Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/225

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох,  

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:   

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт П-ийн  Д-д  холбогдох эрүүгийн 2210003350204 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,.......... оны ...... дугаар сарын ..........-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, тайзны гэрэлтүүлгийн оператор мэргэжилтэй, хувиараа гагнуур хийдэг, ам бүл ....... хамт Хан- Уул дүүргийн ........ дугаар хороо, ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С овогт П-ийн  Д  /РД:................./

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “*******” хорооллын 1 дүгээр байрны ******* тоот гэртээ өөрийн төрсөн дүү, хохирогч *******  хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгой, нүүр рүү нь өшиглөж, хайчаар хурууг нь хатгаж бие махбодид нь “баруун нүдний дээд доод зовхи, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн гарын дунд хурууны 1-р үеэнд нэвтэрсэн шарх” бүхий хөнгөн гэмтлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                        

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 2210003350204 дугаартай хавтаст хэргээс:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “*******” хорооллын 1 дүгээр байрны ******* тоот орон сууцанд 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр үзлэг хийсэн тухай  /хавтаст хэргийн 10-15 дахь тал/

Хохирогч *******-ын  мэдүүлэг /хавтаст хэргийн 18, 22 дахь тал/

Гэрч *******-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дахь тал/

2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 1084 дугаартай хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/

Шүүгдэгч ******* гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 32, 47 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 51 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 53 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.  

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт

1. Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр  согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “*******” хорооллын 1 дүгээр байрны ******* тоот гэртээ өөрийн төрсөн дүү, хохирогч *******  таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгой болон нүүр рүү өшиглөж, хайчаар хурууг нь хатгаж бие махбодид нь” баруун нүдний дээд доод зовхи, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн гарын дунд хурууны 1-р үеэнд нэвтэрсэн шарх” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:       

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “*******” хорооллын 1 дүгээр байрны ******* тоот орон сууцанд 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хийсэн үзлэгээр “...бариул хэсэг нь ажлын хэсэг рүү уусаж орсон ягаан өнгийн хуванцар, ажлын хэсэг нь 3.5 см голдоо бөөрөнхий улаантай хайчийг хураан авав гэжээ.   /хавтаст хэргийн 10-15 дахь тал/

 

            Хохирогч *******-ын  мөрдөн байцаалтад өгсөн: “...Ах ******* намайг манай байгууллагаас шагнасан зүйлүүдийг хараад “янхан, биеэ үнэлж олсон” гэх мэтээр намайг харааж зүхсэн. Тэгээд намайг “бос” гэхээр нь би “чи өрөөнөөс гараач” гэж шаардлага тавихад ******* ах “би чиний ах, чи миний дээр гарах болсон уу” гээд миний хажууд байсан хайчийг аваад над руу дайрах гэж оролдсон. Тэгэхээр нь би тухайн хайчийг холдуулах гэхэд уг хайчийг надаас булааж аваад миний нүүр хэсэг рүү далайсан. Тэр үед би зүүн гараараа хаахад миний зүүн гарын дунд хурууны өндөг хэсэг рүү нэг удаа хайчны үзүүрээр хатгасан. Тэгээд үргэлжлүүлэн хөлөөрөө миний нүүрний баруун шанаа хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Мөн намайг дахиж цохих гээд дайрч байхад ээж ирээд салгасан...Миний баруун шанаа болон нүд орчим хөхөрсөн бага зэрэг хавдсан, толгой өвдөж, зүүн гарын дунд хурууны өндөг хэсэгт зүсэгдсэн шарх үүссэн...Би өмнө нь Д  ахад 2021 оны 10 дугаар сард зодуулж байсан. Тухайн үед айхтар зодуулаагүй, зүгээр хутга бариад байсан болохоор нь айгаад гэрээсээ гараад зугтсан. Төрсөн ах болохоор Цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18, 22 дахь тал/

 

           Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 1084 дугаартай хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт:

1. *******-ын  биед баруун нүдний дээд доод зовхи, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн гарын дунд хурууны 1-р үеэнд нэвтэрсэн шарх тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй /хавтаст хэргийн 36-37 дахь тал/

 

Гэрч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Саяхан 2021 оны 12 дугаар сарын сүүлд ******* ах согтуу байхдаа *******-ын  гарыг мушгиад гэмтээчихсэн гэж ээж дүү хоёроосоо сонссон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дахь тал/

 

Шүүгдэгч ******* гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Дүү *******  гэр цэвэрлэх асуудлаас болж хэрэлдэж муудалцсан... Өглөө 09 цагийн үед дүү Жавзандуламд “гэр орноо цэвэрлэсэнгүй” гэж хэлсэн чинь өөдөөс уурлаад байхаар нь дургүй хүрээд нэг өшиглөөд алгадаад хайч барьчихсан байсан гараас нь хайч авах гэж мушгиж байхдаа гарыг нь гэмтээгээд хумсыг нь хугалчихсан...  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32, 47 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд “тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг” ойлгоно.

Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.

 

Шүүгдэгч ******* , хохирогч ******* нар нь төрсөн ах дүүгийн харилцаатай, Хан- Уул дүүргийн 15 дугаар хороо “*******” хорооллын 1 дүгээр байрны ******* тоотод хамв амьдардаг бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хохирогч *******авзандуламыг “гэр цэвэрлэсэнгүй” гэх шалтгаанаар маргаан үүсэж улмаар шүүгдэгч нь хохирогчийн бие махбодид халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 Иймд прокуророос шүүгдэгч ******* г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй тул гэм буруутайд тооцов.   

  Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.  

2. Эрүүгийн хариуцлагын талаар

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 53 дахь тал/-аар тогтоогдож байна. 

 

Шүүхээс шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй хэдий ч тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй тогтмол орлогогүй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.  

         Шүүгдэгч ******* нь хувиараа гагнуурын ажил эрхэлдэг байдлыг харгалзан Улаанбаатар хот, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй гарч явахыг хориглож шийдвэрлэсэн болно.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******-д  мэдэгдэх нь зүйтэй.

 

           3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:   

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.  

Гэмт хэргийн улмаас хохирогч *******-ын  эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч ******* нь нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн 22 дахь тал/ байх тул шүүгдэгч ******* г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч С овогт П-ийн  Д г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г 3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* г Улаанбаатар хотын Хан-Уул, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй гарч явахыг хориглосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******-д  мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч  ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Х.ОДБАЯР