Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 383

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

             Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 18-8 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, регистрийн дугаар ЕИ87030205, Монголмууд овогт Батжаргалын Алимаагийн нэхэмжлэлтэй,

              Хариуцагч: Увс-Авто замын засвар арчлалт ТӨХК-д холбогдох,

              Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Алимаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ганхөлөг, хариуцагч Увс-Авто замын засвар арчлалт ТӨХК-ийн захирал Ц.Цэдэнбал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Б.Алимаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1987 онд төрсөн, 30 настай. Би 2010 онд Эдийн засгийн дээд сургуулийн эдийн засагч, менежерийн ангийг төгссөн. Би анх 2013 оны 8 дугаар сараас 2014 оны 1 дүгээр сар хүртэл Увс-АЗЗА ТӨХК-д нарийн бичгээр хүний оронд ажиллаж байсан. Тэгээд 2014 оны 7 дугаар сарын 07-наас эхлэн тус компанид няраваар ажилд орсноос хойш өнөөг хүртэл ажиллахдаа ажилдаа ямар нэг дутагдал, доголдол гаргахгүй, хууль дүрмийнхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэж ирсэн билээ. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай байгууллагын даргаар Ц.Цэдэнбал гуай томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд томилогдсоноос хойш намайг Ардчилсан намын хүн, Ардчиллын үед ажилд орсон гэх зэргээр хавчин, гадуурхаж, ёс зүйгүй бүдүүлэг харьцаа гарган, чи ажлаа өг, чамайг хүмүүс хал гээд байгаа, мөн амьдралын шаардлагаар нэг өдрийн чөлөө гуйхад чи өргөдлөө хэзээ өгөх юм, чи өргөдлөө өгөхгүй бол чамайг цагдаад өгнө гэх мэтээр сэтгэл зүйн хүнд цохилтонд хүртэл оруулж байсан, чамайг хална, солино гэх мэт дарамт байнга үзүүлж байсан. 2016 оны 10 дугаар сарын 30-ны амралтын өдрийн орой 9 цагийн үед нягтлан бодогч Энхманлай надтай утсаар яриад чи дансаа өг, чиний данс руу байгууллагын данснаас 1.000.000 төгрөг шилжүүлж, картаар гаргаж авна гэхэд нь би тэгэж болохгүй, би дансаа өгөхгүй гээд утсаа тасалсан. Тэгээд маргааш нь ажилдааочиход дарга хурал хийгээд чи удирдлагын өгсөн үүрэг, даалгавар биелүүлээгүй, чи мөнгө өгөх гүйлгээ хийгээгүй гээд шууд Хөдөлмөрийн хуулинд зааснаар сануулах арга хэмжээ авсан. Би тухайн үед ямар ч зөрчил гаргаагүй байж дарга, нягтлан бодогч нарт хууль бус мөнгө гаргаж өгөөгүйдээ өөрөө хохирсон. Надад ямар ч хууль зүйн үндэслэлгүй арга хэмжээ авсан гэж үзэж байгаа. Тухайн үед 1.000.000 төгрөг би дансандаа хийлгээгүй, зөвшөөрөхгүй болохоор нягтлан бодогч өөрийнхээ эхнэр Цэнд-Аюушийн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлээд авсан байгаа. Тэр үед надад биш хууль бус гүйлгээ хийсэн нягтлан бодогчдоо арга хэмжээ авах ёстой байсан гэж үзэж байгаа. Мөн 2016 оны 12 дугаар сарын жил эцсийн тооллогоор таф-67л, масло-17л, арматур-0,18кг, катанг-1000кг дутагдуулсан гэж надад 1.140.350 төгрөгийн дутагдал гаргасан гэж акт тавьсан. Дээрх дутагдсан гэх таф, катанг, арматур зэргийг би ажил авахдаа тухайн үед килограммлах, литрлэх ямар ч боломж байгаагүй, шууд няравын амаар хүлээж авсан. Тухайн үед таф нь олон жил хадгалагдсан, савандаа зузаан наалдаж өтгөрсөн, ажил авах үед литрлэх ямар ч боломжгүй, катинг овор ихтэй ороосон том хэмжээний төмөр байсан, арматурын урт 6 метрийн овор ихтэй килограммлах боломжгүй овор ихтэй төмөр байсан, ажил авсны дараа 200 литртэй гэх 1 пошки масло падаанаар хүлээн авсан байсан. Дээрхи эд зүйлүүдээс надад ашигласан болон үрэгдүүлсэн эд хөрөнгө байхгүй. Тэгтэл дарга тухайн үед тафыг хэмжиж дутагдсан гэсэн, катинг ковшийн шанагаар өргөж аваачаад пүүнд тавьж килограммласан, маслыг шууд эзэлхүүнээр бодож дутагдуулсан, арматурыг 1 метрийг киограммлаад үржиж дутагдсанаар гаргасан зэрэг нь ямар ч үндэслэлгүй бөгөөд тухайн үед таф, арматур, катинг зэргийг шууд няравын амаар анх хүлээж авсныг ажил хүлээлцсэн тооллогын комиссын гишүүд гэрчилнэ. Надад жил эцсийн тооллогоор дээрх эд хөрөнгө дутагдуулсан гэж 1.140.350 төгрөг дутагдуулснаар акт тогтоосныг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд актанд гарын үсэг зураагүй юм. Намайг няравын ажлыг ямар байдалтай хийж байсныг инженер, механик, жолооч болон бусад ажилчид мэднэ. Байгууллагын дарга Ц.Цэдэнбал нь намайг ажлаас халах, чөлөөлөх арга маш их эрж хайсны эцэст Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар ажлаас чөлөөлж буй нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм. Надад байгууллагын эд хөрөнгөөс идэж ашиглан, шамшигдуулсан зүйл байхгүй бөгөөд ажлаа үүргийнхээ дагуу хийж гүйцэтгэж ирсэн билээ. Надад юу ч хэлэхгүйгээр 2017 оны 3 дугаар сарын 23-ны үдээс хойш 16 цагийн үед шууд өрөөндөө дуудаад ажлаа өг, ажил хүлээж авах хүн ирсэн байгаа гээд нэг хүнийг өрөөндөө оруулж ирээд тушаал гаргахыг нарийн бичигт үүрэг болгосон, түүнээс болж би тухайн үед сэтгэл зүйн гүн цочролд орсон, маргааш нь ажлаа хүлээлгэж өгөөд эрүүл мэндэд өөрчлөлт орж эмчид үзүүлэхэд жирэмсэн байсан байна, одоо зулбалт явагдаж байна гээд эмчилгээ бичиж өгсөн. Энэ нь намайг гэнэт ажлаас чөлөөлсөнтэй шууд холбоотой сэтгэл зүйн дарамтаас ийм байдалд хүрч эрүүл мэндээрээ хүртэл хохирлоо. Надад ямар нэг намын үзэл бодол байхгүй, би иргэнийхээ хувьд ажлаа хийж байсан юм. Иймд намайг ямар ч үндэслэлгүйгээр няравын ажлаас чөлөөлсөн тул Увс-АЗЗА ТӨХК-ийн няравын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

           Хариуцагч Ц.Цэдэнбал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Алимаа нь тус компанид 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн няраваар ажиллаж байсан бөгөөд миний бие 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс тус компанийн захирлаар томилогдон ажиллаж байна. Би Увс-АЗЗА ТӨХК-ийн захирлаар томиглогдон ажилласнаас хойш туслах нягтлан бодогч, нярав бусад хариуцах албаны хүмүүстээ санхүүгийн анхан шатны баримт хөтлөлт, тайлан тооцоогоо ямар нэг зөрчилгүй, цаг тухайд бүрэн гүйцэт хийлгэж байх талаар ерөнхий нягтлан бодогч О.Энхманлайд үүрэг даалгавар өгч байсан. Гэтэл нярав Б.Алимаа ерөнхий нягтлан бодогч О.Энхманлайгийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй урдаас нь хэрэлдэж маргадаг, анхан шатны баримт бурдүүлэлгүй хээрийн нэмэгдэл олгодог зөрчил гаргаад байна гэдгийг надад удаа дараа таницуулж арга хэмжээ авч өгөхийг хүсэж байсан. Б.Алимаа нь өөрөө ёс суртахуун, зан харилцааны соёлгүй, шаардлага тавихад байнга эсэргүүцдэг, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй байсан. Би энэ талаар өөрт нь удаа дараа сануулж хэлдэг байсан ба нам, улс төр, үзэл суртлын хувьд хавчин гадуурхаж, ёс зүйгүй, бүдүүлэг зан гарган дарамталсан асуудал байхгүй бөгөөд ажлын холбоотой хууль ёсны шаардлага тавьж байсан. 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлөөс ярьж төлөөлөн удирдах зөвлөлийн хуралтай яаралтай ир гэж мэдэгдсэн тул манай ерөнхий нягтлан бодогч О.Энхманлай бид хоёр машинаар Улаанбаатар хот руу гарах шаардлагатай болсон. Энэ талаар би ерөнхий нягтлан бодогчид хэлж явах бэлтгэл хангах үүрэг даалгавар өгсөн. Ерөнхий нягтлан бодогч О.Энхманлай надад тайлбарлахдаа нярав Б.Алимаа руу ярьж кассанд бэлэн мөнгө байгаа эсэхийг асуухад мөнгө байхгүй гэхэд нь Хаан банк руу очиход бэлэн мөнгө гаргах боломжгүй бэлэн бусаар гүйлгээ хийж болно гэхээр нь нярав Б.Алимаа руу утсаар ярьж энэ байдлыг танилцуулаад өөрийнх нь данс руу 1.000.000 төгрөг хийлгээд кассын ордер бичээд өгье гэхэд болохгүй гээд утсаа тасалсан. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 19 цаг 37 минутад нягтлан бодогчийн эхнэр Цэнд-Аюушийн дансанд 1.000.000 төгрөг хийж бэлнээр гаргаж аваад эргүүлээд кассын ордер бичээд нярав Б.Алимаад тушаасан. Үүний зарцуулалтыг нярав Б.Алимаа гаргасан гэж хэлсэн. Нярав Б.Алимаа нь өөрөө ёс суртахуун, зан харьцааны соёлгүй, шаардлага тавихад байнга эсэргүүцдэг, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, анхан шатны баримтгүй мөнгө гаргасан дутагдлыг нь удаа дараа сануулж хэлж байсан боловч алдаагаа засах талаар санаачилга гаргаагүй дээрх зөрчлүүд давтагдсан учраас 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 42 дугаар тушаалаар сануулах арга хэмжээ авсан. Миний бие ажлаа хүлээж аваад 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 65/а тушаалаар тус компанийн эд хөрөнгийн жил эцсийн тооллого явуулахаар шийдвэрлэсэн. Тус тооллогоор нярав Б.Алимаагийн хариуцаж байсан эд хөрөнгөнөөс 1.140.350 төгрөгийн арматур, масло, таф зэрэг бараа материал дутсан. Энэ талаар тооллогын комиссын акт тогтоож нярав Б.Алимаад танилцуулахад хүлээн зөвшөөрөөгүй, актанд гарын үсэг зураагүй. Би нярав Б.Алимаад удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй түүнчлэн хариуцсан эд хөрөнгөөс дутагдуулсан нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаас чөлөөлөх үндэслэл болж байна гэдгийг хэлсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй. Дээрхи зөрчлүүдийг үндэслээд Б.Алимааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлйин 40.1.5, хөдөлмөрийн гэрээний 14.г-д заасан үндэслэлээр 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 21 тоот тушаалаар няравын ажлаас чөлөөлсөн. Иймд нярав Б.Алимаагийн гаргасан зөрчил тогтоогдсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Б.Алимаа нь хариуцагч Увс-Авто замын засвар арчлалт ТӨХК-д холбогдуулан няравын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

          Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюуөөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хуулинд нийцсэн байна.

        Хариуцагч нь Б.Алимаа нь хариуцсан эд хөрөнгөөсөө дутагдуулсан зөрчил гаргасан нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасныг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн. Иймд нярав Б.Алимаагийн гаргасан зөрчил тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

         Нэхэмжлэгч Б.Алимаа нь 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс Увс-Авто замын засвар арчлалт ТӨХК-ийн няраваар ажиллаж эхэлсэн болох нь тус компанийн захирлын 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Ажилд авсан тухай тушаал болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

          Увс-Авто замын засвар арчлалт ТӨХК-ийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 21 дүгээр Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар нярав Б.Алимааг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд хариуцагч уг тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Хөдөлмөрийн гэрээний 14.г дэх заалтуудыг тус тус үндэслэн гаргажээ.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан байна. Б.Алимаа нь Увс-Авто замын засвар арчлалт ТӨХК-ийн няравын хувьд мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтанд хамаарч байна.

           Түүнчлэн Хөдөлмөрийн гэрээний 14.г-д Хариуцаж буй эд хөрөнгийг дутааж, байгууллагад хохирол учруулсан бол ноцтой зөрчил гаргасан гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцлахаар талууд тохиролцжээ.

          Увс-Авто замын засвар арчлалт ТӨХК-ийн 2016 оны жил эцсийн хөрөнгийн тооллогоор нярав Б.Алимаа нь 1.140.350 төгрөгийн бараа материал дутагдуулсан болох нь хэрэгт авагдсан тус компанийн тооллогын комиссын 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн илтгэх хуудас, актаар тогтоогдож байна.

         Нэхэмжлэгч Б.Алимаа нь 2014 онд няравын ажлыг хүлээж авахдаа компанийн бараа материалыг нэг бүрчлэн тоолж хүлээж авах ёстой бөгөөд гэрч Б.Алдаржавхлан Миний бие нь Увс- АЗЗА ТӨХК-д механик инженерээр ажилладаг. Увс-Азза ТӨХК-ийн захирлын тушаалаар нярав Б.Нарантуяагаас Б.Алимаад ажил хүлээлцэхээр шийдвэрлэсэн ба ажил хүлээлцэх комиссын гишүүний нэг нь миний бие байсан. Тухайн үед нярав Б.Нарантуяагаас Б.Алимаад ажил хүлээлцүүлэхэд арматур 12А-3, арматур 6А, масло 1000, таф 1500 зэрэг хөрөнгүүдийг нярав Б.Нарантуяагийн амаар нэг бүрчлэн тоолж өгөхгүйгээр хөрөнгийн бүртгэлүүдтэй нь тулгаж авсан. Нярав Б.Алимаагийн дутагдуулсан гэх арматур 12А-3, арматур 6А зэргийг гүүрийн хоолой цутгахад хэрэглэдэг бөгөөд масло 1000-г компанийн бүх техникт тодорхой хэмжээгээр хэрэглэдэг байсан. Харин таф 1500-г төдийлөн хэрэглэдэггүй байсан гэж, гэрч Э.Бат-Эрдэнэ Миний бие нь Увс- АЗЗА ТӨХК-д өөрөө буулгагч авто самосвал барьдаг. Арматур 12А-3, арматур 6А зэргийн талаар нь би сайн мэдэхгүй байна. Эдгээрийг гүүр хоолой барихад ашигладаг байх, тухайн талбайн инженерүүд нь энэ талаар сайн мэдэж байгаа байх. Масло 1000, таф 1500-ийн хувьд тенхикийн чанарын шаардлага хангадаггүй гээд жолооч нар хэрэглэдэггүй юм. Хэрэв масло, таф хэрэглэх шаардлага гарвал даргаас цохолт хийлгээд гэрээт колонкуудаас авч хэрэглэдэг. Масло 1000, таф 1500 нь манай байгууллагын складанд олон жил хадгалагдаж байгаа хөрөнгүүд юм гэж, гэрч Э.Лхагважав Миний бие нь 2002-2017 онуудад Увс-АЗЗА ТӨХК-д талбайн даамал, ерөнхий инженерээр ажиллаж байгаад 2017 оны 1 дүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Увс-Азза ТӨХК-ийн захирлын тушаалаар нярав Б.Нарантуяагаас Б.Алимаад ажил хүлээлцэх комиссыг 4-5 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилсон ба уг комиссын гишүүний нэг нь миний бие байсан юм. Нярав Б.Алиамаагийн дутагдуулсан гэх арматур 12А-3, арматур 6А, масло 1000, таф 1500 зэрэг хөрөнгүүд нь складанд хураалттай байсан ба хуучин нярав Нарантуяа нь эдгээр эд хөрөнгүүд тоо ширхэгээрээ байгаа, хөрөнгийн үлдэгдлээрээ таарч байгаа ба энэ нь санхүүгийн баримтаар тогтоогдож байгаа гэж хэлсэн учир итгэлцлийн үндсэн дээр нэг бүрчлэн тоолохгүйгээр нярав Б.Алимаад хүлээлгэж өгсөн. Нярав Б.Алиамаагийн дутагдуулсан гэх арматур 12А-3, арматур 6А, масло 1000 зэрэг нь тодорхой хэмжээгээр хэрэглэгдээд явдаг байсан, харин таф 1500 нь сүүлийн үеийн техникт төдийлөн таардаггүй, шаардлага хангадаггүй зуны нөхцөлд ганц нэг л хэрэглэгддэг байсан гэж , гэрч Х.Нямсүрэн Миний бие нь Увс- АЗЗА ТӨХК-д тракторын жолоочоор ажилладаг. Таф 1500-ийн хувьд сүүлийн үеийн Япон, Солонгос, Хятад машинуудад хэрэглэгддэггүй, таардаггүй юм. Харин дээр үед орос машин механизмд л хэрэглэгддэг байсан байх гэж тус тус мэдүүлсэн боловч гэрчүүдийн мэдүүлгүүд нь өөр баримтаар нотлогдоогүй тул тэдний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

          Нэхэмжлэгчийн компанийн 2016 оны жил эцсийн хөрөнгийн тооллогоор 1.140.350 төгрөгийн бараа материал дутагдуулсан гэх үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан зөрчилд хамаарч байх боловч ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан хугацаагхэтрүүлж нярав Б.Алимааг ажлаас халсан байна.

         Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгч Б.Алимаагийн гаргасан зөрчлийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр илрүүлсэн атал уг зөрчлийг илрүүлснээс хойш 2 сар 23 хоногийн дараа буюу 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн хуулийн дээрх заалтыг зөрчжээ.

            Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголмууд овогт Батжаргалын Алимааг Увс-Авто замын засвар арчлалт ТӨХК-ийн няравын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

           Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Увс-Авто замын засвар арчлалт ТӨХК-иас ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголмууд овогт Батжаргалын Алимааг Увс-Авто замын засвар арчлалт ТӨХК-ийн няравын ажилд эгүүлэн тогтоосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс-Авто замын засвар арчлалт ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ