Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч О.Пүрэвсүрэн,

хохирогч Д.Нямдорж,

шүүгдэгч Б.Баттогтох, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0938) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Хожинбой овогт Бүрнээгийн Баттогтоход Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626011458 дугаартай, 1 хавтаст хэргийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хожинбой овогт Бүрнээгийн Баттогтох, Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 1978 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхэд, хадам эцэгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн 4 дүгээр гудамжны 04 тоотод байнгын, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 32 дугаар гудамжны 59 тоотод түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ДЮ78042375.

                  

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.Баттогтох нь согтуурсан үедээ 2016 оны 5 дугаар сарын 25-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 32-59 тоотод байх өөрийн гэртээ найз Д.Нямдоржийг эхнэрээ зодлоо гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан зодож бие махбодид нь эрүү ясны олон хугарал, 2 хацар эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.Баттогтох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 5 дугаар сарын 25-ны орой 22 цагийн үед хүүхэдтэйгээ гэртээ байхад Нямдорж над руу утсаар залгаад би Баянхошууны эцэст ирсэн байна гэж хэлсэн.  ...манайд эхнэртэйгээ цуг 2-уулаа согтуу ирээд 1 шил архи хувааж уусан. Тэгээд эхнэр нь хэрүүл гуйгаад, Нямдорж эхнэртэйгээ хэрэлдээд, зодолдоод байсан. Тэгээд би эхнэрээ зодохоо боль гээд зүүн шанаа руу нь нэг цохиод, гэрээс авч гараад мангасдаж унагаагаад, дээр нь гараад нүүр рүү нь 2-3 удаа алгадсан. Тэгээд гэрт оруулаад хувцасыг нь солиод нүүр гарыг нь угаалгасан чинь эрүү нь болохгүй байна гэхээр нь түргэн дуудаад гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Гэмтлийн эмнэлэгт эрүү нь цуурсан байна, зураг авахуул гэж хэлээд зургийг нь хараад яаралтай хэвтүүл гэхэд нь эмнэлэгт нь хэвтүүлчихээд би гэртээ харьсан гэв.

Хохирогч Д.Нямдорж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 5 дугаар сарын 25-нд...Баттогтохтой танай гэрт очъё гэж утсаар ярьсан. ...Би замаасаа нэг шил архи аваад гэрт нь очсон. Манай эхнэр согтуу байсан. Би гайгүй байсан. ...манай эхнэр намайг хэл амаар хараагаад...намайг араас өшиглөсөн. ...би эхнэрээ уурандаа нэг алгадахад Баттогтох намайг барьж аваад гадаа гаргаад нүүр нүд рүү учир зүггүй цохьсон. Тэгээд гэмтлийн эмнэлэгт очсон. Би эрүүгээ эмчлүүлмээр байна. Намайг эрүүгээ хадуулах шаардлагатай, эрүү хадахад 800.000 төгрөгийн төлбөртэй гэж хэлсэн. Надад эрүү хадахад шаардлагатай гэсэн баримт байхгүй. Би гомдолтой байна гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 Хохирогч Д.Нямдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр эхнэр Баасанжавтай бага зэрэг архи хувааж уугаад тэгээд 3-4 жилийн өмнө танилцаж байсан Баттогтохын гар утас руу залгаад гэрт нь очих талаар ярилцаад замдаа архи аваад Баянхошууны шинэ эцсээс...1000 төгрөгний таксигаар Баттогтохын гэрт очсон. Баттогтохын гэрт түүний эхнэр, хадам аав, нэг хүүхэд нь байсан. Тэгээд би эхнэртэйгээ хувийн асуудлаас болоод маргалдсан. Тэгтэл Баттогтох намайг заамдаж аваад нэг удаа нүүр рүү цохиод гадагшаа чирээд гарсан. Гадаа газар унагаад цохиод байсан би нүүрээ дараад хэвтсэн. Би нэг хэсэг ухаан балартаад сэргэтэл надад өөр цамц өмсгөсөн, нүүр ам угаасан байсан. ...Тэгээд 103 дуудаад эмч ирж үзээд намайг гэмтлийн эмнэлэг аваад явсан. ...Гэмтлийн эмнэлэг дээр эрүүний зураг авахуулахад миний эрүүг хугарсан байна гээд намайг хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэсэн. ...би гэмтлийн эмнэлэгт хоёр хоног хэвтээд үргэлжлүүлж хэвтэх мөнгөгүй...учраас эмнэлгээс гарсан. Эмч эрүүг чинь хагалгаа хийж хадна...эмчилгээ нь 1.100.000 төгрөг болно гэсэн. Тэгээд би...эмнэлгээс гараад одоо болтол эрүүгээ эмчлүүлж чадахгүй байгаа. Манай эхнэр тухайн үед намайг цохиж зодоогүй, харин би эхнэрээ уурандаа нэг удаа алгадсан. Би уг нь эхнэртэйгээ хувийн асуудлаас болж маргалдсан. Тэгэхэд хажуугаас Баттогтох хүрч ирээд больцгоо гээд намайг нэг удаа цохиод гэрээс чирч гаргаад газар унагаад дээрээс гарч суучихаад нүүр рүү цохиод байсан.... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дэх тал),

Гэрч Д.Баасанжавын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр...21 цагийн орчим...нөхрийн...найз Баттогтохын гэрт 1 шил архи аваад очсон. Баттогтохын гэрт архиа уугаад байж байгаад...нөхөр бид хоёр хоорондоо маргалдсан юм. Маргалдсан шалтгаан нь би гэртээ харина, нөхөр үлдэнэ гээд байсан юм. Тэгээд манай нөхөр миний зүүн шанаа руу нэг удаа цохиод автал хажуугаас Баттогтох чи яагаад эхнэрээ цохьдог юм бэ гээд манай нөхрийг чирээд гадагшаа хашаанд гарсан. Тэгэхээр нь би араас гартал манай нөхрийн нүүр рүү ээлжлээд цохиод байсан. ...Би 103 дуудаад эмч нь манай нөхрийг үзээд эрүү нь хугарсан байна, гэмтлийн эмнэлэг явах шаардлагатай гээд аваад явсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр манай нөхөр эрүүний зургаа авахуулахад эрүү нь хугарсан байсан, хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэсэн юм. Би нөхөртэйгөө маргалдаад манай нөхөр намайг нэг удаа цохисоос болж намайг Баттогтох өмөөрөөд манай нөхөр Нямдоржийг зодсон юм. Намайг манай нөхөр Нямдорж нэг удаа нүүр рүү цохьсон, өөр хүн намайг цохиж зодоогүй...  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17, 18 дахь тал),

Гэрч Д.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр манай нөхөр...олон жил уулзаагүй найз ирнэ гэж хэлээд удалгүй Нямдорж гэх залуу нэг хүүхний хамт нэг шил архи бариад өөрсдөө согтуу орж ирсэн. Орж ирсэн цагаасаа тэр хоёр хоорондоо маргалдаад нөгөө архиа манай нөхөртэй хамт ууцгаасан юм. Тэгтэл Нямдорж эхнэрийгээ цохиж зодоод байсан. Тэгтэл  манай нөхөр болиулах гэж байгаад Нямдоржийг зүүн шанаа руу нь нэг удаа гараараа цохисон юм. Тэгээд гэрээс авч гарсан. Би араас нь гартал манай нөхөр Нямдоржийг газар унагаад дээр нь гараад суучихсан хоёр гараараа нүүр рүү нь цохиод байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19, 20 дахь тал),

Гэрч Р.Доржийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр...гаднаас хүргэний найзууд гэх эрэгтэй, эмэгтэй хүн орж ирсэн. Би тэр хоёр хүнийг танихгүй юм билээ. ...тэр хоёр өөрсдийн авчирсан архиа манай хүргэнтэй хувааж уусан. Тэгтэл гэрт ирсэн эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо явна, явахгүй гэх шалтгаанаас болж маргалдаад хоорондоо зодолдоод байсан....тэгтэл манай хүргэн нөгөө хоёрыг боль гэж байгаад нөгөө залуутай маргалдаад нэг удаа зүүн шанаа руу нь цохиж байсан. Тэгээд...гэрээс гарсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15, 16 дахь тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 7335 дугаар актад:

...Хэсэг газрын үзлэгт: Хоёр хацар, эрүү хавдартай, ам ангайхгүй, хөдөлгөөн хязгаарлагдмал, зүүн нүдний доод зовхинд хөхөлбөр цус хуралттай.

2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавлын 2 байрлалын рентген зурагт: эрүү яс оч болон баруун, зүүн углуурга хэсгээр хугаралтай. ДҮГНЭЛТ

1. Д.Нямдоржийн биед эрүү ясны олон хугарал, 2 хацар эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх  боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22),

 

Шүүгдэгч Б.Баттогтохын мөрдөн байцаалтад сэжигтэн болон яллагдагчаар өгсөн:  ...2016 оны 5 дугаар сарын 25-ны орой би гэртээ гэр бүлийнхэнтэйгээ хамт байж байтал миний гар утас руу Нямдорж 21-22 цагийн орчим залгаад би эхнэртэйгээ хамт явж байна. Танай гэрт очих гэсэн юм гэхээр нь...гэрээ зааж өгсөн. Удалгүй Нямдорж манай гэрт нилээн согтуу байдалтай эхнэрийнхээ хамт орж ирсэн. Тэгээд тэр хоёрын авчирсан нэг шил архийг бид нар хувааж ууцгаасан. Тэгтэл Нямдорж эхнэртэйгээ маргалдаад, зодолдоод байсан. Тэгэхээр нь би болиулах гээд Нямдоржийн баруун шанаа руу гараараа нэг удаа цохьсон. Тэгээд Нямдоржийг чирээд гадагшаа авч гараад нүүр рүү нь мангасдаж унагаагаад газар унахаар нь дээр нь гарч суугаад нүүр рүү нь 2-3 удаа алгадсан. ...Нямдорж эхнэртэйгээ маргалдаад зодолдоод байхаар нь болиулах гээд Нямдоржийг нэг удаа шанаадсан. Тэгээд гадагшаа гаргаад мангасдаж газар унагаагаад дээр нь гараад нүүр рүү нь 2-3 удаа алгадсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35, 36 дахь тал),

...Нямдоржийн эхнэрээ зодож байсан зүй бус үйлдлийг нь таслан зогсооё гэсэн бодолтой байсан. Миний бие Нямдоржийг зодож биед нь гэмтэл учруулна гэсэн бодолгүй байсан. ...Хохирол төлбөрийг төлж барагдуулна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал),

 

-Хохирогчийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтсэн өвчний түүх (хавтаст хэргийн 25-30), шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44, 42, 45), шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт (хавтаст хэргийн 46, 48-50, 52) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай  байна гэж үзэж шүүх нотлох баримтад үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Баттогтох нь 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 32 дугаар гудамжны 59 тоотод гэртээ согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ найз Д.Нямдоржийг эхнэрээ зодлоо гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэж түүнийг зодож бие махбодид нь эрүү ясны олон хугарал, 2 хацар эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн болон хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Баттогтоход Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх Б.Баттогтохын гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Баттогтох нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар тогтоогдсон болно. (хавтаст хэргийн 45 дахь тал)

 

Шүүхээс шүүгдэгч Б.Баттогтоход ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг нь хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож,  хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж тус гэмт хэрэг нь гарсан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан шүүгдэгч Б.Баттогтоход хорихоос өөр төрлийн буюу албадан ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Нямдоржид хүндэвтэр гэмтэл учирсан, хохиролд 1.100.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт нэхэмжилсэн баримтгүй байгаа тул энэ хэрэгтээ хамтатган гэм хорын хохирлыг шийдвэрлэх боломжгүй байна. Иймээс хохирогч нь өөрт учирсан гэм хорын зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Баттогтох нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хожинбой овогт Бүрнээгийн Баттогтохыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баттогтохыг 251 (хоёр зуун тавин нэг) цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баттогтох нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг 1 хоног баривчлах ялаар  сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Б.Баттогтох нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Нямдорж нь өөрт учирсан гэм хорын зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Баттогтоход авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ