Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/472

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч Б.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-ын И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209003690385 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ... ББСБ-д зээлийн ажилтнаар ажиллаж байсан, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, .., ... дүгээр байрны ... тоотод  оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ын И /РД:.../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.И нь ...” банк бус санхүүгийн байгууллагын Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр, ... төвийн ... дугаар давхарт байрлах салбарт зээлийн зээлийн ажилтнаар ажиллаж байхдаа 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд тус байгууллагад иргэдээс зээл, зээлийн хүүг төлөх зориулалттай дундын дансанд байршуулсан зээлийн эргэн төлөлтийн  төлбөр мөнгийг өөрийн болон нөхөр С.Б-н, нас барсан эцэг Л.Б-ын, дүү А.Т-ын Хаан банкны холбогдох данс руу буюу нийт 6 данс руу 85 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч, хувьдаа завшиж бусдад 7.832.210 хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.И шүүхийн хэлэлцүүлэгт “...Би ... ББСБ-д 2021 оны 5 дугар сарын 19-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Тэгээд ажлаа хийж байтал 2021 оны 6 дугаар сарын сүүлээр манай байгууллагаас зээл гаргуулан  авсан нэг харилцагчийн зээл  олголтын мөнгийг  тухайн хүний  эхнэр буюу хамтран зээлдэгчээр орсон хүний данс руу  мөнгийг шилжүүлж  өгсөн үед  гэмт хэрэг үйлдэх санаа анх төрсөн. Тэгээд би хамгийн эхний үйлдлээ 2021 оны 06 дугаар сарын 23-ны  өдөр нөхөр С.Б-н  данс руу мөнгө  шилжүүлснээр эхэлсэн. Би одоо бүх мөнгөө төлсөн байгаа. Маш их харамсаж байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.И нь Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр, ... дугаар давхарт байрлах ...” банк бус санхүүгийн байгууллагын салбарт зээлийн ажилтнаар ажиллаж байхдаа 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд тус байгууллагын Хаан банкны ... дугаартай дундын дансанд харилцагч нараас зээлийн эргэн төлөлтийн мөнгө хэмээн шилжүүлж, байршуулсан мөнгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ..., ... дугаартай дансаар, нөхөр С.Б-н Хаан банкны ..., ... дугаартай дансаар, нас барсан эцэг Л.Б-ын Хаан банкны ... дугаартай дансаар, дүү А.Т-ын Хаан банкны ... дугаартай данс руу буюу нийт 6 данс руу 85 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч, хувьдаа завшиж бусдад 7.832.210 хохирол учруулсан болох нь:

1.Хохирогч ... банк бус санхүүгийн байгууллагын хууль ёсны төлөөлөгч  Н.П-ы: “....Б.И нь 2021 оны 05 дугар сарын 19-ний өдрийн тушаалаар Сонгинохайрхан дүүргийн ... ББСБ-д зээлийн  ажилтны албан тушаалд томилогдсон. Мөн оны 8 дугаар сарын 28-ны  өдөр  хүний нөөцийн  ахлах менежер Н-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажлын байрны тодорхойлолтод зааснаар групп-н хэмжээнд харилцагчийн  хүссэн зээлийг  судалж, хариуцсан албан тушаалтанд  танилцуулан уг зээлийн олголтыг хариуцаж, зээлийн эргэн төлөлтийг хариуцаж татан төвлөрүүлэн ажилладаг юм. 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс зээлийн ажилтан  Б.И нь 96 удаагийн  оролдлого хийснээс 86 удаагийн үйлдлээр ... ББСБ-ын харилцагч нарын зээлийн эргэн төлөлтийн дагуу манай компанийн ... дугаартай Хаан банкны дансанд шилжиж орж ирсэн 7.985.210.32 төгрөгийг өөрийн албаны эрх мэдэл, түүнд олгогдсон эрхийг хууль бусаар ашиглаж өөртөө болон  өөрийн хамаарал бүхий  этгээд рүү шилжүүлэн авч завшсан. Б.И нь гэмт хэрэг үйлдсэн цагаас хойш 7.985.210 төгрөгийг манай байгууллагад буцаан шилжүүлсэн,одоо өр төлбөргүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 90, 93-94, 159 дэх тал),

2.Гэрч Т.О-ийн: “...Манай байгууллагын Сонгинохайрхан дүүрэгт байрлах салбарт  ажилладаг Б.И нь 2021 оны 06 дугаар сард ажилд орж 8 сард жинхлээд үндсэн ажилтнаар ажиллахаар болоод тушаал гарсан байдаг. Тэгээд ажилд орсон цагаасаа хойш манай байгууллагаас зээл авсан иргэдийн  дундын данс  руу зээлээ иргэдийн зээлийн төлбөрөөс өөрийн болон хамаарал  бүхий иргэдийн данс руу 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны  өдрийг хүртэл хугацаанд 85 харилцагчийн данснаас 96 удаагийн  оролдлогоор 31.300.000 төгрөгийг дамжуулан авахаар  үйлдэл хийгдсэн ч 85 удаагийн  үйлдэл нь амжилттай болж 7.832.210 төгрөгийг шилжүүлсэн байсан. Дээрх  7.832.210 төгрөг нь хаан банкны ... тоот данс руу 1, ... тоот данс руу 4, өөрийн ... тоот данс руу 6, ... тоот данс руу 2, ... тоот данс руу 34, ... тоот данс руу 38 удаагийн үйлдлээр шилжүүлэн авсан байсан. Эдгээр данс нь Б.И өөрийнх нь, нөхөр, аав, дүүгийнх данснууд байсан ” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 97-99 дэх тал),

3.Гэрч Э.С-ын: “...2022 оны 01 дүгээр сарын 07-ны дөр Сонгинохайрхан дүүрэг дэх салбарын  захирал Б.У манай зээлийн  газарт хандаж харилцагчийн данснаас  мөнгө авсан байна гэсэн мэдээллийг өгсөн. Үүний дагуу  шалгаж үзэхэд 2021 оны 07 дугаар сарын 02-ны  өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 07-ны  өдрийг хүрэл хугацаанд зээлдэгч  нарын зээлээ төлж  байгаа дундын  данснаас 96 удаагийн хандалтаар 31 сая  төгрөг авах оролдлого хийсэн байна. Манай эрсдэлийн газраас  хийсэн шалгалтын явцад  энэ хохирол нь  нэмэгдэх боломжтой гэж үзэж  байгаа болохоор цагдаагийн байгууллагад шалгуулж байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 101-102 дахь тал),

4....” банк бус санхүүгийн байгууллагын зээлийн газрын эрсдэлийн дүгнэлт: “...Б.И нь өөрийн Хаан банкны ... дугаарын данс руу 529.400 төгрөгийг 6 удаагийн гүйлгээгээр,

... гэсэн данс руу 58.342.37 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр,

 нөхөр С.Б-н Хаан банкны ... дугаарын данс руу 412.923.42 төгрөг 1 удаагийн гүйлгээгээр,

... гэсэн данс руу 3.661.954.85 төгрөгийг 38 удаагийн гүйлгээгээр,

 нас барсан эцэг Л.Б-ын Хаан банкны ... гэсэн данс руу 343.074.66 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр,

 дүү А.Т-ын Хаан банкны ... гэсэн данс руу 2.826.515.02 төгрөгийг 34 удаагийн гүйлгээгээр тус тус шилжүүлж авсан буюу нийт 85 удаагийн гүйлгээгээр 7.832.210.32 төгрөг шилжүүлж авсан нь илэрсэн. (хавтаст хэргийн 73-75 дахь тал),

5.Мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 78-83 дахь тал),

6.Б.И-гийн депозит дансны хуулга (хавтаст хэргийн 50-51, 156 дахь тал),

7.Арилжааны банк дахь Б.И, Б.Б, Л.Б, А.Т нарын дансны мэдээллүүд (хавтаст хэргийн 17-37, 38-39, 40-41 дэх тал),

8.Б.И-гийн ажилд томилогдсон тушаал, хөдөлмөрийн гэрээ,  ажлаас чөлөөлсөн тушаал: “...2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Б.Иг Сонгинохайрхан  салбарын Зээлийн ажлын албан тушаалд томилж, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ажлаас халсан тухай тушаал, хөдөлмөрийн гэрээний хуулбар авагдсан”,  (хавтаст хэргийн 55, 174-183 дахь тал),

9. Шүүгдэгч Б.И-гийн өгсөн: “...Би энэ хэргийг  ар гэрийн байдал амьдралын боломж бололцоо муугаас болж хийсэн. Анх ажилд орохдоо дагалдангаар ажиллаж байгаад 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр жинхэлж зээлийн эдийн засагчаар ажилласан. Зээлийн эдийн засагч нь өдөр тутамд  харилцагчид зээл олгох, олгосон зээлийн эргэн төлөлтийг шаардах зэрэг ажлыг  хийж гүйцэтгэдэг. Харилцагч нарын  хүү болон үндсэн төлбөрийг  ... ББСБ-н хаан банкны ... дугаарын данс руу шилжүүлдэг байсан. Зээлийн эргэн төлөлтийг төлсөн  тохиолдолд дээрх данснаас  автоматаар харилцагчийн  депозит харилцах данс руу шилжиж ордог. Энэ данснаас  зээлийн эргэн төлөлтийг зээлийн данс руу татдаг. Мөн дээрх харилцагчийн данс, мэдээлэл харагддаг нэт вайр программ дээр хүссэн дансыг холбож, тухайн данс руу харилцагчийн илүү төлөлтийг  татаж болдог  болохыг би  мэдсэн. Иймд миний бие  харилцагчийн илүү төлөлттэй эсхүл зээлийн хүү зэрэг төлсөн мөнгийг өөрийн хамаарал бүхий этгээдийн  данстай холбож шилжүүлэг хийж авдаг байсан. Би ажиллаж байх хугацаандаа нийтдээ 7.832.210 төгрөгийг өөрийн болон нөхөр, дүү аавын данс руу шилжүүлэн авсан. Би нэвтрэх нэр, нууц кодыг мэдэхгүй бөгөөд тухайн ажилтан нарын компьютер дээр хадгалагдсан  байдаг учир мөнгө хэрэгтэй болох үедээ өөрийн хийж  байгаа үйлдлээ барьж өгөхгүйн тулд Г.Б, Б.Л, Т.М, С.А, Ч.О нарын компьютер дээр сууж нэвтрэх нэрээр нь нэвтэрч мөнгө шилжүүлж байсан.  ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 125-126, 153-154 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл гэж бичсэн байх боловч дансны хуулга болон шилжүүлэг оролдлого хийсэн болохыг нотолсон баримт (хавтаст хэргийн 20-24,27,30,34,36,38-39,40-41,75 дахь тал)-аар шүүгдэгч Б.И нь 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 06-ны хооронд ... ББСБ-н Хаан банкны ... тоот дундын данснаас өөрийн болон хамаарал бүхий этгээдийн данс руу 85 удаагийн үйлдлээр гүйлгээ хийж мөнгө шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон тул хэргийн үйл баримтыг тогтоохдоо гэмт хэрэг гарсан огноог зөвтгөн дүгнэсэн болохыг дурдав.

Хэргийн үйл баримтыг дүгнэвэл, шүүгдэгч Б.И нь 2021-ны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ... ББСБ-ын Сонгинохайрхан салбарын зээлийн ажилтан албан тушаал /4-р зэрэг, 2-р дэв/-д 3 сарын туршилтын хугацаатайгаар томилогдож ажиллаж байгаад 2021-ны 08 дугаар сарын 28-ны өдөр  ... ББСБ ХХК-ны хүний нөөцийн ахлах менежер Э.Н-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулан зээлийн ажилтнаар жинхэлж ажилласан нь тус байгууллагын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай “ажилд томилох” тушаал, хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдсон. (хавтаст хэргийн 55, 56-63 дахь тал)

Б.И хөдөлмөрийн гэрээний хавсралт болох ажлын байрны тодорхойлолтод заасан  ажил үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа буюу 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд тус байгууллагын дундын дансанд байршуулсан харилцагч нарын зээл болон зээлийн хүүд төлсөн мөнгийг цааш нь зээлийн үндсэн данс руу шилжүүлэхийн оронд өөрийн болон нөхөр Б-н данс руу, мөн нас барсан эцэг, группт байдаг дүүгийнхээ дансыг ашиглан шилжүүлж авахдаа өөрийн хууль бус үйлдлийг нууж хаацайлах зорилгоор тухайн байгууллагад хамт ажилладаг хүмүүсийн нэвтрэх эрхээр удаа дараагийн үйлдлээр нэвтэрч завшсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга, ...” банк бус санхүүгийн байгууллагын зээлийн газрын эрсдэлийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсоноос гадна шүүгдэгч Б.И-гийн өөрийнх нь мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдсон байна.

Завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, хувьдаа захиран зарцуулах байдлаар завших санаа бий болж хэрэгждэгт оршино.

Б.И-гийн хувьд, гэмт хэрэг үйлдэх санаа нь 2021 оны 06 дугаар сүүлээр зээл гаргуулан  авсан харилцагчийн зээл олголтын мөнгийг тухайн хүний  эхнэр буюу хамтран зээлдэгчээр орсон хүний данс руу шилжүүлж гүйлгээ хийх үед  “ингэж мөнгө шилжүүлж авч болох юм байна” гэсэн сэдэл төрж /шүүгдэгчийн мэдүүлэгт дурдагдсан/  тэр үеэс эхлэн өөрийн болон хамаарал бүхий этгээдийн данс руу мөнгө шилжүүлж эхэлсэн гэх бөгөөд энэ нь дээрх 6 дугаар бүхий дансны хуулга дахь мөнгө шилжүүлсэн цаг хугацаагаар тогтоогдсон байна.

Итгэмжлэн хариуцуулсан этгээд гэж аж ахуй нэгж, байгууллагаас буюу “...” ХХК-ийн захирлын тушаалаар зээлийн ажилтан албан тушаалд томилогдон үүрэг хүлээсэн этгээд буюу шүүгдэгч Б.И-г ойлгохоор байна. Албан тушаалын байдал нь бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрх хамаарах бөгөөд Б.И нь ... ББСБ-д зээлийн ажилтнаар ажиллахдаа зээл авах хүсэлт, холбогдох баримтуудыг судалж, шийдвэрлэх буюу харилцагчийн хүссэн зээлийг судалж, хариуцсан албан тушаалтанд танилцуулан уг зээлийн олголт болон зээлийн эргэн төлөлтийг хариуцаж татан төвлөрүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ энэхүү эрхээ өөрт олгогдсон боломж хэмээн ойлгож урвуугаар ашиглан харилцагч нараас дундын дансанд байршуулсан мөнгийг авч өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийн дансаар шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулсан үйлдлийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэж дүгнэх үндэслэл болсон болно.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Иг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Б.И-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас ...” банк бус санхүүгийн байгууллагад 7.832.210 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд уг хохирол төлөгдөж дууссан байх тул шүүгдэгч Б.И нь бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.И-д 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би ой гарантайгаас 9 насны 3 хүүхэдтэй, нөхөр маань 3 хүүхдээ хардаг байсан, одоо бид 2 зэрэг ажил хөдөлмөр эрхэлж торгох ялыг биелүүлэх боломжтой. Ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой ба шүүгдэгч Б.И-гийн хувьд,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, давтамжийн байдал, үйлдлийн арга барил, нийгмийн аюулын шинж, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгч Б.И-гийн хувийн байдал /шүүгдэгч нь ар гэрээ тэжээн тэтгэдэг, бага насны буюу 1-9 насны хүүхдүүдтэй/ ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний орлогын байдлыг харгалзан 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг” албан тушаалын байдлаа ашиглаж завшсан бол ...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийн өөрийн нь хувийн байдал, бага насны хүүхдүүдийн эрх ашиг, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж зэргийг харгалзан торгох ялыг доод хязгаараар нь оногдуулж шийдвэрлэсэн болно.

Харин шүүгдэгч Б.И нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Ид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын И-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.И-д  10000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-д оногдуулсан торгох ялыг 18 (арван найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.И-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЦЭЦЭГ