Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 495

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 13-11 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ62012753, Дарни овогт Хөххүүхэний Бямбаагийн,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Бямбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Х.Бямбаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 онд төрсөн, 55 настай. Би 1978 онд Баян-Өлгий аймгийн Барилгын техник мэргэжлийн сургууль төгссөн ба 1980 оноос 1993 оны 6 дугаар сарыг дуустал Барилга угсралтын трестэд засалчин, будагчин, шаварчнаар ажиллаж байгаад 1993 оны 8 дугаар сараас Барилгын биржийн харьяанд шилжихэд тус байгууллагад бетон, армотурчнаар 1993 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан. 1994 онд гэр шатахад хөдөлмөрийн дэвтэр шатсан. Мөн Барилгын биржид ажилд орсон болон гарсан тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандах шаардлагатай болсон. Иймд миний 1993 оны 8 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал Барилгын биржид бетон, армотурчнаар ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Б.Нямаа, Ч.Уранчимэг нарыг гэрчээр асууж өгнө үү гэв.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Х.Бямбаа нь 1993 оны 8 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал Барилгын биржид бетон, армотурчнааражиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

         Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн цалингийн тодорхойлолтодХөххүүхэний Бямбаагийн 1993 оны 8 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал Барилгын биржид ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

          Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Нямаа, Ч.Уранчимэг нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Б.Нямаа Миний бие нь 1966 оноос 1995 он хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа үйлдвэрийн барилга контор буюу Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трест, Хийц ХХК-д армотурчнаар ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад Х.Бямбаа нь 1980 оноос эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестэд будагчин, шаварчнаар ажиллаж эхэлсэн. Увс аймгийн Барилга угсралтын трест нь 1992 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Барилгын бирж нэртэй болоход миний бие Хийц ХХК-д армотурчнаар ажиллахаар болж Х.Бямбаа нь Барилгын биржид ажиллаад үлдсэн юм. Х.Бямбаа нь биржид 1993 оны 8 дугаар сараас 1993 оныг дуустал бетон армотурчнаар ажилласан юм. Энэ 2 газар нь тус тусдаа боловч ерөнхий уирдлага нь нэг байсан бөгөөд бетон армотурчид хоёр ээлжээр ажилладаг байсан ба манай ХХК-ийн ажилчид үдээс өмнө, биржийн ажилчид үдээс хойш ажилладаг байсан. Тухайн үед Барилга угсралтын трестийн даргаар Батзул, Барилгын биржийн даргаар Ургамал гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Ч.Уранчимэг Миний бие нь 1975-1994 он хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа үйлдвэрийн барилга контор буюу Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трест, Барилгын биржид туслах барилгачнаар ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад Х.Бямбаа нь 1980 оноос эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестэд будагчин, шаварчнаар ажиллаж эхэлсэн. Увс аймгийн барилга угсралтын трест нь 1992 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Барилгын бирж нэртэй болсон. Х.Бямбаа нь тухайн үед үргэлжлүүлэн Барилгын биржид 1993 оны 12 дугаар сарыг дуустал бетон армотурчнаар ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалын хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

         Нэхэмжлэгч Х.Бямбаа нь 1993 оны 8 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал Барилгын биржид бетон, армотурчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Б.Нямаа, Ч.Уранчимэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

          Иймд нэхэмжлэгч Х.Бямбаагийн хүсэлтийг хангаж, түүний 1993 оны 8 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал Барилгын биржид бетон, армотурчнаар 5 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

         Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Дарни овогт Хөххүүхэний Бямбаагийн 1993 оны 8 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал Барилгын биржид бетон, армотурчнаар 5 сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Х.Бямбаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

                                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ