Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 374

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

             Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Галдан бошигт хорооллын 14-6 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОД61071513, Шангас овогт Батаагийн Ядамсүрэнгийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох,

          Ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлүүдтэй тэнцэх олговор 5.160.552 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ядамсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Б.Ядамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А\37, А\38 дугаар тушаалаар ажлаас халагдсан билээ. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч миний бие Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх хянан хэлэлцээд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр дээрх тушаалуудыг хүчингүй болгож, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны цалин, нэмэгдлүүдтэй тэнцэх олговор болох 2.251.685 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүх бүрэлдэхүүн хянаад 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221\МА2016\0787 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ингээд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б\06 дугаар тушаалаар Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар эгүүлэн томилсон. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс ажилд томилох тухай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаал гарсан 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны /ажлын 76 өдрийн/ цалин, нэмэгдлүүдтэй тэнцэх олговор 5.160.552 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэбаяр шүүхэд гаргасан тайлбар болон болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Б.Ядамсүрэнг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2016/0787 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагчийн зүгээс гомдол гаргаагүй тул 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Ингээд нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх эрх үүсэж байгаа. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын додор шүүхэд хандах ёстой. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасны дагуу 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргах байтал хуульд заасан хугацааг 17 хоногоор хэтрүүлж 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл юм. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Б.Ядамсүрэн нь хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлүүдтэй тэнцэх олговор 5.160.552 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасны дагуу 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргах байтал хуульд заасан хугацааг 17 хоногоор хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

        Нэхэмжлэгчийг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх цалин 1.935.674 төгрөгийг Увс аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

           Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч Б.Ядамсүрэнг 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажлын байраар хангасан болох нь зохигчдын тайлбар болон Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаар Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбараар нотлогдож байна.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заажээ.

         Нэхэмжлэгч Б.Ядамсүрэн нь тус шүүхэд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан байна.

         Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч болон түүний өмгөөлөгч нарыг гомдлоор Б.Ядамсүрэнгийн нэхэмжлэлтэй Увс аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгч нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гардаж авсан хэмээн тайлбарласан бөгөөд талууд магадлалд 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй байсан боловч талууд гомдол гаргаагүй байна.

          Үүнээс үзэхэд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2016/0787 дугаартай магадлал нь 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлд зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд нэхэмжлэгч нь энэ хугацаанаас хойш 3 сарын дотор ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар гомдлоо гаргах эрхтэй гэж үзнэ.

          Нэхэмжлэгч нь шүүхэд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацааны дотор гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

         Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасны дагуу 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргах байтал хуульд заасан хугацааг 17 хоногоор хэтрүүлсэн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

         Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан нэхэмжлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 3 сар 9 хоног ажилгүй байсан хугацааны цалин 4.888.962 төгрөгийг Увс аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Б.Ядамсүрэнд олгож, илүү нэхэмжилсэн 271.590 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

          Тус журамд зааснаар хоолны үнийн хөнгөлөлтийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүйгээр заасан тул сарын цалин болох 1.450.948 төгрөгөөс 25.000 төгрөгийг хасч тооцсон болно.

         Ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх ёстой тул нэхэмжлэгч Б.Ядамсүрэнгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг Увс аймгийн Засаг даргын тамгын газрын санхүүд даалгах нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Ядамсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97.519 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 4.888.962 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж  93.173 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ядамсүрэнд олгох нь зүйтэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 4.888.962 /дөрвөн сая найман зуун наян найман мянга есөн зуун жаран хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ядамсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 271.590 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Ядамсүрэнгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газрын санхүүд даалгасугай.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97.519 /ерэн долоон мянга таван зуун арван ес/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 93.173 /ерэн гурван мянга нэг зуун далан гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ядамсүрэнд олгосугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ