Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2064

 

Г.Жийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/01721 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч Г.Жийн, хариуцагч Ц.Эт холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзаж гэрээгээр шилжүүлсэн 14 682 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ц.Эээс 14-33 УНЯ улсын дугаартай, “Хьюндай верна” маркийн цагаан өнгийн суудлын автомашиныг 20 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон, урьдчилгаанд 1 500 000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгч, 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 14/33 дугаар Автомашины түрээсийн гэрээг байгуулсан.

Улмаар гэрээний үлдэгдэл төлбөр 18 500 000 төгрөгийг 3 жил 2 сарын хугацаанд багтаан төлөхөөр талууд тохиролцож, гэрээний 2.2-т заасны дагуу 2014 оны 12 дугаар сарын байдлаар нийт 13 182 000 төгрөгийг төлсөн. Гэтэл 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр худалдагч Ц.Э нь манайд ирээд “яаралтай мөнгө хэрэг болоод байна. Би автомашиныг чинь 7 хоногийн хугацаатай ломбарданд тавиад буцаагаад өгнө, надад туслаач” гэж гуйсан. Урьд нь Ц.Э нь нэг удаа ломбарданд тавиад авч өгч байсан учраас автомашинаа түүнд өгсөн боловч Ц.Э нь миний автомашиныг буцааж өгөөгүй бөгөөд Ц.Э нь автомашиныг ломбарданд байх хугацаанд нь төлбөр төлсөнд тооцоё гэж 2015 оны 01 сараас 4 дүгээр сарын төлбөр болох 968 000 төгрөг төлсөн гэсэн баримт хийж өгч байсан.

Ингээд 2015 оны 4 дүгээр сараас хойш тэдний холбоо харилцаа тасарсан. Г.Ж нь Цагдаагийн байгууллагад хандаж байсан. 2015 оны 5 сард ломбардны хүнтэй уулзахад “...Ц.Э нь үүргээ цаг тухайд нь биелүүлээгүй тул автомашиныг худалдсан, та нар Ц.Этэй учраа ол, бидэнд хамаагүй” гэж хэлсэн. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний хугацаанд төлсөн төлбөр болох 14 682 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Г.Жтой 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр автомашин түрээслэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний явцад Г.Ж нь түрээсийн гэрээний 3.4 дэх заалтыг удаа дараа зөрчиж, орлогыг байнга дутуу тушааж байсан. Уг автомашины анхны үнэ 10 500 000 төгрөг бөгөөд Эрэл банкны лизингийн зээлээр авсан. Тухайн автомашиныг барьцаанд тавьж уг автомашины үлдэгдэл үнийг төлсөн. Г.Жийн тушаасан урьдчилгаа мөнгө нь тухайн автомашины үнэ, банкны хүүнд төлөгдсөн. Хотын дотор хувиараа болон такси үйлчилгээнд ажилладаг жолооч өдөрт 50 000 төгрөгөөс 70 000 төгрөгийн орлоготой ажилладаг. 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажлын 604 хоног, энэ хугацаанд Г.Ж нь 36 240 000 төгрөгийн орлого олж, үүнээс автомашины түрээсийн орлого болох 12 912 000 төгрөгийг хасахад 23 328 000 төгрөгийг 2 жил гарны хугацаанд өөртөө олсон. Г.Ж нь эхний хэдэн сар 500 000 төгрөг төлж байсан.

Г.Ж нь графикийн дагуу төлбөр төлөөгүй, орлого алдаж байсан. Мөн холбогдох баримтыг гаргаж өгсөн. Автомашиныг ломбарданд тавьснаас хойш Г.Ж дарамталж хаалга үүд нүдэж зохисгүй үйлдэл гаргаад байхаар нь орлогын баримт буюу төлбөр төлсөнд тооцсон тухай баримт бичиж өгсөн. Би Төрийн банкнаас зээл авч автомашинуудыг санхүүжүүлж байсан. Гэтэл Төрийн банкнаас санхүүжилт гаралгүй автомашинуудаа алдаад дууссан. Би Г.Жийг урьдчилгаа өгч байсан, автомашиныг нь хурааж авсан, ажилгүй гэж бодоод УБҮ 86-33 улсын дугаартай автомашиныг өгсөн. Гэтэл нэхэмжлэгч 3 сар Хөвсгөл рүү унаж яваад надад нэг төгрөг ч өгөөгүй, түрээсийн орлого ч барагдуулаагүй тул өөр компанид барьцаанд тавьсан автомашин учраас тухайн компанид өгөх шаардлагатай болж буцаан авсан. Г.Ж нь энэ автомашинаар 2 жил гэр бүлээ тэжээж, хэрэгцээгээ хангаж хангалттай хэрэглэсэн. Бидний хооронд байгуулсан гэрээ нь автомашины түрээсийн гэрээ бөгөөд нэхэмжлэгч гэрээний 3.4 дэх заалтыг зөрчсөн тул би автомашиныг буцааж авсан. Энэ гэрээ нь автомашины түрээсийн гэрээ юм гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Эээс 13 372 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Жид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 310 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 224 810 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 14/33 дугаартай автомашины түрээсийн гэрээ байгуулагдсаны үндсэн дээр 1 500 000 төгрөгийг барьцаанд өгч, “Зотлог хайрхан” ХХК-ийн дансанд орж, нэхэмжлэгч нь тус компанийн таксинд өдрийн 22 000 төгрөгийн орлого тушаахаар тохиролцсон. Гэрээнд түрээслүүлэгч талын үндсэн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах болон түрээслэгч талыг өөрийн өмч хөрөнгөтэй болгох гэж заасан боловч тухайн үед уг автомашин Эрэл банкны өмчлөлд бүртгэлтэй байсан.

Өөрөөр хэлбэл түрээслүүлэгч Ц.Эийн хувийн өмчлөлд байгаагүй бөгөөд “Зотлог хайрхан” ХХК-ийн эзэмшилд байсан. Уг автомашиныг би захиран зарцуулах, бусдын өмчлөлд шилжүүлэх эрхгүй. Нийт орлогын болон алдангид 971 670 төгрөг дутуу байсан. Уг автомашины анхны үнэ нь 10 500 000 төгрөг бөгөөд Эрэл банкны лизингийн зээлээр авсан автомашиныг барьцаанд тавьж, уг автомашины үлдэгдэл үнийг төлсөн. Г.Жийн тушаасан барьцаа болон орлого нь банкны хүүд төлөгдсөн.

Гэтэл шүүх Иргэний хуулийг зөрчиж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, нотариатаар баталгаажуулсан түрээсийн гэрээг шүүхийн шийдвэрээр өөрчилж, санхүүгийн түрээсийн гэрээ, автомашины худалдах-худалдан авах гэрээ болгон өөрчилж шийдвэрээ гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх шаардлагатай байна.

            Нэхэмжлэгч Г.Ж нь Ц.Эт холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн 14 682 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Зохигчдын хооронд байгуулагдсан 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 4/33 тоот автомашины түрээсийн гэрээгээр хариуцагч нь Верна маркийн 1433УНЯ улсын дугаартай автомашиныг Г.Жийн ашиглалтад шилжүүлж, нэхэмжлэгч нь урьдчилгаанд 1 500 000 төгрөг төлж,  үлдэх төлбөр болох 18 500 000 төгрөгийг 3 жил 2 сар 4 хоногийн хугацаанд өдөрт 22 000 төгрөг, сарын эцэст 484 000 төгрөг төлөхөөр тохиролцож, улмаар нэхэмжлэгч нь автомашиныг эзэмшилдээ авч түрээсийн хугацаанд нийт 14 682 000 төгрөг төлсөн байна.

            Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.1 дэх хэсэгт санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулахаас гадна мөн зүйлийн 313.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж хүчин төгөлдөр болохоор заажээ.

Талуудын байгуулсан гэрээний агуулгаас харахад Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээний шинжийг агуулсан байх боловч уг гэрээ нь мөн хуулийн 313 дугаар зүйлийн 313.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчжээ. Учир нь зохигчид гэрээндээ түрээсийн үнэ, гэрээний нийт үнэ хэд болох талаар, мөн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг төлж дуусгах журмыг заагаагүй байна. Иймээс мөн зүйлийн 313.4 дэх хэсэгт зааснаар талуудын байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээг хуульд заасан шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл байхад Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь алдаатай болжээ.

Хэлцэл хүчин төгөлдөр бус байх нь уг хэлцлээс үүссэн үр дагаврыг шаардах нэхэмжлэлийн үндэслэл болох тул зохигчдод Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах өөрөөр хэлбэл талууд өгсөн авснаа буцаан шилжүүлэх үүрэг үүснэ.

Нэхэмжлэгч Г.Ж нь хариуцагчийн автомашиныг 27 сарын хугацаанд эзэмшиж байсан үйл баримт тогтоогдсон учир шүүх түүнийг энэ хугацаанд хариуцагчийн олох байсан түрээсийн төлбөрийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэгчийн төлсөн 14 682 000 төгрөгөөс түрээсийн төлбөр, машины элэгдэл хорогдол зэргийг тооцоод машины үнийг хариуцагч Ц.Эээс гаргуулах нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцнэ.

Зохигчид автомашины үнийг тогтоолгох хүсэлт хэн аль нь гаргаагүй байх тул шүүх, хэрэгт цугларсан баримтын хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Хариуцагч Ц.Э нь Эрэл банкнаас 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр автомашин худалдан авах зориулалтаар 7 350 000 төгрөгийн зээл авч маргааны зүйл болох Верна маркийн автомашиныг авсан байх тул автомашины үнийг 7 350 000 төгрөг гэж тооцон, талуудын гэрээгээр тохирсон үнэ болох 20 00 000 төгрөгөөс хасч, мөн сар болгон төлж байсан төлбөрөөс /1 сарын 482 000 төгрөг/ түрээсийн төлбөр, машины үнийг дунджаар хувь тэнцүүлэн тооцоход нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт 324 000 төгрөг, машины үнэд 159 641 төгрөг төлсөн байна. Иймд хариуцагч Ц.Эээс машины үнэд 5 810 307 төгрөг /159 641 х 27 сар+ 1 500 000/ гаргуулан нэхэмжлэгч Г.Жид олгож, харин нэхэмжлэгч нь автомашиныг 27 сарын хугацаанд ашигласан учир энэ хугацааны ашигласан хөлсийг хариуцагчаас буцаан шаардах эрхгүй  гэж үзэн үлдэх 8 871 693 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд, дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/01721 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 313 дугаар зүйлийн 313.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Эээс 5 810 307 /таван сая найман зуун арван мянган гурван зуун долоон / төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Жид олгож, нэхэмжлэлээс үлдэх 8 871 693 /найман сая найман зуун далан нэгэн мянга зургаан зуун ерэн гурван/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “224 810” гэснийг “107 910” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 810 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                    Ч.ЦЭНД