Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/283

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц,

хохирогч ******* ,         

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцов.  

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ын  М-д  холбогдох эрүүгийн 2210002750196 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ......... оны ....... дугаар сарын ..........-ний өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, эрэгтэй, ........... настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-.......... хамт Хан-Уул дүүргийн ...............тоотод оршин суух, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1333 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 4 сарын хорих ялаар шийтгэгдэж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 772 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, биечлэн эдлэх ялыг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 668 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт М-ын  М /РД:................/.       

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны орой Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны орцонд хохирогч ******* ыг “мөнгө нэхэж ирлээ, хаалга тогшлоо” гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа цохиж баруун нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.     

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

       Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг болсон өдөр оройн 22 цаг өнгөрөөд амрах гэж байхад хаалга хүчтэй нүдэж өшиглөөд орилж хашгираад байсан тул хүүхэд айсан. Намайг хаалга онгойлгоход хохирогч *******  эхэлж зүүн гараараа намайг цохиход нь би баруун гараараа цохитол газар унаад өгсөн. Би буцаж гэртээ ороод удаагүй байхад 2 цагдаа ирж намайг авч явах гэхэд хүүхэдтэйгээ 2-уулаа байсан тул “маргааш өглөө очъё” гээд салсан. Маргааш өглөө нь хохирогч *******  над руу “миний нүд хөхөрсөн, би эмчилгээ хийлгэмээр байна” гэж мессеж бичихэд нь би 2.855.000 төгрөг шилжүүлсэн. Намайг “мөнгө шилжүүлчих, цагдаад мэдүүлэг өгөхгүй” гэж шантаажилж байгаад мөнгө авсан. Удалгүй Хан-Уул дүүргийн  Цагдаагийн хэлтсээс намайг дуудсан. Хохирогч *******  гомдлоо аваагүй байсан. Хохирогч Б  өмнө нь миний нэр хүндэд халдаж миний иргэний үнэмлэхний зургийг сошиал орчинд тавьж “мөнгө өгвөл пост устгана” гэж дарамталдаг байсан. Мөн өөрийгөө “цагдаа” гэж айлын гэрт орсон байсан. Айлд орсон шалтгаан нь намайг хайсан байсан. Тухайн үед манай хүүхэд айгаад уйлж байсан учраас би гэр бүлээ хамгаалах ёстой. Би хүн рүү дайраагүй, гэр бүлээ хамгаалах зорилгоор хохирогчид гар хүрсэн. *******  нь манай компанийн төсөлд оролцож байсан. Тэр төсөл нь амжилтгүй болсон. Одоо тэр төсөл нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн шалгагдаж байгаа. *******  надад мөнгө өгсөн баримт байхгүй. Хэрэг гарсны маргааш нь би ******* од эмчилгээний төлбөрт 2.855.000 төгрөг өгсөн гэв.   

 

Шүүгдэгч *******-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ хүүгийн хамт байж байтал манай хаалгыг гаднаас үл таних хүн хүчтэй тогшсон. Тэгээд би “хэн бэ” гэж асуутал “М байна уу” гэж асуусан “тийм байна” гэж хэлтэл “Баатараа байна, чамтай уулзах гэсэн юм” гэхээр нь “би чамтай уулзах шаардлага байхгүй” гэж хэлтэл хаалга дахин хүчтэй нүдээд хүүхэд айлгаад байхаар нь би хаалгаа тайлтал надтай мөнгөний маргаан үүсгэсэн. Тэгээд би хаалгаа хаах гэтэл гэр рүү дайраад байсан. Тэгээд миний зүүн шанаа руу цохихоор нь би буцаагаад нэг удаа цохитол *******  газар унаад өгсөн. Тэгээд би шууд хаалгаа хаачихсан...” гэжээ /хавтаст хэргийн 39-43 дахь тал/

 

Хохирогч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би *******  гаас авлагатай байсан учраас 2022 оны 01 дүгээр сарын 15-ны орой гэрийн хаягаар нь очсон. Би хаалгыг нь тогшиход “тийм хүн байхгүй” гэж хэлсэн. Би *******-ийн хоолойг таниад дахин тогшиход “чи хэн бэ, яах гээд байгаа мангар бацаан бэ” гээд хаалгаа онгойлгоод миний нүд рүү цохисон. Тухайн үед миний нүд сонин болсон. Тэгээд  толгой руу 3-4 удаа, биеийн зүүн хэсэг рүү 1 удаа цохисон. Тухайн үед миний нүд хавдаж сайн юм харахгүй байсан. Хамраас цус гарсан учраас би байрны гадаа гарч цагдаад дуудлага өгсөн. Цагдаа удалгүй ирж *******-ийн гэр рүү орсон. Би тухайн үед байрных нь гадна хүлээж байсан. Цагдаа *******  г “авч явна” гэхэд “хүүхэд харах хүнгүй учраас  цагдаа руу явах боломжгүй” гээд яваагүй байсан тул би ганцаараа цагдаатай хамт явсан. Би *******-ийн гэрт  ороогүй, орцонд энэ үйл явдал болсон. ******* яагаад худал ярьж байгааг ойлгохгүй байна. Миний нүд хавдсан байсан учраас ахыгаа дуудаж машинаа бариулж гэртээ харьсан. Би эмнэлгийн төлбөр явуул гэж мессеж бичээгүй. Харин  *******-ийн компанийн төсөлд 1.000 доллар оруулсан мөн сургалт орно гэхэд дахин 200 доллар өөрийнх нь данс руу явуулж байсан. *******  гаас шилжүүлсэн 2.855.000 төгрөг нь өмнө надаас авсан мөнгөний тооцонд таарч байгаа. Иймд *******  гаас эмчилгээний зардалд 2.305.075 төгрөг нэхэмжилнэ гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2210002750196  дугаартай хавтаст хэргээс: 

1. Хохирогч ******* ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 4-10 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1927 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/     

Шүүгдэгч *******-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-43 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/, оршин суух газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 53 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 54 дэх тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 56 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 59 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.  

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.   

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны орой 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны орцонд хохирогч ******* ыг “мөнгө нэхэж ирлээ, хаалга тогшлоо” гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа цохиж хохирогчийн биед “баруун нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:     

 

Хохирогч ******* ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...******* надаас 3.500.000 төгрөг авч форексоор арилжаа хийнэ гэж авсан. Гэрээнд зааснаар 20 хувийн алдагдалтай бол  шууд зогсохоор заасан боловч бүх мөнгөө алдсан байсан. Тэгээд миний мөнгийг өгөхгүй оффисоо нүүлгээд гар утасаа салгаад таг алга болчихсон. Би Баянголын Цагдаагийн газар өргөдөл өгөхөд гэрийнх нь хаягийг зааж өгсөн. Би 2022 оны 01 дүгээр сарын 15-ны орой *******-ийн гэрт нь очиж мөнгөө авах гээд хаалгыг нь тогштол хаалгаа нээхгүй “тийм хүн байхгүй” гээд байсан. Би “чи мөн л байна ш дээ” гээд дахин хаалгийг нь тогштол хаалгаа нээгээд “чи ямар ядаргаатай байн байн хаалга тогшдог юм бэ” гээд миний зүүн нүд рүү 2 удаа цохисон. Мөн толгойн тус газар цохисон. Тэгээд хаалгаа хаагаад гэр рүүгээ орчихсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4-10 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1927 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. ******* ын биед баруун нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдуулахгүй.

5. Учирсан гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна /хавтаст хэргийн 19-20 дахь тал/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.   

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан. Шүүгдэгч ******* нь “*******  нь миний зүүн шанаа руу цохихоор нь би буцаагаад ******* ыг нэг удаа цохиход газарт унасан” гэж хэргийн үйл баримтын талаар маргасан боловч хэрэгт авагдсан баримтаар хохирогч *******  нь эхэлж *******  г цохьсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд хавтаст хэрэгт авагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримтуудыг үндэслэн прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-ийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.  

 

Шүүгдэгч *******  , хохирогч *******  нарын дунд “мөнгөний маргаантай” байсан ба 2022 оны 01 дүгээр сарын 15-ны орой хохирогч *******  нь шүүгдэгч *******  гаас авлагаа нэхэж гэрт нь очсон байна. Шүүгдэгч ******* нь хохирогч ******* ыг “мөнгө нэхэж ирлээ, хаалга тогшлоо” гэх шалтгаанаар нүүр рүү нь цохиж “баруун нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна. 

         Иймд шүүгдэгч *******  г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д  480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргав.

 

Шүүгдэгч ******* нь урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1333 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 772 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 668 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь ял шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 59, 66-76 дахь тал/-аар тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч  *******  г  нь урьд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэгдэж байсан хувийн байдлыг харгалзан улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д  мэдэгдэх нь зүйтэй.

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

Гэмт хэргийн улмаас хохирогч ******* ын бие махбодид “биед баруун нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн  гэмтэл учирсан ба хохирогч нь гэм хорын зардалтай холбоотой 2.305.075 төгрөгийн баримт гаргаж өгсөн ба шүүгдэгч ******* нь төлж барагдуулаагүй байна.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч ******* од шилжүүлэн өгсөн 2.855.000 төгрөгийг эмчилгээний төлбөрт төлсөн гэж, хохирогч *******  нь *******  гаас авсан 2.855.000 төгрөг нь “хөрөнгө оруулалт гэж өгсөн мөнгөө буцааж авсан” гэж тус тус маргав.

          Шүүгдэгч ******* нь хөрөнгө оруулалт нэрийдлээр авсан мөнгөө хохирогч ******* од буцааж өгөөгүйтэй холбоотой маргаан байсан бөгөөд *******  гаас ******* од шилжүүлэн өгсөн 2.855.000 төгрөгийг тэдний хоорондох хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой мөнгөө буцаан төлсөн гэж үзлээ.

           Харин хохирогч ******* ын эмчилгээний зардалд баримтаар нотлогдсон 2.305.075 төгрөгийг төлөөгүй гэж үзэхээр байна.  

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******  гаас 2.305.075 төгрөг гаргуулж хохирогч ******* од олгож шийдвэрлэсэн болно.         

 

Хохирогч *******  нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч *******  гаас нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгч  ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн М-ын  М     хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******  г 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д  мэдэгдсүгэй.

4.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******  гаас 2.305.075 төгрөг гаргуулж хохирогч ******* од олгосугай.    

5. Хохирогч *******  нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч *******  гаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.    

6. Шүүгдэгч  ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

  

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР