Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/248

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Отгонсүрэн,    

шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:        

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Ж-ын  Э-д холбогдох эрүүгийн 2210000000328 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ......оны........ дүгээр сарын ..........-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, ........настай, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, ......менежер ажилтай, ам бүл......... хамт Баянгол дүүргийн ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ж-ын  Э  /РД:................/.

 

Холбогдсон хэргийн талаар 

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо “*******” ХХК-ийн баруун талын уулзвар дээр “автомашинтай эгнээ байр буруу эзэлсэн” гэх шалтгаанаар хохирогч *******-той маргалдан улмаар цохиж бие махбодид нь “зүүн зулайд шарх, зүүн нүдний гадна буланд цус хуралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй гэв

 

Эрүүгийн 2210000000328 дугаартай хэргээс:

2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-7 дахь тал/

Хохирогч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 3935 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/

Шүүгдэгч ******* гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 43 дахь тал/, жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 50 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* гийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.  

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.  

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо “*******” ХХК-ийн баруун талын уулзвар дээр “замын хөдөлгөөнд оролцохдоо эгнээ байр буруу эзэлсэн” гэх шалтгаанаар хохирогч *******-той маргалдан улмаар цохиж бие махбодид нь “зүүн зулайд шарх, зүүн нүдний гадна буланд цус хуралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:   

 

2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд: хохирогч *******-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 5-7 дахь тал/

 

Хохирогч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, ******* ХХК-ийн уулзвар орчимд машинтайгаа явж байгаад үл таних залуутай машины эгнээ байрнаас болж маргалдаж машинаасаа бууж хоорондоо зодолдсон. ...Бид хоёр цагдаа явсны дараа хоорондоо учраа олсон, эвлэрсэн байгаа. ...Надад хохирол төлбөр байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 3935 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. *******-ын биед зүүн зулайд шарх, зүүн нүдний гадна булан цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

4. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй /хавтаст хэргийн 26-26 дахь тал/

 

Шүүгдэгч ******* гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр машины эгнээ байрнаас болж маргалдан хохирогч Э-ын биед гэмтэл учруулсандаа маш их харамсаж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн...Би гараараа 3-4 удаа цохиж гэмтэл учруулсан...” мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.      

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.  

Шүүгдэгч ******* , хохирогч ******* нар нь  замын хөдөлгөөнд оролцохдоо жолоочийн хувьд хэн аль нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх үүрэгтэй байтал уулзвар нэвтрэх үедээ эгнээ байр буруу эзэлсэн гэх шалтгаанаар маргалдсан нь энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.  

             Шүүгдэгч ******* нь хохирогч *******-ын биед халдан цохисны улмаас хохирогчийн биед зүүн зулайд шарх, зүүн нүдний гадна буланд цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

           Иймд шүүгдэгч ******* г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.  

 

Хохирол төлбөрийн талаар

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч *******-ын биед зүүн зулайд шарх, зүүн нүдний гадна буланд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хохирол төлбөр байхгүй...надад гомдол санал байхгүй...” гэж /хавтаст хэргийн 22, 59 дэх тал/ мэдүүлжээ.   

 

 Иймд шүүгдэгч ******* г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:  

 

  Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 50 дахь тал/-аар тогтоогдож байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.   

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 85 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  460.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад ******* нь зөвшөөрсөн байна.   

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч *******-д ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.  

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдэх нь зүйтэй.   

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдъя.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ж-ын  Э г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  460.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдсүгэй.    

 

4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний баримт  бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.  

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.   

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.       

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Х.ОДБАЯР