэг байсан. Р.Энхтуяа нь тус газарт 1990 оныг дуустал ажилласан юм. Тухайн үед Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн даргаар Сүхбаатар, Үйлдвэр бригадын даргаар Б.Төмөрбаатар гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Г.Түмэнбаяр Миний бие нь 1983 оноос 1990 он хүртэл Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн Үйлдвэр бригадад мужаан, бригадын дарга зэрэг ажлуудыг эрхэлж байсан. Намайг тус газарт ажиллаж эхлэхэд Р.Энхтуяа нь мөн 1983 оноос эхлэн Давшилт нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажиллаж эхэлсэн юм. Р.Энхтуяа нь хашаа барих, барилга барих, мод бэлтгэх зэрэг ажлуудыг хийдэг байсан. Р.Энхтуяа нь тус нэгдэлд 1990 оныг дуустал ажилласан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

          Нэхэмжлэгч Р.Энхтуяа нь 1988 онд Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн хашаа худгийн бригадын залуучуудтай хамт авахуулж байсан гэх гэрэл зургийг хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхой бус байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

         Түүнчлэн Р.Энхтуяагийн 1990 оны 1-9 дүгээр саруудын цалин Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй, нэхэмжлэгч нь дээрх хугацаанд Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

         Харин нэхэмжлэгч Р.Энхтуяа нь 1983 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Б.Бямбажав, Г.Түмэнбаяр нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

       Иймд нэхэмжлэгч Р.Энхтуяагийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, түүний 1983 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд туслах ажилтнаар 6 жил 5 сар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1990 оны 1-9 дүгээр саруудад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

         Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Цогт овогт Рагчаагийн Энхтуяагийн 1983 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд туслах ажилтнаар 6 /зургаа/ жил 5 /тав/ сар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1990 оны 1-9 дүгээр саруудад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Р.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ