Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1041

 

 

 

 

 

 

 

 

 

 

      Б.С, Б.А, Х.Т, Н.М нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Ч.Отгонсүрэн,

            шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

            шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Батсүх,

            шүүгдэгч Х.Тын өмгөөлөгч С.Пүрэвдорж,

            шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Л.Хатанбаатар, М.Баасанбат,

            нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 696 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж, шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Л.Хатанбаатар, М.Баасанбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.С, Б.А, Х.Т, Н.М нарт холбогдох 201501000078 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Ш овгийн Б.С, Өвөрхангай аймгийн Богд суманд 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, Яармагийн .. дугаар гудамжны .. тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: УЖ................/

1982 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 73 дугаар зүйлийн а, 109 дүгээр зүйлийн а дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

1985 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн б дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

1992 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял,

1995 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 3 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 9 сар 15 хоногийн хорих ялаар тогтоосон,

1997 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 11 сар 5 хоногийн хорих ялаар тогтоож, 2000 оны 10 дугаар сарын 5-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял,

2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сар хорих ял шийтгүүлж, 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

 

2. И овгийн Б.А, Улаанбаатар хотод 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн .. дүгээр хороо, “Нэгдүгээр 40 мянгат” орон сууцны хорооллын ... дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай, хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, “................” хотхоны ......... дугаар байрны ........ тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ХГ............./,

 

3. О овгийн Х.Т, Улаанбаатар хотод 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Тээврийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байсан, ам бүл .., эх, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хорооллын ... дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЧП................./,

 

4. У овгийн Н.М,  Улаанбаатар хотод 19.. оны .. дүгээр сарын ...-ний өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Бэрэн констракшн” ХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЧО................../.

Б.С, Б.А, Х.Т нар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 4-нөөс 9-ний хооронд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 43.9 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, энэ гэмт хэрэгт Б.С гүйцэтгэгчээр, Б.А, Х.Т нар хатгагчаар хамтран оролцсон,

Б.С, Н.М нар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 4-нөөс 9-ний хооронд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 43.9 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, энэ гэмт хэрэгт Б.С гүйцэтгэгчээр, Н.М хатгагчаар хамтран оролцсон,

Х.Т нь Тээврийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байхдаа 2013 оны 3 дугаар сараас 2015 оны 4 дүгээр cap хүртэл өөрийн хяналт тавьж байсан хэргийн яллагдагч нарын ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9, 10, 45 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 193 дугаар зүйлийн  193.1.20 дахь заалт, 215 дугаар зүйлийн 215.2.2 дахь заалт, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 32 дугаар тушаалаар батлагдсан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажилд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг дагаж мөрдөх аргачилсан заавар”-ын 208, 210, 219 дүгээр зүйлд заасан гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй, хүндэвтэр ангилалын хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж Эрүүгийн 201324001112 дугаартай хэргийн яллагдагч Ч.Ариунзаяагаас 1,500,000 төгрөг, эрүүгийн 201524000249 дугаартай хэргийн яллагдагч С.Амартайванаас 1,000,000 төгрөг, эрүүгийн 201424000146 дугаартай хэргийн яллагдагч Б.Мөнхцоожоос 220,000 төгрөг, эрүүгийн 201424000666 дугаартай хэргийн яллагдагч Г.Энхбаатараас 4,000,000 төгрөг, эрүүгийн 201424000814 дугаартай хэргийн яллагдагч Б.Чинбатаас 1,000,000 төгрөг, эрүүгийн 201324001240 дугаартай хэргийн яллагдагч С.Эрдэнэжаргалаас 500,000 төгрөг, эрүүгийн 201324000814 дугаартай хэргийн яллагдагч Ц.Батбаатараас 100,000 төгрөг, яллагдагч Ё.Энхбатаас 100,000 төгрөг, эрүүгийн 201324000327 дугаартай хэргийн яллагдагч Л.Жавхлангаас 3,000,000 төгрөг, эрүүгийн 201424000529 дугаартай хэргийн яллагдагч Д.Анараас 3,000,000 төгрөг, эрүүгийн 201324000514 дугаартай хэргийн яллагдагч Ц.Отгонбаатараас 400,000 төгрөг, эрүүгийн 201324001270 дугаартай хэргийн яллагдагч М.Тэмүүжингээс 1,000,000 төгрөг, нийт 11 хэргийн 12 яллагдагчаас 15,820,000 төгрөгийн  хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас Б.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

Б.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

Х.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

Н.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.С, Б.А, Н.М, Х.Т нарыг “бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн”, “бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн”

Шүүгдэгч Х.Т-ыг “нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн еренхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

Шүүгдэгч Х.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял,

Шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх зааснаар Б.С-т оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Х.Т-т оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.А-д  оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Н.М-ад оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.С-т оногдуулсан 5 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Х.Т-т оногдуулсан 5 жил хорих ял, Б.А-д оногдуулсан 4 жил хорих ял, Н.М-ад оногдуулсан 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С-ын нийт цагдан хоригдсон 561 хоног, Б.А-гийн нийт цагдан хоригдсон 433 хоног, Х.Т-ын нийт цагдан хоригдсон 447 хоног, Н.М-ын нийт цагдан хоригдсон 271 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Б.С, Б.А, Х.Т, Н.М нар бусдад төлөх төлбөргүй, Б.А, Х.Т, Н.М нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, “ХААН” банкны эзэмшилд бүртгэлтэй Х.Тын худалдан авсан 29-05 УБМ улсын дугаартай, “Тоёота приус-20” загварын автомашин, Г.Удвалын эзэмшилд бүртгэлтэй Д.Баярбатын /Б.А-гийн унаж явсан/ эзэмшлийн 18-08 УНЛ улсын дугаартай “BMW X5” загварын автомашиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгон битүүмжлэлээс чөлөөлж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.С, Б.А, Х.Т, Н.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Тагнуулын Ерөнхий газрын Замын-Үүд дэх газрын 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 29/104 дугаартай албан тоотоор баримтжуулсан 35 ширхэг зураг бүхий 143 MB хэмжээтэй файл, Б.С-ын “мөс”-ийг худалдан авагч этгээдүүдтэй гар утсаар ярих үеийн 5 ширхэг бичлэг бүхий 517 MB файл, илрүүлэх үеийн хойшлуулашгүй ажиллагааг баримтжуулсан 4 ширхэг дүрс бичлэг бүхий 576 MB файл бүхий 3 ширхэг DVD, Б.А, Х.Т, Б.С нарыг байцаах үеийн дүрс бичлэг бүхий 6 ширхэг, Б.А, Х.Т, Б.С нарын гар утсанд шинжээч томилж гаргуулсан дүгнэлтэд хавсаргасан 3 ширхэг, баримтжуулах үеийн бичлэгийг шинжээч томилж сайжруулсан бичлэг бүхий 1 ширхэг, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн Б.С нарт холбогдох эрүүгийн 201501000078 дугаартай хэргийн шүүх хуралдааны бичлэг бүхий "SOMEI" гэсэн бичигтэй DVD 2 ширхэг, нийт 15 ширхэг CD бичлэг, “ХААН” банкны Б.С-ын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 5033245696 дугаар дансны орлогын мэдүүлгийн шар хуудас 1 ширхэгийг энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Б.С-ын Е-1310087 дугаартай гадаад паспорт, УЖ................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Б.С-т буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий Б.С гэсэн хаягтай “мөс”, ууттай жин /22,7 гр, цэвэр жин нь 20.1 гр/, Б.С 2 гэсэн хаягтай мөс, ууттай жин /21,4, цэвэр жин 18,1 гр/ “мөс” гэх бодис, (яллах дүгнэлтэд 49.3 грамм гэж дурдсан), 29-05 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслээс хураагдсан хагархай шилэн гаанс 1 ширхэг, Х.Т-ын гэрээс хураагдсан бонго 1 ширхэг, цагаан өнгийн соруултай гуурс 1 ширхэг, 18-08 УНЛ улсын дугаартай автомашинаас хураагдсан “Oriflame” гэсэн бичигтэй, хүүхэлдэйн зурагтай e100ml гэсэн бичиг бүхий ягаан, цэнхэр өнгийн 2 ширхэг гуурстай сав 1 ширхэг, 18-08 УНЛ улсын дугаартай автомашинаас хураагдсан ягаан өнгийн богино гуурс 1 ширхэг, шилэн гаанстай, цайвар өнгийн гуурс 1 ширхэг, хар өнгийн лентээр ороосон тагтай дотроо цэнхэр өнгийн гуурстай цайвар цагаан өнгийн сав 1 ширхэг, хар өнгийн лентээр ороосон төмөр богино гуурс 1 ширхэг, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон жижиг гялгар уут 1 ширхэг, цагаан цайвар өнгийн жижиг тагтай сав, “Voice Keeper” гэсэн улаан бичигтэй цахилгаантай жижиг сав, дотор нь ногоон өнгийн асаагуурны газтай хэсэг, цагаан өнгийн капсултай эм 1 ширхэг, нэг тал нь хөвөнтэй мод, хар иштэй зүү, “ESSE” тамхины хайрцагтай хагархай шилэн ryypc, “Made in China” гэсэн бичигтэй жижиг жин 1 ширхэг, улаан өнгийн асаагуур 1 ширхэг, “Powergra” гэсэн бичигтэй цэнхэр өнгийн 1 бүтэн, 1 тал, “Vigrx” гэсэн цагаан 5 ширхэг, хар өнгийн 5 ширхэг эм зэргийг тус тус устгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг Б.С, Х.Т нартай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 4-нөөс 9-ний өдрүүдэд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 43.9 грамм “мөс” гэх бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авсан, хадгалсан, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Гэтэл дээрх эрүүгийн 201501000078 дугаартай хавтас хэргийн материалд намайг бусадтай бүлэглэн “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэх үндэслэлээр 3 жилийн хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай явуулсан хэдий ч энэ талаар нотолсон нэг ч нотлох баримт хавтас хэрэгт байдаггүй. Харин ч энэ хэрэгт удаан хугацааны турш мөрдөн шалгах ажиллагаа явуулж надтай холбоотой гэх дээрх үйлдлийг мөрдөгч болон прокурорын байгууллагын зүгээс гэм бурууг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс 3 шүүгчийн бүрэлдэхүүнээр хянан хэлэлцээд дээрх үйлдэл нь нотлогдон тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг өгч хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсээр байтал, прокуророос дахин дээрх зүйлчлэлээр зүйлчилж ял оногдуулсанд гомдолтой байна. Би ялтан Б.С-ыг уг гэмт хэргийг үйлдүүлэхээр хөлслөн авах талаар ярилцаж тохирсон зүйл огт байхгүй. Б.С-т мөнгө өгч дээрх хэргийг үйлдүүлэхээр түүнд захиалга өгсөн зүйл ч байхгүй. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийсэн хэдий ч нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй. Намайг яг хэдэн төгрөг Б.С-т өгөөд “мөс” гэх бодисыг захиалаад байгааг шалгаж тогтоосон зүйл огт байхгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “мөс” гэх 43.9 гр бодисыг яг хэдэн төгрөг өгөөд намайг захиалаад байгааг тогтоогоогүй атлаа дээрх хэргийн хатгагч гэж ял шийтгэл оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Х.Т давж заалдах гомдолдоо: “...Намайг Б.С-т хар тамхи, мансууруулах бодис захиалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялласан боловч уг хэрэгт мансууруулах бодис захиалсан тухай ганц ч нотлох баримт авагдаагүй. Би Б.С-т хар тамхи захиалаагүй болох нь Б.С-ын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Тагнуулын Ерөнхий газрын ажилтан Ц.Б-од өгсөн тайлбар, мөн мөрдөн байцаагч Уянгад 2015 оны 7 дугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг болон Б.С-ын цаашид яллагдагчаар өгсөн бүх мэдүүлгүүдээр нотлогддог. Дээрх бүх мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудад Х.Т гэсэн нэр байхгүй байхад Х.Т захиалсан гэж зохиомлоор ял сонсгож, ял халдааж байгаад гомдолтой байна. Мөн намайг хар тамхийг олж авахыг завдсан гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, тухайн өдөр буюу 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр багын найз Б.А утсаар ярьж “Мааньт” дахь 415 дугаар ангид ял эдэлж буй найз Итгэлтөгсийн шийтгэх тогтоолыг олчихлоо, чи нэг уншаад үз, хоёулаа “Мааньт” явж Итгэлтөгстэй уулзаад ирье” гэж хэлсэн ба миний бие Б.А-тай Итгэлтөгсийг эргэж мөн магадланд орох хугацааг нь бодож өгөх гэж явсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.             

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зүйлчлэлүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Н.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 696 дугаар шийтгэх тогтоолд тусгагдан бичигдсэн зүйлд Н.М би хэзээ, хаана, хэдийд, яаж Б.С гэгч хүнд сэтгэцэд нөлөөт “мөс” гэх мансууруулах бодис захиалахын тулд хөлслөн хатгасан, хэрхэн яаж бүлэглэн мансууруулах бодис худалдаалах зорилготой олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэдэг нь ямар баримтаар нотлогдож тогтоогдсон нь тодорхой бус, огт дурдагдаагүй, хавтаст хэргийн материалд нотлох баримтаар баттай нотлогдоогүй, мөн намайг яллах шалтгаан болсон баримт нь бодит үнэн болон цаг хугацааны хувьд хэрэгт огт хамааралгүй баримт үндэслэн шийдвэр гаргасан байна. Тодруулбал:

Н.М миний 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 30,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 100,000 төгрөг, нийт 130.000 төгрөг Б.С гэгч хүний данс руу хэрэг болдог өдрөөс сарын өмнө шахуу шилжүүлсэн багахан мөнгөн шилжүүлгийг олон удаа утсаар холбогдсон гэх, сэжиг бүхий эргэлзээтэй мессеж гэх, мөн Б.С-ын мансуурсан байх үедээ өгсөн ор үндэсгүй худал, гүтэглэгт мэдүүлгийг үнэнд тооцож намайг гэмт хэрэгт холбогдолтой гэж таамаглан олон жилийн хорих ялаар шийтгэж байгаад гомдолтой байна. Миний бие эхнэр, бага насны хүүхдийнхээ хамт амьдардаг. 2015 оны 8 дугаар сараас энэ эрүүгийн хүнд гэмт хэрэгт хилсээр татагдан ороод 3 жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Энэхүү хугацаанд эхнэрийн минь бие өвдөж савны хавдар гэх аймшигт өвчин тусч, одоогийн байдлаар байнга эмчилгээ хийлгэн эмнэлгийн хяналтанд байдаг болсон. Хэрвээ миний бие хилс хэргээр олон жилийн ялаар шийтгэгдэх юм бол миний эхнэр бага насны хүүгээ ганцаараа асран халамжлах, тэжээн тэтгэх, эмчилгээ хийлгэхийн хажуугаар сургуульд нь зөөх зэрэг олон хүндхэн нөхцөл байдал үүсээд байгааг анхааралдаа авна гэдэгт итгэлтэй байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн зөв талаас нь үнэн бодитоор харж Н.М надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Д.Батсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон үндэслэлийн тухайд тайлбар хэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлын талаар зохицуулсан ба хүнийг гэмт хэрэгт буруутгахын тулд энэ зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал”-ыг, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн”-ийг, 1.3 дахь заалтад заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг тус тус нотолсон байхыг шаарддаг. Хуулиар тогтоосон энэ шаардлагын дагуу прокурорын яллах дүгнэлт болон улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтээр миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа “...X.Тамир, Б.С нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 4-нөөс, 9-ний өдрүүдийн хооронд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдүүлэхээр хатгасан...” үйлдлийн хүрээнд дараах нөхцөл байдлуудыг нотолсон байх шаардлагатай байсан. Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 гр бодис худалдаалах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авах, хадгалах, тээвэрлэх асуудлаар Б.А нь “Б.С, Х.Т нартай урьдчилан үгсэж тохиролцсон эсэх”-ийг нотолсон байх шаардлагатай. Хэрэв дээрх тохиролцоо хийгдсэн бол яг хэзээ хийгдсэн болохыг, Б.А-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцлийн аль нөхцөлд хамаарч байгааг нотлох ёстой. Яллах дүгнэлтэд 62 нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч нарын гэм бурууг нотлож байгаа гэж мэтгэлцсэн. Улсын яллагчийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь дээр дурьдсан нотлогдвол зохих асуудлуудыг бүрэн нотлож чадаагүй. Тухайлбал:

Яллах дүгнэлтэд заасан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын жагсаалтын 1-11, 21-23, 25, 29-д байгаа баримтууд нь хэргийн процесс ажиллагааны явцад үйлдэгдсэн баримтууд байх бөгөөд эдгээр баримтууд дотор дээр дурьдсан нотлогдвол зохих гурван асуудалд хамаарах нэг ч баримт байгаагүй. Харин 12-13, 24, 26-д байгаа гэрч нарын, 26-д байгаа Б.С-ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг нь миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа үйл явдалд хамааралтай боловч түүнийг буруутгах дээр дурьдсан нотлогдвол зохих гурван асуудлын алиныг нь ч нотолж чадаагүй. Улсын яллагчийн үндэслэл болгосон нотлох баримтын жагсаалтын 27, 32-59-д байгаа гэрчүүдийн мэдүүлэг, 30-60-д байгаа баримтууд нь Б.А-г буруутгаж буй үйл баримтуудад хамааралгүй, Х.Т-ын албан тушаалын үйлдэлд хамаарах баримтууд байсан. Эдгээр 62 баримтаас 2 баримт буюу Ц.Б-ын гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.С-ын өгсөн тайлбар, сэжигтнээр өгсөн мэдүүлэгт “... Б.С нь Б.А, Х.Т нарын захиалгаар БНХАУ-аас “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн...” гэх мэдээлэл агуулагддаг боловч “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 гр бодисыг худалдаалах зорилгоор урьдчилан үгсэн тохиролцсон гэх үйл баримтыг нотолсон нэг ч мэдээлэл байхгүй байсан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх 62 баримтаас 9 төрлийн баримтыг Б.А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотлож байна гэж заасан боловч эдгээр нотлох баримтуудын аль нотлох баримт нь түүний буруутгасан үйлдлийг хэрхэн нотлож байгааг шийтгэх тогтоолд тодорхой ялгаж, зааглаж заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт нийцээгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон үндэслэлийн тухайд Б.А-г “...Х.Т, Б.С нартай бүлэглэн Б.С-ыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад орсон метамфинамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 гр бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдүүлэхээр хатгасан...” гэх үйлдлийг хэрэгт цугларсан баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн эргэлзээгүйгээр нотлон тогтоож чадаагүй байна. Учир нь, Б.С-ын биедээ авч явсан гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг тэрээр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх үйл баримт нь хэрэгт байгаа нотлох баримтуудаар нотлогдоогүй, ийм баримтыг шийтгэх тогтоолд тодорхой тусгаагүй байна.

Б.С-ын 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өгсөн тайлбар, 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгт “... хураан авсан “мөс” гэх бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн...” гэсэн боловч 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс яллагдагчаар татагдсан үеэсээ эхлэн дээрх мэдүүлгийг үгүйсгэж, “... Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирсэн хойно хүнээс худалдан авсан...” гэж мэдүүлэх болсон. Б.С мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх мэдүүлэг нь тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу өөр бусад баримтаар нотлогдоогүй. Тагнуулын Ерөнхий газрын Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь газрын ажилтан Ц.Б мөрдөн байцаалтын явцад “...Б.С 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын хилээр мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис болох “мөс”-ийг хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд түүнийг Монгол Улсын хилээр нэвтрэх үеэс эхлэн хяналт тавьж байсан...” гэж мэдүүлдэг боловч энэ мэдүүлэгтээ дурьдсан үйл баримтыг Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасан техник хэрэгсэл ашиглаж бэхжүүлэх үүрэгтэй атал энэ үүргээ хэрэгжүүлээгүй, түүний мэдүүлэг нь өөр бусад баримтаар нотлогдоогүй, тэрээр мэдүүлгийнхээ эх сурвалжийг баримтаар нотлож чадаагүй, түүний өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай зөрчилддөг. Тэрээр Б.С, Б.А, Х.Т нар дээр прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэдэг боловч энэ нь нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар үгүйсгэгдсэн. Б.С 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын хилээр мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис болох “мөс”-ийг хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх нь хангалттай баримтаар нотлогдож тогтоогдоогүй, энэ талаар хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хоорондоо зөрүүтэй, олон эргэлзээтэй баримтуудаар Б.А-г энэ гэмт хэргийг үйлдэхийг хатгасан гэж буруутгах үндэслэлгүй юм. Эрүүгийн 201501000078 дугаартай хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Б.А-г яллагдагч Б.С-т Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад орсон метамфинамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдүүлэхээр хатгасан гэх гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Энэ хэрэгт хэд хэдэн удаа яллах дүгнэлт үйлдэгдэн хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлж байсан. Эдгээр яллах дүгнэлтүүдэд, тухайлбал хамгийн сүүлд үйлдэгдсэн яллах дүгнэлтэд прокурор яллагдагч нарыг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлож байгаа гэж үзсэн 62 баримтыг заасан талаар дээр дурьдсан. Эдгээр нотлох баримтуудын аль нь, хэн гэдэг шүүгдэгчийн ямар үйлдлийг хэрхэн нотлож байгаа болохыг яллах дүгнэлтэд болон шүүх хуралдаан дээр тодорхой ялгаж тайлбарлаагүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.С-ыг мансуурсан үед нь 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр тайлбар авах, 11-ний өдөр сэжигтнээр мэдүүлэг авах ажиллагааг явуулсан нь “Аливаа хэлбэрээр саатуулагдсан болон хоригдсон хүмүүсийг хамгаалах зарчмуудын цогцын 1 дүгээр зарчмын “...Аливаа хэлбэрээр саатуулагдсан болон хоригдсон бүх этгээд өөртэйгөө энэрэнгүй харьцах, хүний хувьд заяасан нэр хүндээ хүндэтгүүлэх эрх эдлэх ёстой...” гэснийг, 3 дугаар зарчмын “...Аливаа хэлбэрээр саатуулагдсан болон хоригдсон хүний эрхийг тухайн улсад мөрдөж байгаа хууль, конвенци, дүрэм, зан заншил нь энэ зарчимд тусгагдаагүй буюу арга хэмжээгээр тусгагдсан гэсэн үндэслэлээр ямар нэгэн байдлаар хязгаарлах буюу дорд үзэх явдал байх ёсгүй...” гэснийг, 21 дүгээр зарчмын 1 дэх хэсгийн “...Саатуулагдсан болон хоригдсон этгээдийн байдлыг хэргийг хүлээлгэх, өөрийгөө ямар нэг байдлаар нь илчлэх буюу аливаа бусад хүний эсрэг мэдүүлэг өгүүлэх зорилгоор урвуулахыг хориглоно...” гэснийг, 2 дахь хэсгийн “...Саатуулагдсан аль ч этгээдээс мэдүүлэг авахдаа хүч хэрэглэх, сүрдүүлэх буюу шийдвэр гаргах, үнэлэлт өгөх, чадварыг нь алдагдуулах арга хэрэглэхийг хориглоно...” гэснийг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 16.12 дугаар зүйлд зааснаар уг тайлбар, мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл болох юм. Гэрч Ц.Б нь “...Б.С, Б.А, Х.Т нар дээр прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэх ажиллагаа явуулсан...” гэдэг боловч энэ нь нэмэлт ажиллагааны явцад авагдсан баримтаар няцаагдаж тэрээр 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Б.С дээр, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Б.А, Х.Т нар дээр хууль зөрчиж гүйцэтгэх ажиллагаа явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Иймээс аль нь үнэн болох нь тодорхойгүй, эргэлзээтэй, түүнчлэн мансуурсан үедээ өгсөн сэжигтний мэдүүлэг, хууль зөрчиж ажиллагаа явуулсан тагнуулын байгууллагын ажилтны өгсөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн Б.А-г яллаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зуйлийн 6 дахь хэсэг, 16.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй.

Иймд Баянгол дүүргийн Эрүугийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 696 дугаар шийтгэх тогтоолын Б.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Х.Т-ын өмгөөлөгч С.Пүрэвдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргийн хувьд дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шийтгэх тогтоолын 42 дугаар хуудаснаас 49 дүгээр хуудаст Х.Т-ын холбогдсон хэргийн нотлох баримтуудыг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэг дээр 8 нотлох баримт, хээл хахуулийн хэрэгт холбоотой бусад нотлох баримтуудыг жагсаан бичсэн байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой нотлох баримтуудаас гэрч Ц.Б-ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт “Б.С нь надад тайлбар өгснийхөө дараа хэргийн материалыг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлэх гэтэл “Б.А гэж тагнуулын байгууллагад ажиллаж байгаад ажлаасаа гарсан хүн байгаа. Х.Т гэж Тээврийн прокурорт ажилладаг хүн байгаа. Энэ хоёр хүн надад энэ зүйлийг захисан. Энэ хоёр хүнээс болоод би шоронд орох болчлоо. Барьж өгмөөр байна. Надад захиалсан гэдгийг нотолно” гэж ярьсан” гэжээ. Шүүх ганц энэ мэдүүлгийг үндэслэн Х.Т-т ял шийтгэл оногдуулсан.

Гэрч Ц.Б нь Замын-Үүдийн Тагнуулын байгууллагын ажилтан бөгөөд энэ хэрэг дээр хэрэг бүртгэлтийн хойшлуулашгүй ажиллагаа гардан хийж, энэ хэргийг илрүүлсэн гэж тодорхой шагнал, урамшуулал авсан ажилтан юм. Ц.Б нь 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Б.С-аас тайлбар авсан тэмдэглэлд /1-р хх 18-20/ Х.Тын талаар ямар нэгэн зүйл огт яриагүй байдаг. Ялтан Б.С нь би анх баригдахдаа Ц.Б-од Х.Т-ын талаар ямар нэгэн зүйл огт яриагүй гэдэг. Б.Сын яриаг бичсэн бичлэгүүдэд ямар нэгэн зүйл огт бичигдээгүй. Б.С-ыг 2015 оны 7 дугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр тооцож, мэдүүлэг авахад мөн Х.Т-ын талаар огт яриагүй. Гэрч Ц.Б 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр болсон шүүх хуралдаанд оролцож өгсөн мэдүүлэгтээ дээрх зүйлсийг огт яриагүй атлаа 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд шинээр гаргаж ярьсан. Гэрч Ц.Б-ын мэдүүлгийн эх сурвалж гэж заасан Б.С-ын тайлбар, мэдүүлэгт энэ тухай огт яригдаагүй тул Ц.Б-ын мэдүүлгийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Х.Т тухайн өдөр Б.Атай ямар ажилтай явсан талаар гэрч Б.Итгэлтөгсийн мэдүүлэг /16-р хх 101/, Мааньтын хорих ангийн албан бичиг /16-р хх 102/, Б.А-гийн автомашинд үзлэг хийхэд Б.Итгэлтөгсийн яллах дүгнэлт, хайрцаг банана жимс байсан талаар /1-р хх 64-71/ тодорхой байгаа. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэг нь 2015 оны 7 дугаар сард болсон хэргийн үйл баримтыг нотлох үйл ажиллагаа явагдаж байгаа билээ. Гэтэл 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Х.Т, Б.А нараас 2,500,000 төгрөг Б.С-ын “ХААН” банкны дансанд шилжүүлсэн гэсэн хуулгыг хэрэгт нотлох баримтын жагсаалтанд оруулсан нь хэрэг болохооос нэг жил гарангийн өмнөх баримтыг нотлох баримтанд оруулж байна. Бусад жагсаасан нотлох баримтууд нь Х.Т-т огт хамаагүй, өөр ялтанд хамааралтай нотлох баримтууд байна гэж үзэж байна. Х.Т нь ялтан Б.С-ыг дээрх гэмт хэрэг үйлдүүлэхээр хөлслөн авах талаар хэлэлцэж тохирсон зүйлгүй, хөлс мөнгө өгч захиалсан үйлдэл тогтоогдоогүй, 3 жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаагаар бусад ялтантай урьдчилан үгсэн тохирсон, бүлэглэсэн нь тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагаа нь Х.Т-ын мансууруулах бодис хэрэглэгч байж болох талаар нотлох баримтуудыг цуглуулсан боловч энэ нь бас нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй болно. Шүүхийн шийтгэх тогтоолд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэгт шүүхээс гаргасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдохгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтын дагуу ялтан Х.Т-т ял оногдуулсан шийтгэх тогтоолын зарим хэсэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан хэсгийг хүчингүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч Л.Хатанбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бичигдсэн зүйлд шүүгдэгч Н.М нь хэзээ, хаана, хэдийд Б.С-т “мөс” гэх мансууруулах бодисыг хөлсөлж, хатгасан, ямар нөхцөл байдлаар бүлэглэж үйлдсэн талаар тодорхойгүй, дурдаагүй. Мөн худалдаалах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэж байгаа нь ямар баримтаар тогтоогдсон нь ойлгомжгүй. Түүгээр барахгүй Монгол Улсын хилээр хууль бусаар яаж нэвтрүүлсэн нь нотлогдоогүй байхад хэргийн гол эзэн Б.С-ын үйлдлийг Н.М-тай бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг гэж мушгин тайлбарлаж хэрэг тохож байгаа нь шүүхийн мэтгэлцээн, хэлэлцүүлэг болон нотлох баримтаар нотлогдоогүй, эргэлзээтэй учраас хийсвэр дүгнэлт гэж үзэж байна. Учир нь, хар тамхины төрөл болох “мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг өөртөө авч явсан, хэрэглэсэн Б.С нь хэргээс мултарч өөрийн зүйчлэлээ хөнгөрүүлэх үүднээс “гүйцэтгэгч” болох санаатай, мөрдөн байцаалтын ажиллагааг төөрөгдүүлэх гэсэн агуулгатай, эрүүл бус хүний гүтгэлгийн шинжтэй зохиомол, мансуурсан мэдүүлгийг бусдын эсрэг ашиглах яллагааны эх сурвалж болгож, утсаа авахгүй хүнтэй холбогдож харилцах гэсэн утасны холболт, уулзах гэсэн мессеж бичсэн асуудлыг бодит үйлдлээр тогтоогдож байна гэж мушгин тайлбарлаж болохгүй бөгөөд барилгатай холбоотой материалын мөнгөний шилжүүлэг зэрэг нөхцөл байдлуудыг хар тамхи хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийн үйл баримт болгон холбон хувиргаж байгаа шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь илт нэг талыг баримталсан тул дараах эрүүгийн хуулийн хэм хэмжээ, зохицуулалтыг буруу хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “...сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн...” бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байхад хилээр хамт гараагүй, хар тамхи оруулаагүй Н.М-ыг энэ зүйлээр ялласан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, шүүгдэгч Н.М 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын хилээр нэвтрээгүй, тэр хавьд огт байгаагүй, шүүгдэгч Б.С-ын үйлдэлд шалтгаант холбоогүй учраас энэ гэмт хэргийн бүрэлдхүүний субъект байх ямар ч боломжгүй билээ. Бас нэг хачирхалтай зүйл гэвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “...Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах...” гэмт хэрэг нь шинэ хуулийн заалт учраас 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр болсон үйл явдалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шинэ хуулийг буцаан хэрэглэж байгаа явдал нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасны дагуу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд зааснаар “Хууль үйлчлэх цаг хугацаа” гэдэгт “...тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж хуульчилсан болохоос биш 2 жилийн дараа буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс даган мөрдөж үйлчлэх ёстой шинэ хуулийн шинэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр рүү шилжүүлж Н.М-ыг хамруулж “буцаан хэрэглэж” болохгүй учраас сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэсэн хэргийн зүйлчлэлээр ялласан шийтгэх тогтоол ямар ч утгагүй, хэрэглэх боломжгүй гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарч энэ зүйлийг нэмж, эрх зүйн байдлыг нэмж дордуулсан прокурор, шүүгч нарын илт яллах талыг баримталсан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр, илт хууль бус үйл ажиллагаа явагдсан учраас хилс хэрэгт хэлмэгдүүлсэн гэдгийн бас нэг жишээ гэдгийн хангалттай нотолгоо билээ.

Захиалагч, хатгагч гэсэн нэр томьёо ухагдахууныг Эрүүгийн хуульд заасан ашигтайгаар шийдвэрлэх заалтуудыг хэрэглэхэд аль болох зөрчиж, орж ирсэн. Үгсэн тохиролцсон болгосон, бүлэглэсэн болгосон, захиалагчийг хатгагч болгосон. Өөрөөр хэлбэл, хэргийн бодит байдал болон нотолбол зохих асуудлууд миний үйлчлүүлэгчид ямар ч хамааралгүй болсон. Хатгагчид хөлсөлсөн гэж үг орж ирдэг. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно” гэж байгаа. Н.М нь Б.С-ыг тамхи олоод ир гэж хэлсэн талаар хавтас хэрэгт хэзээ хөлсөлсөн, ямар мөнгөөр хөлсөлсөн бэ гэдэг талаар байхгүй. 7 дугаар сарын 9-ны өдрөөс бараг 20 хэдэн хоногийн өмнө шилжүүлсэн 130.000 төгрөг нь урьд ажил хэргийн холбоотой байсан, барилгын материал өгч, авалцаад, тэрний буцаалтын хуучны мөнгө явж байгаа. Анхан шатны шүүхээс уг материалыг “олж ир” гэсний дагуу тус материал хавтас хэрэгт цуглараад, бэхжүүлсэн байгаа. Уг материалыг шүүх бүрэлдэхүүн анхааралтай хараарай. Хэрвээ 130,000 төгрөг нь хөлсөлсөн гэж үзвэл хавтас хэрэгт 43.9 грамм мансууруулах бодисын зах зээлийн үнэ 13,000,000-15,000,000 төгрөг орчим байгаа гэж мэргэжлийн хүмүүс нь тайлбар гаргасан. Үүнийг тооцохоор 1 грамм хүрэхгүй ба 0.3 грамм болж байна. Үнэхээр тийм мөнгө шилжүүлсэн гэж үзэж байгаа бол 0.3 грамм дээр миний үйлчлүүлэгч 4 жилийн ял авч байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд “Б.С-ыг сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байхад мэдүүлэг авсан гэж тайлбарлаагүй боловч тэр мэдүүлсэн мэдүүлгээ хариуцах бүрэн чадвартай нь Шүүхийн сэтгэц, эмгэг судлалын шинжээчийн 677 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна” гэж анхан шатны шүүх үзсэн байна. Шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээч нь мэдүүлгийн чадварыг тогтоох субъект биш, хэрэг хариуцах чадварыг тогтоодог субъект учраас тухайн өдөр мэдүүлэг өгөх чадварыг тогтоох боломжгүй. Шүүхийн сэтгэц, эмгэг судлалын шинжээчийн 677 дугаартай дүгнэлт нь дотроо өөрөө зөрчилтэй байгаа. 2 дугаар хавтас хэргийн 199 дүгээр хуудаст 677 дугаартай дүгнэлтэд “Б.С нь сэргээгч эм, бодисын шалтгаант цочмог хордлого, сэтгэцийн эмгэгтэй байна” гэсэн байдаг. Ийм сэтгэцийн эмгэгтэй, хар тамхи хэрэглэсэн, мансуурсан хүн мэдүүлэг өгөөд, тэр нь үнэн болж яваад байдаг. Сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мансуурсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Замын-Үүдэд байхад нь шээснээс нь шинжилгээ авч тогтоосон. Энэ дараа нь 7 дугаар сард гарсан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр мөн гарч ирсэн. Иймд Б.С-ын мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй”, мөн зүйлийн 8 дахь хэсэгт “...шүүгдэгчийн гэм буруутайг нотлох, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэсэн 2 заалт байгаа. Үүнийг шүүх, прокурор хэрэгжүүлдэггүй. Энэ 43.9 гр мөс гэх бодисыг Н.М худалдаалах нь байтугай энэ бодисыг хараагүй, барьж үзээгүй. Гэтэл тээвэрлэсэн болгож яллах дүгнэлт үйлдэхдээ 3-4 удаа давтаж бичээд, сүүлдээ шийтгэх тогтоолд “уучлаарай энэ олон удаа давтсан техникийн алдаа байсан” гэж үзсэн.

Х.Т, Б.А нарын үйлдэлд 43.9 грамм, Б.С, Н.М нарын үйлдэлд 43.9 грамм мөс гэх бодис гэж бичээд байгаа. Тэгвэл нийлээд 87.8 грамм болоод байна. Яллах дүгнэлтдээ оруулж ирэхдээ хэн нь хэдийг захиалсныг тогтоох байсан.

Шүүгдэгч Н.М-ыг бусдын гүтгэлэгт тулгуурлан үндэслэлгүйгээр хар тамхины хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, элдэв янзын шалтаг, тайлбараар гэнэт цагдан хорьсон. Үүний улмаас ажил хэрэг, нэр төрөө алдаж, хүнд сүрьеэ өвчин тусаж хэргийн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны золиос болж шүүхээс хилс хэрэгт хэлмэгдүүлсэн тул бусдын үйлдэгдсэн хэрэгт холбогдуулсан нөхцөл байдал нь хавтас хэргийн материалаар нотлогдоогүй болон шүүхээр хянан шийдвэрлэхэд гэм буруутай нь тогтоогдоогүй байхад холбогдуулсан үйлдэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, гэмт хэргийн шинжгүй байхад хоёр зүйлээр яллаж 4 жилийн хорих ял оногдуулж ял халдааж хохирсон дээр нь хохироож буй анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн илт хууль бус үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй, чөлөөтэй байх, иргэний баталгаатай эдлэх эрхийг хөндсөн хууль зуйн үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгож, түүнд холбогдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч М.Баасанбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх Н.М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо гэрч Ц.Б-ын мэдүүлэг, яллах дүгнэлтэд огт дурьдаагүй, шүүхийн хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судлаагүй 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 30,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 100,000 төгрөг шилжүүлсэн баримт, хэрэгт хамааралгүй мессеж зэргийг дурдаад гэмт хэрэгт үйлдсэн нь нотлогдож байна хэмээн дээрх хоёр зүйлээр ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан. Гэрч гэх Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа өгсөн мэдүүлгүүд нь зөрүүтэй байгаа тохиолдолд түүний мэдүүлгийг үнэн зөв эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх бодит боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлээгүй, мэдүүлэг өгөгч буюу Ц.Б нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, зөрүүтэй мэдүүлсэн, тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй байхад нотлох баримтаар тооцож шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй”, мөн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 30,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 100,000 төгрөгийн баримт болон мессеж зэргийг шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт заасан “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ” гэж хуульчилсан бөгөөд улсын яллагчийн яллах дүгнэлтэд яллагдагч нарын гэм бурууг нотлохдоо нийт 62 баримтыг дурьдсан байдаг боловч тэдгээрийн чухам аль нь миний үйлчлүүлэгч Н.М-ыг гэмт хэрэг үйлдсэнийг нотолж байгаа нь тодорхойгүй, зөвхөн яллагдагч Б.С-ын сэжигтнээр өгсөн мэдүүлгээр шууд гэм буруутай гэж тогтоох үндэслэлгүй юм. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б.С нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй субъект юм. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тодорхой заасан байхад шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт нь эргэлзээтэй байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх байсан. Гэтэл шүүх хуулийг буруу хэрэглэн Н.М-ын эрх зүйн байдлыг дордуулж ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Мөрдөн байцаалтын шатанд Н.М нь Б.С-ыг “... барилгын материал манай компанид авчирч өгч шахсан, мөнгөө нэхээд ядаргаатай байсан...” гэж мэдүүлдэг бөгөөд Б.С-тай ажил хэргийн холбоотой байсан талаарх өөрийн ажиллаж байсан “Бэрэн констракшн” ХХК-ийн санхүүгийн баримт, талуудын хооронд хийсэн хэлцэл зэргийг өгсөн боловч энэ талаар ямар ч ажиллагаа хийгээгүй байж улсын яллагч шүүх хуралдаан дээр Н.Маас “...танай компани Б.С-тай хамтран ажиллах гэрээ байгаа юу...” гэж асууж байсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйтэй шууд холбоотой юм. Өөрөөр хэлбэл, Н.М-ын хувьд мөрдөн байцаалтын шатанд анхнаасаа үнэн зөв, тогтвортой мэдүүлж ирсэн байдаг бөгөөд Б.С-тай хэзээ, хэрхэн танилцсан, түүнээс авсан барилгын материал гэх шуудайтай зүйлийг өөрийн ажиллаж байсан компанийн санхүүгийн албанд шилжүүлсэн талаар удаа дараа тодорхой мэдүүлж, холбогдох баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Гэтэл мөрдөгч болон прокурор, сэжигтэн, яллагдагчаар татагдсан Б.С-ын мэдүүлгийн хөтөлбөргүй үнэн мэтээр үнэлж талуудын хүсэлт болон өөрийн санаачлагаар Н.Мын мэдүүлэг үнэн зөв эсэхийг шалгаж тогтоогоогүй болно.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн ахнхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 696 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Олж, хадгалсан, тээвэрлэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Х.Т, Б.А, Н.М нар надад захиалсан зүйл байхгүй. Ц.Б гэж хүн чиний утас руу 88-тай дугаараас дахин, дахин залгаад байна. Энэ ямар учиртай хүн юм бэ гэхээр нь би Б.Аг тагнуулд байсан болохоор нь таньж, мэдэж магадгүй гэж бодоод Б.А гэж тагнуулд ажилладаг хүн гэж хэлсэн. Н.М, Х.Т нар мэдээгүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 696 дугаар шийтгэх тогтоолд бие даасан гомдол гаргаагүй. Учир нь өмгөөлөгчдийн гаргасан гомдол, хэргийн үйл баримт, нотолбол зохих асуудлуудын талаар бүгд дурьдсан болохоор давхцуулах шаардлагагүй гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэх талаар эргэлзээтэй байсан болохоор энэ талаар тайлбар хэлж байна. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцож, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “бусадтай бүлэглэж, захиалагч”-аар, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар “хатгагч” буюу 3.4 дугаар зүйлд зааснаар, мөн хуулийн 1.6 дугаар зүйлд зааснаар “Монгол Улсын хилийн гадна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг баримтлан худалдан борлуулах зорилгоор 43.9 грамм /зарим тохиолдолд 49.3 грамм гэж бичигдсэн/ бодисыг бусадтай бүлэглэж олж авсан гэж шүүх дүгнэсэн. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулахдаа  ерөнхий ангийн зохицуулалтыг баримталсан зүйл байхгүй. Тэгэхээр шийтгэх тогтоол нь хууль ёсны шаардлагыг хангасан эсэх нь тодорхойгүй байна. Хавтас хэргийн 52 дугаар хуудсанд анхан шатны шүүхээс Б.С-ыг гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.С-ын хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд авч үзвсэн. Б.С нь урьд 6 удаагийн ял шийтгүүлж байсан тул түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр заасан. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасныг зөрчсөн. Бусад өмгөөлөгчдийн гаргасан гомдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудал нотлогдоогүй, эргэлзээтэй байгаа гэдэгт би санал нэгтэй байна. Яагаад гэвэл тухайн цаг хугацаанд Ц.Б гэж Тагнуулын Ерөнхий газрын ажилтан анхнаасаа хилээс эхлээд хяналт тавьж байсан мэтээр мэдүүлдэг. Үүнийгээ би прокурорын тусгай зөвшөөрлөөр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэдэг. Дараа нь Тагнуулын Ерөнхий газрын хууль тогтоомжид энэ ажиллагааг  хойшлуулашгүйгээр явуулж болох баримт, заалтууд байдаг юм байна. Энэ заалтуудаараа сүүлд өгсөн мэдүүлэг нь гүйцэтгэх ажиллагааны шугамаар хийгдээгүй, хойшлуулашгүй ажиллагааны үед хийгдсэн гэж ярьдаг. Би шүүх хуралдааны үед “нэгэнт чи “мөс” гэх бодисыг мэдэж байсан, хэмжээг нь хүртэл мэдэж байсан, оруулж ирэхийг нь мэдэж байсан юм бол яагаад Монгол Улсын хил, шалган нэвтрүүлэх боомт дээр бариагүй юм бэ” гэж асуухад “яг мөн, биш эсэхийг нь олон Сүхбаатар гэж хүн гарсан болохоор тааварлаж байсан юм” гэж ярьдаг. Б.С-ын хувьд тухайн бодисыг биедээ хадгалсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болохоор шүүх бүрэлдэхүүн 1 дүгээрт “хөнгөрүүлэх үйл баримт байна уу”, 2 дугаарт “бусад өмгөөлөгч нарын тавьж байгаа өөрсдийн үйлчлүүлэгчтэй холбоотой асуудал”-ыг зөв талаас нь шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ч.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэмт хэргийн онолын хувьд тагнуулын байгууллагад Монгол Улсын хилээр мансууруулах бодис их хэмжээгээр нэвтрүүлж болзошгүй гэсэн мэдээ, мэдээллийг хүлээж аваад тагнуулын ажилтан Ц.Б хойшлуулашгүй ажиллагаа явуулсан. Гэтэл улсын хилээр Сүхбаатар гэж нэртэй олон хүн орж ирсэн байдаг. Шалгах ажиллагаа явуулахдаа “мансууруулах бодисыг биедээ авч орж ирэх Б.С гэдэг хүн аль нь вэ гэдэг дээр ажиглалт явуулж шалгасан” гэж тайлбарлаж, мөн гэрчээр мэдүүлсэн байгаа. Б.С-ын мансуурсан үедээ өгсөн мэдүүлгийг үнэлсэн асуудлын тухайд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн анх өгсөн мэдүүлэг нь цаг хугацааны хувьд үйл баримттайгаа давхцаж байгаа тохиолдолд түүнийг анхдагч нотлох баримтаар үнэлдэг. Б.С-ын өгсөн мэдүүлэг, цаашид хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны тогтоогдсон нөхцөл байдлуудтай давхцсан. Гэрч Ц.Б өөрөө мөрдөн байцаалтын явцад болон шүүх хуралдааны явцад хэлэхдээ “энд хүн орж ирлээ, биечилсэн ажиглалт явууллаа, Улаанбаатар хот руу хөдөллөө гэхээр нь би удирдлагад мэдэгдээд, саатуулсан. Саатуулаад шалгахад түүнээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэн юм. Үүгээр миний ажиллагаа дуусаж болох байсан. Харъяаллын дагуу мөрдөн байцаах газарт шилжүүлэн өгөх боломжтой байсан. Гэтэл Б.С надад “энэ бодисыг захиалсан хүмүүс намайг хүлээж байгаа шүү дээ. Энэ асуудлыг шалгаж өгөөч. Б.А, Х.Т нар байгаа. Худлаа гэвэл та нар хараарай, намайг тосож ирж байгаа” гэсэн асуудал тавьсан. Тухайн үед Замын-Үүдийн прокурор хамт байсан байдаг. Тэгээд энэ асуудлыг шалгасан. Тагнуулын ажилтан тухайн үед Б.Сын гар утсыг хурааж авсан байсан. Гэтэл гар утсанд маш их дуудлага, мессеж ирсэн байсан. Үүнтэй холбогдуулан цаашид мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Тэгтэл бидний өөдөөс Б.А, Х.Т-тай цуг автомашинтай хүрч ирсэн” гэдэг. Замдаа тэд 4 удаа утсаар холбогдсон. Үүнд “та хаана явж байна” гэх мэт зүйл ярьсан нь тогтоогдсон байдаг. Б.А, Х.Т нар Илтгэлтөгс гэдэг хүнийг эргэхээр явж байсан гэдэг. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны явцад Х.Таас “Та тухайн нутаг дэвсгэрт хяналтын прокуророор ажиллаж байсан хүн байгаа. 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улсын Их баяр наадам болох гэж байсан. Тэгэхэд хорих ангиуд ямар арга хэмжээ авдаг вэ” гэж асуухад “би мэднэ, хүчитгэсэн хамгаалалт авдаг” гэсэн. “Та хүчитгэсэн хамгаалалт авдгийг мэдсээр байж, Итгэлтөгстэй уулзахаар очих ямар шаардлага байсан юм бэ” гэхэд “Харин очсон чинь хүчитгэсэн хамгаалалт авсан байсан учраас би уулзаж чадаагүй” гэж эсрэг, тэсрэг мэдүүлэг өгсөн. Энэ хүмүүсийг яагаад урьдчилан үгсэн тохиролцсон гэж үзсэн бэ? гэхээр Б.С-ын сэжигтнээр өгсөн мэдүүлэгт “Би урьд өмнө 5, 6 дугаар сард 2 удаа явж  ирсэн. Б.А надад “мөс” гэх зүйлийг оруулаад ирээч гэхээр нь эхний удаа явж, үнэхээр оруулж ирж чадсан. 2 дахь удаагаа явахад Б.А надад наадах зүйлээ хая, гаалийн хяналт чанга байна шүү гэхээр нь би хаяж байсан. 3 дахь удаагаа би таниас худалдаж авъя, надад 2.400.000 төгрөг бэлнээр байна. Та энэ мөнгийг аваад явчих гэж хэлсэн учраас би тэр мөнгийг авсан” гэж мэдүүлдэг. Б.С өөрөө ажил хийдэггүй, тодорхой эрхэлсэн ажилгүй хүн байгаа. Тэр бодисыг худалдаж авсан мөнгөний эх сурвалж хэний мөнгө байх вэ? гэдэг дээр хууль зүйн дүгнэлт хийх ёстой. Улмаар Н.Мтай яаж үгсэн тохиролцсон бэ? гэхээр Б.А-тай ярьсан яриаг Н.М-ад хэлсэн байдаг. Б.С “А надад “мөс” гэх зүйлийг оруулж ирэхийг захиад байна” гэж Н.М-ад хэлэхэд “та тэгвэл надад бас аваад ирээч, би таниас 2.500.000 төгрөгөөр худалдаж авъя” гэж хэлсний дагуу би тэр “мөс” гэх бодисыг авчирсан байдаг. Мөн Н.М-ын 7 дугаар сарын 10-ны өдөр удаа дараа Б.С луу залгаж байсан утасны дуудлагууд байдаг. Ингээд утсаа авахгүй болохоор нь “ээ та яачихваа, хариу өгөлдөө, таниас болоод гэртээ орж амжихгүй байна. Хүмүүсээс мөнгө, төгрөг авсан байгаа” гэсэн мессежүүдийг бичсэн байдаг. Энэ үйл баримтууд нь сэжигтнээр өгсөн мэдүүлгүүдтэй бүгд тохирч байгаа.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. 2002 оны Эрүүгийн хуулиар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт хүлээлгэж байсан эрүүгийн хариуцлага нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хөнгөрсөн учраас энэ хуулийг хэрэглэн яллах дүгнэлт үйлдсэн. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж өөрчлөгдөөгүй байгаа. Ийм учраас хууль зөрчсөн гэж үзэхгүй байна.

Гүйцэтгэх ажиллагаа явагдсан гэдэг дээр прокурорын байгууллагаас “энэ ажиллагаанд гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй” гэсэн албан бичиг ирүүлсэн. Харин энэ нь хойшлуулашгүй байсан. Гэхдээ Тагнуулын байгууллагын тухай хуульд “гүйцэтгэх ажиллагааг илээр болон нууцаар явуулна” гэж заасан байдаг. Тийм учраас Ц.Б илээр ажиллагаа явуулсан ба илээр явуулахдаа прокурорыг байлцуулж энэ хэргийг илрүүлсэн. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 696 дугаар шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн учраас хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.С, Б.А, Х.Т, Н.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзвэл шүүгдэгч Х.Т нь Тээврийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байхдаа 2013 оны 3 дугаар сараас 2015 оны 4 дүгээр cap хүртэл өөрийн хяналт тавьж байсан хэргийн яллагдагч нарын ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9, 10, 45 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 193 дугаар зүйлийн 193.1.20 дахь заалт, 215 дугаар зүйлийн 215.2.2 дахь заалт, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 32 дугаар тушаалаар батлагдсан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажилд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг дагаж мөрдөх аргачилсан заавар”-ын 208, 210, 219 дүгээр зүйлд заасан гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй, хүндэвтэр ангиллын хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж Эрүүгийн 201324001112 дугаартай хэргийн яллагдагч Ч.Ариунзаяагаас 1,500,000 төгрөг, эрүүгийн 201524000249 дугаартай хэргийн яллагдагч С.Амартайванаас 1,000,000 төгрөг, эрүүгийн 201424000146 дугаартай хэргийн яллагдагч Б.Мөнхцоожоос 220,000 төгрөг, эрүүгийн 201424000666 дугаартай хэргийн яллагдагч Г.Энхбаатараас 4,000,000 төгрөг, эрүүгийн 201424000814 дугаартай хэргийн яллагдагч Б.Чинбатаас 1,000,000 төгрөг, эрүүгийн 201324001240 дугаартай хэргийн яллагдагч С.Эрдэнэжаргалаас 500,000 төгрөг, эрүүгийн 201324000814 дугаартай хэргийн яллагдагч Ц.Батбаатараас 100,000 төгрөг, яллагдагч Ё.Энхбатаас 100,000 төгрөг, эрүүгийн 201324000327 дугаартай хэргийн яллагдагч Л.Жавхлангаас 3,000,000 төгрөг, эрүүгийн 201424000529 дугаартай хэргийн яллагдагч Д.Анараас 3,000,000 төгрөг, эрүүгийн 201324000514 дугаартай хэргийн яллагдагч Ц.Отгонбаатараас 400,000 төгрөг, эрүүгийн 201324001270 дугаартай хэргийн яллагдагч М.Тэмүүжингээс 1,000,000 төгрөг, нийт 11 хэргийн 12 яллагдагчаас 15,820,000 төгрөгийн  хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Х.Т-ын автомашинд үзлэг хийхэд эрүүгийн хэргүүд, прокурорын яллах дүгнэлтүүд гарч ирснийг бэхжүүлсэн тэмдэглэл /1-р хх 72-73/,

 201424000913, 201324001270, 201324000704, 201424000146, 201324001261, 201324000514, 201424000666, 201424000475, 201424000814, 201324000807, 201324001194, 201424000889, 201324000814, 201524000249, 201324001240, 201424000772, 201324000327, 201324000870, 201424000529, 201324001112, 201424000847 тоот эрүүгийн хэргүүд, М-51000129 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1-р хх 191-219/,

“... Б.Анарт холбогдох 201424000529 тоот эрүүгийн хэрэг, Г.Эрдэнэбаатарт холбогдох 201424000666 тоот эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар Тээврийн прокурорын газарт шилжүүлсэн ...” талаар мөрдөн байцаагч Л.Ууганбаярын гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хх 45-46/,

“... Х.Мөнхтуяад холбогдох 201424000913, С.Амартайванд холбогдох 201524000249, Д.Бүжинлхамд холбогдох 201424000146, Б.Ганбаатарт холбогдох 201424000475, Д.Цэрэнбалд холбогдох 201324001261 дугаартай эрүүгийн хэргүүдэд хяналтын прокурор Х.Т хяналт тавьсан ...” талаар Тээврийн прокурорын газрын туслах ажилтан Ц.Ариунтуяагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хх 62-63/,

            Хяналтын прокурор Х.Т-т хахууль өгсөн талаар яллагдагч Ч.Ариунзаяа /7-р хх 238-242/, яллагдагч С.Амартайван /9-р хх 116-122/, яллагдагч Б.Мөнхцоож /9-р хх 208-217/, яллагдагч Г.Энхбаатар /10-р хх 40-41/, яллагдагч Б.Чинбат /10-р хх 184-188/, яллагдагч С.Эрдэнэжаргал /11-р хх 7-11/, яллагдагч Ц.Батбаатар /11-р хх 110-112/, яллагдагч Ё.Энхбат /11-р хх 106, 16-р хх 94-95/, яллагдагч Л.Жавхлан /11-р хх 197/, яллагдагч Д.Анар /12-р хх 42-46/, яллагдагч Ц.Отгонбаатар /12-р хх 144-145/, яллагдагч М.Тэмүүжин /12-р хх 225, 234-235/ нарын мэдүүлгүүд,

            Хяналтын прокурор Х.Т-т хахууль өгсөн болохыг сонссон, мэдсэн гэрч А.Баттулга /7-р хх 236/, гэрч Л.Алтанцэцэг /9-р хх 117/, гэрч Ч.Гээпил /10-р хх 70/, гэрч Д.Тамир /10-р хх 178/, гэрч Ч.Номундарь /10-р хх 180/, гэрч Ч.Амударь /10-р хх 182/, гэрч Б.Ганжаргал /11-р хх 8/, гэрч Б.Дуламсүрэн /11-р хх 108/, гэрч Т.Түмэндэмбэрэл /11-р хх 195/, гэрч Д.Золзаяа /12-р хх 38/, гэрч Б.Чинзориг /12-р хх 228/ нарын мэдүүлгүүд,

            Улсын Ерөнхий прокурорын газраас хяналтын прокурор Х.Т-ын ажилд албан шалгалт хийсэн танилцуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /15-р хх 51-83/,

            Х.Т-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. Энэ хэргийн тухайд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Тын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хахуульд авсан 15,800,000 төгрөгийг улсын орлогод төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг баримтлан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулсан нь хууль зөрчөөгүй байна.

 

            Харин шүүгдэгч Б.С, Б.А, Х.Т, Н.М нарыг “бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн”, “бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.А, Х.Т, Н.М нар шүүгдэгч Б.С-тай бүлэглэн, хатгагчаар хамтран оролцож дээр дурьдсан гэмт хэргүүдийг үйлдсэн нөхцөл байдал хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй, шүүх нотлох баримтуудад бодитой дүгнэлт хийгээгүйгээс хэргийн үйл баримтыг буруу тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохгүйгээр хэргийн үйл баримтыг шинээр тогтоож шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч Б.С нь 2015 оны 7 дугаар сарын 5-наас 9-ний хооронд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 43.9 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авч, биедээ хадгалан, тээвэрлэж, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Шүүгдэгч Б.А, Х.Т нар 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгч Б.С-аас дээрх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч тээвэрлэхийг, шүүгдэгч Н.М худалдаалах зорилгоор хууль бусаар олж авахыг тус тус завдсан болох нь:

Б.С-ын Е1310087 дугаартай гадаад паспортонд үзлэг хийж 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын хилээр гарч, 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр орж ирсэн байдлыг бэхжүүлсэн тэмдэглэл /1-р хх 119-127/,

13-36 УНМ улсын дугаартай автомашинд үзлэг хийж Б.С-ын биедээ авч явсан хоёр тусад нь гялгар уутанд савлаж наалддаг туузаар ороосон зүйлийг илрүүлсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх 11-14, 38-46/,

Б.С-аас хурааж авсан дээрх зүйл нь 43,9 грамм жинтэй, цагаан өнгийн талстлаг хэлбэртэй байсан бөгөөд Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай бодис болохыг тогтоосон шинжээчийн 6942 тоот дүгнэлт /2-р хх 151-153/,

Улаанбаатараас Дорноговь аймгийн чиглэлийн замын 186 км зайд, Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт Б.А-гийн ВМW X-5 загварын 18-08 УНЛ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх 64-72/,  

Тагнуулын Ерөнхий газрын Замын-Үүд дэх газрын ажилтан, ахлах дэслэгч  Ц.Б-ын гэрчээр өгсөн “... Б.С 2015 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Буянт-Ухаа боомтоор БНХАУ-ын Бээжин хот руу зорчсон. Үүний дараа Замын-Үүд боомтоор орж ирэхийг бид хүлээж байсан. Тухайн үед Б.С-ыг “их хэмжээтэй мөс гэх мансууруулах бодистой орж ирнэ” гэсэн мэдээлэл байсныг шалгасан юм. 2015 оны 7 дугаар сарын 9-ний 18 цаг 24 минутад саарал өнгийн “УАЗ 469” загварын автомашинаар орж ирээд Замын-Үүдийн вокзал дээр буугаад шууд 13-36 УНМ улсын дугаартай “Элентра” загварын автомашины жолоочтой очиж уулзаад Улаанбаатар явахаар тохиролцох үед жолоочийн 2 охин хоолны газар луу явж, Б.С ганцаараа үлдсэн. Үүний дараа хэн нэгэнтэй байнга л утсаар яриад байсан. Автомашин хот руу хөдлөх шинжтэй болоход нь бид ажиглалтаа дуусгаж Б.С-ыг саатуулан шалгасан. Шалгалтанд Замын-Үүд дэх Гаалийн газрын үнэрч нохойг ашиглаж автомашинд үзлэг явуулахад баруун хойд суудлын доороос 2 ширхэг хар өнгийн гялгар ууттай, скочоор битүү ороосон зүйлийг олсон. 7 дугаар сарын 9-ний шөнө Б.С-ыг прокурорын зөвшөөрлөөр түр саатуулаад өглөө нь уулзахад “... уг бодисыг Х.Т, Б.А нар захиалсан. Б.А 2,400,000 төгрөг өгөөд, үлдсэн мөнгийг гинж, нөөтбүүкээ барьцаанд тавьж мөнгөтэй болоод өгнө. Мөс гэх бодисыг 5,000,000 орчим төгрөгөөр БНХАУ-аас худалдан авч хилээр Б.А, Х.Т нарын захиалгаар оруулж ирсэн...” талаар ярьж байсан. “Та энэ яриагаа юугаар батлах юм бэ?” гэж асуухад “Б.А намайг Улаанбаатар хотоос Замын-Үүд явах замд байдаг “Болор” нэртэй цайны газар тосно. Одоо би Б.А-тай утсаар холбогдоод яръя” гэснийг бид зөвшөөрсөн. Учир нь Б.С-ын утасны ............ дугаарт Б.А-гийн .............., .................... дугаараас маш олон дуудлага ирээд байсан учир бид яриулсан... Замдаа утсаар ярьж байгаад уулзахаар болсон.

Бид Б.С-ыг хилийн штамп даруулаад нэвтрэх үеэс ажиглалт хийсэн бөгөөд ажиглалт тасраагүй. Ажиглалт хийх үед Б.С нийтийн бие засах газар ороогүй, замдаа хэн нэгэнтэй уулзалгүй Улаанбаатар явах 13-36 УНМ улсын дугаартай автомашины жолоочтой уулзаж байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх 41-42/,

13-36 УНМ улсын дугаартай автомашины жолооч Д.З-ын гэрчээр өгсөн “... вокзал дээр очоод Улаанбаатар явах хүн хайгаад явж байтал 40 гаран насны махлаг бор эрэгтэй хүн ирээд “Би хоёр хүний мөнгө өгье. Одоо явъя” гэсэн. Тэгэхээр нь би дагуулж яваад хоёр охиндоо “Энэ хүн хамт явах юм байна шүү” гэж хэлээд байж байтал хэдэн залуучууд гарч ирээд эрэгтэйг бариад авсан. Автомашинд шалгалт хийгээд 2 жижиг хар юм хурааж авч байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх 22-23/,

13-36 УНМ улсын дугаартай автомашинаар зорчиж явсан З.О-гийн гэрчээр өгсөн “... үзлэг хийж дууссаны дараа харахад автомашины дээр 2 жижиг хар ууттай юм гаргаад тавьчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх 25-26/,

 Б.С-ын сэжигтнээр өгсөн “... Б.А 7 дугаар сарын 2-ны өдөр ирээд “Танаас 1 уутыг 2,500,000 төгрөгөөр авна. 2 уутыг аваад ир. Одоо бэлнээр 2,400,000 төгрөг өгье. Юмаа авахаар 2,600,000 төгрөг өгнө” гэсэн. Би мөнгийг нь хараад зөвшөөрсөн. Өөрөөсөө мөнгө нэмээд 2015 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Бээжин явж Симбагаас 4 уут “мөс” авсан. Хоёрыг нь Б.А захьсан, нэгийг нь Мөөгий гэж залуу “таныг авчирвал 2,500,000 төгрөгөөр авна” гэж байсан учир Мөөгийд өгөх зорилготой авсан. Үлдсэн 1 уутыг Мөөгий, Амарбаясгалан нарт сүүлд нь зарахаар шуналтаад авчихсан... Чойр орох замын наана “Болор” гэдэг хоолны газарт уулзахаар тохирсон... Намайг “Айраг дээр ирсэн байна” гэхэд “мөдгүй юм байна, өөдөөс чинь явж байя” гэсэн. Хотоос гарахдаа Х.Т-тай хамт явж байгаагаа хэлсэн...” гэсэн мэдүүлэг /3-р хх 207-210/,

Х.Т-ын автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 72-74/,

Х.Т, Б.А нараас хураагдсан эд зүйлсээс метамфетамины агууламж илэрсэн болохыг тогтоосон шинжээчийн 8150, 8151 тоот дүгнэлтүүд /2-р хх 219-220, 222-224/,

Тагнуулын Ерөнхий газрын Замын-Үүд дэх газрын 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 29/104 дугаар албан бичгээр Эрүүгийн Цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст ирүүлсэн дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /13-р хх 56-57/,

Х.Т, Б.А, Н.М нар Б.С-тай гар утсаар холбогдсон ярианы холболт болон илгээсэн захидлуудад үзлэг хийж бэхжүүлсэн тэмдэглэл /1-р хх 128-131/,

Үүрэн телефоны оператор компаниудаас ирүүлсэн Б.С, Х.Т, Б.А, Н.М нарын гар утасны ярианы холболт, илгээсэн захидлуудын мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх 4/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Прокуророос Б.А, Х.Т, Н.М нарын гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тодорхойлохдоо Б.Сыг гэмт хэрэг үйлдүүлэхээр хөлслөж, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ.” гэж хуульчилсан байдаг. Энэ зүйл, хэсэгт заасан “бусдыг санаатай гэмт хэрэг үйлдүүлэхээр хөлсөлсөн” гэдэг ойлголтод Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдүүлэх зорилгоор бусдад мөнгө, эд зүйл өгөх, эсхүл түүний хүссэн, санал болгосон зүйлийг нь бүтээж өгөхөөр амлан хэлэлцэн тохирч бусдыг хөлслөн авсан этгээд хамаарна. Хөлслөгч этгээдийн өгсөн мөнгийг гэмт хэрэг үйлдсэний хариу төлбөр гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлээр хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан үйлдлийг гэмт хэрэгт тооцжээ.

 

Дээр дурьдсан хуулийн зүйл, хэсгүүдийн агуулгаас үзэхэд сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдах, худалдан авах талаар хэлэлцэж тохиролцсон, худалдсан асуудал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүрээнд шийдвэрлэгдэхээс бус сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаж авахаар урьдчилан захиалсан гэдэг агуулгаар уг гэмт хэргийг бусдаар үйлдүүлэхээр хөлсөлж хатгагчаар хамтран оролцсон гэж үзэх боломжгүй юм.

 

Нөгөө талаар хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А, Х.Т, Н.М нар шүүгдэгч Б.С-ыг БНХАУ-аас сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, тээвэрлэн улсын хилээр нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдүүлэхийн тулд хөлс төлсөн нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Б.А 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр БНХАУ-аас сэтгэцэд нөлөөлөх бодис авчируулахаар 2,400,000 төгрөгийн урьдчилгаа өгсөн талаар шүүгдэгч Б.С мэдүүлдэг боловч түүний энэхүү мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар батлагдаагүй байхад прокуророос дээрх хуулийн зохицуулалт, хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийхгүйгээр нэр бүхий шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэмжээнд гэм буруугийн асуудлыг авч үзвэл шүүгдэгч Б.С нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 43.9 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авч, тээвэрлэн, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдэж тагнуулын байгууллагын ажилтанд үйлдэл дээрээ баригдсан.  

 

Шүүгдэгч Б.А, Х.Т нар дээрх бодисыг олж авч тээвэрлэх зорилгоор Улаанбаатараас Дорноговь аймгийн чиглэлд Б.Агийн ВМW X-5 загварын 18-08 УНЛ улсын дугаартай автомашинтай явж байгаад гэмт хэрэг нь туйлдаа хүрэлгүй таслан зогсоогдсон. Мөн шүүгдэгч Н.М сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаж авах нөхцөл боломжийг бүрдүүлэн хүлээж байсан боловч шүүгдэгч Б.Сын үйлдсэн гэмт хэрэг таслан зогсоогдсон учир зорилгодоо хүрч чадалгүй завдалтаар төгссөн хэргийн нөхцөл байдал тогтоогдов.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Сын “... уг бодисыг Б.А, Х.Т, Н.М нар худалдаж авах байсан ...” талаар өгсөн мэдүүлэг, 2015 оны 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Б.Агийн гар утаснаас Б.Сын гар утсанд ирүүлсэн “...Ах яасан бэ хүлээгээл байна шүү...”, “... Ah mine ene humuus barij idlee…”, “... Ahaa yasan be yu tohioldoo ve. Zugeer vv ta sanaa zovoj ehellee. Zalgaarai ...” гэсэн захидлууд, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Х.Тын гар утаснаас Б.Сын гар утсанд ирүүлсэн “...Ee yasan be…” гэсэн захидал, мөн өдөр Н.Мын гар утаснаас Б.Сын гар утсанд ирүүлсэн “... Ee gh yagaad utasaa awahgui bgaan be. Tanitai uulzchuul gertee oroh geed huleegeed bna shde. Yadaj hariu helcheechde...”, “...Geriin chin oiroltsoo bna, Heden hvnii mongo awtsan bgaan barij idlee yah ve...” гэсэн захидлууд болон эдгээр өдрүүдэд гар утсаар холбогдсон байдлыг үзлэг хийн бэхжүүлсэн тэмдэглэл /1-р хх 130/, утсан харилцааны мэдээлэл /2-р хх 4/, Б.С баригдах үедээ Б.А, Х.Т нарын илчилсэн үйл явцыг бэхжүүлсэн дуу, дүрсний бичлэг зэрэг нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.А, Х.Т нар “мөс” гэх нэршилтэй сэтгэцэт нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор олж авч тээвэрлэхийг завдсан, Н.М “мөс” гэх нэршилтэй сэтгэцэт нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор олж авахыг завдсан гэм буруутайд тооцсон болно.

 

Нөгөө талаар шүүгдэгч Б.А, Х.Т, Н.М нарын худалдаж авахыг завдсан бодис нь хэмжээний хувьд нэг, хоёр хүний хэрэглээнээс хэт давсан байгаа нь худалдаалах зорилготой байсан гэж үзэхэд хүргэлээ.

 

Харин Б.А, Х.Т, Н.М нар нь Б.С-тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхийг завдсан үйдлийн шинж чанар, төгс үйлдэж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.А-д 1 жил 6 сар хорих ял, шүүгдэгч Х.Т, Н.М нарт тус бүр 1 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.С-ын үйлдсэн “гадаад улсад хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалж, тээвэрлэсэн, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэрэгт анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоосон нь түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон гэж үзэв.

 

Гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд согтуурсан болон мансуурсан хүнээс мэдүүлэг авахыг хориглосон зохицуулалт байхгүй бөгөөд тухайн хүний өгсөн мэдүүлгийг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлах замаар нотолгооны ач холбогдлыг тодорхойлоно.  

 

Хойшлуулашгүй ажиллагааны явцад Б.С нь мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байх боловч 2015 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн сэжигтний мэдүүлэгт хэргийн талаар ярьсан байдал нь сэтгэцэд нөлөөт бодисын худалдан авагчдыг илчлэх үйл явцыг хойшлуулашгүй ажиллагааны үед бэхжүүлж авсан дуу, дүрсний бичлэг болон Б.А, Х.Т, Н.М нарын Б.С-тай гар утасны ярианы олон удаагийн давтамжтай холболт, захидлуудаар давхар батлагдаж байх тул дээрх сэжигтний мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх бүрэн боломжтой байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.5 дахь заалтад зааснаар тагнуулын байгууллага Монгол Улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх гэмт хэрэгт хойшлуулашгүй ажиллагаа явуулах эрхтэй тул Тагнуулын Ерөнхий газрын Замын-Үүд дэх газрын ажилтан Ц.Б-ын үйл ажиллагааны хэлбэр нь мөн хуулийн 173.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Түүнчлэн Б.С нь үйлдэл дээрээ баригдмагц биедээ авч явсан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авах Б.А, Х.Т нарыг илчилснийг дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлж, баримтжуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлд заасан “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах” гэмт хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэсэн нэршлээр тусгахдаа тухайн гэмт хэргийн шинжид онцын өөрчлөлт оруулаагүй байхад өмгөөлөгч Л.Хатанбаатарын “... шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргээр зүйлчилж хууль буцаан хэрэглэх зарчмыг зөрчсөн ...” гэж давж заалдах гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.А, Х.Т, Н.М нар Б.С-аас “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор олж авах, тээвэрлэхийг завдсан гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх тул “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах”-ыг хүссэн шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 696 дугаар шийтгэх тогтоолд:

 

А. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан Нийслэлийн прокурорын газраас Б.А, Х.Т, Н.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн,

 

“Шүүгдэгч Б.С-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.А, Х.Т, Н.М нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсүгэй” гэсэн нэмэлт заалтууд оруулж,

 

Б. Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Б.С-ыг “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн”, “сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.А, Х.Т нарыг “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авах, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдэхийг завдсан, шүүгдэгч Н.М-ыг “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авах” гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 1 жил 6 сар хорих ял, шүүгдэгч Х.Т, Н.М нарт тус бүр 1 жил хорих ял оногдуулсугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Шүүгдэгч Б.С-т оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар, шүүгдэгч Х.Т-т оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тус тус тогтоосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын 3 дахь заалтаас шүүгдэгч Б.А, Н.М нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж, шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Л.Хатанбаатар, М.Баасанбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН