Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 493

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 19-20 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ57071571, Салдан долоон овогт Дүүдээгийн Батсуурийн,

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батсуурь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Д.Батсуурь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 онд төрсөн, 60 настай. Би 1978 онд цэргийн алба хааж ирээд Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн хашаа худгийн бригадад 1978 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд мужаанаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтрийн он зөрчилтэй, мөн ажилд орсон болон гарсан тушаал архиваас олдохгүй байгаа тул шүүхэд хандах шаардлагатай болсон. Иймд миний 1978-1981 оны хооронд Малчин сумын Малчин нэгдэлд мужаанаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Б.Дэмпээ, Х.Батаа нарыг гэрчээр асууж өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Д.Батсуурь нь 1978 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд мужаанаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

          Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 256 дугаар архивын лавлагаанд: Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн 1978 оны тушаалыг шүүн үзэхэд Дүүдээ овогтой Батсуурийн ажилд орсон тушаал гараагүй болно гэжээ.

          Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 260 дугаар архивын лавлагаанд: Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн 1978-1981 оны цалинг шүүн үзэхэд Дүүдээ овогтой Батсуурийн цалин гараагүй нь үнэн болно гэжээ.

         Баазын захиргаанаас Ю.Батсуурьт олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ...1978 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Малчин нэгдэлд хашаа худгийн бригадад мужаанаар авч ажиллуулав, 1981 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаангомд шилжин ажиллах болсон тул мужааны үүрэгт ажлаас чөлөөлөв гэжээ.

          Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Х.Батаа, Б.Дэмпээ нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Х.БатааМиний бие нь Увс аймгийн Малчин сумын 8 жилийн дунд сургуульд 1977-1983 он хүртэл дотуур байрны галчаар ажиллаж байсан. Д.Батсуурь нь 1975 онд цэргийн албанд татагдаж 1978 онд халагдаж ирээд Малчин сумын Малчин нэгдлийн хашаа худгийн бригадад 1978 оноос эхлэн мужаанаар ажиллаж эхэлсэн. Д.Батсуурь нь 1981 оныг дуустал Малчин сумын Малчин нэгдлийн хашаа худгийн бригадад мужаанаар ажилласан. Бид нар хамт сумын төв дээр ажиллаж амьдардаг байсан бөгөөд бид хоёр найз нөхөд хүмүүс учраас би түүний ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна гэж, гэрч Б.Дэмпээ Миний бие нь Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд 1972-1978 оныг дуустал малчин, 1979-1983 он хүртэл нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Д.Батсуурь нь 1978 оноос эхлэн тус нэгдлийн хашаа худгийн бригадад мужаанаар ажиллаж эхэлсэн. Д.Батсуурь нь 1981 оныг дуустал Малчин сумын Малчин нэгдлийн хашаа худгийн бригадад мужаанаар ажилласан. Тухайн үед Малчин сумын Малчин нэгдлийн даргаар Баазар гэх хүн ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Увс аймаг дахь Сум дундны шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 504 дүгээр шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

         Баазын захиргаанаас Ю.Батсуурьт олгосон хөдөлмөрийн дэвтрийн нээлгэсэн он нь засвартай байх боловч ажилласан байдлын талаарх бичилт нь засваргүй байх тул уг хөдөлмөрийн дэвтрийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзэв.

         Нэхэмжлэгч Ю.Батсуурийн 1978-1981 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн баримт Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй хэдий ч нэхэмжлэгч нь дээрх онуудад Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд мужаанаар ажиллаж байсан болох нь Баазын захиргаанаас түүнд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Х.Батаа, Б.Дэмпээ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

         Иймд нэхэмжлэгч Ю.Батсуурийн хүсэлтийг хангаж, түүний 1978 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд мужаанаар 3 жил 3 сар 13 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

        Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Салдан долоон овогт Дүүдээгийн Батсуурийн 1978 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд мужаанаар 3 /гурав/ жил 3 /гурав/ сар 13 /арван гурав/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ю.Батсуурийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ