Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/473

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Ч.Батбаатар,

хохирогчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2203000000142 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт, Төв аймгийн Зуун мод ... дугаар баг, ... дүгээр гудамж, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ын Б /РД:.../

Холбогдсон хэргийн талаар/:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 22 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ шатахуун түгээх станцын зүүн урд замд “Тоёота акуа" маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө, зам орчны  байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо  аюул үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын зорчих хэсэгт хэвтэж байсан П.Э-г дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2022 оны 02 дугаар сарын 07-ны орой найзынхаа гэрт очихоор явж байгаад гэрийнх нь хаягийг тодруулахаар  Ханын материал руу явах замд “МТ” ШТС-ын зогсоол руу орж зогсоод утсаар ярьчхаад дөнгөж хөдлөхөд боржур дээгүүр гарч байгаа юм шиг юман дээгүүр гараад явсан ба би бууж харахад хүн дайрсан байсан. Би ШТС-н зогсоолоос хөдлөхдөө хараагүй, анзаараагүй. Ер нь тухайн зам дээр хэвтэж байсан хүнд тулж очоод зогссон байсан юм билээ, явахаас өмнө урд юм байгаа эсэхийг шалгаагүй. Би хохирогчийн эмчилгээний зардалд 1.400.000 төгрөг өгсөн. Би хохирогчид нэмж 1.5-1.9 сая төгрөгийг өгье гэхэд татгалзсан. Хохирогч нь надаас 6 сая төгрөг нэхэмжилсэн. Иймээс би хохирогчид ийм их мөнгө өгөх боломж муу учир баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлөөд явна, цаашид гарах зардлыг ч баримтаар төлөөд явах болно” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Б-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг шүүгдэгч төлсөн тул энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хоол хүн зээл зэрэг бусад зардлыг хангахгүй үлдээх, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх тухай” дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч нь “...шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдон тул гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй. Хохирол, хор уршиг нь Эрүүгийн эрх зүйн онолд хоёр тусдаа ойлголт. Хохирогчийн баруун хөлний дунд чөмөг хугарч гэмтсэн. Хохирогч өнөөдөр ч гэсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа. Хохирогчийн ээж нь тэтгэврийн зээл авч хохирогчийн эмчилгээнд зарцуулсан. Хохирогч осолд ороод ГССҮТ эмнэлэг, Манал-Оточ гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардлыг ч гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, гэмт  хэрэг үйлдэгдсэн цагаас эхлэн хор уршиг арилгах ёстой. Улсын яллагчаас урьдчилж хохирлыг тооцоод байгаа нь үндэслэлгүй, хөтлөгдсөн шинжтэй, шүүхэд нөлөөлж байна гэж харж байна. Уг асуудал нь шүүхээр тогтоогдох асуудал юм.  Иймээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд 6.553.239 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгөх. Мөн Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлийг барьж цаашид гарах зардлыг нээлттэй үлдээж өгнө үү”  гэсэн санал,

Шүүгдэгч Б.Б нь “...гэм буруу дээр маргахгүй. Харин хохирогчид 1.400.000 төлсөн, ахиад 1.5-1.9 сая төгрөгийг өгье гэхэд заавал 6 сая төгрөг авна гээд тохиролцож чадаагүй. Надад нэг дор өгөх ийм хэмжээний мөнгө байхгүй байна. Тиймээс эмчилгээний зардлыг баримтын хүрээнд төлөөд явах болно” гэсэн саналыг тус тус гаргав.

  Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:  

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 22 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  МТ шатахуун түгээх станцын  зүүн урд замд “Тоёота акуа" маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын зорчих хэсэгт хэвтэж байсан явган зорчигч П.Э-г дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

1.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт:

 “...Уг тээврийн осол болсон газар нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ шатахуун түгээгүүрийн газрын зүүн урд  замд үйлдэгдсэн, үзэгдэх орчин хангалтгүй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, эсрэг хөдөлгөөнтэй, явган хүний замтай, хашлагагүй зам байх ба  зорчих хэсгийн өргөн нь 14.4м, явган зорчигч мөргүүлсэн гэх А цэгээс зорчих хэсгийн урд хашлага хүртэл 7,2м ..., драгер багаж үлээлгэж жолооч Б.Б-ыг шалгахад 0,00%, явган зорчигч П.Э-г шалгахад 2.89% согтолттой байв”  гэж тэмдэглэгдсэн.  (хавтаст хэргийн 5-6, 7, 8, 9-10 дахь тал)

2.Хохирогч П.Э-гийн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 07-ны  өдөр найзтайгаа уулзаад 1 шил 0.75 литрийн  Хараа  нэртэй архи  хувааж уучхаад гэр лүүгээ  харихаар салж, такси бариад явж байгаад Дүүхээ 2-ийн  автобусны  буудал дээр  таксинаас  буугаад  зам хөндлөн гараад  такси барих гэж зогсож байснаа санаж байна,  тэгээд тасарсан юм шиг байна лээ,  хэсэг хугацаанд юм санахгүй байгаа юм. Гэнэт баруун хөл  маш их их өвдсөн,  тэгээд юу болов гээд сэрээд  хартал  хажууханд нэг машин  зогсож байсан. Би газарт зам дээр хэвтэж байсан, миний  хөл дээгүүр машин гарсан  юм шиг байсан. Тухайн автомашины жолооч намайг өргөөд  машинд суулгаад  гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөөд  үзүүлсэн. Би тухайн  үед согтсон  байсан учир босож явж чадахгүй, мөн хөл өвдөөд  гишгэж чадахгүй байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт хэвтээд 7 хоногийн дараа баруун хөл хэсэгтээ хагалгаа хийлгэсэн.  Гэмтлийн эмнэлэгт 14 хоног хэвтэж эмчлүүлсэн. Гэмтлийн эмнэлгээс гараад  Манал-оточ   нэртэй хувийн эмнэлэгт 6 хоног хэвтэж эмчлүүлсэн. Миний биед  ослын улмаас баруун хөлийн  дунд чөмөг хэсгээр хугарсан, бусдаар  өөр бэртэл гэмтэл болон биед ямар нэгэн шарх учраагүй. Миний эмчилгээний зардалд одоогийн байдлаар жолооч талаас нийт 1.400.000 төгрөгийн хохирол төлсөн. Би гомдолтой байна. Өөрийн биед хийгдэх эмчилгээний зардалд 6 сая төгрөг нэхэмжилж байна. Ажил  хийх чадвартай  болтол банкны  өрөө өгмөөр байна”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал)

3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2866 дугаартай шинжилгээ:

1.П.Э-гийн биед баруун дунд чөмөгний далд хугарал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх үед үүссэн айх боломжтой шинэ гэмтэл байна. Баруун дунд чөмөгний далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. (хавтаст хэргийн 60-61 дэх тал )  

4.Иргэний хариуцагч Э.Х-гийн: “...Тоёота акуа" маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх. Би тухайн ослын талаар мэдэхгүй осол болох үед хажууд нь байгаагүй. Бусдад учирсан хохирлыг  боломжоороо төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал )

5.2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн 213 дугаартай магадлагаа:

 “ Toyota Aqua маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө, зам орчны  байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо  аюул үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдож байна.

Явган зорчигч П.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12б  “...аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар  зорчих хэсэг дээр зогсох,  саатах, ... тээврийн хэрэгсэлд санаатайгаар саад хийх” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна” (хавтаст хэргийн 75 дахь тал)

6.Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн  шинжээчийн 67 дугаартай дүгнэлт: “... (хавтаст хэргийн 68-71 дэх тал)

7.ГССҮТ эмнэлгийн 1544 дугаартай өвчний түүх, Манал-оточ гэмтлийн эмнэлгийн  өвчний түүх (хавтаст хэргийн 91-98, 100-108 дахь тал)

8.Шүүгдэгч Б.Б-ын: “...Би 2022 оны 02 дугаар сарын 07-ны  орой 21 цаг өнгөрч байхад ханын материал руу найзындаа очихоор гэрээс гараад Ханын материал салдаг уулзварын хойд талд байрлах МТ шатахуун түгээх станцын зогсоол руу орж зогсоод найз руугаа залгаад 3-4 минут орчим утсаараа ярьчхаад дөнгөж хөдлөөд явах үед  машины дугуй нэг зүйл дээр гарсан. Тэгэхээр нь би гайхаад  замын хашлага давчих вуу  гэж бодоод машинаа  зогсоогоод  машинаас буугаад хартал зам дээр нэг согтуу тасарсан хүн хэвтэж байсан. Тухайн газарт хэвтэж байсан хүний  хөл дээгүүр миний  машины баруун талын дугуй хэсгээр дайрч гарсан  байсан. Тэгэхээр нь би эмнэлэг явж очоод гялс үзүүлье гэж бодоод гэмтлийн эмнэлэг рүү нөгөө хүнийг машиндаа суулгаад авч яваад эмнэлэг дээр очоод би цагдаад хэлж бүртгүүлсэн. Тэгээд нөгөө хүнээ үзүүлтэл  баруун  хөл дунд чөмөг  хэсгээр хугарсан байна гэж эмч хэлсэн. Тэгээд нөгөө  хүнээ  гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. Дараа нь цагдаа  нартай хамт ослын газарт очиж хэмжилт үзлэг хийсэн. Тухайн үед унаж явсан машин нь манай эхнэр Хоролсүрэнгийн эзэмшлийн машин байгаа юм. Хөдлөх үед зам дээр ямар нэгэн хэвтэж байгаа хүн харагдаагүй. Тэгээд би  ШТС-н замаас төв зам руу нийлэх үед  хойноос  миний явж байгаа  урсгал дагуу  автомашин ирж байгаа эсэхийг хараад урагш дөнгөж хөдлөөд явах үед  ийм асуудал болсон. Би хохирогчид 1.400.000 төгрөг эмчилгээнд өгсөн. Хохирогчийн нэхэмжлээд байгаа 6 сая төгрөгийг одоогоор нэг мөр өгөх боломжгүй байна. Харин баримтаар хохирол нэхэмжлээд явах юм бол тухайн бүрд нь төлж барагдуулах болно. Цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд төлөх болно” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 80-86 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 Хэргийн үйл баримтаас үзэхэд, нэг талаас явган зорчигч, хохирогч П.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай буюу согтолтын зэрэг нь 2.89 бүхэл хувьтай байхдаа Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ шатахуун түгээгүүрийн газрын зүүн урд  замд хэвтэж байсан нөхцөл байдал тогтоогдсон, нөгөө талаас шүүгдэгч Б.Б нь МТ шатахуун түгээх станцын зогсоолд орж зогсож утсаар ярьчхаад хөдлөхдөө тээврийн хэрэгслээсээ бууж орчин тойрон, машины урд болон хойно ямар нэгэн саад байгаа эсэхийг нягталж шалгалгүй тээврийн хэрэгслээ хөдөлгөснөөс машины урд хэвтэж байсан хохирогч П.Э-гийн баруун хөлөн дээгүүр дайран гарсан үйл баримт нь хохирогч, шүүгдэгч нарын хэн алиных нь мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр  тогтоогдсон, улмаар шүүгдэгч Б.Б нь жолооч хүний үүргээ биелүүлэн хохирогчийг эмнэлгийн байгууллагад хүргэж эмнэлгийн тусламж үзүүлсэн байх ба шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалан хохирогчид баруун хөлний дунд чөмөгний хугарал бүхий гэмтэл учирсан болох нь өвчний түүхэд тусгагдсан оношилгоо, эмчилгээ хийгээд шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б дээрх үйлдэл нь захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө, зам орчны  байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо  аюул үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн шинжтэй, нөгөө талаас хохирогч П.Э-гийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө авч явж чадахгүй болтлоо согтсон үйлдэл нь замын зорчих хэсэгт хэвтэх хэмжээнд хүргэсэн байдал буюу хохирогчийн хууль бус үйлдэл нь осол гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн  байхгүйг үгүйсгэхээргүй байна.

Энэ байдлаас дүгнэвэл, шүүгдэгч Б.Б нь Замын хөдөлгөөний  дүрмийн дээрх холбогдох заалтыг зөрчсөн  үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч  мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болсон болно.

 Улмаар шүүгдэгчийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал,  ашиглалтын журмыг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...автотээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль,  түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...энэ хуулийн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл,  эс үйлдэхүйг  гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид  заасан тохиолдолд  гэм буруутай  үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг  учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...энэ хуулийн  тусгай ангид  заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд,  эд хөрөнгө бусад эрх,  эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай  ангид заасан  гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг бүртгэлт  мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг  нотолно. Тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ” гэж хуульчилжээ.

Дээрх байдлаас үзвэл, гэмт хэрэг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж юуг хэлэх,  хэн хэн нотлох үүрэгтэй болохыг хууль тогтоогч нар тодорхой хуульчилсан байх бөгөөд үүнд мөрдөгч, прокурор ... гэсэн субъектүүд багтаж байна. Иймээс хохирогчийн өмгөөлөгчийн “Улсын яллагчаас урьдчилж хохирлыг тооцоод байгаа нь үндэслэлгүй, хөтлөгдсөн шинжтэй, шүүхэд нөлөөлж байна гэж харж байна” гэсэн агуулгаар тайлбарласан тайлбар, санал нь үндэслэлгүй байгаа болохыг тэмдэглэх зүйтэй.  Өөрөөр хэлбэл, прокурор нь хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлох үүрэг бүхий этгээд байх тул  гэм буруугийн хуралдаанд хэлсэн хохирол, хор уршгийн талаарх тайлбар нь хууль зөрчөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хохирол төлбөрийн тухайд:

Тус хэргийн улмаас хохирогч П.Э-гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байх бөгөөд тэрбээр эмчилгээ, хүнсний бараа, тэтгэврийн зээл, ГССҮТ эмнэлэг, ... эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал зэрэгт 6.553.239,95 төгрөг нэхэмжилж, баримтуудыг хэрэгт хавсаргуулсан  байна. (хавтаст хэргийн 28-37 дахь тал)

Мөн хохирогчийн мэдүүлгийг агуулгаас үзвэл, шүүгдэгч Б.Б-аас 1.400.000 төгрөг авсан, одоо 6 сая төгрөг нэхэмжилж байна гэжээ. (хавтаст хэргийн 20 дахь тал)

Хэрэгт авагдсан хохирол нэхэмжилсэн баримтуудыг судалж үзвэл,

Эмчилгээний зардалд 859.467 төгрөг, хоол хүнс, утасны нэгж, хаалганы цоож, чүдэнз, архи зэрэгт 288.550 төгрөг, тэтгэврийн зээл гэж 2.889,149 төгрөгийг тус тус нэхэмжилж, нийт 4.037166 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байна.

ГССҮТ эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд эмчлүүлэгчээс 369.657 төгрөг, Манал-Оточ эмнэлгийн төлбөрт 110.340 төгрөг зарцуулсан талаар өвчний түүхэд тэмдэглэгдсэн байна. (хавтаст хэргийн 91-98, 100-107 дахь тал)

Хохирогчийн нэхэмжилсэн буй нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээнд зарцуулсан зардал, эмнэлгийн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь үндэслэл бүхий байх ба энэ үнийн дүн нь 859.467+369.657+110.340=1.339.464 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч П.Э-д олгохоор байна. Гэвч шүүгдэгч Б.Б нь хохирогчид 1.400.000 төгрөг шилжүүлсэн болох нь хаан банкны  мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон. (хавтаст хэргийн 88 дахь тал)

Харин хохирогчийн нэхэмжлээд буй ахуйн хэрэглээ, хоол хүнс, архинд зарцуулсан зардал болох 288.550 төгрөг, иргэн Д.О гэх хүний авсан тэтгэврийн зээл болох 2.889.149 төгрөг /хохирогчийн эмчилгээнд зарцуулсан нь баримтаар тогтоогдоогүй/, мөн ГССҮТ эмнэлэг, НХГСТ хамтын төлбөр гэж баримтгүй нэхэмжилсэн 2.464.380 төгрөгөөс өвчний түүхэд тэмдэглэгдсэн эмчлүүлэгчээс гаргасан зардал болох 369.657+110.340=479.997 төгрөгийг хасаж, үлдэгдэл 1.984.383 төгрөгийг баримтгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 Өөрөөр хэлбэл, 288.550+2.889.149+1.984.383=5.162.082 төгрөгийн зардлыг нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй зардал байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Б.Б нь хэрэгт хавсаргаж өгсөн баримтын хүрээнд хохирлыг төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин хохирогч П.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Б, иргэний хариуцагч Б.Хоролсүрэн нараас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ад 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч: “...шүүгдэгч Б.Б нь  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо. Иймээс хохирогчид учирсан хохирол төлбөрийг барагдуулах нь зүй ёсны хэрэг. Хохирогч нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа цаашид ч эмчилгээ хийлгэх шаардлагатай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан  гэм хэргийн  хор уршгийг  арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг эрүүгийн хариуцлага дээр давхар хэрэглэж өгнө үү” гэсэн санал,

Шүүгдэгч Б.Б нь “...хохирогчийн эмчилгээний зардлыг гарсан бүрд төлнө, эмчилгээг нь хаяхгүй,  бүх талаас нь тусална” гэсэн саналыг тус тус гаргав.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

Шүүгдэгч Б.Б-ын хувьд,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг гаргаж өгсөн баримтын хүрээнд төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн байдал, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгч Б.Б-ын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Харин хохирогчийн өмгөөлөгч нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан  гэм хэргийн  хор уршгийг  арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх талаар санал гаргасан боловч шүүгдэгч  Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид хохирол төлбөрийг төлсөн, энэ тогтоолоор төлөх төлбөргүй, улмаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь  хохирогчийн цаашид гарах эмчилгээ зардлыг тухай бүрд төлнө хэмээн  хохирол төлөхөө илэрхийлсэн тул түүнд албадлагын арга хэмжээг давхар хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Б-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн П.Э-гийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 5.162.082 (таван сая, нэг зуун жаран хоёр мянга, наян хоёр) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Баас хохирогч П.Э-д 1.400.000 (нэг сая, дөрвөн зуун мянга) төгрөг төлсөн, энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гаргах зардлуудаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Б, иргэний хариуцагч Э.Х нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.           

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЦЭЦЭГ