| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2018/1284/Э |
| Дугаар | 1065 |
| Огноо | 2018-11-29 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Б.М |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 1065
Г.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнгөншагай,
шүүгдэгч Г.Т-ийн өмгөөлөгч П.Батжаргал, Х.Сэргэлэнбат,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч В.Ч, түүний өмгөөлөгч С.Баянмөнх,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.О,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.О, Б.Ө нарын өмгөөлөгч О.Алтангэрэл,
нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ/1404 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 24 дугаартай эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О, В.Ч, Б.Ө нар болон тэдгээрийн өмгөөлөгч О.Алтангэрэл, С.Баянмөнх нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Г.Т-д холбогдох 2017 0900 0362 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овгийн Г-ийн Т, 19... оны .. дүгээр сарын ...-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан хийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .... аймгийн .. сум, .. дүгээр баг, .., .. дүгээр байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............/;
Г.Т- нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Дархан аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар-Дархан чиглэлийн зам-д “.........” загварын ...... УБЧ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас Г.Б-ын жолоодож явсан “...........” загварын ........ УНЕ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч Ц.Б, Ё.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Ё.Ш, насанд хүрээгүй С.Х, С.А нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулан, зорчигч С.С, Г.Б, насанд хүрээгүй Б.Х нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Г.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Т-ийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 түүнээс олон хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Г.Т-ийг шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Г.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Г.Т- нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Т-эс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хугарч гэмтсэн сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгч Г.Т-ийн хамтран өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Т-ийн 672659 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О, В.Ч, Б.Ө болон тэдгээрийн өмгөөлөгч О.Алтангэрэл, С.Баянмөнх нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... 1. Шүүхийн шийтгэх тогтоол заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:
Шүүхээс Г.Т-ийг урсгал сөрж захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас гэмт хэрэг үйлдэгдэх болсныг тогтоосон боловч талийгаач Г.Бын урсгал сөрснийг хэрхэн яаж, тогтоосон үндэслэлээ бүрэн тайлбарлаагүй. Учир нь, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын үндэслэлээ болгон тайлбарладаг сиди бичлэгт “талийгаач урсгал сөрсөн гэдгээ өөрөө ярьсан” гэх тайлбар нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад бүрэн үгүйсгэгдэж тус бичлэгийг прокурор байтугай, шинжээч нар ч сонсоогүй, сэргэх боломжгүй устсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоож, энэхүү дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан байдаг.
Хэдийгээр шүүгч гэрчүүдийн мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл, гэрэл зургаар тогтоогдож байна гэж тайлбарлаж байгаа боловч тухайн байдлыг гэрчилсэн холбогдох гэрчүүд болох тухайлбал,Ё.Н, Ц.Б нар нь шүүгдэгчтэй ашиг сонирхол нэгтэй төрсөн ээж болон дотны найз нар нь юм. Ослын тэмдэглэлд тусгагдсан дугуйн мөрүүдийг тодорхойлох боломжгүй гэдэг нь шинжээчдийн удаа дараагийн дүгнэлтэд тусгагдсан “............” загварын автомашин осол болохоос 10.8 км-ээс ихгүй зайд өөрийн эгнээндээ явж байсан, харин эсрэг урсгалд орсон гэх ул мөр үлдээгүй байгаагаас тодорхой харагддаг.
Иймд талийгаач Г.Б-ыг эхэлж урсгал сөрснөөс осол болох үндсэн нөхцөл болсон гэдэг нь бүрэн тогтоогүй, тодорхой байдлаар үгүйсгэгдсэн асуудал тул шүүгчийн шийдвэрийн голлох үндэслэл болох учиргүй юм.
Мөн хавтас хэргийн 155 дугаар талд авагдсан Тээврийн хэрэгсэлд шинжилгээ хийсэн шинжээчдийн дүгнэлтээр осол болоход нөлөөлсөн нэг хүчин зүйл нь “..........” загварын автомашины урд тэнхлэгийн хоёр дугуйны хээ зөрүүтэй байсан нь хөдөлгөөний удаашрал зогсоох арга хэмжээ авахад нөлөөлөх хүчин зүйл болсон гэж тусгасныг шүүх хурлын асуулт, хариултын үед шүүгдэгч Г.Т-эс тодруулахад “тийм” гэж хариулсан болно. Энэ нь тухайн жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч тээврийн хэрэгслийн бүрэн, бүтэн байдлыг хангаж явах үүрэгтэй гэсэн захиргааны хэм хэмжээний актыг давхар зөрчсөн үйлдэл бөгөөд мөн шүүгч 80 км цагаас илүү хурдтай явж байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж шийтгэх тогтоолдоо дурджээ.
Иймд шүүгч дээрх нөхцөл байдлуудыг тодорхой мэдэж байсан ч үнэлэлгүйгээр орхигдуулсны улмаас амь хохирогч Г.Б-ыг гэм буруутай гэж үзсэн байна.
2. Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийг тооцохдоо Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ/1404 дугаартай шийтгэх тогтоолын 14 дэх талд “Уг гэмт хэргийн улмаас хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт учирсан хохирлын тал хувийг шүүгдэгч Г.Т төлж барагдуулах нь хууль болон шударга ёсонд нийцэхээр байна.” гэх үндэслэлээ Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Т-ийн хариуцах гэм хорын хэмжээг багасгах нь зүйтэй гэж үзэв гэж тайлбарлажээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж тодорхой заажээ.
Гэтэл хохирогч нарын хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу цуглуулж баримтаар гаргаж өгсөн бодит хохирлын тал хувийг шүүгдэгч Г.Т-эс гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүгч өөрөө дээрх Эрүүгийн хуулийн хохирол тооцох зохицуулалтыг буруу хэрэглэж, гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг үгүйсгэж амь хохирогч нас барсан этгээдэд үлдсэн тал хувийг хариуцуулахаар шийдвэрлэсэн нь нас барсан этгээдийг иргэний хариуцагч болгон Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хохирогч, хохирогчдын хууль ёсны төлөөлөгч нарын эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болжээ.
Дээрх Эрүүгийн хуулийн хохирол тооцох зохицуулалтыг шүүгч буруу хэрэглэснээс шүүгдэгч Г.Т-ийг хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан гэж үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлэн ногдуулах нэг үндэслэл болсон.
Иймд хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй амь хохирогчийг иргэний хариуцагч мэтээр үзэж, хохирлын тал хувийг хариуцуулахаар шийдвэрлэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дээрдүүлж, прокурорын 2 жилийн ял ногдуулах саналыг 1 жил болгон өөрчлөн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.
3. Ялын бодлого, Эрүүгийн хуулийн ял оногдуулах үндэслэл зарчимд нийцээгүй хэт зөөлөн ялыг шүүх оногдуулсан тухайд:
Монгол Улсын шүүхээс Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн буюу 2017 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс хойш нийт 23 шийтгэх тогтоолоор /1 шийтгэх тогтоол хүчингүй болсон./ Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар ял оноожээ.
Эдгээр 23 тохиолдлоос ижил төрлийн 2 тохиолдлыг авч үзвэл тооны хувьд шүүгдэгч Г.Т-тэй ижил буюу 8 хохирогчтой хэрнээ 2 хүний амь хохирсон 1 тохиолдлыг Сэлэнгэ аймгийн шүүх 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шийдэж, гэм буруутай этгээдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хорих ялаар шийтгэсэн бол шүүгдэгч Г.Т-ийн хэрэгтээ яг адил заалтаар буюу Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дугаар зүйл буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалд орохыг хориглоно.” гэсэн заалтаар яллагдагчаар татагдсан нэгэн хэргийг Орхон аймгийн шүүх 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр шийджээ. Шүүхээс шүүгдэгчийг 2 хүний амь насыг хохироож, 6 хүнд хүнд хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцон боломжит бүх хөнгөрүүлэх нөхцөлийг харгалзан үзэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Т-ийг 3 хүний амь нас хохироож, 5 хүнд хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тогтоож, улсын яллагчаас оруулсан 2 жилийн хорих ял, 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах саналыг шүүхээс 1 жил болгон бууруулан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хариуцлагын зарчим, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг судлалгүйгээр хэт зөөлөн ял ногдуулсан гэж үзэж байна.
Учир нь, шүүгдэгч Г.Т-ийн хувьд 3 хүний амь нас хохироож, 2 бага насны хүүхдэд хүнд гэмтэл учруулж, 3 хүнд хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэлдээ анхнаасаа хохирол, төлбөр барагдуулахдаа санаачлага гаргаагүй, эмнэлгийн тусламж үзүүлэх, гэм буруутай үйлдэлдээ гэмших сэдэлгүй, 1.3 жил огт холбоо тогтоогүй явдал нь ял шийтгэлийн оногдуулах үндсэн зарчим буюу тухайн гэмт хэргийг дахин үйлдэгдэх, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд олноороо эрсдэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхэд оновчгүй ял шийтгэл, ялын бодлогын хувьд шүүх хэт зөөлөн хандаж байна гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтад заасан “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасаж, 2-оос дээш 8 жил хүртэл хорих” ялаар шийтгэх зохицуулалтыг шүүх зөв, оновчтой сонгон эрх зүйт төр, шударга ёс, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчим, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцүүлэн тохирсон ял шийтгэл оногдуулж, хохирогч нарын хохирол төлбөрийг бодитойгоор тогтоож өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Б.Мөнгөншагай бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Г.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай” гэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа ... хугацааг тоолно” гэснийг зөрчсөн байх тул шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ/1404 дугаартай шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож, зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.О, Б.Ө нарын өмгөөлөгч О.Алтангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан байдаг. Энэ хэргийн улмаас 3 хүний амь нас хохирч, эд хөрөнгөнд хор уршиг учирсан. Гэтэл шийтгэх тогтоолд дурдахдаа Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж заасныг хэрэглэсэн. Шүүгчийн хэлсэн тайлбарыг шийтгэх тогтоолоос үзэхэд, зам тээврийн осол гарахад хохирогч Г.Б, шүүгдэгч Г.Т- нар нь харилцан 50 хувийн буруутай байна гэж үзсэн байдаг. Ямар шалтгааны улмаас хохирол үүссэн болохыг тайлбарлахгүйгээр хохирлын хэмжээг 50 хувь бууруулсан. Гэтэл талийгаач Г.Б-д гэм буруу ярих боломжгүй бөгөөд өнөөдөр гэм буруу нь тогтоогдсон Г.Т- гэж хүн байгаа. Гэтэл талийгаачийн гэм бурууг тогтоосон юм шиг хандлага гаргаж Иргэний хуулийн тус заалтыг хэрэглэж, хохирлын хэмжээг багасгасан нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүхээс дээрх заалтыг баримталсан нь эрүүгийн олон хэрэгт хохирлын хэмжээг үндэслэлгүй багасгаж болохоор болж байна. Шүүгдэгч Г.Т-ийн гэм бурууг шүүхээс тогтоосон учраас түүний учруулсан хохирлыг бүрэн төлүүлэх ёстой байсан. Гэтэл хохирлыг 50 хувь бууруулж, гэм бурууг хуваасан мэт шийдвэрлэсэн нь бидний үйлчлүүлэгчдийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж гомдол гаргасан. Мөн үйлчлүүлэгч нар сэтгэл санааны хохирлын хувьд гомдолтой байгаа гэдийг удаа дараа илэрхийлсэн. Шүүх дүгнэлт хийхдээ үүнийг харгалзаж үзээгүй. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч В.Ч-ын өмгөөлөгч С.Баянмөнх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Өөрөөр хэлбэл, шүүгч шийдвэр гаргахдаа Г.Т-ийг урсгал сөрж захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас гэмт хэрэг үйлдэгдэх болсныг тогтоосон боловч талийгаач Г.Бын урсгал сөрснийг хэрхэн яаж, тогтоосон үндэслэлээр бүрэн тайлбар, дүгнэлт гаргаагүй. Учир нь, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын үндэслэлээ болгон тайлбарладаг сиди бичлэгийг ямар хууль, журамд үндэслэн үнэлэх боломжгүй байгааг дурдаагүй. Г.Б урсгал сөрснийг хэргийн газрын үзлэг, гэрчийн мэдүүлгээр харагдаж байгаа гэдэг боловч ямар гэрчүүдийн юу гэж мэдүүлсэн мэдүүлэг дээр үндэслэсэн болохыг дурдаагүй. Шүүхээс Г.Бын гэм буруугийн асуудалд хайхрамжгүй хандаж, талийгаач Г.Б-ыг эхэлж урсгал сөрснөөс осол болох үндсэн нөхцөл болсон гэдэг нь бүрэн тогтоогүй, тодорхой байдлаар үгүйсгэгдсэн асуудал тул шүүгчийн шийдвэрийн голлох үндэслэл болох учиргүй юм. Анхан шатны шүүх орон нутгийн авто зам дээр 80 км цагаас илүү хурдтай явж байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж шийтгэх тогтоолдоо дурдахдаа өөрийн дүгнэлтийг өгөөгүй. Мөн тээврийн хэрэгсэлд шинжилгээ хийсэн шинжээчдийн дүгнэлтээр “осол болоход нөлөөлсөн нэг хүчин зүйл нь “Хьюндай Соната 7” загварын автомашины урд тэнхлэгийн хоёр дугуйны хээ зөрүүтэй байсан нь шарвалт, хөдөлгөөний удаашрал зогсоох арга хэмжээ авахад нөлөөлөх хүчин зүйл болно” гэж дүгнэсэн. Захиргааны хэм хэмжээний актын хэд хэдэн хүчин зүйлээр үндэслэсэн гэм буруугийн асуудалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй учраас хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоосон гэж үзэхэд эргэлзээтэй байна. Хохирлын тухайд хууль ёсны төлөөлөгч нар бүгд бодит хохирлоо баримтын хүрээнд гаргаж өгсөн. Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч Ё.Н нь шүүгдэгч Г.Т-ийн төрсөн эх бөгөөд хохирлоосоо татгалзсан байгаа. Ингээд хохирлын хэмжээг бодитой гаргаж өгч байхад, нас барсан этгээдэд тал хувийг нь хариуцуулсан байна. Тухайн этгээдийг юу гэж үзэж байгаа нь тодорхойгүй. Хэрвээ иргэний хариуцагч гэж үзэж байгаа бол тухайн үндэслэл, журмын дагуу явах ёстой. Хохирол тооцохдоо Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу хэрэглэж тайлбарласан гэж үзэж байна. Анх прокуророос 3 жилийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид хорих, 5 жилээр жолоодох эрхийг хасах санал гаргасан. Хохирол төлбөр төлөгдсөн гэдэг үндэслэлээр тухайн оногдуулах ялыг хөнгөрүүлж 2 жил хорих ял болгож оруулж ирсэн. Үүнийг шүүхээс 1 жил буюу тухайн зүйл ангийн хорих ялаас доогуур ял оногдуулсан. Үүнээс үзэхэд шүүх хангалттай хөнгөрүүлэх нөхцөл байна гэж харсан байдаг. Энэ нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан гэж үзэж хөнгөрүүллээ гэж бид үзэж байгаа. Хохирол төлбөр төлөх зохицуулагдах хуулийг буруу хэрэглэснээс болж хохирол төлбөр барагдуулаагүй байсан. Иймд энэ асуудал ял хөнгөрүүлэхэд нөлөөлөх ёсгүй байсан ба эсрэгээрээ ял хүндрүүлэх нөхцөл байдал болох байсан. Хэрэг гарснаар хойш 1 жил гаруй хугацаа өнгөрөхөд шүүгдэгч Г.Т-эс нэг ч удаа холбогдоогүй, эмнэлгийн тусламж үзүүлээгүй, хохирол төлөгдөх асуудалд ямар ч санаачлага гаргаагүй. Шүүх хуралдааны явцад бэлэн мөнгө гаргаж ирээд “би хохирлоо төлнө” гэж зүй бус авирласан. Тухайн гэмт хэрэгт тохироогүй ял оногдуулсан гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Хохирол төлбөрийн тал дээр шүүх анхаарч, хянаж шийднэ гэж бодож байгаа гэв. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Улсын яллагчийн гаргасан эсэргүүцэлтэй санал нэгтэй байна. Осол урсгал сөрснөөс болсон. 3 хүн нас барсан нь маш их хурдтай явснаас болсон гэж үзэж байна. Талийгаачийг урсгал сөрснийг гэрчүүд нь нотолсон мөртлөө нотлоод байгаа гэрчүүд нь Г.Т-ийг 110 км цагийн хурдтай явсан гэдгийг шүүхээс авч хэлэлцээгүй. Хохирол төлбөрийн асуудалд бид нар “Буян” компанийн оршуулгын зардал, будаалга хийсэн төлбөрийг баримттай нь гаргаж өгсөн. Гэтэл шүүхээс Г.Т-ийг гэм буруутай гэсэн мөртлөө хохирол төлбөрийг таллаж шийдсэн. Би 2 хүн оршуулсан. Ингэхдээ 1 хайрцаганд 2 хүн хий гэж байгаа юм уу. Би үүнийг ойлгоогүй учраас би үнэн зөвийг олуулах гэж байгаа юм. Мөн сэтгэл санааны хохирлыг Г.Т- болон түүний ар гэрээс барагдуулаагүй. Хэрэг гарснаас хойш 1.3 жил болоход бидэнтэй нэг ч удаа холбоо бариагүй мөртлөө, шүүхээс ял гуйх болохоороо бэлэн мөнгөтэй орж ирээд, өмгөөлөгч Х.Сэргэлэнбат байгууллагын цалин тавьж байгаа нягтлан шиг дуудаад “Б.Ө босч ирээд мөнгөө авчих” гэсэн хандлага гаргасан. Шүүгч бэлнээр ав гэж загнаж байсан. Үүнийг улсын яллагч харж байсан учраас мэдэж байгаа. Эцэст нь би хэлэхэд шүүгч шийтгэх тогтоол тайлбарлахдаа болон өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нар “Г.Т-д хэдэн жилийн ял оногдуулсан ч нас барсан хүмүүс босч ирэхгүй шүү дээ” гэж хэлсэн. Босч ирэхгүй ч гэсэн бид шударга ёсыг нэхэж байна. Хохирогчтой нь давхар ялладаг шүүх байдаг юм уу. Энэ талаар би шүүгчийг шүүгчийн ёс зүйн хороонд гомдол гаргана. Мөн давж заалдах шатны шүүхэд хандаж байгаа учир нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбатын алдаатай шийдвэрийг засуулах гэж гомдол гаргасан гэв. ....” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч В.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.
Шүүгдэгч Г.Т-ийн өмгөөлөгч П.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын гаргасан эсэргүүцэлд тусгай санал, няцаалт байхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдолд тайлбар хэлье. Хэдийгээр хохирогчоор тогтоогдсон боловч зарим хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар хэрэгт холбогдсон буюу зам тээврийн осолд буруутай гэж тогтоогдсон хүмүүсийг төлөөлж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн хооронд ашиг сонирхлын зөрчил харагдаж байна. Тийм учраас нэг цаасан дээр хамтарч гомдол гаргасан нь хэр үндэслэлтэй эсэх тал дээр шүүхээс анхаарч үзнэ гэж бодож байна. Жолооч Г.Б нь эхэлж Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, зам тээврийн осол гаргасан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэсэн утгатай гомдол гаргасан байна. Талийгаач Г.Б нь эсрэг урсгалд орсон гэдэг нь хэргийн газарт хийсэн үзлэгийг тэмдэглэл, фото зураг, ослын схем зураг, шинжээчийн 4 дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, нотлох баримтаар хурааж авсан тогтоолд сиди бичлэгт ярилцлагыг хурааж авсан цагдаагийн ажилтан Хурц гэдэг хүнийг гэрчээр байцааж авсан мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Г.Бын буруутай үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарсан. Монгол Улсад одоо үйлчилж байгаа хууль тогтоомжид нэгэнт нас барсан хүнд цаашид байцаан шийтгэх ажиллагаа явуулах, гэм бурууг нь тогтоох боломжгүй учраас энэ ажиллагаа явагдаагүй боловч шинжээчийн дүгнэлтээр энэ нь тогтоогдсон. Г.Б буруутай байна гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/” гэж, 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг заавал тогтооно” гэж заасан хуулийн шаардлагын хүрээнд дээрх дүгнэлтийг гаргасан. Шүүхээс Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан эрх хэмжээний хүрээнд хохирлын хэмжээг гаргасан гэж үзсэн. Иргэний хуулийн 467 дугаар зүйлийн 467.3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заасан учраас хэдийгээр шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор тогтоогдоогүй боловч талийгаач Г.Б гэм буруутай нь тогтоогдсон. Иймд нөгөө этгээдэд оногдох хувийг Г.Т-д оногдуулах нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж шүүхээс хохирлын 50 хувийг тогтоосон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Ял хөнгөдсөн асуудалд Г.Т-ийн хувьд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. Харин хөнгөрүүлэх нөхцөл хангалттай тогтоогдсон байдаг. Тухайлбал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн нь энэ осол гарах үндсэн шалтгаан, нөхцөл болсон гэдгийг онцлон дурдаж байна. Мөн түүнчлэн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нөхцөл байдлыг төсөөлж, андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөлд орно гэж үзэж байна. Учир нь, урсгал сөрж орж ирсэн автомашинаас зайлсхийгээд зүүн тийш дарсан тохиолдолд нөгөө автомашин буцаж урсгалд орно гэдгийг тооцоолох боломжгүй байсан. Автомашин урсгал сөрж орж ирэхийг харж тормоз гишгэх 14.8 метрийг шинжээч шүүх хуралдаанд тайлбарлахдаа “энэ хугацаа нь осол гаргасан хугацаа нь 1 секундээс бага хугацаанд болсон” гэж тайлбарладаг. Мөн шинжээчийн дүгнэлтэд “самбаачлах хугацаа 1.5 секунд байдаг, энэ хугацаанд 50 км цагийн хурдтай автомашинд 21 метр, 70 км цагийн хурдтай автомашинд 29 метр явчих хугацаа байгаа” гэдэг. Гэтэл тормоз гишгэснээс хойш 14.8 метр яваагүй буюу 1 секундийн дотор осол гарсан буюу ямар нэгэн самбаачлах хугацаа, аюул ослыг үнэлж дүгнэх боломж Г.Т-д байгаагүй. Гэхдээ Г.Т- тормоз гишгэж, зүүн тийш дарсан ба 1 секундээс бага хугацаанд осол гарсан байдаг. Энэ нөхцөл байдлуудыг шүүхээс харгалзан үзсэн. Учир нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно.” гэж заасан байгаа. Энэ осол нь санаатай бус болгоомжгүй үйлдэл гэдгийг шүүхээс үндэслэлтэй зааж өгсөн. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өөрт оногдуулсан хохирлын хувийг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж, хорих ялаас доогуур ял оногдуулсан нь хууль ёсны буюу шударга шийдвэр болсон. Энэ нь шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй бөгөөд нотлох баримтад тулгуурласан, хууль ёсны болсон тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Т-ийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5 дахь заалтад зааснаар шүүх Г.Т-ийг гэм буруутай гэж тооцсон учраас бид 5 хоногийн завсарлага авсан. Завсарлага авсан хугацаанд Г.Т- өөрийн эгчээр банкнаас зээл авахуулж, тухайн төлбөрийг төлсөн. Төлөхдөө энэ мөнгө нь шүүх хуралдаан эхлэхээс өмнөхөн дансаар нь орж ирсэн. Дээрх нөхцөлөөс шалтгаалж шүүгдэгч бэлэн мөнгөтэй ирсэн. Ингээд миний бие хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О гэж хэн бэ гэх зэргээр асууж, та бүхэн мөнгөө авчих гэж хэлсэн болохоос биш, дээрх хэлсэн байдлаар хандаагүй гэдгийг шүүгч нар ойлгоорой. Тухайн шүүх хуралдаанд би тийм сэтгэгдэл үлдээсэн бол хохирогч нарт намайг уучлаарай гэж хэлмээр байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оын хэлснээр шүүгч болон Х.Сэргэлэнбат өмгөөлөгч нараас “Г.Т-д хэдэн жилийн ял оногдуулсан ч талийгаач босоод ирэх биш” гэж хэлсэн гэж байна. Өмгөөлөгч миний ёс зүйд хэзээ ч тийм үг гарах ёс зүй байхгүй. Харин ч би шүүх хуралдаанд үг хэлэхийн өмнө эдгээр хүмүүсээс 3 хүний амь эрсдсэн явдалд гүн эмгэнэл илэрхийлж, Г.Т- болон түүний ар гэрийнхний өмнөөс уучлалт гуйж байсан. Гэтэл өнөөдөр шүүгч болон Х.Сэргэлэнбат өмгөөлөгч нараас ингэж хэлж байна гэсэн нь ойлгомжгүй байна гэсэн тайлбартай байна гэв. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Г.Т- нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Дархан аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар-Дархан чиглэлийн замд “........” загварын ........... улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас Г.Б-ын жолоодож явсан “............” загварын ........... улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч Ц.Б, Ё.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Ё.Ш, насанд хүрээгүй С.Х, С.А нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулан, зорчигч С.С, Г.Б, насанд хүрээгүй Б.Х нарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.О /1-р хх-40-43, 2-р хх-236/, В.Ч /1-р хх-62-66, 2-р хх-198/, Б.Ө /2-р хх-237-240/, хохирогч Ё.Н /1-р хх-48-51/, Ё.Ш /1-р хх-52-55/, Ц.Б /1-р хх-56-59/, нарын мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 491 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-79/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 744 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-84-85/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9472 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-88-89/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 53 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-92-99/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 55 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-102-107/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 54 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-111-117/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11594 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-120-121/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11595 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-124-125/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 447 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-129-130/,
Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээчийн 026 дугаартай дүгнэлт /1-р хх-161-166/,
Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээчийн 025 дугаартай дүгнэлт /1-р хх-168-174/,
Техникийн шинжээчийн 92 дугаартай дүгнэлт /1-р хх-176-177/,
Техникийн шинжээчийн 399 дугаартай дүгнэлт /1-р хх-183-185/,
Техникийн шинжээчийн 558 дугаартай дүгнэлт /2-р хх-57-62/,
“Ашид билгүүн” ХХК-ийн автомашин, техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-64-71, 112-116/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-6/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-7-9, 10-15/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-16, 17, 18-19, 20/, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /1-р хх-21-22, 23, 24/, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-30-31/, цогцосонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-99, 108, 118/, хохирогч Ё.Ш-ын Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /1-р хх-131-160/, хохирогч Ц.Б, С.С, Г.Б, Ё.Ш нарын Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /1-р хх-217-225, 227-250, 2-р хх-1, 2-14, 16-29/, хохирлын баримтууд /1-р хх-189-192, 202-204, 2-р хх-34-42, 78-83, 200, 203-231, 244-250/, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-32/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /3-р хх-65-71/, хохирол төлбөр төлсөн баримт /3-р хх-164-167/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн заалтын дагуу хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 24 дугаартай “...тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Г.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай” гэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа ... хугацааг тоолно” гэснийг зөрчсөн...” гэх эсэргүүцэл, түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О, В.Ч, Б.Ө нар болон тэдгээрийн өмгөөлөгч О.Алтангэрэл, С.Баянмөнх нарын хамтран гаргасан “... амь хохирогчийг иргэний хариуцагч мэтээр үзэж хохирлын тал хувийг хариуцуулахаар шийдвэрлэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дээрдүүлж прокурорын хоёр жилийн хорих ял оногдуулах саналыг нэг жил болгон өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, техникийн шинжээчийн дүгнэлтүүд, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд болон хавтас хэргийн бусад нотлох баримтуудаас дүгнэн үзвэл, Г.Б нь “.......” загварын ........... улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа эсрэг урсгалд ороод буцаж өөрийн урсгалд орсон байх ба Г.Т- нь “.........” загварын, ......... улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчиж, өөрийнхөө эгнээнд явсан Г.Б-ын жолоодон явсан “.........” загварын ........... улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн үйл баримтаар гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байна.
Иймд Г.Т-ийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдэн гарсан, тэрээр гэм буруутай байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Анхан шатны шүүх Г.Т-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Учир нь, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөлд уг заалтыг хэрэглэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэж хуульчилсан байна.
Гэтэл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь эргэлзээтэй, бусдад учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлөөгүй, гэмт хэргийн хор уршгийг бүрэн арилгаагүй Г.Т-д Эрүүгийн хуулийг ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн нь буруу байна.
Г.Т-ийн буруутай үйлдлийн улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 3 хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан, энэ гэмт хэргийн улмаас 2 түүнээс олон хүний буюу 3 хүний амь нас хохирчээ.
Шүүх, гэм буруутайд тооцохдоо Г.Т-ийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан үйлдлийг гэм буруутайд тооцоогүй орхигдуулсныг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Анхан шатны шүүхээс Г.Т-д оногдуулсан ял шийтгэл нь түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Г.Т-ийн гэм бурууд тохироогүй төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэсэн давж заалдах шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Г.Т-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, олон хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, олон хүний амь нас хохирсон хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр хэмжээг харгалзан давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр Г.Т-д оногдуулсан ялыг хүндрүүлэхээр шийдвэрлэв.
Анхан шатны шүүхээс “... хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт учирсан хохирлын тал хувийг шүүгдэгч Г.Т- төлж барагдуулах нь хууль дээдлэх болон шударга ёсны зарчимд нийцэхээр байна. ...” гэж дүгнэн Иргэний хуулийн 514 дүгээр дүгээр зүйлийн 514.2 дахь хэсгийг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Г.Т-ийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, тэрээр гэм буруутай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж зааснаар шүүгдэгч Г.Т- нь бусдад учруулсан гэмт хэргийн хохирол, хор уршгийг бүрэн төлөх хууль зүйн үндэслэлтэй тул Г.Т-эс төлөгдөөгүй хохирол болох 11.543.414 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч В.Чд, 8.016.000 төгрөгийг Г.О, Б.Ө нарт, 189.947 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Бад тус тус төлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.
Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Т-эс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Анхан шатны шүүх нь “... Г.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. ...” гэж шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснийг прокурорын бичсэн “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа хугацааг тоолно” гэсэн эсэргүүцлийн дагуу зөвтгөн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ/1404 дугаартай шийтгэх тогтоолын
1 дэх заалтад: “Шүүгдэгч Т овогт Г-ийн Т-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 түүнээс олон хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Т овгийн Г-ийн Т-нийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 3 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 3 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
2 дахь заалтад: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох найман жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Г.Т-ийг шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Г.Т-ийг шийтгэсүгэй” гэж,
4 дэх заалтад: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Г.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Т-ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүний хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Т-эс нийт 19.749.361 /арван есөн сая долоон зуун дөчин есөн мянга гурван зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч В.Ч-д 11.543.414 төгрөг, Г.О, Б.Ө нарт 8.016.000 төгрөг, хохирогч Ц.Б-ад 189.947 төгрөгийг тус тус олгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
Ш.БАТ-ЭРДЭНЭ