Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 020/2013/0361/З |
Дугаар | 221/МА2015/0042 |
Огноо | 2015-01-21 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2015/0042
2015 оны 1 сарын 21 өдөр | Дугаар 42 | Улаанбаатар хот |
УБ ТӨХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагч Ё.Э, Ш.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 505 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Ё.Эгийн гаргасан давж заалдах гомдлоор УБ ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Ц, Х.Д, Г.Б, Ё.Э нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.М-ын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч УБ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч МТ ХХК болон Ц.Мнар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэхүү шалгалтаар илэрсэн 43.241.411.4 мянган төгрөгийн зөрчилд 930.638.4 мянган төгрөгийн нөхөн татвар, 488.115.5 мянган төгрөгийн хүү, 456.506.0 мянган төгрөгийн торгууль, 217.262.2 төгрөгийн алданги, нийт 2.092.522.5 мянган төгрөгийн актыг тавьсан. Энэхүү актын зарим хэсгийг хүчингүй болгуулахаар Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын Маргаан таслах зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор 16.581.737.2 мянган төгрөгийн зөрчилд ногдох 255.491.4 мянган төгрөгийн нөхөн татвар, 270.896.8 мянган төгрөгийн хүү, 105.436.7 мянган төгрөгийн торгууль, 42.322.7 мянган төгрөгийн алданги, нийт 674.147.7 мянган төгрөгийн төлбөрийг хасч, 26.659.674.2 мянган төгрөгийн зөрчилд ногдох 1.418.374 мянган төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэж, актад өөрчлөлт оруулсан.
Татварын маргаан таслах зөвлөл нь зарим асуудлыг бүрэн шийдвэрлээгүй тул татварын
улсын байцаагчдын актын зөрчлийн жагсаалтын дараах хэсгүүдийг зөвшөөрөхгүй байна. Үүнд:
Элэгдэл зардлыг илүү тооцон, татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх зөрчлийн талаар: Тус компани нь төрийн өмчит компаний хувьд үндсэн хөрөнгийн элэгдлийг Засгийн газрын 2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 233 дугаар тогтоолын дагуу тооцож, санхүүгийн тайланд тусгадаг. Харин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд уг хуулийн дагуу тооцож тайлагнадаг. Тухайн зөрчил гаргасан оны элэгдэл, зардлыг дахин тооцож үзэхэд илүү тооцсон алдаа байхгүй. Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанаархэлэлцэж 2009 оны 68.927.4 мянган төгрөгийг хассан боловч 2008 оны үндсэн хөрөнгийн элэгдлийн тооцооллыг шалгаагүйгээс 2.873.880 мянган төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож шийдвэрлээгүй буюу буруу тооцсон байх тул татварын улсын байцаагчдын актын тогтоох хэсгийн 1.2-т заасан 2008 оны үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлын талаар акт тогтоосон 2.873.880 мянган төгрөгийг актаар тогтоосон төлбөрийн хэмжээнээс хасах ёстой. Татварын улсын байцаагчид нь 2008-2011 оны төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг тодорхойлохдоо 2.176.045.3 мянган төгрөгийн худалдан авалтыг хасч тооцоогүй гэж буруу тооцоолон 177.249.5 мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг Татварын маргаан таслах зөвлөл хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасныг зөрчиж байна гэж үзэж дээрх актын зөрчлийг зөвшөөрөхгүй байна.
2009-2010 онд өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газраас 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор эрчим хүчний байгууллагуудад төсвөөс татаас олгосон бөгөөд УБ ТӨХК-д 900.0 сая төгрөг хуваарилагдсан. Татварын улсын байцаагчид Засгийн газраас олгосон тусгай зориулалтын хөрөнгийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх борлуулалт байсан гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 дугаар тушаалаар батлагдсан НӨАТ-ын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам-ын 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасны дагуу тооцоогүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн үйлчлэх хүрээ нь иргэн, хуулийн этгээдийн импортлосон буюу экспортлосон бараа түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд НӨАТ ногдуулахад үйлчилдэг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д Бараа гэж мөнгөн хөрөнгөөс бусад бүх төрлийн хөрөнгийг, мөн хуулийн 4.1.8-д Үйлчилгээ гэж бараа борлуулах, мөнгөн гүйлгээ хийхээс бусад аливаа үйл ажиллагааг,4.1.1-д борлуулалт гэж барааг бусдын өмчлөлд төлбөртэйгөөр шилжүүлэх, ажил үйлчилгээг төлбөртэйгөөр гүйцэтгэхийг ойлгохоор хуульчилсан. Гэтэл улсын төсвөөс олгосон татаас буюу мөнгийг бараа гэдэг ойлголтод хамруулж татвар ногдох орлого гэж үзэж, хувь тэнцүүлсэн нь үндэслэлгүй.
Учир нь Улсын төсвөөс олгосон тусгай зориулалтын мөнгөн хөрөнгө нь бараа, ажил үйлчилгээнд хамаарахгүй тул татвар ногдох орлого биш юм. Тус компани 2010 онд 81.173.583.4 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн бөгөөд энэ нь бүхэлдээ үндсэн үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар хийсэн худалдан авалт байсан.
Харин Засгийн газраас олгосон тусгай зориулалтын хөрөнгийг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар цахилгаан дулааны үйл ажиллагаанд зарцуулсан болохоос ямар нэгэн бараа худалдан авах болон борлуулалтанд зарцуулаагүй. Засгийн газрын үнэ бууруулна гэсэн шийдвэрийн эсрэг татварын байцаагч нар ажиллаж, олгосон татаасыг буцааж орлогын болон Нэмэгдсэн өртгийн албан татварт авах нь улсын орлогод л орох асуудал. Татварын байцаагчид 900 сая төгрөгийн худалдан авалттай холбоотой шалгаж тогтоогоогүй,баримтгүй зүйл хэлж, хувь тэнцүүлсэн байдлаар татвар ногдуулж, зөвхөн төлбөр хариуцуулах зорилго агуулж акт тавьсан.
Иймд татварын улсын байцаагчийн актын тогтоох хэсгийн 1.8-д заасан зөрчлийн 103.320.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 30.996.3 мянган төгрөгийн торгууль, 36.825.6 мянган төгрөгийн алданги, нийт 174.016.68 мянган төгрөгийг актаар тогтоосон төлбөрөөс хасуулж, төлбөрийн хэмжээг багасгаж өгнө үү. гэв.
Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Ц, Ё.Э болон
тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...УБ ТӨХК-ийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг жагсаалт бүрээр авч үзвэл: Зөрчил 1-ийн тухайд: 2008 онд элэгдлийн зардлыг санхүүгийн тайланд Засгийн газрын 2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 233 дугаар тогтоолын дагуу элэгдлийг тооцсон боловч Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулахдаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.5, 13 дугаар зүйлийн 13.2-д заасны дагуу шулуун шугамын аргаар элэгдлийг тооцох ёстой байсныг зөрчиж, тайлангаа гаргаж, элэгдлийн зардлын зөрүүг Түр зөрүү-ээр бүртгэж, татвар төлөхийн өмнөх ашгийг нэмэгдүүлэх залруулга хийлгүй орхигдуулсан нь Сангийн сайдын 2010 оны 121 дүгээр тушаалаар батлагдсан Санхүүгийн болон орлогын албан татварын үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах журам-д зааснаар шулуун шугамын аргаар тооцоход санхүүгийн тайлангаар элэгдлийн хэмжээ буурч, татвар ногдох орлогын хэмжээгнэмэгдүүлэх нөлөөлөл үзүүлэх ёстой байсан.
Зөрчил 11-ийн тухайд: 2008-2011 онуудад чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалтыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6, 13.6.12, 14 дүгээр зүйлийн 14.7, Сангийн сайдын 2009 оны 283 дугаар тушаалаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбоотой харилцааг зохицуулах журам-ын 5.1.3-д заасныг үндэслэсэн. Өөрөөр хэлбэл төрийн өмчит хуулийн этгээд нь ашгийн төлөө ажилладаг бөгөөд эрчим хүчний өртөг буюу ашиг нь хохиролтой /алдагдалтай/ байсан учир эрчим хүчний үнийг өсгөхгүй байхын тулд УИХ, Засгийн газраас үнийг хязгаарлах талаар шийдвэр гаргаж, санхүүгийн дэмжлэг үзүүлж, борлуулалтын орлогын зөрүүг татаас хэлбэрээр нөхөж олгосон. Өөрөөр хэлбэл борлуулалтын орлогын дутууг Засгийн газраас нөхөж авсан. Дээрх орлого орж ирснээр үнэ тарифийгбууруулсан байдаг. Тухайн аж ахуйн нэгж нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч учир борлуулалтын орлогоор худалдан авсан бараа үйлчилгээнд нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан. Нэхэмжлэгч нь татаасаар орж ирсэн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй, чөлөөлөгдсөн орлого гэж тайлагнасан атлаа түүнтэй холбоотой худалдан авалтын НӨАТ-ыг хассан нь орлого зарлагын уялдаатай байх олон улсын зарчимтай зөрчилдсөн. Иймд нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна.
УБ ТӨХК нь жил бүр буруу бүртгэл хийдэг, үүнээсээ болж алдаатай тайлан гаргасан зэрэг олон татварын зөрчил байсан. Тодорхой зөрчлүүдээ хүлээн зөвшөөрөх ёстой. гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 505 дугаар шийдвэрээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.5, 13 дугаар зүйлийн 13.1,13.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 4.1.8, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч УБ ТӨХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 210183 дугаар актаар тогтоосон төлбөрийн хэмжээнээс актын тогтоох хэсгийн 1.2-т заасан 2008 оны үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлыг илүү тооцон, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд ногдуулсан 1596.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 478.98 мянган төгрөгийн торгууль, 798.3 мянган төгрөгийн алданги, актын тогтоох хэсгийн 1.8-д заасан нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийж тооцсон гэх зөрчилд ногдуулсан 103.320.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 30.996.3 мянган төгрөгийн торгууль, 36.825.6 мянган төгрөгийн алданги, нийт 174.016.68 мянган төгрөгийн төлбөрийг хасч, багасгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Ё.Э давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2-т ...Хариуцагч татварын улсын байцаагч нар нь төсвөөс олгосон 900.0 сая төгрөгийн санхүүжилтийг борлуултын орлого гэж үзсэн нь хууль бус болжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Засгийн газраас олгосон татаас буюу санхүүжилтийг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа буюу үйлчилгээ гэж үзэхээргүй байна. ...Уг санхүүжилтийг төрийн үйлчилгээнд хамруулах боломжтой. ...борлуулалтын орлого биш бөгөөд нөгөө талаас үнийн зөрүү, үндсэн үйл ажиллагааны урсгал зардлыг санхүүжүүлэхэд чиглэсэн тул уг санхүүжилтээр худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх тухайн төрлийн татвараас хассанаар нэхэмжлэгчид татварын бодит хөнгөлөлт болох учраас 1,033,209,8 мянган төгрөгийн худалдан авалтыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсоныг буруутгах үндэслэлгүй байна. гэж үзэн УБЦТС ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж татварын улсын байцаагчийн 210183 дугаар актын тогтоох хэсгийн 1.2-т заасан 2008 оны үндсэн хөрөнгийн элэгдлийг илүү тооцон татвар ногдох орлогын дүнг бууруулсан зөрчилд ногдуулсан 1596,6 мянган төгрөгийн нөхөн татвар, 478,98 мянган төгрөгийн торгууль, 798,3 мянган төгрөгийн алданги, мөн актын тогтоох хэсгийн 1.8-д заасан нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийж тооцсон гэх зөрчилд ногдуулсан 103,320,9 мянган төгрөгийн нөхөн татвар, 30,996,3 мянган алданги нийт 174,016,68 мянган төгрөгийн төлбөрийг хасч багасгахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.
Татварын улсын байцаагчийн 210183 дугаар актын тогтоох хэсгийн 1.2-т заасан 2008 оны үндсэн хөрөнгийн элэгдлийг илүү тооцон татвар ногдох орлогын дүнг бууруулсан зөрчил нь татварын хяналт шалгалтын явцад баримт анхан шатны бүртгэл тооцооллоор нотлогдсон байсныг шүүх хурал дээр байцаагч нар удаа дараа хэлж тайлбарласан. Татвар төлөгч маргааныг шийдвэрлэх дараагийн шатны хурлуудад тайлбар гомдол гаргахдаа шалгалтын файлыг засварлан тооцооллыг өөрчилсөн, мөн үндсэн хөрөнгийн бүртгэлийн ангиллыг өөрчилсөн байна. Мөн актын тогтоох хэсгийн 1.8-д заасан нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийж тооцсон гэх зөрчилд тухайн төрлийн татварын хууль тогтоомжоор бүрэн зохицуулагдсан хуулийн утга санааг нь төр тайлбарлагдсан байгаа тул эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн уг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу цуглуулж, хэрэгт авагдаагүй баримтад шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлд ... 2008 оны үл хөдлөх хөрөнгийн элэгдлийн зардлыг илүү тооцсон алдаа байхгүй ... гэх бөгөөд хариуцагч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу элэгдлийн зардлыг шулуун шугамын аргаар тооцоогүй, санхүүгийн тайланд тусгасан элэгдлийн зардлын зөрүүг бүртгэж, залруулга хийлгүй татвар ногдох орлогыг бууруулсан гэж үгүйсгэсэн тайлбар гаргажээ.
Анхан шатны шүүх ... 2008 оны санхүүгийн тайлан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. ... санхүүгийн тайлангаар 1.966.327,7 мянган төгрөгийн элэгдлийн зардал, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 1.852.359,9 мянган төгрөгөөр тооцон татвар ногдох орлогоос хассан байх тул... гэж дурдсан боловч хэрэгт тус компани 2008 оны элэгдлийн зардлыг хэрхэн тооцсон, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу шулуун шугамын аргаар тооцсон эсэх талаарх баримт, санхүүгийн болон татварын тайлангууд авагдаагүй, шинжээч нь хэрэгт авагдсан ямар баримтад шинжилгээ хийж дүгнэлт гаргасан нь тодорхойгүй байна.
Мөн нэхэмжлэлд ... улсын төсвөөс олгосон татаас нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан бараа, үйлчилгээний алинд ч хамаарахгүй, татвар ногдох орлого биш ... гэж, хариуцагч тайлбартаа ... татаасаар орж ирсэн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй, чөлөөлөгдсөн орлого гэж тайлагнасан атлаа түүнтэй холбоотой худалдан авалтын НӨАТ-ыг хассан нь орлого, зарлагын уялдаатай байх зарчимтай зөрчилдсөн гэж маргажээ.
Тус компанид 900,0 сая төгрөгийн татаас олгосон гэх Засгийн газрын 2010 оны 07 дугаар тогтоол, тус компанийн санхүүгийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, холбогдох баримтууд хэрэгт авагдаагүйгээс уг татаасыг тайландаа хэрхэн тусгасан, татаасын зорилго нь юу болох, нэмэгдсэн өртгийн албан татварын хууль зөрчсөн эсэх талаар хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.
Хэрэв нэхэмжлэгчийн тайлбарласнаар уг татаас нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, үйлчилгээ биш бол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу чөлөөлөгдөх үндэслэлгүй.
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй атлаа хэрэгт авагдсан мэтээр дүгнэлтүүд хийж хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна гэж заасныг зөрчсөн байна.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 505 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ