Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

0202 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/234

 

       

 

 

 

 

 

 

    2022         03           30                                  2022/ШЦТ/234  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,    

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяа /томилолт/,        

шүүгдэгч М.М өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:    

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т   овогт М  М-т  холбогдох эрүүгийн 2210000000320 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ...... оны ....... дугаар сарын ........-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн........... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын зураг төслийн техникч мэргэжилтэй, “............” ХХК-д нярав ажилтай, ам бүл .......... хамт Чингэлтэй дүүргийн .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Т   овгийн М  М  /РД: ...................../      

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.М нь 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны баригдаж буй 210 блок барилга дээр хохирогч М.О-ыг  “хайрцагтай хувцас, эд зүйлийг байранд нь тавьсангүй” гэх шалтгаанаар маргаж, улмаар  хохирогчийн нуруу руу төмрөөр цохиж бие махбодид нь “зүүн 10,11 дугаар хавирганы далд хугарал” бүхий хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.      

                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв. 

 

Хоёр. Эрүүгийн 2210000000320 дугаартай хэргээс:

 

Хохирогч М.О-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 5-9 дэх тал/

Гэрч Б.Б-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 3815 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/

Шүүгдэгч М.М ын мэдүүлэг /хавтаст хэргийн 16-19 дэх тал, 32-33 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 36 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/, ............ ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 38 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.М ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч М.М нь 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны баригдаж буй 210 блок барилга дээр хохирогч М.О-ыг  “хайрцагтай хувцас, эд зүйлийг байранд нь тавьсангүй” гэх шалтгаанаар маргаж, улмаар хохирогчийн нуруу руу төмрөөр цохиж бие махбодид нь “зүүн 10,11 дугаар хавирганы далд хугарал” бүхий хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч М.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 13-14 цагийн үед Хүннү 2222 хотхон дээр слесарийн ажлаа хийж байгаад хоолоо идчихээд 210-р блокийн 3-н давхарт амралтын өрөөнд манай ажлын ах М  ахын сандал дээр хэвтэж байгаад босоод ажилдаа гарах гэж байсан. Тухайн үед сандал дээр байсан хайрцагтай хувцсыг доош нь буулгаад сандал дээр хэвтэж байснаа цайны цаг дуусаад амралтын өрөөнөөс гарах гэхэд манай ажлын ах М  нь амралтын өрөөнд орж ирээд “миний хувцсыг дээш нь тавь” гэхээр нь би зөрөөд гарчихсан юм. Тэгээд М  ах “чи миний хувцсыг дээш нь таввсангүй” гээд бид хоёр маргалдсан юм. Би яаруу сандруу хувцсыг нь хагас дутуу тавиад сандлыг хойш нь хөлөөрөө өшиглөсөн юм. Би гараад явах гэтэл миний араас ирээд “чи миний үгэнд орсонгүй” гээд намайг бариад авахаар нь “Мийгаа ахаа би яараад байна ш дээ” гэж хэлээд Мийгаа ахыг цааш нь тугтараад түлхсэн. Тэгтэл над руу гараа далайсан тэгэхээр нь “цохичих” гээд эргээд ажил руугаа гарах гэтэл  газар байсан турба авахаар нь “тэгээд цохихгүй юу” гээд хэлсэн. М.М ах миний хойноос нурууны ар хэсэг зүүн дал, зүүн мөр рүү цохьсон. Тэгэхээр нь би уурлаад “дахиад цохихгүй юу” гэж хэлсэн. Тэгээд би ажил руугаа явж ажлаа хийсэн юм. Ажил хийж явах үедээ миний дотор муухай оргиод зүүн гар даагдахгүй болохоор нь ХАБ-ын инженер рүүгээ ярьсан. Намайг Гэмтлийн эмнэлэг явъя гэж хэлээд эмнэлэгт үзүүлсэн юм. Ийм л асуудал болсон учир цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-9 дэх тал/  

 

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 13-14 цагийн хооронд би ажил дээрээ буюу Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо Хүннү 2222 хотхоны 210 дугаар блокт барилгын 3-н давхрын 2 дугаар айл дотор цайндаа орчихоод ажилдаа гарах гээд байж байсан чинь тэр өрөөнд  нярав М.М нь сантехникч М.О руу сандал дээр байсан материалыг газар тавьж сандал дээр хоолоо идчихээд буцааж материалаа сандал дээр тавьсангүй гэж уурласан. Тэр хоёр маргалдаж хэрүүл үүсээд М.О тоолгүй ажилдаа гарлаа гэж хэлээд тухайн өрөөнөөс гараад коридорт явж байхад араас нь М.М ах гарч очсон. Би араас нь гарсан чинь М.М ах М.О ахын нуруу руу трубагаар цохисон. М.О ах “дахиад цохь” гэхэд М  ах хоёр дахь удаагаа М.О ахын нуруу руу цохисон. Тэгээд дахиад цохих гээд байхаар нь би очиж М  ахаас трубаг нь авсан юм... М.М ахын гартаа барьсан труба нь орон сууцны дотор халаалтанд ашигладаг труба байсан. Миний санаж байгаагаар 50мм диаметртэй ойролцоогоор 50-60 см урттай труба байсан. Тухайн трубаг М.М ах М.О ахын араас нь хөөж очихдоо л газраас авсан гэх мэдүүлэг...” /хавтаст хэргийн 10-12 дахь тал/

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 3815 дугаартай шинжээчийн дүгнэлт:

М.О-ын биед зүүн 10,11 дүгээр хавирганы далд хугарал тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дээрх гэмтэл нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл болно /хавтаст хэргийн 22-23 дахь тал/

 

 Шүүгдэгч М.М ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 13:00 цагийн үед ажил дээрээ байхад нярвын бичиг баримт байдаг цаасан хайрцгийг сандал дээр цэгцэлж, гадуур хувцастайгаа тавьсан байсан. Манай ажлын слесерь М.О орж ирээд миний сандал дээр байсан бүх зүйлийг авч газар тавьсан байсан. Би түүнд “тавьсан зүйлээ буцаагаад байранд нь тавьчихаарай” гэхэд “сандал дээр хүн суудаг болохоос юм тавьдаггүй” гээд миний үгийг ойшоохгүй байсан юм. Тэгэхлээр нь би М.О-ыг  миний авчирч тавьсан сандал дээр тавьсан зүйлүүдийг буцаагаад тавьчих гээд 3-4 удаа хэлэхэд өөдөөс маргаад байсан. Тэгээд хоолны өрөөнөөс гараад явах гээд байхаар нь би газарт байсан төмөр трубаг аваад зүүн дал руу нь цохисон. Тэр үед М.О нь “намайг зодвол зодчих” гээд над руу гараа атгаад дайраад байхаар нь би айсандаа трубаг аваад араас нь зүүн дал руу нь цохисон юм...М.Отгонбямбатай өмнө нь маргалдаж байгаагүй хэвийн харилцаатай гэх мэдүүлэг...” /хавтаст хэргийн 16-19 дэх тал, 32-33 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

 

Шүүгдэгч М.М , М.О нар нь “Есөн талст оргил констракшн” ХХК-д хамт ажилладаг бөгөөд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны баригдаж буй 210 блок барилга дээр ажиллаж байхдаа үдийн цайны цагаар М.О нь сандал дээр байсан М.М ын хайрцагтай эд зүйлийг газар тавьсан ба шүүгдэгч М.М нь хохирогч С.Отгонбямбатай “эд зүйлийг байранд нь буцааж тавьсангүй” гэх шалтгаанаар маргаж, улмаар газар байсан төмрөөр нуруу руу цохисны улмаас хохирогчийн биед “зүүн 10,11 дугаар хавирганы далд хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

          Иймд шүүгдэгч М.М ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч М.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

        

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар М.М нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь батлагдаж байна. /хавтаст хэргийн 49 дэх тал/

 

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.М нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 77 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад М.М  нь зөвшөөрсөн байна.  

 

Шүүгдэгч М.М нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч М.М-т  ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний сарын цалин орлогын хэмжээг харгалзан оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.М-т  мэдэгдэж шийдвэрлэсэн болно.

 

 

3. Хохирол, төлбөр болон бусад асуудлын талаар

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан ба хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой 524.266 төгрөгийн баримт гаргаж өгсөн байна.  Шүүгдэгч М.М нь хохирогч М.О-ын эмчилгээний зардалд нийт 2.650.000 төгрөг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч М.М ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.   

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь хохирогч О 2.650.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдъя.   

 

Шүүгдэгч  М.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:  

 

1. Т   овогт М  М ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.      

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.М-т  мэдэгдсүгэй.   

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь хохирогч О 2.650.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдсугай.     

 

5. Шүүгдэгч М.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.     

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.М-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.   

 

  

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ОДБАЯР