Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2016/0459

 

Т.*******-Эрдэнийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.*******туяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч С.*******жаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.*******-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.*******жаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1.1, Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 18 дугаар зүйлийн 18.1.3, 18.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 24.8 дахь заалтуудыг баримтлан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Булаг багийн 21 дүгээр гудамжны 06 тоот, 130102266 дугаарын нэгж талбартай 740 м.кв газрын Буурайхүүгийн *******ийн нэр дээрх газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож, Тэрбишийн *******-Эрдэнийн нэр дээр улсын бүртгэлийг өөрчлөн бүртгэхийг Орхон аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт даалгажээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Б.******* нь өөр аймаг орон нутагт ажиллаж амьдардаг бөгөөд дээрх хашаа газрыг 2005 онд өөрийн өмчлөлд авах хүсэлт гаргаад өмчлөх эрхийн гэрчилгээгээ үл хөдлөх бүртгэлийн газраас аваагүй байж байгаад 2015 онд эгчээрээ дамжуулан авсан байдаг. Энэ хэрэгт нотлогдсон. Үл хөдлөх хөрөнгийн газарт хандсан, өмчлөх эрхийн гэрчилгээгээ хэзээ авсан зэрэг нотлох баримтаар (хэргийн-12, 37-41, 71, 89, 92,97 хуудас) нотлогддог.

Гэтэл Т.******* ******* гэгч нь надад уг газрыг зарсан гэдэг бөгөөд худалдах худалдан авах гэрээг Б.*******тэй хийсэн гэж тайлбарладаг. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас Б.******* нь давхар гэрчилгээ авсан байх түүнийгээ ашиглан худалдах худалдан авах гэрээ хийсэн байх гэсэн таамаг дэвшүүлдэг. Үүнийг нотлох баримт гэж "Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Т.*******д олгосон байдлаар нотлогдож байна" гэж тайлбарладаг. Тухайн байгууллагаас үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ нь хэнд ч олгогдоогүй 10 жил болсон байхад ямар хууль ёсны шаардлага хангасан баримт нотолгоог үндэслэн өмчлөх эрхийг шилжүүлсэн нь нотлоогүй, мөн нэхэмжлэгч нотлоогүй .

Нотариат Долгорсүрэн нь худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэх бүртгэл байна гэж байх боловч үл хөдлөх бүртгэлийн байгууллагаас жинхэнэ гэрчилгээ олгогдоогүй байхад ямар гэрчилгээг үндэслэн хийсэн хэлцэл үнэн зөв гэж үзэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй.

Өөрөөр хэлбэл давхардаж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон байж магадгүй гэж таамаглал дэвшүүлж нотлогдоогүй байхад худалдах худалдан авах гэрээ хийсэн байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна. Г-21010000758 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг олгосон жинхэнэ гэрчилгээг үндэслэн ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй болох нь нотлогдож байхад өмчлөх эрхийг Т.*******д шилжүүлж, Б.*******ийн өмчлөх эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм.

Өмчлөх эрхийн гэрчилгээгээ ч биечлэн ирж аваагүй атал үл хөдлөх хөрөнгийн газрын архив аймгийн архив, нотариатын архивын баримтыг ирж Б.******* устгах үндэслэлгүй бөгөөд баримтыг жирийн иргэн устгах боломжгүй байдлыг шүүх анхаарч үзээгүй бөгөөд баримт алга болсон гэх асуудалд Б.*******ийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Худалдах, худалдан авах гэрээ байсан эсэх нь ч тодорхойгүй байгаа юм.

Таамаг дэвшүүлж байгаа асуудлуудад дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Үүнд газар давхардаж гэрчилгээ олгосон байх, Б.******* баримт устгасан байх, бүртгэлд бичигдсэн ******* гэх гарын үсэг нь үнэн зөв, газар давхардаж олгогддог гэх зүйлийг үндэслэсэн. Б.******* нь худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зураагүй, гэрээ хэлцэл хууль бусаар хийгдсэн гэх байдлыг нотолж үгүйсгэсэн нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс судлан дүгнэх хуулийн зарчим алдагдсан гэж үзэж байна.

Хууль ёсны гэрээ хэлцэл хийсэн гэдэг нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч хууль ёсны гэрчилгээ үндэслэн гэрээ хэлцэл хийсэн, Б.******* байсан гэж нотолж чадаагүй, энэ талын нотлох баримт хэрэгт байхгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ үл хөдлөх хөрөнгийн газарт байхад ямар гэрчилгээ баримтыг үндэслэн өмчлөх эрхийг шилжүүлсэн нь нотлогдоогүй бөгөөд энэ талын нотлох баримтыг хариуцагчийг устгасан гэж буруутгаж байгаа таамаг дэвшүүлснээс өөр хэлсэн зүйлгүй бөгөөд хуульд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь "Засаг даргын шийдвэр кадастрын зураг гэрчилгээ" зэргийг үндэслэн гэрээ байгуулж байсан гэж тайлбарладаг бөгөөд дурдсан эдгээр баримт нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт 2005 оны 03 дугаар сарын 16-нд хураагдсан байсан нь нотлогдсон.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйл, 183 дугаар заалтуудыг анхаарч үзээгүй төдийгүй бүртгэл хийгдсэн байдлыг ямар нотлох баримтаар үнэн зөв гэж үзэх талаар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.8, 27 дугаар зүйлийн 27.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, Улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтыг хэрэглэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байх тул Орхон аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 08 тоот шийдвэрийг хүчингүй болгон, өөрчилж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн боловч Б.*******ийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгосон нь найруулгын хувьд буруу байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхилоо.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ “...худалдах, худалдан авах гэрээ байхгүй, өмчлөх эрхийг шилжүүлсэн нь нотлогдоогүй байхад нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэлгүй таамаг дэвшүүлж шийдвэрлэсэн ...” гэжээ.

Гуравдагч этгээд Б.******* нь 2005 онд өөрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 21 дүгээр гудамжны 06 тоотод байрлах 740 м.кв газрыг Т.*******д худалдсан, Т.******* нь өмчлөх эрхээ баталгаажуулахаар хандахад нь улсын бүртгэлийн байгууллагаас 2005 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн гэрчилгээг бичиж олгосон болох нь хэрэгт авагдсан эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг[1], нотариатч Т.Долгорсүрэнгийн бүртгэлийн дэвтэрт “...Буурайхүүгийн *******, Тэрбишийн ******* Булгийн 21-6 740 мкв газар хашаа байшинг 3 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ...” гэж бүртгэгдсэн байдал, давж заалдах шатны шүүх хуралдаанд Б.******* нь “маргаан бүхий газрыг 2005 оноос хойш эзэмшиж, өмчилж байгаагүй ...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Гагцхүү уг маргаан гарах болсон үндэслэл нь улсын бүртгэлийн байгууллагаас 2005 онд Т.*******д гэрчилгээг олгохдоо дээрх эд хөрөнгийн Г-2101000758 дугаар улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулж бүртгэн, Б.*******ийн гэрчилгээг хураан авч хувийн хэрэгт нь хадгалалгүй, өөр хаягт байрлах Т.Оюунцэцэгийн өмчлөлийн газрын Г-2101000600 дугаар улсын бүртгэлд бүртгэн, Т.*******д гэрчилгээг бичиж олгон, түүний бүрдүүлж өгсөн материалыг тухайн улсын бүртгэлийн хувийн хэрэгт хийж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.3, 24.1, 24.8-д заасныг  зөрчсөн болох нь тухайн үед улсын бүртгэлийг хариуцаж хийсэн гэрч О.Сарангэрэлийн “... Тухайн үед худалдах, худалдан авах гэрээ байсан учраас би гарын үсэг зурсан... Улсын бүртгэгч нар доороо материал хүлээн авагчтай байсан... Ямар ч баримтгүйгээр улсын бүртгэл хийж, гэрчилгээ олгох асуудал байхгүй...” гэх мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбарт “...Улсын бүртгэлийн дугаарыг буруу бичсэнээс болж зөрчил үүссэн гэж үзэхээр байна. Худалдах, худалдан авах гэрээ хувийн хэрэг материалд байхгүй боловч мэдүүлэг хүлээн авах дэвтэр, гэрчилгээ олголтын бүртгэлийн дэвтэрт тэмдэглэгдсэн. Тухайн үед ажиллаж байсан хүмүүсийн хариуцлагагүй үйлдлээс болж дугаар буруу бичигдсэн, баримт алга болсон зүйл байна...” гэх тайлбар, шүүхээс дээрх хувийн хэргүүдэд хийсэн үзлэгийн тэмдэглэл, бүртгэлийн дэвтэр, зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Эдгээр нотлох баримтаар тогтоогдож буй нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. 

Харин Б.*******ийн нэр дээр анхнаасаа улсын бүртгэл зөв хийгдсэн байхад улсын бүртгэлийг хүчингүй болгох шаардлагагүй бөгөөд гагцхүү худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөх эрх нь Т.*******д шилжсэн байх тул тухайн газрын улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулж бүртгээгүй хариуцагчийн эс үйлдэхүй нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байх тул хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу Т.*******-Эрдэнийн нэр дээр өмчлөх эрх шилжсэнийг бүртгэж Г-2101000758 дугаар улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгах агуулгаар шийдвэрийн найруулгыг зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 08 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 740 м.кв газрын Буурайхүүгийн *******ийн нэр дээрх газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож, Тэрбишийн *******-Эрдэнийн нэр дээр улсын бүртгэлийг өөрчлөн бүртгэхийг ...” гэснийг “... 740 м.кв газрын өмчлөх эрхийг Б.*******ээс Т.*******д шилжүүлснийг бүртгээгүй Орхон аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газрын өмчлөх эрхийн Г-2101000758 дугаар улсын бүртгэлд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24.8-д заасан журмын дагуу зохих өөрчлөлт хийхийг...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА         

                    ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР

                    ШҮҮГЧ                                     С.МӨНХЖАРГАЛ