Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1682

 

Б.Батдоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01533 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Батдоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Кредит Монгол ББСБ” ХХК-д холбогдох

 

Хууль ёсны эзэмшилд халдсан болохыг тогтоолгох, эзэмшилд хууль бусаар халдсаны төлбөрт 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батдорж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаяр,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Нарангоо,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Кредит Монгол ББСБ” ХХК-д 2003 оны 12 дугаар сараас эхлэн хуульчаар ажиллаж байгаад 2006 оноос Тамгын газрын захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байсан юм. 2005 оны 5 дугаар сараас миний бие Мобиком корпорацийн 99116055 дугаарыг эзэмшиж эхэлсэн. Тухайн үед “Кредит Монгол ББСБ” ХХК-ийн журмын дагуу өөрийн эзэмшиж байсан 99116055 дугаарыг компанийн нэр дээр бүртгүүлж, компаниас ярианы төлбөрийг нь төлдөг байсан.

2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Кредит Монгол ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 15/65 дугаар тушаалаар намайг ажлаас халсан. Ажлаас халагдсан гэх шалтгаанаар “Мобиком корпораци” ХХК-д 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр албан бичиг хүргүүлж, миний эзэмшиж байгаа 99116055 дугаарыг хаалгуулсан. Хууль ёсны дагуу өөрийн эзэмшдэг дугаарыг шилжүүлж өгөхийг хүсэхэд энэ бол манай компанийн өмч, өгөхгүй гэсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/04294 тоот шийдвэрээр “Мобиком кopпораци” ХХК-ийн 99116055 дугаарын хууль ёсны эзэмшигчээр Б.Батдорж намайг болохыг тогтоосон бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дугаараа нээлгэсэн. “Кредит Монгол ББСБ” ХХК нь миний эзэмшдэг “Мобиком корпораци” ХХК-ийн 99116055 дугаарыг санаатайгаар булаан авах зорилгоор 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Мобиком корпораци” ХХК-д албан бичиг хүргүүлж, ярианы эрхийг 2016 оны 8 дугаар сарын 30-ныг хүртэл хаалгуулан Б.Батдорж миний Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийг хясан боогдуулж, эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах эрхийг хязгаарлаж, миний хууль ёсны эзэмшилд халдсан болохыг тогтоож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 495 дугаар зүйлийн 495.1 дэх заалтыг үндэслэн миний хууль ёсны эзэмшилд халдсаны нөхөн төлбөрт 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг 99116055 тоот дугаарын эзэмшигчээр тогтоосон 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 4294 тоот шүүхийн шийдвэртэй маргаагүй. Гэтэл нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин тогтоох мэтээр нэхэмжлэл гаргасан хууль бус болжээ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

Нэхэмжлэгч Б.Батдорж нь 2015 онд манай компаниас халагдсан, “Мобиком корпораци” ХХК-ийн 99116055 дугаар нь манай компанийн нэр дээр байх бөгөөд утасны төлбөр манай компани дээр гараад байсан тул “Мобиком корпораци” ХХК-д албан бичиг хүргүүлж, үйлчилгээг хаалгасан нь үнэн. Гэтэл нэхэмжлэгч “эзэмших, ашиглах эрхийг хязгаарласан гэдэг” нь хариуцагчийн ажилтан биш атлаа ярианы эрхийг нь хаалгахгүй, төлбөрийг хариуцагч төлөөд яваад байх ёстой байсан мэтээр тайлбарлаж байгаа нь харин Үндсэн хуульд заасан эрх тэгш, шударга ёсны зарчим алдагдаж байна. Ажлаас халагдсан ажилтны хэрэглэсэн үйлчилгээний төлбөрийг ажил олгогч үргэлжлүүлэн төлөхгүй үүднээсээ түр хаалгасан явдалд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн зах зээл дээр 9911-тэй дугаар 20 000 000 төгрөгөөр зарагдаж байгаа нь эзэмшилд халдсаны хохирлын хэмжээг тогтоох үндэслэл болохгүй гэж үзэж байна Нэхэмжлэгчийн шаардаж буй шаардлагуудын хууль зүйн үндэслэл тодорхойгүйгээс шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан хамгаалалтын аль аргаар хамгаалах нь ойлгомжгүй, нэхэмжлэгчийн эрхийг хамгаалах арга байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй, үндэслэлгүй гэж үзэж байна.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 495 дугаар зүйлийн 495.1-т заасныг баримтлан “Мобиком корпораци” ХХК-ийн 99116055 дугаарыг эзэмших эрхэд хууль бусаар халдсаны төлбөрт “Кредит Монгол ББСБ” ХХК-аас 20 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Батдоржийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 328 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 01533 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх “Кредит Монгол ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Барсболд 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Мобиком корпораци” ХХК-д албан бичиг хүргүүлж, миний эзэмшлийн 99116055 дугаарыг хаалгаж, эзэмшилд халдсан болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шаардлага бус, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.

Халдлага бодит үйлдлээр хийгдсэн, энэхүү- бодит үйлдэл нь санаатай байсан. Үүнийг санамсаргүйгээр хийгээгүй, халдлагын улмаас миний эзэмшиж байсан 99116055 дугаарын ярианы төлбөрт олгогдож байсан бүх хөнгөлөлт, урамшуулал байхгүй болсон, товчхон хэлбэл, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 99116055 дугаар байхгүй болсон, устсан гэж үзнэ.

Хариуцагч “Кредит Монгол ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Барсболдын энэ бусармаг үйлдлийг миний бие таслан зогсоож, миний эзэмших эрхийг хамгаалсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, түүний дагуу хийгдсэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэсэн ажиллагааны дагуу 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс би 99116055 дугаарыг хууль ёсоор эзэмшсэн үйл баримтууд нь эрхээ хамгаалсан үйл баримт гэж үзнэ.

Бусдын эзэмшилд дураараа халдаж, хууль бус арга замаар аливаа эд хөрөнгө, эрхийг эзмшиж байгаа, захиран зарцуулсан үйл баримтыг үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа явдал гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байгааг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Батдорж хариуцагч “Кредит Монгол ББСБ” ХХК-д холбогдуулан дээрх 99116055 дугаарыг хааж, хууль ёсны эзэмшилд халдсан болохыг тогтоолгох, эзэмшилд хууль бусаар халдсаны хохиролд 20 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч “Кредит Монгол ББСБ” ХХК нь дээрх дугаарыг хааж, 3 сарын хугацаанд хадгалж өгөхийг хүссэн хүсэлтийг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Мобиком корпораци” ХХК-д гаргасны улмаас үйлчилгээг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хязгаарласан үйл баримт тогтоогдож байна. /хэргийн 27 дугаар тал/

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/04294 дугаар шийдвэрээр Б.Батдоржийг “Мобиком корпораци” ХХК-ийн 99116055 дугаарын хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Батдоржийн уг дугаарыг эзэмших, ашиглах эрх нь сэргээгдсэн байна. /хэргийн 13-14 дүгээр тал/

 

Дээрх дугаар нь нэхэмжлэгчийг хариуцагч компанид ажиллаж байх үед тус компанийн нэр дээр эзэмших эрхийн бүртгэлтэй байсан болон ярианы төлбөрийг төлж байсан талаар талууд маргаагүй.

 

Хариуцагч “Кредит Монгол ББСБ” ХХК-ийн захирлын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15/65 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбоотойгоор түүний утасны ярианы төлбөрийг төлөх боломжгүй гэж хариуцагчаас дээрх хүсэлтийг “Мобиком корпораци” ХХК-д гаргаж, нэхэмжлэгчийн эзэмшлийн 99116055 дугаарын үйлчилгээг хаалгасан нь нэхэмжлэгч Б.Батдоржийн дугаар эзэмших эрхэд халдсан гэж үзэх үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч тухайн дугаарыг эзэмшиж ашиглаж байгаа тул зах зээлийн үнэлгээ болох 20 000 000 төгрөгийн хэмжээгээр түүнд хохирол учирсан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч утасны дугаарын үйлчилгээг түр хугацаагаар хаалгах үед эзэмших эрх хариуцагчийн нэр дээр бүртгэлтэй байсан тул үүний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймээс хууль ёсны эзэмшилд халдсан болохыг тогтоолгож, үүний улмаас учирсан хохиролд “Мобиком корпораци” ХХК-ийн 9911**** дугаарын зах зээлийн үнэлгээгээр тооцон 20 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг нэхэмжлэгчид дээрх дугаарыг эзэмшиж, ашиглаж чадаагүйн хохиролд тооцох үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01533 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Батдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ТУЯА

 

                                                    ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                               С.ЭНХТӨР