Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 121

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч Б.Энэрэл,

иргэдийн төлөөлөгч Г.Өлзийжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Мөнхцэцэг,

шүүгдэгч Д.Наранбаатар, түүний өмгөөлөгч Н.Баатардорж (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1001) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол овогт Дархижавын Наранбаатарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626011071 дугаартай 1 хавтаст хэргийг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол овогт Дархижавын Наранбаатар, Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1976 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитийн 66 дугаар гудамжны 03 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХЗ76013076.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 Шүүгдэгч Д.Наранбаатар нь 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 19 цагийн орчим согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 66-03 тоот хашаанд байх гэртээ хүүхдүүддээ хоол хийж өгсөнгүй, ажил хийж авчирсан мөнгөөр өдөржин архи ууж агсам тавилаа гэсэн шалтгааны улмаас эхнэр Ш.Одонцэцэгтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар Ш.Одонцэцэгийн шанаан тус газар гараараа цохиж унаган толгойг төмөр саваар цохих зэргээр зодож бие махбодид нь гавал тархины битүү гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Наранбаатарын өгсөн: 2016 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө 01 цаг өнгөрч байхад би Сэлэнгэ аймгаас ирэхэд миний эхнэр Одонцэцэг согтуу байсан. ...өөрөө хоол хийж идчихээд унтсан. Маргааш нь буюу 28-ны өглөө 09 цаг өнгөрч байхад босоход манай эхнэр бас архи уусан согтуу байсан. Би эхнэрээсээ тал шил архийг нь нэхэж байгаад гаргуулаад хоёулаа хувааж уусан. Манай эхнэр 11 цагийн үед гадагшаа дэлгүүр гараад 0,75 граммтай нэг шил архи авч ирсэн. Эхнэрийн авч ирсэн нэг шил архийг талд нь оруулаад ууж байхад манай эхнэр согтоод уначихаар нь би эхнэрийнхээ толгойг нь угааж унтуулаад, 2 хүүхэддээ хоол хийж өгчихөөд 14 цагт ажилдаа явсан. ...Би ажлынхаа хүмүүстэй 18 цагийн үед машины муфт шарик сольсон. ...машины жолооч нь бид нарт 2 том шар айраг авч өгөөд бид нар бүгдээрээ хувааж уусан. Манай ажлын газрын Уламбаяр, Төгсөө нар намайг гэрийн гадна хүргэж өгсөн. Хүүхдүүдээ нөмрүүлэхээр 4 ширхэг хөнжил аваад гэртээ ороход манай эхнэр согтуу, унтаж байсан 2 хүүхэд сэрээд надаас хоол, боорцог нэхээд байсан. Тэр үед манай эхнэр орноосоо босч ирсэн. Би эхнэртэйгээ өглөө нь гэртээ хувааж уусан тал шил архийг гэрийнхээ гадна эхнэрээсээ нуусан байсан. Би нуусан тал шил архиа гаргаад чи хэдэн хүүхдэд хоол хийж өгөхгүй яасан юм бэ гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр орноосоо босч ирээд архи уумаар байна гээд тал шил архиа нэхээд булаацалдаж, намайг чи хөдөө яваагүй заваарч байгаад ирсэн байна гээд надаас хэрүүл гуйсан. Тэгээд бид 2 маргалдаж ноцолдож байгаад манай бага банди Зоригтбаатар руу манай эхнэр гутал аваад шидсэн. Тэр үед миний дотор давчдаад өөрийн гарт цэвэрлэж байсан кострулаар эхнэрийнхээ толгойн тус газарт цохьсон, манай эхнэр толгойгоо бариад суусан. Гаднаас Номин, Баасандамба хоёр орж ирээд эгч яасан юм бэ гэхээр нь би эгч чинь согтуу л байгаа биз дээ, эгчийнхээ толгойг нь угаахгүй яасан юм бэ, айл хэсэж байгаад бөөстсөн байна гэж хэлээд дүү нарыг нь загнаад гаргасан. Тэгээд би бачимдаад байхаар нь эхнэрээ архи уучих байх гэж бодоод гэрээс тал шил архийг өвөртөлж аваад доошоо гараад дэлгүүр ороод 2 лааз шар айраг авч уучихаад айлын хашааны гадна байдаг машины дугуйн дээр сууж байтал манай том охин Уянгаа хичээлээ тараад дүүгээ дагуулаад ирж байсан. Би охиноо гэртээ ороод байж бай, ээж нь унтаж байгаа, битгий сэрээгээрэй гэж хэлчихээд түрүүлж оруулаад  араас нь гэртээ ороход эхнэр орны хажууд толгойгоо үүд рүү харуулаад хэвтэж байсан. Би тал шил архинаасаа нэг хийж уучихаад эхнэрээ орон дээр тавих гэхэд толгойноос цус гарч байсан. Би тэр үед унтаж байгаа юм байна гэж бодоод цус нь хойшоо урсаад үс рүү нь орчихсон байхаар нь толгойг нь угаагаад орон дээр хэвтүүлсэн. Гаднаас Халиунаа орж ирсэн. ...Тэгээд Баасандамба, Халиунаатай хамт гарсан. ...Том охин Уянга надад ээж нэг л биш байна, та үз дээ гэхээр нь би охиноо гараад түргэн дууд, ээжийг нь үзүүлье гэж хэлсэн. ...Гаднаас түргэн ирсэн гээд Уянга надад хэлсэн. Түргэний эмч эхнэр чинь шоконд орсон байна гэж хэлсэн. ...Тэгээд эмч авч яваад гэмтлийн эмнэлэгт очоод их удаж байгаад хагалгаанд орох хэрэгтэй байна, ар гэр рүү нь холбоо барь гэж хэлсэн... гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Мөнхцэцэгийн өгсөн: Би болсон үйл явдлыг мэдэхгүй байна. Шүүгдэгчийн мэдүүлж байгаа архи булаацалдаж зодолдсон гэдгийг нь ойлгохгүй байна. Учир нь шүүгдэгч мэдүүлэгтээ тал шил архийг гаргаж ирээд ширээн дээр тавьсан гэчихээд яагаад өгөхгүй булаацалддаг юм бэ. ...шүүгдэгч манай дүүг хүүхдүүддээ хоол хийж өгдөггүй байсан гэж байна. Манай дүү айл хэсэж архи ууж явдаг байгаагүй. Шүүгдэгчийг хөдөө явсан хойгуур ах дүүгийнхээ гэрээр орсон байсан. ...Миний дүү шүүгдэгчтэй хамт амьдардаг болсоноос хойш архи хэрэглэдэг болсон. Хэрвээ шүүгдэгч орон гэрээ сайхан авч явдаг бол миний дүү архи хэрэглэхгүй байсан. Хавтаст хэрэгт шүүгдэгч миний дүүг шанаа руу нь цохиж унагаад цээж, гуя руу нь өшиглөсөн гэж мэдүүлсэн нь үнэн байх. Учир нь би шүүх эмнэлэг дээр цогцосыг харахад уруул нь сэтрээд оёо тавиулчихсан, хөхнийх нь доор болон гуяны баруун доор хөхөрсөн байсан. Миний дүү Наранбаатартай хамт амьдарснаас хойш их турж, их гутарсан. Наранбаатар нь миний дүүгээр архи, хоолоо орондоо зөөлөгдөг байсан. Талийгаачийн оршуулгын зардалд Наранбаатарын ар гэрээс 600.000 төгрөг өгсөн. Нэхэмжлэх зүйлгүй. 10 жилээс доош жил хорих ял оногдуулах юм бол бид гомдолтой байна гэх мэдүүлэг.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 23 цагийн үед Саруул-Эрдэнэ Огтбиш рүү залгаж  Одонцэцэг эгчийн бие муудаад эмнэлэг авч явах гэж байна гэхээр нь би гэмтлийн эмнэлэгт очиход найдваргүй гээд хиймэл амьсгал хийж байсан. Тэгээд хагалгаанд оруулахад хагалгаагаа даагаагүй нас барсан. Наранбаатар нь үнэхээр хэцүү хүн ба байнга архи ууж дүүг минь зоддог байсан. 2015 оны өвөл миний нүдэн дээр зодоход би салгасан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),

2. Гэрч С.Оюунчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ гарч яваад Одонцэцэгтэй таарахад 4-5 орчим насны болон 2 ой хүрч байгаа хоёр хүүхдийг хөтөлчихсөн явсан ба биед нь ил харагдах гэмтэл шарх ажиглагдаагүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

3. Гэрч Б.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 28-ны өглөө 10-11 цагийн үед талийгаач надад хадгалуулсан байсан 10.000 төгрөгөө гурван хүүхэдтэйгээ ирж аваад гарсан. ...орой 10 цагийн үед гурван хүүхэд нь орж ирээд манай дүүд эгчээ манай ээж унтаад байгаа нь мэдэгдэхгүй байна, түргэн дуудаад өгөөч гэж байсан. ...Талийгаач ихэвчлэн ах, дүү нартайгаа нийлж архи уудаг байсан. ...Нөхөр нь талийгаачийг архи уухаараа зоддог юм шиг байна лээ. Байсхийгээд л хүүхдүүд нь аав ээжийг зодоод байна гэж орж ирдэг. Талийгаач өөрөө Наагий намайг зодоод байна гэж ярьдаг байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал),

4. Гэрч Т.Саруул-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: ...би 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Наранбаатарын гэрт 13-14 цагийн хооронд очиход Наранбаатар, Одонцэцэг нар 2 бага хүүхэдтэйгээ хамт гэртээ байсан. Наранбаатар ах 2 хүүхдээ усанд оруулаад, талийгаач орон дээр согтуу хэвтэж байсан.  Гэрт нь 1 шил 0,75 граммын архи байсан. Тэр архийг Одонцэцэг эгч надад хандаад эгчдээ архи хийгээд өгөөч гэж гуйсан. Тэгэхэд Наранбаатар ах яах гээд байгаа юм, одоо уухгүй, толгой тархиа угаа гэж хэлж байсан. Тэгтэл талийгаач тэр архийг нэхсээр байгаад 1 аяганд хийж уусан. Тэгээд би удаагүй 14 цаг өнгөрч байхад гэртээ харьсан. ...Орой 22 цагийн үед дүү Номин над дээр ирээд Одонцэцэг эгч цус болчихсон гэртээ хэвтэж байна гэхээр нь би Огтбиш ах руу утсаар залгаад Одонцэцэг эгч нөхөртөө зодуулчихсан юм шиг байна гээд би өөрийнхөө утаснаас цагдаад дуудлага өгөхөд цагдаа эгчийг чинь гэмтлийн эмнэлэг аваад явсан гэж хэлсэн. Намайг өдөр Наранбаатарын гэрт ороход Одонцэцэг эгчийн толгой, нүүр, биеийн бусад хэсэгт нь ямар нэг гэмтэл шарх ажиглагдаагүй. Архи уучихсан байсан. Наранбаатар, Одонцэцэг нар архи уухгүй үедээ гайгүй байдаг. Одонцэцэг Наранбаатарын үлдээсэн мөнгөөр нь архи уугаад нөхөр нь ирэх үед согтуу байдаг байсан. Ийм шалтгаанаар маргалдсан байх гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дэх тал),

5. Гэрч М.Номингийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн орчим Наранбаатар ахынд ороход Одонцэцэг эгч орон дээрээ хүү Зоригтбаатар, охин Мөнхжин нарын хамт унтаж байсан. Намайг ороход Зоригтбаатар сэрэхээр нь Наранбаатар ахыг асуухад найзуудтайгаа гараад явсан гэсэн. Намайг орсноос хойш 20 орчим минут болоход гаднаас Наранбаатар ах орж ирээд ажлынхаа хэдэн хүмүүстэй яваад ирлээ, ажлын хүн хөнжил өгсөн гээд хөнжил барьсан байсан. Тэгэхэд Одонцэцэг эгч сэрсэн ба Наранбаатар ах хөгшин нь хоол хийгээд өгье, хөнжил угаачих  гэж хэлсэн. Наранбаатар ах гаднаас орж ирэхдээ халамцуу байсан. Одонцэцэг эгч ч унтаад сэрэхдээ архи уучихсан бололтой байсан. Тэгээд би гарах гэхэд Одонцэцэг эгч намайг хөлөөрөө өшиглөөд миний дүү байж бай, энэ намайг зодно ш дээ гэхээр нь миний хажууд хэрэлдээгүй учир зодно гэж бодолгүй явчихаад эргээд ирье гээд явсан... Орой 22 цаг өнгөрч байхад Саруул-Эрдэнэ эгчийнх рүү явах замдаа Наранбаатар ахынхаар ороход Одонцэцэг эгч өмнө нь унтаж байсан орон дээрээ цаашаа хараад хэвтэж байсан. ...Одбаатар ээжийнхээ хажууд зогсож байхаар нь...ээж чинь яасан юм гэхэд аав ээжийг зодоод ээж үхчихсэн юм шиг байна, амьсгалахгүй байна гэсэн. Тэгэхээр нь би Одонцэцэг эгчээ гээд араас нь сэрээх маягаар хүрэхэд эгч хурхираад байсан. Би унтаж байна гэж бодоод гарах гээд эргэхэд Одонцэцэг эгчийн толгойн доод хэсэгт түмпэнд цустай ус байхаар нь яасан юм бэ гэж Одбаатараас асуухад аав ээжийн толгойг хагалчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь Наранбаатар ах руу та толгойг нь хагалаад зодсон юм уу гэхэд чамд хамаагүй, гар гэж хөөхөөр нь гараад явсан. Саруул-Эрдэнэ эгчийнд очоод Одонцэцэг эгчийг Наагий ах зодсон байна, толгой нь хагараад цус гарсан байна гэхэд Саруул-Эрдэнэ эгч 102-т залгаж дуудлага өгөхөд тэр хүнийг чинь гэмтлийн эмнэлэгт хүргэсэн байгаа, яаралтай оч гэсэн. Намайг өдөр тэднийд ороход Одонцэцэг эгч...архи уусан байдалтай унтаж байсан. Тэгээд удалгүй гаднаас Наранбаатар ах орж ирэхдээ архи уучихсан бололтой орж ирсэн. Наранбаатар жаахан сууж байгаад гэрээс гараад орж ирэхдээ тал шил архи аваад орж ирсэн. Тэрээр Одонцэцэг эгчтэй чинь ууж байсан архиныхаа талыг нуучихсан байсан юм аа гэж байсан. Тэр хоёр тийм ч сайхан амьдарч байгаагүй. Наранбаатар ахыг ажил хийгээд ирэхэд Одонцэцэг эгч хааяа архи уучихна, эсхүл хоёулаа нийлээд ууна. Уучихсан үедээ хоорондоо муудалцаад Наранбаатар зодож нүдээд байдаг байсан. Наранбаатар ах эрүүлдээ гайгүй, зан харьцаа сайтай, уучихсан үедээ агсан зантай болчихдог. Юунаас болдогийг нь мэдэхгүй хааяа Одонцэцэг эгчийн...нүд ам нь хөхөрчихсөн байдаг байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дахь тал),

6. Насанд хүрээгүй гэрч Н.Уянгын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 12 цаг 30 минутад дүү Одбаатартай хамт хичээлдээ явахад гэрт аав, ээж, дүү нар үлдсэн ба ээж гараашийн дэлгүүрээс 1 шил том архи авчираад аав, ээж хоёр уугаад үлдсэн. Намайг хичээлдээ явахад ээжийн нүүр, ам зүгээр, толгойноос нь цус гараагүй байсан. Орой 18 цагт хичээлээ тараад дүү Одбаатарын...эцэг, эхийн хуралд суугаад 19 цаг 30 минутад тарсан. Тэгээд гэр рүүгээ явах замд аав дэлгүүрийн наашаа явах замд өөдөөс согтуу алхаж ирж байсан. Аав надтай зөрөхдөө ээжийгээ битгий сэрээгээрэй, сэрвэл чамайг зодож магадгүй шүү гэж хэлсэн. Аав надтай зөрөхдөө дээгүүрээ ногоон өнгийн хослол, саарал дуу өнгийн гутал, хар өнгийн саравчтай малгайтай явж байсан. Аав цамцныхаа нийлдэг халаасанд шилтэй архи хийсэн явж байсан. Тэгээд дүү бид хоёр гэртээ 19 цаг 50 минутын үед ирэхэд ээж газар ухаангүй хурхираад байсан....Нүүр ам нь хавдсан юм шиг, үс нь задгай, толгойноос нь цус дуслаад байсан. Удалгүй 5 минутын дараа аав орж ирээд халаасанд байсан архиа уугаад бие засах гээд гарсан хойгуур нь ах Баасандамба, эгч Халиун нар орж ирээд ээж чинь яасан юм гэж асуухаар нь аав унтаж байгаа гэсэн, сэрээвэл чамайг зодож магадгүй гэж хэлсэн гэхэд аав гаднаас орж ирсэн. Би 21 цаг болж байхад ааваас эмнэлэг дуудах уу гэж асуухад аав шалгаадахъя гээд нүүр, ам, толгойг нь барьж үзээд за за дууд гэхээр нь Энхриймаа эгчээр түргэн дуудуулсан. Манай гэрийн том төмөр түмпэн цус болсон байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал),

7. Насанд хүрээгүй гэрч М.Халиуны мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Наранбаатар ахын гэрээр 20 цаг арай болоогүй байхад ороход том охин Уянга 3 дүүтэйгээ байсан. Талийгаач орныхоо хажууд газар хажуу тийшээ харсан унтаж байгаа юм шиг хэвтэж байхаар нь согтуу юм байна гэж бодсон. Тэгээд Уянгааг ээжийгээ босгооч гэж хэлсэн. Тэгтэл гаднаас Наранбаатар ах орж ирээд ахын дүү хичээлээ тараад явж байгаа юм уу гэж асуухаар нь тийм гэж хэлээд гарч гэртээ орсон. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал),

8. Насанд хүрээгүй гэрч М.Баасандамбын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 20 цаг болох гэж байхад Наранбаатар ахынд дүү Халиунаагийн хамт очиход Одонцэцэг баруун талынхаа орны урд газар дээшээ харсан хэвтэж байсан. ...Наранбаатар ах бид хоёрыг орж ирсэнээс хойш 2-3 минутын дараа...гаднаас...орж ирээд орон дээр суусан. Халиунаа бид хоёр Наранбаатар ахыг орж ирсэнээс хойш 1 орчим минут болоод зөрөөд гарч харьсан. Одонцэцэг эгчийн уруул сэтэрсэн, толгойтой үс нь норсон нойтон байсан. Орой 22 цагийн үед Номин эгчтэйгээ Саруул-Эрдэнэ эгчийнд очих замдаа дахиад Наранбаатар ахын гэрт орсон чинь Одонцэцэг эгч орон дээр дээшээ харсан хурхираад хэвтэж байсан. Тэгтэл Наранбаатар ахын хүү 6 настай Одбаатар ээжийгээ дуудаад зулгаагаад байж байсан. Одонцэцэг эгч сэрэхгүй байсан.

2016 оны 4 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд би тэдний гэрт ороход Одонцэцэгийн биед ил харагдах шарх сорви байгаагүй... Тэр 2 хоёулаа архи уугаад хоорондоо маргалдаж зодолддог байсан. ..Гэрт нь очихоор Наранбаатар зодсон гээд Одонцэцэг эгчийн нүд, ам хөхөрсөн байдаг байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53, 54 дэх тал),

9. Гэрч Г.Эрдэнэтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 14 цаг өнгөрч байхад гарааш дээр ирэхэд Наранбаатар ирсэн байсан ба машины муфт сольж өгсөн. Эзэн нь 2 том пиво авч өгөхөөр нь хувааж уугаад 18 цагийн үед Уламбаяр машин бариад Наранбаатарыг гэрийнх нь гадаа буулгасан. Тухайн үед айхтар согтоогүй байсан. ...Манай ажлын хүмүүс миний бүтэн нэрийг сайн мэдэхгүй андуурч Эрдэнэтөгс гэдгийг Төгсбаяр гэж хэлсэн байна... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал),

10. Гэрч Б.Уламбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 14 цагийн үед машины муфт солиулсан эзэн нь 2 том пиво авч өгсөнөөс Төгсбаяр (Эрдэнэтөгс), Наранбаатар нар хувааж уугаад, би машин бариад Наранбаатарыг 18 цаг өнгөрч байхад гэрт нь хүргэн өгсөн. ...Наранбаатар нь гэр бүлээ ганцаараа тэжээдэг, орой харихдаа нүүрс, түлээг нь дөхүүлж өгдөг байсан. Эхнэр нь ажил хийхгүй байнга л архидаж байдаг. Би 2-3 удаа гэрт нь очиж мөнгө өгч байхад эхнэр нь шууд архи аваад уучихаж байсан. Наранбаатар өмнө нь ганц хоёр удаа эхнэрээсээ салчихлаа гэж байсан ба эхнэр нь мөнгөтэй болохоор нь мөнгийг нь авч яваад дуусахаар нь хүрч ирдэг гэж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал),

11. Гэрч Н.Баттуулын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 23:55 цагт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитийн 66-03 тоотод дуудлаганд очоод задгай гэр рүү дуудлага өгсөн үү гэхэд гэр дотроос хаалгаа тайлаагүй Наранбаатар дуудлага өгөөгүй гэхээр нь танайх дуудлага өгсөн байна ш дээ гэхэд Наранбаатар одоо зүгээр болсон, унтаж байгаа гэхээр нь буцаад дараагийн дуудлагадаа явахаар машиндаа суутал араас нь охин нь /Уянга/ гүйж ирээд ээжийг үзээд өгөөч гэж гуйхаар нь орж үзтэл хохирогч баруун талын орон дээр хэвтэж байсан ба ухаангүй, 2 хүүхэн хараа нь жигд нарийссан, эвэрлэгийн рефлекс сул, биеийг нь цэвэрлэж, нойтон алчуураар арчсан, өмссөн хувцас, гар, нүүр нь чийглэг байсан. Тэгээд...ГССҮТ-д хүргэж ирсэн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал),

12. Түргэн тусламжийн дуудлагын № MCHD19052142 ...Бодит үзлэг:..Толгойн баруун чамархай хэсэгт 2 см язарсан шархтай, толгойн духны хэсэг хавдсан, амнаас цус гоожсон байдалтай байсан... хуудас (хавтаст хэргийн 60 дахь тал),

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийнх 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 3864 дүгээр шинжээчийн дүгнэлт:

...Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гэх арчдаст цус илэрч байна. Илэрсэн цус нь хүний цус мөн байна... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 106, 107 дахь тал),

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 3866 дугаар шинжээчийн дүгнэлт:

...1. Хэргийн газраас хураан авсан гэх саарал өнгийн металл сав /түмпэн/, хар өнгийн бариултай саарал өнгийн металл сав /кастрюли/, ягаан өнгийн цэцэгтэй гудасны углаа даавуу зэрэгт цус илэрч байна. ...илэрсэн цус нь хүний цус мөн байна.

2. Хэргийн газраас хураан авсан гэх саарал өнгийн металл сав /түмпэн/, хар өнгийн бариултай саарал өнгийн металл сав /кастрюли/, ягаан өнгийн цэцэгтэй гудасны углаа даавуу зэрэгт цус нь...эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоцтой байна. гэх дүгнэлт (хавтаст хэргийн 101, 102 дахь тал),

15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 3863 дугаар шинжээчийн дүгнэлт:

...Үзлэг болон шинжилгээний явц:...илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн...локусын аллелиар тогтоон шинжилэхэд...эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрч байна гэж дүгнэлт өгөх үндэслэл болов...ДҮГНЭЛТ

1. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн бэлтгэлийн өмд, цагаан саарал өнгийн футболканд цус илэрч байна....

2....Илэрсэн цус нь хүний цус мөн байна. Цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн...локусын аллелиар тогтоов. гэх дүгнэлт (хавтаст хэргийн 115-116 дахь тал),

16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 3007 дугаар шинжээчийн дүгнэлт:

...1.Шинжилгээнд ирүүлсэн бараан ногоон өнгийн өмдөнд 210мм, 230 мм-ийн хэмжээтэй ханзарсан уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр гарсан байна. Ханзарсан уранхай нь хэдэн удаагийн үйлчлэлээр гарсаныг тогтоох боломжгүй... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 112-114 дэх тал),

17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 826 дугаар актад:

Гадна үзлэг: ...Хамрын нуруу баруун тийш хуучин мурийлттай,...духны урд хэсгээр жижиг жижиг хүрэн зулгаралттай, ...хамрын нуруунд 2х3 см хүрэн цус хуралттай, доод уруулын дотор салстад мэс заслын оёдолтой хөхөлбөр ягаан өнгийн цус хуралт бүхий шархтай. Зүүн хацарт 4х4 см хүрэн, зүүн мөрөнд 2х2 см хөх, зүүн шилбэний өмнөд дээд дунд хэсэгт 4х4 см, 4х2 см, 4х3 см, 3х2 см, 3х1 см хүрэн цус хуралттай.

...Дотор эрхтэний шинжилгээ: Толгойн хуйхны дотор талд дух зулайн хуйханд 9х4 см хүрэн улаан цус хуралттай. Баруун чамархайн хуйханд 8х7 см хүрэн улаан цус хуралттай. Гавлын орой зулай хэсгийн шар хальсанд 3х3 см нимгэн хүрэн улаан цус хуралттай.

...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1. Гавал тархины битүү гэмтэл: Гавал тархины баруун, зүүн тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа. /2016.04.29-ний хатуу бүрхүүл доорх 180-200 мл цусан хурааг авсан хагалгааны дараах байдал/, зүүн тал бөмбөлөгийн зулайн эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, гавлын шар хальс, хуйханд цус хуралт, шарх.

2. Тархины хаван, дарагдал, зөөлрөл үхжил.

3. Нүүр мөчдөд цус хуралт зулгаралт, уруулд няцарсан шарх ДҮГНЭЛТ

1. 2. 3. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины баруун, зүүн тал бөмбөлөгийн зулай чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлөгийн зулайн эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, гавлын шар хальс, хуйханд цус хуралт, шарх, нүүр, мөчдөд цус хуралт, уруулд няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

4. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. 6. Гавал тархины гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, нүүр мөчдийн цус хуралт, зулгаралт, уруулын няцралсан шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи хавагнаж дарагдаж үхжиж нас баржээ гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 88-92 дахь тал),

18. Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Талийгаачийн биед учирсан гавал тархины баруун зүүн тал бөмбөлөгийн зулай чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлөгийн зулайн эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх цусан харвалт, гавлын шар хальс, хуйханд цус хуралт, шарх, нүүр, мөчдөд цус хуралт, уруулд няцарсан шарх гэмтэл нь 1-с дээш удаагийн хатуу мохоо зүйлийн цохих үед үүснэ. Хоолны саваар цохих үед үүсэх боломжтой. Талийгаач 03:50 цагт хагалгаанд ороход маш их хэмжээний цусан хураа толгойд үүссэн байсныг авсан байсан. Тэгэхээр маш хурдан хугацаанд их хэмжээтэй цус хурсан нь амь насыг аврах боломж багатай байсан. Тархийг 50 мл цус дарсан тохиолдолд тархи хавагнан, тархийг дарах боломжтой ба 180-200 мл цусан хураа нь тархинд шууд үхжиж зөөлрүүлсэн үхэлд хүргэсэн байна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84 дэх тал),

19. Шүүгдэгч Д.Наранбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өглөө 09 цагт босоход эхнэр маань архи уучихсан согтуу байхаар нь би үлдсэн архиа гаргаад ир гэж нэхэж байгаад тал шил архийг нь гаргуулаад хамт уусан. Манай эхнэр 11 цагийн үед дэлгүүр явж 0.75 граммын 1 шил архи авч ирээд бид хоёр ахиж хувааж уугаад манай эхнэр согтсон. Би согтохоор нь толгойг нь угаагаад 14 цагийн үед ажилдаа яваад 18 цаг өнгөрч байхад ирсэн. Би өдөр гэрээс гарахдаа тал шил архийг нь нуучихсан байсан чинь тэр архиа нэхээд элдвээр хэлсэн. Мөн хүүхэддээ хоол хийж өгөөгүй согтуу байсан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаад эхнэр...Одонцэцэгийг 19 цагийн үед...гараараа баруун шанаа руу нь нэг удаа шанаадаж унагаагаад, газар унасан байхад нь гуя...цээж рүү нь өшиглөсөн. Тэгээд хоолны төмөр кострул аваад толгой руу нь цохьсон байх толгойноос нь цус гарсан. Тэгээд би гэрээсээ...тал шил архийг нь 1-2 балгаад кармандаа хийж авч гудамж руу гараад доошоо алхаад явж байхад охин Уянга, хүү Одбаатар хоёртой тааралдсан. Миний охин дүүгээ аваад харьж бай, аав нь одоо ингээд араас нь очноо гэж хэлээд гудамжинд жаахан сууж байгаад тамхи татаад араас нь гэртээ ортол авгай шалан дээр үүд рүү харсан хэвтэж байсан. Нэг мэдсэн Баасандамба, Халиунаа...хоёр орж ирээд надтай юм яриагүй удаагүй буцаад гараад явсан. Тэгээд би Одонцэцэгийн толгойноос цус гарчихсан байхаар нь юм угаадаг түмпэн тосч байгаад толгойг нь угаагаад орон дээр гаргаж тавиад цээжийг нь арчсан сэрэхгүй байхаар нь тасраад унтсан юм байлгүй гэж бодсон. Толгойноос нь цус гараад тогтохгүй байсан. ...Тухайн үед эхнэр маань хурхирч байхаар нь унтаж байна гэж бодсон. Би хоёр бага хүүхдтэйгээ...тоглож байтал түргэний эмч орж ирэхэд нь түргэний эмчид үзүүлсэн чинь хүнд байна ш дээ гэж хэлэхээр нь хамт түргэний машинд суугаад гэмтлийн эмнэлэг ороод хэвтүүлсэн. Намайг цагдаа нар...үлээдэг юмаар үлээлгэхэд 0.95 хувь гэсэн тоо гарч байсан. Эхнэрийг зодох болсон шалтгаан нь намайг хөдөө явсан хойгуур хүүхдийн мөнгө аваад архи уучихсан байсан. Өмнөх өдөр нь 01 цагт ирэхэд согтуу байсан....Тухайн үед эхнэр маань гэмтэл бэртэлгүй эрүүл байсан. Би эхнэрээ зодож байхад манай хоёр бага хүүхэд байсан. ...Би ажлаасаа бууж орж ирэхэд эхнэр архи нэхээд тэгээд бид хоёр маргалдаад тал шил архи нэхэхээр нь би өгөөгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 151-153 дахь тал),

...Тэр үед хоол ундаа хийгээгүй, над руу агсараад мөнгө төгрөг авчраагүй, чи Сэлэнгэ яваагүй худлаа ярьсан байна, хаагуур янхандаад ирдэг юм гээд дайрсан. Тэгэхээр нь толгой руу нь хоолны бариултай төмөр саваар нэг удаа цохьсон. Тэгээд толгойгоо бариад суухаар нь гараад явчихсан. Гарч яваад..Уянгаа, Одбаатар хоёртой тааралдсан, хичээл тараад ирж явсан. Би Уянга, Одбаатар хоёрыг хариад байж бай, ээж чинь унтаж байгаа байх, битгий сэрээгээрэй гэж хэлээд явуулсан. Араас нь 10-20 минутын дараа 19 цаг өнгөрч байхад гэртээ ортол орныхоо хажууд эхнэр маань газар хэвтчихсэн байсан. Би өргөөд орон дээр тавихад толгойноос нь цус гарчихсан байсан. Би нүүр гарын алчуур норгоод толгойг нь арчаад, цээжийг нь арчаад орон дээр хэвтүүлсэн. Тэр үед гаднаас Баасандамба, Номиука хоёр орж ирээд Одонцэцэг эгч яасан юм бэ гэж асуусан. Би эгч нь согтуу байнаа гэж хэлсэн чинь тэр хоёр гараад явсан. ...Хоёр хүүхдэд хоол унд хийгээгүй, архи уучихсан, орж ирэхэд архи нэхээд, хөдөө явсан гэж худлаа ярьлаа гээд агсарч дайрахаар нь хоолны төмөр төмпөнгөөр толгой руу нь нэг удаа цохисон....Хөдөө явахын өмнө 3 хоногийн өмнө зодолдсон. Бас л архины гэр бүлийн маргаанаас болсон. Сүүлийн үед эхнэр байнга архи ууж байгаа. Архи их уудаг, мөнгө л олдвол уучихдаг  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 155-156 дахь тал),

20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 3073 дугаар дүгнэлт:

...1.Шинжилгээнд сэжигтэн Д.Наранбаатарын өмсөж явсан гэх хар, цагаан, цэнхэр судалтай цамцанд ханзарсан уранхай шинээр, цэнхэр өнгийн жинсэн өмдөнд товчны тасралт шинээр...гарсан байна... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 95-98 дахь тал),

21. Сэтгэцийн эрүүл мэндий үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 520 дугаар дүгнэлт:

Болсон хэргийн талаар, өөрийн үгээр: 2016 оны 4 дүгээр сарын 29-нд өглөө  09 цагт сэрэхэд эхнэр согтуу байсан. Тэгээд би 11 цаг хүртэл хүүхдүүдээ усанд оруулчихаад ажил руугаа явсан. 18 цагийн үед гэртээ ирэхэд бас согтуу байсан. Надаас архи нэхээд бид маргалдсан. Тэгээд би маргалдаж байгаад төмөр аваад эхнэрийнхээ толгой руу цохьсон. Тэгтэл эхнэр муужраад унасан. Тэгээд би гараад явсан. Тэгээд дэлгүүр орж 2 пиво авч уугаад эргээд гэртээ орж ирэхэд эхнэр орны урд унтаж байсан. Тэгээд өргөөд тавихад толгойноос нь цус гарч байсан.  Тэгээд толгойны цусыг нь угаасан...ДҮГНЭЛТ

1. Д.Наранбаатар нь сэтгэцийн ямар нэг эмгэггүй байна...

4. Д.Наранбаатар нь үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Д.Наранбаатар нь хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт (хавтаст хэргийн 118, 119 дэх тал),

 

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухайн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-10), Нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-19), цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20-22), хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтас хэргийн 24, 25), эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл (хавтаст хэргийн 5, 6), илтгэх хуудас (хавтаст хэргийн 31), албадан саатуулсан хүний бүртгэл, тэмдэглэл (хавтаст хэргийн 171-173),

-Хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 179), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 182) нас барсаны гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 183), Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтсэн өвчний түүх (хавтаст хэргийн 122-133), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, лавлагаа (хавтаст хэргийн 163, 166, 168, 169), Хүүхэд асруулах тухай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамж (хавтаст хэргийн 158), хүүхдүүдийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 160, 162),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 177), оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 199), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 170), шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 85, 86, 174-176, 186, 189, 192, 194) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Наранбаатар нь 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 19 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 66 дугаар гудамжны 03 тоотод гэртээ эхнэр Ш.Одонцэцэгтэй архи нэхэж элдвээр доромжиллоо, хүүхдүүддээ хоол хийж өгсөнгүй гэх хувийн таарамжгүй шалтгаанаар түүнтэй маргалдаж, улмаар Ш.Одонцэцэгийн шанаанд цохих, гуя, цээжинд өшиглөх зэргээр зодох явцдаа хоол хийх зориулалт бүхий төмөр саваар түүний толгойн тус газар нь цохин бие махбодид нь гавал тархины битүү гэмтэл буюу амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулан иргэн Ш.Одонцэцэгийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Шүүгдэгч Д.Наранбаатарын ..архиа нэхээд элдвээр хэлсэн. Мөн хүүхэддээ хоол хийж өгөөгүй согтуу байсан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаад эхнэр...Одонцэцэгийг 19 цагийн үед...гараараа баруун шанаа руу нь нэг удаа шанаадаж унагаагаад, газар унасан байхад нь гуя...цээж рүү нь өшиглөсөн. Тэгээд хоолны төмөр кострул аваад толгой руу нь цохьсон байх толгойноос нь цус гарсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 151-153 дахь тал),

...толгой руу нь хоолны бариултай төмөр саваар нэг удаа цохьсон. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 155-156 дахь тал),

- Сэтгэцийн эрүүл мэндий үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 520 дугаар дүгнэлт:

Болсон хэргийн талаар, өөрийн үгээр: ...18 цагийн үед гэртээ ирэхэд бас согтуу байсан. Надаас архи нэхээд бид маргалдсан. Тэгээд би маргалдаж байгаад төмөр аваад эхнэрийнхээ толгой руу цохьсон....ДҮГНЭЛТ

...4. Д.Наранбаатар нь үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 118, 119 дэх тал),

- Гэрч М.Номингийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Орой 22 цаг өнгөрч байхад Саруул-Эрдэнэ эгчийнх рүү явах замдаа Наранбаатар ахынхаар ороход Одонцэцэг эгч өмнө нь унтаж байсан орон дээрээ цаашаа хараад хэвтэж байсан. ...Одбаатар ээжийнхээ хажууд зогсож байхаар нь...ээж чинь яасан юм гэхэд аав ээжийг зодоод ээж үхчихсэн юм шиг байна, амьсгалахгүй байна гэсэн. Тэгэхээр нь би Одонцэцэг эгчээ гээд араас нь сэрээх маягаар хүрэхэд эгч хурхираад байсан. Би унтаж байна гэж бодоод гарах гээд эргэхэд Одонцэцэг эгчийн толгойн доод хэсэгт түмпэнд цустай ус байхаар нь яасан юм бэ гэж хүү Одбаатараас асуухад аав ээжийн толгойг хагалчихсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 826 дугаар акт,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн 2016 оны 3864, 3866 3863 дугаар шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ...шүүгдэгч Д.Наранбаатар нь үйлдэлдээ шууд санаатай халдсан хэдий ч тухайн үед гэмт хэрэг үйлдсэн сэтгэл зүйн хувьд санаа сэтгэл цочрон давчидсан үйлдэл байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйл ангиар зүйлчилж өгнө үү гэж... гэж мэтгэлцсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нь цочрон давчдаагүй буюу сэтгэцийн хэвийн байдлаа алдаагүй харин хохирогчтой маргалдан түүнийг цохих, өшиглөх зэргээр зодож бие махбодид нь олон тооны гэмтлүүд учруулсан буюу өөрийн үйлдлээ хянаж хүссэн үр дүндээ хүрсэн байх тул цочрон давчидсан гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Д.Наранбаатарыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр 91.1 дэх хэсэгт зааснаар хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх Д.Наранбаатарын гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Наранбаатар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар тогтоогдсон болно. (хавтаст хэргийн 170 дахь тал),

Шүүхээс шүүгдэгч Д.Наранбаатарт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг нь хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

 

Шүүгдэгч Д.Наранбаатар нь энэ хэргийн улмаас 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэл (хавтаст хэргийн 134, 136 дахь тал) нийт 117 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх тул түүний цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөнгөн цагаан материалтай хоолны сав 1 ширхэг, хар өнгийн бариултай төмөр материалтай хоолны сав 1 ширхэг, угаах зориулалттай төмөр сав 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон алчуур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг даалгаж шийдвэрлэв.

 

            Дээрх гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Наранбаатарын хүүхдүүд болох Н.Уянга, Н.Одбаатар, Н.Зоригтбаатар нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асуудлыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн байх бөгөөд Д.Наранбаатарын бага охин Н.Мөнхжинг асран хамгаалах хүсэлтийг (хх-165 ) хохирогчийн төрсөн эгч Ш.Мөнхзул гаргасан хэдий байгаа боловч хууль ёсны дагуу Н.Мөнхжингийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тухайн дүүргийн Засаг дарга шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд Н.Мөнхжингийн асран хамгаалагч, харгалзан дэмшигчийг томилох асуудлыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Дархижавын Наранбаатарыг хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Д.Наранбаатарыг 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Наранбаатарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Наранбаатарын цагдан хоригдсон 117 (нэг зуун арван долоо) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Наранбаатарын бага охин болох Н.Мөнхжинд асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

6. Шүүгдэгч Д.Наранбаатар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөнгөн цагаан материалтай хоолны сав 1 ширхэг, хар өнгийн бариултай төмөр материалтай хоолны сав 1 ширхэг, угаах зориулалттай төмөр сав 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон алчуур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисс-т даалгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Наранбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Наранбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ

 

                                    ШҮҮГЧИД                                           Г.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                                И.ГАНБАТ