Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/228

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,   

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох /томилолтоор/,   

хохирогч ******* ,   

шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч *******аттулга нар оролцон тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт П-ийн  Э  холбогдох эрүүгийн 2210000000164 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ....... оны ........дугаар сарын ............-ны өдөр Дундговь аймагт төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .......... хамтаар Сонгинохайрхан дүүргийн ........дугаар хороо .............. тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Х  овогт П-ийн  Э   /РД: ................./

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч П-ийн  Э   нь 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “******* *******” нэртэй хотны баригдаж буй барилга дотор барилгын дотор заслын ажлын гүйцэтгэлээс хамааралтай маргааны улмаас хохирогч ******* ийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь “биед ууцны 4-р нугалмын латерал масс, ахар сүүлний 3- р нугалмын их биеийн хугарал, мултрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр барилга дээр төлбөр тооцоо хийхээр очсон. *******  эгчтэй маргалдсан. *******  эгч намайг элдэв үгээр доромжлоод байхаар нь би гар утсаараа бичлэг хийх гэсэн. *******  нь миний утсыг булаах гэхээр нь би гарыг нь цохисон гэв.

 

Хохирогч *******  шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ******* тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дуусах байсан. Гэтэл гэрээнд заасан хугацаандаа ажлаа дуусгаагүй. Гэрээнд зааснаар ажлаа бүрэн хүлээлгэж өгсний дараа хөлсийг нь өгөх ёстой байсан боловч *******  нь эхнэр хүүхэд өвдлөө гэх мэтчилэн ар гэрийн гачигдалтай байдлаа хэлэхэд би түүний хэлсэн мөнгийг өгч байсан. Би ******* аас ажлаа гүйцэтгэж хүлээлгэж өгөхийг шаардахад утасаа салгаад ирэхгүй байсан. 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ******* ыг ирэхээр нь “ажлаа хүлээлгэж өг” гэсэн шаардлага тавьсан. Гэтэл *******  нь “мөнгө өг, залилангийн авгай” гээд бичлэг хийх гээд байсан. Намайг шат руу түлхсэний улмаас би хойшоо бөгсөөрөө унасан. Би эрүүл мэндээрээ хохирсон. Мөн энэ хугацаанд ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй байсан. Иймд гэм хорын хохиролд нийт 10.000.000 төгрөг нэхэмжилнэ гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2210000000164 дугаартай хэргээс:    

 

Хохирогч ******* ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 5-8 дахь тал/

 

Гэрч   *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 1755 дугаартай шинжээчийн  дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/

 

Шүүгдэгч ******* ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/

 

3. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 51 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 21 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч П-ийн  Э   нь 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “******* *******” нэртэй хотхоны баригдаж буй барилга дотор барилгын дотор заслын ажлын гүйцэтгэлээс хамааралтай маргааны улмаас хохирогч ******* ийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь “биед ууцны 4-р нугалмын латерал масс, ахар сүүлний 3- р нугалмын их биеийн хугарал, мултрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:   

 

Хохирогч ******* ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хан- Уул дүүргийн 16 дугаар хороо, ******* ******* байрны 6 давхарт ажлыг нь шалгаж байх үед юм. 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 15 цаг болж байх үед манай компанитай гүйцэтгэгч, туслагчаар ажилладаг хэдэн хүмүүсийн дунд *******  гэх залуу нь 1 сар гаран ажил хийсэн ч зүйл байхгүй дуудахаар ирэхгүй чадвар муу ажилчин ажиллуулж байна гэж би Э ай маргалдсан.  ******* т би эгч хүний хувьд захирал хүний хувьд “хийсэн ажил чинь шаардлага хангахгүй байна” гэж шаардлага тавихад миний өөдөөс хэрүүл хийж хэл амаар доромжлоод байхаар нь би “чи одоо яагаад өөрөөсөө хэд эгч хүнтэй маргалдаж элдвээр хэлээд байгаа юм” гэхэд “тэгээд чи яах юм’ гэхээр нь би цээж рүү нь хоёр гараараа 1 удаа түлхтэл  *******  уурлаад намайг шатан дээр зогсож байтал түлхэд би тухайн баригдаж байгаа барилгын 6 давхрын хамгийн дээд шатнаас унасан. Гэхдээ доошоо өнхөрөөгүй нуруу болон бөгсөөрөө шатны эрмэг дээр маш хүчтэй унасан юм. Тухайн үед бид хоёрыг манай компаний ажилтан *******ямбасүрэн харж байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-8 дахь тал/  

 

Гэрч   *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн хэрүүл болж байхад бид гурваас өөр хүн байгаагүй. Захирал П.Уранчимэг эхлээд ******* ын цээж хэсэг рүү нь түлхтэл *******  уурандаа захирал П.Уранчимэгийг түлхтэл 6 давхрын шатны маршны 10 дахь гишгүүрэн дээр хойд нуруу хэсгээрээ унасан. Би захирлыг татаж босгоод байж байтал *******  утсаар бичлэг хийгээд байхаар нь тухайн барилгаас хөөгөөд гаргасан. Захирал тухайн үед шатан дээр унаад босож ирээд 5-10 минутын дараа “нуруу өвдөөд байна” гэж эвхрээд уначихаар нь “яасан юу болсон” гэхэд захирал “*******  түлхэж унагаасан газар маш хүчтэй өвдөөд байна” гэхээр нь “түргэн дуудах уу” гэхэд “яах юм бэ, ингэс хийж байгаад зүгээр болох байх” гээд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/   

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 1755 дугаартай шинжээчийн  дүгнэлт:

 

1. ******* ийн биед ууцны 4-р нугалмын латерал масс, ахар сүүлний 3-р нугалмын их биеийн хугарал, мултрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй” /хавтаст хэргийн 16-17 дахь тал/   

 

Шүүгдэгч ******* ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний гар утсыг булаах гээд байхаар нь гарыг нь хойш түлхтэл тухайн үед 5 давхрын шатны хамгийн дээд талын марш буюу өнцөг хэсэгт П.Уранчимэг захирал нуруу хэсгээрээ унасан...П.Уранчимэгийг би шатнаас түлхэж унагаасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. П.У-тэй өмнө нь маргалдаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

 

Шүүгдэгч *******  нь 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “******* *******” хотхоны баригдаж буй барилга дотор барилгын дотор заслын ажлын гүйцэтгэлээс хамааралтай маргааны улмаас хохирогч ******* ийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь “биед ууцны 4-р нугалмын латерал масс, ахар сүүлний 3- р нугалмын их биеийн хугарал, мултрал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

         

Шүүгдэгч *******  нь шүүхийн хэлэлцүүлэгт “******* ийн биед гэмтэл учруулснаа зөвшөөрнө. Харин санаатай гэмтэл учруулаагүй” гэж мэдүүлж гэм буруугийн талаар маргав.

 Шүүгдэгч *******  нь хохирогч ******* ийг түлхсэн үйлдлийн улмаас хохирогчийн бие махбодид “ууцны 4-р нугалмын латерал масс, ахар сүүлний 3- р нугалмын их биеийн хугарал, мултрал” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан ба  шүүгдэгч ******* ын түлхсэн үйлдлийн улмаас хохирогч ******* ийн биед хүндэвтэр гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас: шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* т 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******аттулгаас: шүүгдэгч *******  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлж өгнө үү гэсэн санал гаргав.  

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар *******  нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь батлагдаж байна. /хавтаст хэргийн 21 дэх тал/

 

Шүүгдэгч  *******  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Шүүгдэгч ******* ын үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******  нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* т мэдэгдэх нь зүйтэй.

 

3. Хохирол, төлбөр болон бусад асуудлын талаар

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч ******* ийн бие махбодид “ууцны 4-р нугалмын латерал масс, ахар сүүлний 3- р нугалмын их биеийн хугарал, мултрал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байна.

 Хохирогч *******  нь дээрх гэмтлийн улмаас бусдын асаргаа дэмжлэг шаардлагатай байсан тул нөхөр Д.Одгэрэлийн хамт “Сэмжид” рашаан сувилалд хэвтэж эмчлүүлсэн зардалд 672.000 төгрөг, “Монос” эмийн сангаас эм худалдан авсан 174.000 төгрөг, шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөр 8000 төгрөг нийт 854.000 төгрөгийн нэхэмжилсэн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн ба дээрх баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаж байна.

Хохирогч *******  нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын зардал, мөн бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэх боломж алдагдсан хохирол, хор уршигт нийт 10.000.000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн боловч энэ талаар холбоотой нотлох баримтаа ирүүлээгүй тул энэхүү эрүүгийн хэрэгтэй хамтатган хэлэлцэн шийдвэрлээгүй болно.

          Шүүхээс хохирогчид учирсан гэм хорын зардалд нотлох баримттай зардлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж дүгнээд: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* аас 854.000 төгрөг гаргуулж хохирогч ******* т олгохоор шийдвэрлэлээ.

 

Хохирогч *******  нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч ******* аас нэхэмжлэх эрхтэй болно.    

 

Шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн  баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:  

 

          1. Шүүгдэгч Х  овогт П-ийн  Э  ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* т мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* аас 854.000 төгрөг гаргуулж хохирогч ******* т олгосугай.   

 

6. Хохирогч *******  нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч ******* аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.   

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.    

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ******* т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.     

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Х.ОДБАЯР