Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2015/3002

 

2015 оны 5 сарын 06 өдөр

Дугаар 002

Улаанбаатар хот

 

 

Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны

маргаан шийдвэрлэсэн бүрэлдэхүүний Гишүүний захирамжийг хянасан тухай тогтоолын тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, гомдол гаргагч Н.Д нарыг оролцуулан хийж, Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэсэн бүрэлдэхүүний 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргагч Н.Дгийн гаргасан гомдлоор, Н.Дгийн гомдолтой, шүүгч Ц.Ад холбогдох маргааныг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Н.Д Монголын Хуульчдын холбоонд гаргасан гомдолдоо Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Ц.А Үндсэн хуулийг буруу хэрэглэсэн үүрэгт ажилдаа хариуцлага алдаж, иргэний хувийн өмчлөх эрхэнд халдсан буруутайг шалгаж гарцаагүй нотлох баримтаар шалгаж тогтоон өгнө үү. гэжээ.

Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2/06 дугаар захирамжаар иргэн Н.Дгаас Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны сахилгын шинжээчийн тогтоолыг эс зөвшөөрч гаргасан гомдолд маргаан үүсгэхээс татгалзжээ.

Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэсэн бүрэлдэхүүний 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 3.6 дугаар зүйлийн 1, 4, 8.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Дгийн гомдлыг хангахгүй орхиж, Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2/06 дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч Н.Д давж заалдах гомдолдоо: ... Утга нь: Мэргэжлийн хариуцлагын хорооны 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №9 тоотод гомдолтой байна. Шаардлага нь: Монгол улсын Үндсэн хууль болон Улсын Дээд Шүүхийн үйл ажиллагааг нотариатын зөвлөлийн дарга Л.Б удирдан зохион байгуулах эрх байхгүй, эрхэм шүүгч Ц.А шүүн таслах ажиллагаандаа нотариатын танхим ямар ч арга хэмжээ бүү авч өг гэсэн гээд үндсэн хуулийг албан тушаалаа ашиглан буруу хэрэглэсэнд гомдолтой байна. Сонгинохайрхан дүүргийн нотариат 44 Д.Х 2003 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өмчийн эзэн иргэн Ц.Н, Н.Х, Н.З нарын хувийн өмч Сонгинохайрхан дүүргийн 8-8 тоот 3-н айлын хашаа байрыг албан тушаалаа ашиглан хулгай хийж, төрийн албан хаагчдыг шат бүрт нь залилан мэхэлж, ах Д.Дт өмч болгон өгч өнөөдрийг хүртэл эзэмшүүлж хууль бусаар завшаад байна. Эдгээр хүмүүсийг өмчийн эзэд огт танидаггүй. Эцэг Ц.Н, ах Н.Х нар гэр бүлийн хамт осолд орж нас барсан. Дүү Н.З АНУ руу суралцахаар явж улмаар гэр бүлийн хамт цагаачилсан буцаж ирээгүй байна.

Ц.А шүүгч албан ажилдаа алдаа гаргасан. Иргэн миний хувийн өмчид албан тушаалаа ашиглан халдаж, Үндсэн хуулийг буруу хэрэглэж, хулгайч нотариат Д.Х, түүний дарга Л.Б нарыг хулгайн хэргийг илчилж тодруулаагүй. Нотариатын гэрээг огт шалгаж үзээгүй. Хулгайч нар хашаа байрыг хулгай хийгээд баригдалгүй 1 жилийн хугацаа өнгөрсөн учир хууль үйлчлэхгүй нотариатын дарга Л.Б үүрэг өгсөн. Талийгаачийн 3 хүүхэд траншейны нүхэнд толгой хорогдох нь зөв харж байсан охин О.Сэлэнгийг хулгайч нар дарамталсаар байгаад үхэлд хүргэсэн. Ядуу өнчин бидэнд хууль үйлчлэхгүй байна. Шүүх хулгайч нарт эрүү үүсгэн шалгах үүрэгтэй, үүргээ биелүүлээгүй.

Эрхэм хүндэт шүүгч танаас хүсэх нь: 3 шатны шүүхийн эцэслэн шийдвэрлэсэн хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгож, иргэн миний хувийн өмчийг Үндсэн хуулийн дагуу шударга үнэнээр нь шийдэж, олгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэсэн бүрэлдэхүүний 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоол үндэслэлтэй байна.

Н.Згийн нэхэмжлэлтэй Д.Д, Ж.Н, Г.Болоож нарт холбогдох иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дгийн хүсэлтийг Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хэлэлцэхэд шүүгч Ц.А оролцжээ.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д Мэргэжлийн хариуцлагын хороо нь ... хуульч энэ хууль болон Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчсөн эсэх ... маргааныг гомдлын дагуу хянан шийдвэрлэх ... чиг үүргийг хэрэгжүүлнэ, 64 дүгээр зүйлийн 64.1-д Мэргэжлийн хариуцлагын хороо нь энэ хуулийн 63.1-д заасан маргааныг зохих этгээдийн гомдол, хүсэлтээр үүсгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.1-д Хяналтын журмаар хэргийг Улсын дээд шүүхийн 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ, 181 дүгээр зүйлийн 181.1-д Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг энэ хуульд заасан журмын дагуу тухайн шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасны дагуу хамтын зарчмаар хянан шийдвэрлэсэн дээрх шүүх хуралдаанд оролцсон шүүгч Ц.Аыг шүүн таслах ажлын хариуцлага алдан, мэргэжлийн алдаа гаргаж Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул иргэн Н.Дгийн энэ талаарх гомдлоор маргаан үүсгэх үндэслэлгүй.

Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасны дагуу Хуульчдын их хурлаас 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр баталсан Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон, иргэн Н.Дгийн мэдээлэлд дурдсан асуудал нь дээрх дүрэм батлагдахаас өмнөх үйл баримт байх тул Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм-ийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж үзсэн Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний захирамжийг хэвээр үлдээсэн 2015 оны 09 дүгээр тогтоол нь үндэслэлтэй байна.

Н.Дгийн дээрх тогтоолыг эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан гомдолд дурдсан ... 3 шатны шүүхийн эцэслэн шийдвэрлэсэн хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгож, иргэн миний хувийн өмчийг үндсэн хуулийн дагуу шударга үнэнээр шийдэж өгнө үү гэх асуудал нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4-д заасны дагуу ирүүлсэн гомдлыг шийдвэрлэж буй захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхэд хамаарахгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 87.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хэвээр үлдээж, иргэн Н.Дгийн гомдлыг хангахгүй орхисугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ