Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 490

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 2-12 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ69021812, Алаг адуу овогт Гүрбадарын Амарсанаагийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвд холбогдох,

           Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Амарсанаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Д.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Г.Амарсанаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1998 онд Увс аймгийн Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах газарт жолоочоор ажиллаж байгаад 2001 онд Байгалийн халдварт өвчинтэй тэмцэх төвд ариутгагчийн дамжаанд 2 сар суралцаж ариутгагч мэргэжил эзэмшиж уг мэргэжлээр 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 19 жил тогтвор суурьшилтай тасралтгүй ажиллаж ирсэн. Ажиллаж байх хугацаандаа ажилдаа зарчимч шаардлагатай, шинийг эрэлхийлж, мэдлэг боловсролоо байнга дээшлүүлдэг, хамт олон дундаа нэр хүнд сайтай, ажлын алдаа, зөрчил, хууль бус үйлдэл ямар нэгэн алдаа дутагдал гаргаж эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээж байгаагүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлаа хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу хийж гүйцэтгэж байсан. Миний бие энэ байгууллагад ажиллах хугацаандаа 2006 онд Эрүүл мэндийн яамны жуух бичгээр, 2011 онд Эрүүл мэндийн яамны Хүндэт дурсамж, 2013 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан-аар тус тус шагнагдаж байсан юм. Намайг Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б\09 тоот тушаалаар жолооч мэргэжилтэй тул ариутгагчаар ажиллуулах боломжгүй гэсэн шалтгаанаар ариутгагчийн ажлаас чөлөөлсөн.Гэтэл манай байгууллагын дарга намайг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэлдээ 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А\31 дүгээр тушаалаар батлагдсан Зоонозын өвчин судлалын төвийн бүтэц үйл ажиллагааны стандартын 19.4-д заасныг үндэслэн ариутагчийн ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас өгсөн. Миний бие ажлын алдаа дутагдал гаргаагүй байхад ажил олгогч өөрийн санаачилгаар ажил мэргэжилдээ тэнцээгүй, ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсан, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй, ажлын байрны тодорхойлтод заагдсан шаардлага биелүүлээгүй, ариутгагч мэргэжилгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Миний бие хууль бусаар үндэслэлгүй ажлаас халагдсандаа туйлын гомдолтой байна. Иймд Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б\09 тоот тушаал үндэслэлгүй гарсан тул намайг тус газрын ариутгагчийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэв.

          Хариуцагч Д.Батболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Амарсанаа нь Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг удаа дараа зөрчин 2013, 2014, 2016, 2017 онд сануулах, 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасны дагуу сарын үндсэн цалинг нь нэг сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус авч байсан. Г.Амарсанаа нь жолооч ажилтай гэж хөдөлмөрийн чадвар түр алдалтын хувь хугацаагаа тогтоолгосон акт гаргуулж хөгжлийн бэрхшээлтэй болж группын мөнгө авдаг атал ажил тасалж өвөл, зунгүй байнга тоглоом (лото) тоглуулдаг. Зөвхөн энэ оны 2 дугаар сард 31 цаг 40 минут, 4 дүгээр сард 12 цагийн ажил тасалсан байна. Сүүлийн 17 жил үдээс урагш 1 цаг, үдээс хойш заримдаа харагдаад алга болдог. Гэтэл энэ хугацаанд зах дээр вагончиг байрлуулан түүн дотроо тоглоом (лото) тоглуулаад сууж байдаг. Энэ тухай өөрт нь удаа дараа сануулж байсан хэдий ч цалинг нь хасалгүйгээр бүтнээр өгдөг байсан.Г.Амарсанаа нь байгууллага дээрээ гэр бүлийн асуудалд холбогдож хэл ам, хэрүүл маргаан үүсгэж улмаар эхнэр Ц.Цэцэгмаа нь манай байгууллагын ажилтнуудыг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь дарамтлах, хэл амаар доромжлох зэргээр хамт олны халуун дулаан уур амьсгал, амгалан тайван байдлыг алдагдуулж байсан ба лаборант ажилтай Л.Бүжинлхамыг ажил, албан үүргээ гүйцэтгэж байхад нь хоёр удаа зодож, танхайрах зэргээр төрийн албан хаагчийн ёс зүйгүй байдал удаа дараа давтан гаргаж байсан. Энэ байдал нь сүүлийн хоёр жил үргэлжилж байна. Энэ хэл ам, хэрүүл маргаан нь Г.Амарсанаатай шууд хамааралтай гарч байсан. Ийм нөхцөл байдалд байгууллагын ажилтнууд ажил хийхэд хүндрэлтэй байгаа юм. Энэ байдлыг таслан зогсоохын тулд Г.Амарсанаад сахилгын шийтгэл ногдуулсан болно. Г.Амарсанаа нь ажил дээр удаа дараа архидан согтуурч арга хэмжээ авахуулж байсан. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/31 тоот тушаалаар батлагдсанЗоонозын өвчин судлалын төвийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 19.4 дүгээрт ариутгагч нь эмнэлгийн тусгай дунд мэргэжилтэй, мэргэшлийн сургалтад хамрагдсан байна гэж заасан байдаг. Гэтэл Г.Амарсанаа бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй тул ариутгагчаар ажиллах боломжгүй. Тус байгууллагын ариутгагч нь байгалийн голомтот шинэ болон сэргэн тархаж буй зоонозын халдварт өвчний голомтонд халдвартай ба сэжигтэй материалтай ажиллах халдвар хамгааллын дэглэмийн зааврыг баримтлан ажилладаг тул мэргэжлийн бус хүн ажиллавал алдаа гаргаж хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэлтэй болно. Г.Амарсанаа нь 2001 онд Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төвд ариутгагчийн 30 хоногийн дамжаанд суралцаж төгссөн. Энэ 16 жилийн өмнө авсан ариутгагчийн сертификат нь халдварын голомтыг цомхотгон дарах, эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ авах, голомтын ариутгал, халдваргүйтгэлийн орчин үеийн стандартын шаардлага хангахгүй байгаа юм.Манай байгууллага жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу жилд 2 удаа халдвар хамгааллын дэглэмийн комисс тестээр шалгалт авдаг. Энэ жилийн шалгалтыг байгууллагын даргын тушаалаар томилогдсон дэглэмийн комиссын дарга их эмч Ж.Энхзаяа авч шалгалтын дүнгийн талаар бүх ажилтнуудад танилцуулсан. Уг шалгалтаар Г.Амарсанаа 3,5 оноо (F) үнэлгээ авч хангалтгүй дүнтэй шалгагдаж ариутгагчийн ажил, мэргэжилдээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Иймд дээрх үндэслэлээр Г.Амарсанааг ариутгагчийн ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Г.Амарсанаа нь хариуцагч Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвд холбогдууланариутгагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюуөөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хуулинд нийцсэн байна.

           Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Миний бие алдаа дутагдал гаргаж байгаагүй, 2001 онд ариутгагчийн дамжаанд 2 сар суралцаж ариутгагч мэргэжил эзэмшсэн байхад ажил олгогч өөрийн санаачилгаар ажил мэргэжилдээ тэнцээгүй, сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж тодорхойлжээ.

           Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Г.Амарсанаа нь Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг удаа дараа зөрчин 2013, 2014, 2016, 2017 онд сануулах, 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасны дагуу сарын үндсэн цалинг нь нэг сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус авч байсан. Мөн Г.Амарсанаа нь байгууллага дээрээ гэр бүлийн асуудалд холбогдсон тул дахин сахилгын шийтгэл ногдуулсан болно. Манай байгууллага жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу жилд 2 удаа халдвар хамгааллын дэглэмийн комисс тестээр шалгалт авдаг. Уг шалгалтаар Г.Амарсанаа 3,5 оноо (F) үнэлгээ авч хангалтгүй дүнтэй шалгагдсан. Иймд Г.Амарсанаа нь ариутгагчийн ажил, мэргэжилдээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Иймд дээрх үндэслэлээр Г.Амарсанааг ариутгагчийн ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

           Нэхэмжлэгч Г.Амарсанаа нь Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвд жолоочоор ажиллаж байгаад 2005 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тус төвд ариутгагчаар ажилласан болох нь Увс аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газрын даргын 2005 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр Ажилд томилох тухай тушаал болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

           Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр Ажлаас халах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 40.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Зоонозын өвчин судлалын төвийн бүтэц үйл ажиллагааны стандартын 19.4 дэх заалт, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.1, 7.3.1, 7.4.2, 7.4.5, 7.5.1, 7.5.3, 7.5.6, 2.4.1 дэх заалтуудыг баримтлан Г.Амарсанааг мэргэжлийн хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэн ариутгагчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх зохицуулалт нь тухайн байгууллагын болон мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байхыг шаардах бөгөөд хариуцагч байгууллага нь өөрийн байгууллагын Халдвар хамгааллын дэглэмийн комисс-ийн шалгасан сорилоор Г.Амарсанаа 3,5 оноо (F) үнэлгээ авч хангалтгүй дүнтэй шалгагдсан гэх боловч энэ нь Г.Амарсанааг ариутгагчийн мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гэж үзэхэд учир дутагдалтай байна.

           Өөрөөр хэлбэл Г.Амарсанааг шалгасан гэх халдвар хамгааллын дэглэмийн болон мэргэжлийн талаарх 10 асуулт бүхий сорил нь түүнийг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэх, тэнцэхгүй эсэхийг тогтооход хангалтгүй бөгөөд уг сорилыг ямар удирдамж зааврын дагуу бэлтгэсэн, ямар журмаар дүгнэсэн нь тодорхойгүй байх тул Зоонозын өвчин судлалын төвийн ажилтнуудаас мэргэжлийн болон дэглэмийн шалгалт авсан дүнгийн дүгнэлт гэх баримтыг мэргэжил, ур чадвар тогтоох комиссын дүгнэлт гэж үзэх боломжгүй юм.

          Мөн хариуцагч байгууллагын даргын тушаалаар томилогдсон Халдвар хамгааллын дэглэмийн комисс-ыг тухайн байгууллагын мэргэжлийн түвшин тогтоох комисс гэж үзэх боломжгүй байна.

            Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/31 тоот тушаалаар батлагдсан орон нутаг дахь зоонозын өвчин судлалын төвийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 19.4-т Ариутгагч нь эмнэлгийн дунд, тусгай мэргэжилтэй, мэргэшлийн сургалтад хамрагдсан байна гэж заасан байх ба 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан ариутгагчийн ажлын байрны тодорхойлолтод ариутгагч нь бага эмч, сувилагч, лаборант /эмнэлгийн дунд мэргэжилтэн/ мэргэжилтэй байхыг шаардсан боловч энэ хугацаанаас өмнө 11 жил ажилласан, тухайн үедээ ариутгагчийн албан тушаалд ажиллах болзол шаардлагыг ханган ажиллаж байсан ажилтан Г.Амарсанааг мэргэжлийн бус хэмээн ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулжээ.

           Ажил олгогч нь 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Г.Амарсанааг ажлын цагийг шалтгаангүй тасалсан гэж үзэн үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Г.Амарсанаа нь 2017 оны 1 дүгээр сард 31 цаг ажил тасалсан талаарх цагийн бүртгэлийг цаг бүртгэгч Т.Сайнхүү гаргаж, уг зөрчлийг хурлаар хэлэлцэж түүнд сахилгын шийтгэл ногдуулсан байх тул Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Б/05 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь намайг ажилдаа байхад ажил тасалсан гэж үндэслэлгүй бүртгэдэг гэж тайлбарладаг боловч энэхүү тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйг дурдах нь зүйтэй.

           Түүнчлэн ажил олгогч нь 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Г.Амарсанаад байгууллага дээрээ гэр бүлийн асуудалд холбогдож хэл ам, хэрүүл маргаан үүсгэж, эхнэр Ц.Цэцэгмаа нь 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр лаборант Л.Бүжинлхамыг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь ажлын байранд ирж хэл амаар доромжилж, зодож танхайран хамт олны халуун дулаан уур амьсгал, амгалан тайван байдлыг алдагдуулж төрийн албан хаагчийн ёс зүйгүй байдал удаа дараа давтан гаргасан гэж үзэн сануулах арга хэмжээ авчээ. Сахилгын зөрчил гэдгийг ажилтан хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зөрчихийг ойлгох бөгөөд ариутгагч Г.Амарсанаагийн эхнэр Ц.Цэцэгмаагийн гаргасан үйлдэлд нь ажилтанд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

           Мөн байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах бөгөөд ариутгагч Г.Амарсанааг ажлаас чөлөөлөхөөс 1 өдрийн өмнө буюу 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэлээр шинэчилж байгуулсан нь тодорхойгүй байна.

            Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Амарсанааг Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн ариутгагчийнажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

           Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Амарсанааг Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн ариутгагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ