Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/254

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлчимэг /томилолт/,     

хохирогч ******* , түүний өмгөөлөгч Ш.Уранчимэг,    

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:    

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б   овогт Б-ны   Т-т  холбогдох эрүүгийн 2210000000197 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, .....оны .....дугаар сарын .....-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ........ өвөө, аав, хойд ээж, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй,  Б   овогт Б-ны Т /РД:....................../   

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, ******* Лоунж кафед хохирогч ******* ийг шат руу түлхсэний улмаас хохирогчийн биед  “эрүүний цус хуралт, ууцны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Би ******* гэж найзтайгаа Лоунж руу ороход хааж байсан. Энэ үед манай найз ******* хаалганы дэргэд нэг залуутай муудалцаж байсан. Би тэр хоёрыг салгаад шатаар бууж байхад хохирогч намайг “золбин лаларуудаа зайлаач ээ” гэж муухай орилсон. Тэгээд липтны дэргэд зогсож байхад хэл амаар доромжилсон. Над руу  2-3 удаа пивоны шил барьж дайрсан. Хохирогч нар руу пивоны шил барьж дайрахад би гурав дахь дээр нь түлхсэн, татаж босгох гэхэд найзууд нь гарч ирсэн. Хохирогчийг шатнаас түлхсэн зүйл байхгүй, лифтны хажууд байсан...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Хохирогч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 01 дүгээр сарын 14-15 шилжих шөнө манай найзын төрсөн өдөр болоод намайг дуудахаар нь би очсон. Манай эрэгтэй найзууд олуулаа сууж байсан. Би тухайн газар очоод согтууруулах ундаа уугаагүй, очихоос өмнө жаахан уусан байсан. ******* гэдэг нь манай найз юм. Намайг 00 ороод ирэх үед манай найзтай маргалдаад байсан. Би шатны доош буудаг хэсэгт байсан. Би цонхны тавцан дээр байсан пивоны шилийг аваад айлгах зорилгоор “болиоч” гэхэд “зайлаач” гээд намайг мангасдаад эрүү рүү түлхсэн. Би хоёр удаа пивоны шил барьж айлгах гэж далайсан боловч манай найз булаагаад авчихсан. Тэр үед ******* нь намайг шатан дээрээс түлхэж унагаагаад миний нуруу руу хоёр удаа өшиглөсөн. Би “ёо ёо” гээд доош тонгойход манай эрэгтэй найз татаж авсан.  ******* рүү залгаад "хаана байна, уулзъя, ууц нуруу өвдөөд байна, ууц хугалчихлаа” гэхэд над руу “дахин ууцыг чинь хугалчихаж чадна шүү” гээд байсан. Үүнийг олон хүмүүс сонссон. Би тэр шөнө Гэмтлийн эмнэлэгт очиж зураг авхуулсан гэв.     

 

Хоёр. Эрүүгийн 2210000000197 дугаартай хэргээс:

Хохирогч ******* ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11, 14-15 дахь тал/

Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/

Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1923 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/   

Шинжээч Т.Амартүвшингийн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/

Шүүгдэгч *******-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/, оршин суух газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 53 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 54 дэх тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 45 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.  

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, ******* Лоунж кафед хохирогч ******* тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар хохирогчийг түлхэж унагаасны улмаас хохирогчийн биед “эрүүний цус хуралт, ууцны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:      

Хохирогч ******* ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр найз Заяагийн төрсөн өдрийг тэмдэглэж гадуур явж байгаад Хан-Уул дүүрэг 19 дүгээр хороо, Оргил худалдааны төвийн 2 давхарт байрлалтай ******* лоунж ороод 30 орчим минут болж байхад уг газар хаах болсон. Тухайн газраас гараад шатаар доошоо буух үед надтай хамт явж байсан 3 залуу тэнд байсан үл таних залуустай маргалдаад салахгүй байхаар нь би “болиоч ээ” гэж хэлтэл “хөдөөний охин минь зайлаач, чамд ямар хамаатай юм” гээд мангасдахаар нь миний уур хүрээд пивоны шил аваад дайртал манай найз охин миний барьж байсан шилийг булаагаад авчихсан. Тэгтэл дахин “зайлаач” гэж хэлэхээр нь би дахин пивоны шил бариад автал манай найз Төөгөө миний барьж байсан пивоны шилийг булаагаад авчихсан. Тэр үед надтай хэрүүл хийж байсан Төгөлдөр гэх залуу намайг шатан дээрээс түлхэж унагаагаад хоёр удаа нуруун тус газар өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11, 14-15 дахь тал/

 

Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “...******* ийг нэг залуу шатан дээрээс түлхээд хойшоо унагахаар нь би тэр залуу руу очоод хацар руу нь хальт нэг удаа цохиод хоёр гарнаас нь бариад “чи эмэгтэй хүнийг ингэж болохгүй ямар арчаагүй юм бэ” гээд орилоод салсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/  

 

Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн “...эргээд харахад ******* ийг түлхээд шатны хажуу талд лифтний үүдэнд унагахаар нь татаж босгоод авч гараад найз нарт нь өгч явуулаад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/   

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1923 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. ******* ийн биед эрүүний цус хуралт, ууцны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Учирсан гэмтэл нь 2022 оны 01 сарын 15-ны өдөр үүссэн байх боломжтой /хавтаст хэргийн 27-28 дахь тал/ 

 

Шинжээч Т.Амартүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Эрүүний цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин ууцны зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/

 

Шүүгдэгч *******-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Энхцэцэг гэх эмэгтэй зүй бус үгээр доромжилж золбин ...гэх мэтчилэн янз бүрийн үг хэлж доромжлоод байхаар нь “зүгээр байгаарай, хачин бүдүүн охин минь” гэхэд ууж байсан пивоныхоо шилийг далайгаад дайрахад хажууд байсан найз нь шилийг нь авахад дахиад пивоны шил аваад дайраад байхаар нь “хажуу тийшээ болоо зүгээр байгаарай” гээд Энхцэцэг гэх эмэгтэйг түлхэхэд газар шалан дээр бөгсөөрөө унахаар нь босгох гэж байхад найз нар нь ирээд надтай зодолдоход хүмүүс салгасан...Учирсан гэмтлийн талаар ямар нэгэн санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

Шүүгдэгч ******* нь “хохирогч ******* ийг пивоны шил барьж далайсан тул өөрийгөө хамгаалж, түүний түлхсэн гэж тайлбарлаж мэдүүлж, гэм буруугийн талаар маргав.

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт” гэх ойлголт нь эрүүгийн эрх зүйн онолын хувьд аюул заналхийлсэн довтолгоон бодитой хийгдэж эхэлсэн бөгөөд дуусаагүй байх үндсэн шинжийг агуулдаг.

        Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд:  хохирогч *******  хүмүүс хоорондын харилцааны наад захын хэм хэмжээг зөрчиж, шүүгдэгч ******* рүү пивоны шил барьж далайх үед тухайн газарт хамт байсан Н.Төгөлдөр түүнийг хориглон салгасны дараа шүүгдэгч ******* нь хохирогч ******* ийн эсрэг хариу үйлдэл хийж түлхэж унагаасан байна. Шүүгдэгч *******-ийн дээрх үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэхгүй юм.

          Шүүгдэгч ******* нь ******* ийг шат руу түлхэж унагаасны улмаас хохирогчийн биед эрүүний цус хуралт, ууцны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж дүгнэв.   

          Иймд шүүгдэгч *******-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргав.  

    

Шүүгдэгч  ******* нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь оюутан тул тогтмол орлогогүй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т  240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-т  мэдэгдэх нь зүйтэй. 

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.  

Гэмт хэргийн улмаас хохирогч ******* ийн биед “эрүүний цус хуралт, ууцны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч зүү эмчилгээ болон бариа заслын эмчилгээ 10 өдөр хийлгэх зардалд 620.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч ******* т 450.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 170.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.  

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч ******* т 450.000 төгрөг төлснийг дурдаж, шүүгдэгч *******-өөс 170.000 төгрөгийг гаргуулж хохирогч ******* т олгохоор шийдвэрлэлээ.   

Хохирогч *******  нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч *******-өөс нэхэмжлэх эрхтэйг дурдав.     

 

Шүүгдэгч  ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч  Б   овогт Б-ны   Т-ийг , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-т  мэдэгдсүгэй.

 

4.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч ******* т эмчилгээний зардалд 450.000 төгрөг төлснийг дурдаж, шүүгдэгч *******-өөс 170.000 төгрөгийг гаргуулж хохирогч ******* т олгосугай.       

 

5. Хохирогч *******  нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч *******-өөс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.      

 

6. Шүүгдэгч  ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.ОДБАЯР