| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00445/и |
| Дугаар | 496 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 496
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багт оршин суух, 1957 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЖ57080410, Салдангууд овогт Дамбийн Батнацагийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батнацаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Батнацаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 онд төрсөн, 60 настай. Би 1974 онд 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймаг дахь Хөдөө аж ахуйн техникумд хуваарилагдан зоотехникчийн ангид орж суралцан улмаар 1980 онд зоотехникч мэргэжлээр төгсөн тухайн үеийн аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын шийдвэрээр Малчин суманд хуваарилагдан ирж мал зүйчээр 1993 он хүртэл ажилласан билээ. Ажиллах хугацаандаа тус сумын мал аж ахуйн гурван бригадад ажилласан. Улмаар Баяд омгийн хонин сүргийн үржлийн ажил дээр ажиллан Баяд үүлдэр болгосон ба улс даяар нэгдэл тартал тухайн Баянхайрхан багт ажиллаж байгаад 1993 оны 2 дугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн болно. Сумандаа Хөдөө аж ахуйн багуудад мал зүйчээр ажиллаж байх хугацааны төгсгөлд тус сумын Баянхайрхан багт 1991 оны 6 дугаар сарын 15-ны өдөр мал зүйчээр томилогдож, 1993 оны 2 дугаар сарын 20-нд уг ажлаас чөлөөлөгдсөн ба сумын Увс аймгийн Малчин сумын Мал эмнэлэг үржлийн албаны эрхлэгчийн уг хоёр тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандах шаардлагатай болсон. Иймд миний Малчин сумын Баянхайрхан багт 1991 оны 6 дугаар сарын 15-наас 1993 оны 2 дугаар сарын 20-ныг хүртэл мал зүйчээр ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Д.Гансүх, тухайн үед сумын Байгаль орчны хяналтын байцаагчаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ нарыг гэрчээр асууж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Батнацаг нь 1991 оны 6 дугаар сарын 15-наас 1993 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Мал эмнэлэг үржлийн албанд мал зүйчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 219 дүгээр архивын лавлагаанд: Увс аймгийн Мал аж ахуйн үржил слекцийн 1991, 1993 оны тушаалыг шүүн үзэхэд Дамбий овогтой Батнацагийн ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал гараагүй болно гэжээ.
Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн захиргаанаас Д.Батнацагт 1984 оны 2 дугаар сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ...1991 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянхайрхан багийн мал зүйчээр томилон ажиллуулав, 1993 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Баянхайрхан багийн мал зүйчийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэжээ.
Мөн Д.Батнацагт 1992 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр олгосон 871 дүгээр Тэргүүний нэгдэлчин үнэмлэхийн хуулбар хэрэгт авагдсан байна.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Бат-Эрдэнэ, Д.Гансүх нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрчБ.Бат-Эрдэнэ Миний бие нь Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд 1985-1991 он хүртэл гидротехникчээр ажиллаж байсан. 1991 оноос миний бие Малчин сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд одоог хүртэл ажиллаж байна. Д.Батнацаг 1991 оноос Малчин сумын Баянхайрхан багт мал зүйчээр ажиллаж эхэлсэн. Д.Батнацаг нь 1993 оны 2 дугаар сар хүртэл тус газарт мал зүйчээр ажилласан ба 1993 оноос мал эмнэлгийн байгууллагууд татан буугдсан. Миний бие Малчин суманд насаараа ажиллаж амьдарч байгаа бөгөөд тухайн үед мал эмнэлгүүд нь Засаг даргын тамгын газрын мэдэлд байсан учраас Д.Батнацагийн ажиллаж байсан байдлыг би сайн мэдэж байна гэж, гэрч Д.Гансүх Миний бие нь Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд 1982-1992 он хүртэл жолоочоор, энэ хугацаанаас хойш одоог хүртэл Малчин сумын захиргаанд жолоочоор ажиллаж байна. Д.Батнацаг 1991 оноос Малчин сумын Баянхайрхан багт мал зүйчээр ажиллаж эхэлсэн ба 1993 оны 2 дугаар сар хүртэл тус газарт ажилласан. 1992 онд нэгдэл тарсан тул мал эмнэлгийн байгууллагууд 1993 оноос татан буугдсан. Тухайн үед Малчин сумын Малчин нэгдлийн даргаар Батсүх гэх хүн ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Д.Батнацагт 1992 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр олгосон 871 дүгээр Тэргүүний нэгдэлчин үнэмлэхийн хуулбар нь Увс аймгийн Малчин сумын Мал эмнэлэг үржлийн албанд мал зүйчээр ажиллаж байсан байдалтай хамааралгүй байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
Нэхэмжлэгч Д.Батнацагийн 1991-1993 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн баримт Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй хэдий ч нэхэмжлэгч нь дээрх онуудад Увс аймгийн Малчин сумын Мал эмнэлэг үржлийн албанд мал зүйчээр ажиллаж байсан болох нь Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн захиргаанаас түүнд 1984 оны 2 дугаар сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Б.Бат-Эрдэнэ, Д.Гансүх нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Д.Батнацагийн хүсэлтийг хангаж, түүний 1991 оны 6 дугаар сарын 15-наас 1993 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Мал эмнэлэг үржлийн албанд мал зүйчээр 1 жил 8 сар 5 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Салдангууд овогт Дамбийн Батнацагийн 1991 оны 6 дугаар сарын 15-наас 1993 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Мал эмнэлэг үржлийн албанд мал зүйчээр 1 /нэг/ жил 8 /найм/ сар 5 /тав/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Батнацагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ