Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/209

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,     

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,          

улсын яллагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгаль,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* , түүний өмгөөлөгч Ж.Жаргалбаяр,   

шүүгдэгч *******  , түүний өмгөөлөгч Д.Очирваань нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:    

 

  Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З  овогт Б-ийн  Б-д холбогдох эрүүгийн 2103003200023 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,....... оны ...... дугаар сарын .........ний өдөр Төв аймагт төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехник, цахилгаанчин мэргэжилтэй, ........ ажилтай, ам бүл .......... хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ................. тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, З  овогт Б-ийн  Б  /РД:.............../     

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч *******   нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 27 минутын орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, *******ийн нэгдүгээр буудлын замд өөрийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч <Зогс-шугам> (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсвэл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” мөн дүрмийн 8.9-д заасан гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно. /анивчихгүй/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зохицуулдаг явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан 63 настай, эрэгтэй Г.*******ыг мөргөж амь нас нь хохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч *******   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр аав манай хүүхдийг харах гэж яваад осолд орсон. Аав маань өвчингүй эрүүл хүн байсан, ээж хүний асаргаанд байдаг. Аав ээжийг асардаг байсан. Ослын талаар орой 22 цагийн үед мэдсэн. Оршуулгын зардал болон 21, 49 хоногийн буяны үйлд 34.320.384 төгрөгийн зардал гарсан. Манай аав олуулаа болохоор хөдөөнөөс олон хүн ирсэн. Мөн ламаар ном уншуулсан зардал орсон. Шүүгдэгчээс 21.000.000 төгрөг төлсөн, 13.320.384 төгрөг төлөгдөөгүй үлдсэн нэхэмжилж байна. *******   нь биднээс уучлалт гуйсан зүйл байхгүй. Гомдолтой байна гэв.

Хоёр. Эрүүгийн 2103003200023 дугаартай хавтаст хэргээс:  

 

Хяналтын камерийн бичлэг, сд бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 29 дэх тал/ 

Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 19 дэх тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр  хийсэн хэмжилтын бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 4-11 дэх тал/

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл: 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 18 цаг 16 минут ******* овогтой Б г драйгер багаж ашиглан шалгахад 0.00% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо, гэрэл зургийн үзүүлэлт  /1 дүгээр хавтаст хэргийн 12 дахь тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 34 дэх тал/

Гэрч *******мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 117 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн цогцост задлан шинжилгээ хийсэн 2237 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 130-134 дэх тал/  

2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 315 дугаартай Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 151 дэх тал/

Вендо ХХК-ийн гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн В22/02 дугаартай автомашин, техникийн үйлчилгээний тайлан: захиалагчийг төлөөлж *******  , үнэлгээгээр тогтоогдсон дүн-14.955.480 төгрөг гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 202-203 дахь тал/

Автотээврийн үндэсний ТӨБТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 157-160 дахь тал/

2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол /1 дүгээр  хавтаст хэргийн 199-200 дахь тал/ 

Дуудлагын лавлагааны хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 19 дэх тал/

Хохирол төлсөн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 191-192, 2 дугаар хавтаст хэргийн 45-46 дахь тал/

Шүүгдэгч *******  н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 170 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 178 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 28 дахь тал/, оршин суух хаягийг лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 184 дэх тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 181 дэх тал/, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 12 дахь тал/, гэрч *******-ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 120 дахь тал/, ял шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 177 дахь тал/, хүүхдийн төрсний гэрчилгээ /2 дугаар хавтаст хэргийн 29-30 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.       

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******  н гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

           Шүүгдэгч *******   нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 27 минутын орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, *******ийн нэгдүгээр буудлын замд өөрийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч <Зогс-шугам> (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсвэл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” мөн дүрмийн 8.9-д заасан гэрэл дохио нь дараах утгатай байна г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно /анивчихгүй/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зохицуулдаг явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан амь хохирогч Г.*******ыг мөргөж амь насыг нь хохирсон болох нь:

 

Хяналтын камерийн бичлэг, сд бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 29 дэх тал/   

 

Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 19 дэх тал/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр  хийсэн хэмжилтын бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 4-11 дэх тал/

 

          Дуудлагын лавлагааны хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 19 дэх тал/ 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр осол болох үед хамт байгаагүй. Хүргэн ах С   руу цагдаагийн газраас залгаад замын цагдаагийн газарт ирж уулзаарай гэж хэлсэн. Намайг гэртээ ээжтэйгээ хамт байхад манай ээж рүү эгч залгаад “аав осолд орсон юм шиг байна, цагдаагийн газарт хүрээд ир” гэж хэлж байна гэсэн. Би ээжийг үлдээгээд цагдаагийн газар руу яваад очсон. ...Би одоо маш их гомдолтой байна. Манай аав эм тариа хэрэглэдэггүй цоо эрүүл хүн байсан. Миний ээж хөл муутай учир аав бүх юманд нь явдаг байсан. Аав Г.Г-ны буяны ажилд баримтаар 17.752.049 төгрөг, баримтгүй 1.000.000 төгрөгийн хохирол гарсан. Буруутай гэх жолоочоос нийт 19.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...”  мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 34 дэх тал/

 

Гэрч *******мөрдөн байцаалтад өгсөн: Би 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 17 цаг өнгөрч байхад ажлын газрын *******  н машинд суугаад Тайны амнаас Зайсан орох гээд явж байсан. Тэгтэл ажлын газраас юм нэмж авах гээд буцаж эргээд *******ийн замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байсан. Би жолоочийн хажуу талд суугаад явж байсан. Тэгтэл гэнэт машины урд хэсгээр нэг хар зүйл мөргөсөн. Би яг тухайн зүйлийг мөргөх үед нь урагшаа харж таарсан. Тэгээд машинаас бууж ирээд хартал нэг эрэгтэй хүн доошоо харчихсан зүүн чихнээс нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. *******   ах эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн. Удалгүй эмнэлгийн машин ирээд машинд мөргүүлсэн хүнийг аваад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 117 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн цогцост задлан шинжилгээ хийсэн 2237 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл: Гавлын дух, дагз, суурь ясны хугарал, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорхи цус харвалт, баруун чамархайн булчин, хуйхны цус хуралт дух. хамрын нуруу, баруун хацар, цээж, баруун өвдөгт зулгаралт, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр. нэг удаагийн үйлдлээр буюу авто ослын үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Гавал тархины гэмтэл нь үхэлд шууд нөлөөлсөн байна.

3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь гавал дух, дагз, суурь ясны хугарал, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорхи цус харвалт, баруун чамархайн булчин, хуйхны цус хуралт гэмтлүүдийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.

5. Талийгаач нь 2021.10.19-ний өдөр 23 цаг 00 минутад хийгдсэн цогцсын гадна үзлэгээр нас бараад 2 цаг болсон байжээ.

6. Талийгаач нь дөрөвдүгээр бүлгийн цустай байна.

7. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 130-134 дэх тал/

 

2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 315 дугаартай Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа: “...Тоуоtа Рrius маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ******* овогтой Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18. “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсвэл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” мөн дүрмийн 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно. 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 2. Явган зорчигч Гааяа овогтой ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” /1 дүгээр хавтаст хэргийн 151 дэх тал/

 

Вендо ХХК-ийн гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн В22/02 дугаартай автомашин, техникийн үйлчилгээний тайлан: захиалагчийг төлөөлж *******  , үнэлгээгээр тогтоогдсон дүн-14.955.480 төгрөг гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 202-203 дахь тал/

 

Автотээврийн үндэсний ТӨБТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт “...Тоёота маркийн приус-30 загварын ******* УББ улсын дугаартай автотээврийн хэрэгсэл стандартын шаардлага болон техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Уг автомашины урд салхины шил хагарч цуурсан, баруун талын их гэрэл асахгүй, баруун талын буфер түгжээ эвдэрсэн, зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 0cd хол дээрээ 0cd, баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 0cd, хол дээрээ 20000cd (стандарт 10000-225000cd) байгаа нь стандартын шаардлагыг хангахгүй байна. Тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй байна. Урд, хойд дугуйн тоормос хэвийн ажиллагаатай байна. Харин ABS тоормосны системтэй автомашины хувьд тоормос гишгэх үед замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөө дээр гишгэх хүч, ачаа ачсан зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүсдэг. ******* УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж техникийн хяналтын үзлэгт орж дүгнэлт гаргуулсны дараа замын хөдөлгөөнд оролцох боломжтой...” /1 дүгээр хавтаст хэргийн 157-160 дахь тал/  

 

2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол “...Toyota маркийн prius загварын ******* УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл...” /1 дүгээр  хавтаст хэргийн 199-200 дахь тал/

 

Шүүгдэгч *******  н яллагдагчаар өгсөн: “...би хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* д буяны ажлын зардлын хохиролд одоогийн байдлаар нийт 11.500.000 төгрөгийн хохирол барагдуулж өгсөн байгаа. Цаашид баримтаар гарсан үлдэгдэл хохирлыг барагдуулж өгнө. Тухайн үед санамсар болгоомжгүй үйлдэгдсэн хэрэгт маш их харамсаж байна...” мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 170 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.    

 

         Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдэл буюу эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсанд оршдог.  

 

          Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байх, мөн тухайн буруутай үйлдлийн улмаас хуульд заасан хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаг.

           Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тодорхойлох зорилгоор тусгай мэдлэгийн хүрээнд Тээврийн цагдаагийн газрын мөрдөгч магадалгаа гаргасан байх бөгөөд түүнд “...Тоёота Приус” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч *******   нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 8.18. “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсвэл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” мөн дүрмийн 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно. 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно ” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэж тодорхойлжээ.

         Мөрдөгчийн магадалгаа нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоон, шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөнийг үндэслэл бүхий дүгнэсэн нь байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

         Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч *******  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь зааснаар Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.     

         Шүүгдэгч *******  , түүний өмгөөлөгч Д.Очирваань нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй

          2. Эрүүгийн хариуцлагын талаар:     

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

 

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******  н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4  жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирваань: шүүгдэгч *******   нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, төлөхөө илэрхийлсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн. *******  гийн аав нь хорт хавдартай, ах нь зүрхний өвчтэй аавыгаа асрах боломжгүй тул *******  н эхнэр аавыг нь асардаг.  *******   нь аавыгаа болон ар гэрээ тэжээдэг. Гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан зэргийг харгалзан түүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Зорчих эрхийг хязгаарлахдаа гэр болон ажлын газар хооронд явах чиглэлийг тогтоож өгнө үү гэсэн санал гаргав.      

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Прокурорын дүгнэлтийг дэмжиж байна гэсэн санал гаргасан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******  гомдолтой байна гэв.  

 

Шүүгдэгч *******   нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 177 дахь тал/-аар тогтоогдож байна. 

 

Шүүхээс шүүгдэгч *******   нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  өндөр настай эцгээ асран халамжилдаг хувийн байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ тэрээр замын хөдөлгөөнд оролцохдоо хэт хайхрамжгүй хандан гарцан дээр явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******  гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулхаар шийдвэрлэв.

 Шүүгдэгч *******   нь анх удаа ял шийтгэгдэж байгаа хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан шүүгдэгч *******  д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолох нь зүйтэй.   

 

3. Хохирол төлбөр, бусад асуудлын талаар: 

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Гэмт хэргийн улмаас Г.Г-ны амь нас хохирсон тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т “Хохирогч нас барсан бол оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасны дагуу түүний төрсөн хүү  *******олд-Эрдэнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

 

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******  нь амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардалд 17.752.049 төгрөг, 21, 49 хоногийн зардалд 16.568.335 төгрөг нийт 34.320.384 төгрөг /хавтаст хэргийн 42-115, 209-247 дахь тал/ нэхэмжилсэн байна.

          Шүүгдэгч *******   нь мөрдөн байцаалтын шатанд 11.500.000 төгрөгийг төлсөн ба шүүхийн шатанд 15.500.000 төгрөг, нийт 27.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 191-192, 2 дугаар хавтаст хэргийн 45-46 дахь тал/

           Амь хохирогчийг оршуулснаас хойшхи буюу 21, 49 хоногийн буяны үйл нь заншлын шинжтэй ёслол тул хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд хамаарахгүй юм. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* д  төлөгдөөгүй үлдсэн 7.320.384 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

           Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******   нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* д нийт 27.000.000 төгрөг нөхөн төлснийг дурдаж, нэхэмжлэлээс 7.320.384 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.  

 

Шүүгдэгч *******   нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээв.

Шүүгдэгч *******  гийн жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулсан тул түүний “В, С” ангиллын 807583 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******   нь амь хохирогчийн оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид бүрэн төлсөн байх тул Тоёота Приус загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Тээврийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

 

                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З  овогт Б-ийн  Б г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******  н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж,  03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******  д оногдуулсан 03 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан шүүгдэгч *******  д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай.   

 

5. Шүүгдэгч *******  д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс тоолсугай.

 

6. Шүүгдэгч *******   нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, *******эрхангайгийн “В, С” ангиллын 807583 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Тоёота Приус маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Тээврийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

          8. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******   нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* д амь хохирогчийн оршуулахтай холбоотой зардалд нийт 27.000.000 төгрөг нөхөн төлснийг дурдаж, нэхэмжлэлээс 7.320.384 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.   

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******  д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.     

  

  

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР