Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/200

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,   

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтөлж,

улсын яллагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаатар,

хохирогч ******* , түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн,         

шүүгдэгч *******  , түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:           

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т  овогт Д-ийн Б-д холбогдох эрүүгийн 2103003370002 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ....... оны..... дугаар сарын ........-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Аюулгүй байдлын сургуулийн ....... курст сурдаг, ам бүл ........ хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн....... дугаар хороо, .......... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т  овогт Д-ийн Б  /РД:.............../.   

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч *******   нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2021 оны 10 дугаар сарын 23-ны орой 20 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, *******ийн замд “Тоёота приус-10” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 3.4 а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;..” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч ******* ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч *******   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй гэв.

Хохирогч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Бөмбөгөрт лангуу түрээсэлдэг. 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажлаа тараад *******ийн хоёрдугаар буудлаас буугаад, ногоон гэрлээр явж байсан. Ногоон гэрлээр гарахын завдалгүй л мөргөсөн байсан. Мөргөчхөөд цагдаа, эмч зэргийг дуудаагүй. Машиндаа намайг аваад явсан. Цагдаа, түргэн тусламж дуудаагүйд гомдолтой байна. Хэрвээ яг энэ үед эмч дуудсан бол миний бие өөр байх байсан болов уу. Ажлаа алахгүй гээд түрээсээ төлсөн. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр сарын түрээс 400.000 төгрөгийг төлсөн. Би охинтойгоо хоёулаа амьдардаг. Охины цалин 1.000.000 төгрөг. Ясны хугарал амар байдаггүй юм байна. Миний даралт 130-140 хооронд байна. Мөн намайг зүрх судасны шинжилгээ өг гэж хэлсэн. Хэд хоног физик эмчилгээнд яваад, шинжилгээг өгч чадаагүй. Мөнгөгүй учраас эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Нийт 9.826.517 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь шүүгдэгчээс шилжүүлсэн 1.100.000 төгрөгийг хассан үнийн дүн юм. Нэхэмжилж буй үнийн дүнгээс эмчилгээнд 3.875.437 төгрөг, 10 дугаар сараас өнөөдрийг хүртэлх лангууны түрээс 2.400.000 төгрөг, охин Өнөрцэцэг нь ажлаасаа цалингүй чөлөө авч, ээжийгээ асарсан, түүний 2021 оны 10 дугаар сарын 25, 12 дугаар сарын 10 хүртэлх цалин 1.500.000 төгрөг, олох ёстой байсан орлого 1 сарын цэвэр ашгийн дундаж орлогоор тооцсон 3.151.080 төгрөгийн задаргаа байна гэв.   

 

Хоёр. Эрүүгийн 2103003370002 дугаартай хавтаст хэргээс:  

 

Зам тээврийн осол хэргийн газрын үзлэгийн үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-15, 6-14 дэх тал/

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 35-37 дахь тал/

Хохирогч ******* ы мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дахь тал/

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч *******юунболдын мэдүүлэг /хавтаст хэргийн 45-48 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10284 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 57-59 дэх тал/

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 257 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 66-71 дэх тал/

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас №1138159411 /хавтаст хэргийн 72 дахь тал/

Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 335 дугаартай магадлагаа /хавтаст хэргийн 75-76 дахь тал/

Хохирлын баримт /хавтаст хэргийн 23-26 дахь тал/

******* ******* ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 27 дахь тал/

Хохирогч ******* ы Түрээсийн төлбөр төлсөн баримт /хавтаст хэргийн 28 дахь тал/

Хохирогч ******* ы түрээсийн гэрээ /хавтаст хэргийн 29 дэх тал/

Хохирогч ******* ы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 32 дахь тал/

Хохирогч ******* ы хохирлын баримт 112-125 дахь тал/

Шүүхэд шинээр гаргаж өгсөн хохирлын баримт /хавтаст хэргийн 148-162 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 80 дахь тал/, “Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Аюулгүй байдлын сургуулийн тодорхойлолт /хавтаст хэргийн 83 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 84 дэх тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 85 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 86 дахь тал/, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 87 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 96 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.  

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******  ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

           Шүүгдэгч *******   нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Тоёота приус-10” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа 2021 оны 10 дугаар сарын 23-ны орой 20 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, *******ийн замд зам хөндлөн гарч явсан явган зорчигч ******* ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 3.4 а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;..” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Зам тээврийн осол хэргийн газрын үзлэгийн үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-15, 6-14 дэх тал/

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 35-37 дахь тал/

Хохирогч ******* ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажлаа тарчихаад хамт ажилладаг хүний машинд дайгдаад яармагийн замд буугаад явган хүний гарцаар ногоон гэрэл асахаар нь зам хөндлөн гарсан. Намайг зам хөндлөн гарах үед улаан гэрлээр ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн тийш чиглэлээр явсан суудлын автомашин мөргөж унагасан... Эмнэлэгт7 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан, одоо гэртээ хэвтрийн дэглэм барьж байгаа эмнэлэгт эмчилгээний зардалд 1.128.730 төгрөг зарцуулсан. Намайг мөргөсөн жолооч улаан гэрлээр орж ирээд намайг мөргөсөн. Эмчилгээ, эм тарианы зардалд зарцуулсан мөнгийг төлүүлж авмаар байна. Цаашид гарах зардлуудыг нэхэмжилж байна...” мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дахь тал/ 

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10284 дугаартай шинжээчийн дүгнэлт:

******* ы биед ууцны 1,2,3-р нугалмын хугарал, умдаг ясны зөрүүтэй, хоёрлосон хугарал. их тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнд тархины эдийн цус хуралт, няцрал, зүүн 7-р хавирганы зөрүүгүй хугарал, хоёр уушгины няцрал. баруун зовхинд шарх, хоёр шуу, бугалга, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, хэвлий зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу авто ослын үед үүсэх боломжтой.

Уг гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна

Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 57-59 дэх тал/  

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 257 дугаартай шинжээчийн дүгнэлт:

“...Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, нэг хоёрдугаар тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хэмжээс, хээ, стандартын шаардлага хангаж байна. Автотээврийн хэрэгслийн зогсоолын тоормос зогсоогүй, зүүн болон баруун талын хол, ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангаагүй, копут урд хэсэгтээ хонхойсон, салхины шил дээд хэсэгтээ хагарсан, баруун гар талын урд буферийн түгжээ мултарч хагарч цуурсан, баруун гар талын хоёр хаалга хонхойсон, зүүн гар талын хойд хаалга доод хэсэгтээ хонхойж доод хэсгээрээ будаг халцарсан, зүүн гар талын хойд крыло бага зэрэг хонхойж будаг халцарсан, урд хоёр оврын гэрэл цэнхэр өнгөтэй, зүүн гар талын хойд дохионы гэрэл асахгүй, зүүн гар хойд гэрэл хагарч скочидсон, баруун гар талын улсын дугаарын гэрэл асахгүй, зүүн талынх нь гэрлийн чийдэн анивчдаг, хөдөлгүүрийн доод хамгаалалт мултарсан зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

Копут урд хэсэгтээ хонхойсон, салхины шил дээд хэсэгтээ хагарсан, баруун гар талын урд буферийн түгжээ мултарч хагарч цуурсан, баруун гар талын хоёр хаалга хонхойсон, зүүн гар талын хойд хаалга доод хэсэгтээ хонхойж доод хэсгээрээ будаг халцарсан, зүүн гар талын хойд крыло бага зэрэг хонхойж будаг халцарсан, урд хоёр оврын гэрэл цэнхэр өнгөтэй, зүүн гар талын хойд дохионы гэрэл асахгүй, зүүн гар хойд гэрэл хагарч скотчидсон, баруун гар талын улсын дугаарын гэрэл асахгүй, зүүн талынх нь гэрлийн чийдэн анивчдаг, хөдөлгүүрийн доод хамгаалалт мултарсан зэрэг гэмтэлтэй байна.

Зүүн болон баруун талын хол, ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй байгаа нь жолоочийн үзэгдэх орчныг хязгаарлах байдлаар нөлөөлөх боловч тухайн замын гэрэлтүүлэг, орчны нөхцөл байдлыг бид мэдэхгүй тул тухайн осолд хэрхэн яаж нөлөөлснийг тогтоох боломжгүй байна. Копут урд хэсэгтээ хонхойсон, урд буфер баруун гар талын их гэрлийн хэсэгтээ цуурсан гэмтэл нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Салхины шил дээд хэсэгтээ хагарсан, баруун гар талын хоёр хаалга хонхойсон, зүүн гар талын хойд хаалга доод хэсэгтээ хонхойж доод хэсгээрээ будаг халцарсан, зүүн гар талын хойд крыло бага зэрэг хонхойж будаг халцарсан, зүүн гар талын хойд дохионы гэрэл асахгүй, зүүн гар хойд гэрэл хагарч скотчидсон, баруун гар талын улсын дугаарын гэрэл асахгүй, зүүн талынх нь гэрлийн чийдэн анивчдаг, хөдөлгүүрийн доод хамгаалалт мултарсан зэрэг нь тухайн тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтэл байх боломжтой.

Автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АВ8 бүхий тоормосны системтэй байна. Автотээврийн хэрэгслийн урд болон хойд хоёр дугуйн ажлын тоормос хэвийн ажиллагаатай эвдэрч, гэмтсэн зүйлгүй байна. Зогсоолын тоормос зогсоогүй.

Шингэн дамжуулгын АВ8 бүхий тоормосны системтэй, автотээврийн хэрэгслийн хувьд тоормос гишгэх үед ачсан ачаа, замын гадаргуу, тоормосны дөрөө дээр гишгэх хүч зэргээс шалтгаалж тоормосны мөр зам дээр үүснэ...” дүгнэлт /хавтаст хэргийн 66-71 дэх тал/

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас №1138159411 /хавтаст хэргийн 72 дахь тал/

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 335 дугаартай магадлагаанд: “...Тоёота приус-10” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч *******   нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 3.4 а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон чиргүүлийн нөхцөлд...хол, ойрын...буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.Отгон нь Монгол улмын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэл болон бусад нөхцөл байдлаас болсон гэж үзэх үндэслэлгүй байна...” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэсэн магадлагаа /хавтаст хэргийн 75-76 дахь тал/  

Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 10 дугаар 23-ны өдөр намайг гэртээ байхад 21:52 цагийн үед манай ээж над руу залгаад “машинд мөргүүлчихлээ” гэж ярихаар нь хаана байгааг нь асуугаад шууд гэрээс гараад хойд талын зам руу яармагийн 2 дугаар буудал руу очиход байхгүй байсан. Тэгэхээр нь ээж рүү залгаад “хаана байгаа юм бэ? Би ирчихсэн байна та нар байхгүй байна” гэхэд ээж хэлж чадахгүй байхаар нь хажуудаа байгаа хүндээ утсаа өгөөдөх би яриадахъя гэхэд нэг залуу утсыг аваад ярихаар нь “хаана байгаа юм бэ? яармагийн 2 дугаар буудал дээр байна гэхээр нь ирчихлээ байгаа газраа байж бай гэж хэлээ биз дээ” гэхэд бид нар Карваш машин угаалгын газрын гадаа байна гэхээр нь зааж өгсөн. Тэс Тепролиум ШТС-н гадаа тоёота приус 10 маркийн цагаан өнгийн автомашин дээр очиход манай ээж машины жолоочийн арын суудалд сууж байсан. Тэр үед манай ээж бие тааруу их зовиуртай амьсгалаад байхаар нь хөл гарын барихад нойтон оргихоор нь үзэхэд гар нь цус болчихсон, хөлнөөс нь цус гараад байхаар нь ах руугаа залгаж дуудчихаад өөрийн 8810-0931 дугаарын утаснаас түргэн болон цагдаа дуудсан. Тэрнээс хойш удаагүй замын цагдаа ирээд төд удалгүй түргэний машин ирж эмч үзээд насилкан дээр хэвтүүлээд гэмтлийн эмнэлэг рүү авч явна гэхээр нь хамт яваад гэмтлийн эмнэлэгт хүргүүлээд очиж үзүүлж баруун нүдний дээд зовхинд 8-н оёдол тавьж баруун өвдөгний дээд талд оёдол тавьж рентген харуулахад хавирганы яс аарцагны яс, баруун шилбэний яс хугаралтай, томографийн шинжилгээгээр тархинд бага зэрэг цус хуралттай байна гээд яаралтайгаар хэвтүүлж эмчилгээ хийлгэж 7 хоногийн дараа эмнэлгээс гарсан. Одоо гэрээс эмчилгээ хийлгээд хэвтрийн дэглэм сахиж байна. 2021 оны12 дугаар сарын дундуур хөлний гипс авхуулж давтан нарийн шинжилгээ өгөх шаардлагатай гэсэн. Би ослоос болж ажлаасаа чөлөө авч ээжийгээ асарч байна...” мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч *******юунболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ослын талаар сайн мэдэхгүй, уг машиныг хамт амьдардаг Б-д зараад урьдчилгаа 1 сая төгрөг авчихсан болохоор нэр шилжүүлээгүй болохоос Б ын машин машины эвдрэл хохиролтой холбоотой миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Би уг машины эзэмшигч болохоор иргэний хариуцагчаар татагдаж байгаа ойлгож байна. Тухайн үед би цэргийн албанд явахаар болоод машинаа зарсан боловч эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй юм...” мэдүүлэг /хавтаст хэргийн 45-48 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

        Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдэл буюу эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсанд оршдог.

 

         Шүүх хуралдаанд шүүгдэгч *******   нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэтгэлцээнийг дүгнэн үзэхэд: шүүгдэгч *******   нь жолоодох эрхгүй үедээ 2021 оны 10 дугаар сарын 23-ны орой Хан-Уул  дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Наадамчдын гудамж, *******ийн замд  “Тоёота Приус” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.7, 3.4/а-д заасныг зөрчсөн буюу зогсоолын тоормос зогсоогүй, зүүн болон баруун талын хол, ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангаагүй бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явсан мөн жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчиж осол гаргаж явган зорчигч ******* ыг мөргөж хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч ******* ы мэдүүлэг, иргэний хариуцагч *******юунболдын мэдүүлэг, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 257 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа, хохирогчийн биед гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

          Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байх, мөн тухайн буруутай үйлдлийн улмаас хуульд заасан хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаг.

           Энэхүү ослын улмаас хохирогч ******* ы биед  “ууцны 1,2,3-р нугалмын хугарал, умдаг ясны зөрүүтэй, хоёрлосон хугарал. их тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнд тархины эдийн цус хуралт, няцрал, зүүн 7-р хавирганы зөрүүгүй хугарал, хоёр уушгины няцрал. баруун зовхинд шарх, хоёр шуу, бугалга, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, хэвлий зүүн өвдөгт зулгаралт” бүхий гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 10284 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

         Шүүгдэгч *******  ын хувьд жолоочийн бүртгэлгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдоогүй талаарх Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн лавлагаа /хавтаст хэргийн 110 дах тал/ байх тул түүнд холбогдох хэргийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр зүйлчилсэн нь зөв байна.

          Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч *******  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй” үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч *******  , түүний өмгөөлөгч У.Батцэцэг нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

            2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******  ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан.  

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч *******  ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргав.  

 

Шүүгдэгч *******   нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй, суралцахын зэрэгцээ цагийн ажил эрхэлж орлого олдог, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, 12-17 насны дунд сургуульд сурдаг 2 дүүгийн хамт өрх толгойлон амьдардаг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.      

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч *******  од гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******  од мэдэгдэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******  од тайлбарлав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан шүүгдэгч *******  од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь үндэслэлтэй.    

 

3. Хохирол төлбөр, бусад асуудлын талаар: 

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.  

           Гэмт хэргийн улмаас хохирогч ******* ы биед  “ууцны 1,2,3-р нугалмын хугарал, умдаг ясны зөрүүтэй, хоёрлосон хугарал. их тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнд тархины эдийн цус хуралт, няцрал, зүүн 7-р хавирганы зөрүүгүй хугарал, хоёр уушгины няцрал. баруун зовхинд шарх, хоёр шуу, бугалга, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, хэвлий зүүн өвдөгт зулгаралт” бүхий гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 10284 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

          Хохирогч *******  нь эмчилгээ болох гэм хор учруулснаас үүссэн хор уршигт нийт 10.926.517 төгрөг шүүгдэгч *******  оос нэхэмжилсэн. Үүнээс: хохирогч ******* ы эмчилгээний зардал  3.875.437 төгрөг, “******* Бөмбөгөр” ХХК-тай 2018 оноос ажлын байрны түрээсийн гэрээ байгуулж сарын 400.000 төгрөгөөр лангуу түрээслэдэг ба 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэрээгээ сунгаж, 2021 оны 10, 11, 12-р сар, 2022 оны 1, 2, 3-р сарын түрээсийн төлбөр нийт 2.400.000 төгрөг төлсөн болох нь кассын орлогын ордер, түрээсийн гэрээгээр батлагдаж байна. Тэрээр осолд орсон улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан тул түрээсийн төлбөрт төлсөн 2.400.000 төгрөг, мөн хохирогч нь осол орсны улмаас хэвтэрт байсан тул охин *******нөрцэцэгийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажлаасаа цалингүй чөлөө авч асарсан тул түүний авч чадаагүй цалин хөлс 1.500.000 төгрөг, нийт 7.775.437 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч *******   нь хохирогч ******* д 1.100.000 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн Хаан банкны  шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

          Харин хохирогч *******  нь 2021 оны 10 дугаар сард зарсан барааны ашиг гэж харилцагч байгууллагаас хүлээн авсан хүнсний барааны баримтуудыг /хавтаст хэргийн 111-125 дугаар тал/ үндэслэн хохирогч ******* ыг сарын 3.151.080 төгрөг орлоготой байсан гэж дүгнэх боломжгүй тул хангах үндэслэлгүй гэж үзлээ

          Зам тээврийн осол гаргасан Тоёота Приус маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь *******юунболдын эзэмшлийнх боловч *******юунболд нь *******  той 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Автомашин зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, нотариатаар батлуулж, уг тээврийн хэрэгслийг *******  ын эзэмшилд шилжүүлэн өгсөн байна. /хавтаст хэргийн 88, 89 дүгээр тал/

          Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Хуулийн энэхүү заалтаас үзэхэд тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчид тусгайлан хариуцлага хүлээлгэсэн буюу тухайн тээврийн хэрэгслийн ашиглалттай холбоотой гэм хорыг хариуцан арилгах нарийвчилсан зохицуулалт байна.

           Шүүгдэгч *******   нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хохирогч ******* д хохирол төлбөрийг барагдуулахад татгалзах зүйлгүй талаараа мэдүүлсэн байна.

            Тиймээс энэ тохиолдолд гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч *******   хариуцах нь зүйтэй гэж үзсэн болно.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******  оос 6.675.437 төгрөгийг гаргуулж хохирогч ******* д олгохоор шийдвэрлэв.

             Хохирогч *******  нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдав.

 

         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сд-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч *******   нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:   

 

         1. Шүүгдэгч Т  овогт Д-ийн Б ыг тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүйгээр, автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

           2. Шүүгдэгч *******  ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч *******  ыг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******  од мэдэгдсүгэй.   

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******  од тайлбарласугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан шүүгдэгч *******  од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.  

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс хохирогч ******* д эмчилгээний зардалд 1.100.000 төгрөг нөхөн төлснийг дурдаж,  шүүгдэгч *******  оос 6.675.437 төгрөг гаргуулж хохирогч ******* д олгосугай.   

8. Хохирогч *******  нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч *******  оос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч *******   нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.   

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.    

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.              

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.ОДБАЯР